Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2017/0476/З |
Дугаар | 221/МА2017/0715 |
Огноо | 2017-10-05 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2017/0715
С.Э-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******ыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0613 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, С.Э-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0613 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.2, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасныг тус тус баримтлан “Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 118 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэгч С.Э-ийн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* давж заалдах гомдолдоо:
“...Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. ...Шүүх Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.2 дахь хэсгийг тус тус баримталсан. Тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэдэг үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар төрийн албанаас чөлөөлөх тохиолдолд тухайн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэл ажиллах тухай хүсэлт гаргасан нь чухал ач холбогдолтой байдаг.
Хэрэв төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн бөгөөд төрийн алба насны дээд хязгаар хүртэлх ажиллах хүсэлтээ гаргаагүй, эсхүл аль хэдийн төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэлх хугацаанд төрийн алба хашсан бол түүнийг ямар ч саадгүйгээр төрийн албанаас чөлөөлөх бүрэн эрх захиргаанд бий.
Харин тэтгэвэр тогтоолгох насанд хүрэх гэж байгаа бөгөөд тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээсээ өмнө төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллах тухай хүсэлтээ гаргасан төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх журам нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн ба төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ гаргаагүй төрийн албан хаагч болон төрийн алба хаах насан дээд хязгаарт хүрсэн албан хаагчаас өөр.
Төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэсний үндсэн дээр төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлж болох ба тухайн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал төрийн албыг үргэлжлүүлэн хашихад хангалтгүй болох нь тогтоогдвол хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, төрийн албанаас чөлөөлж болно. Харин эдгээрийн аль нь ч тогтоогдоогүй байхад тухайн албан хаагчийн хүсэлтийг хангахаас татгалзаж, төрийн албанаас чөлөөлөх нь хууль зүйн үндэслэлгүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч С.Э-ийг Монгол улсаас АНУ-ын Сан Франциско хотод суух Ерөнхий консулын үүрэгт ажлыг төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн хашихад харшлах, хангалтгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж, 60 насанд хүрсэн бол хүсэлт гаргасан эсэхээс үл хамааран захиргааны санаачилгаар ажлаас чөлөөлөхөд саад болохгүй байгаа нь иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдлийг төрийн байгууллага шийдвэрлэхгүй байж болно гэх санааг илэрхийлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
Энэ шийдвэр нь нэхэмжлэгч С.Э-ийг төрийн албаны тухай хуулиар олгогдсон боломжийг ашиглаж төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд төрийн алба хаших, үгүй ядаж томилолтын 3 жилийнхээ үлдсэн 2 жилийн хугацаанд үүрэгт ажлаа хийж гүйцэтгэх эрхийг зөрчсөн Монгол Улсын Засгийн газрын хууль бус тогтоолыг зөвтгөсөн, мөн иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдлөө үндэслэл бүхий шийдвэрлүүлэх эрхийг давхар хязгаарласан хуульд нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр юм.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцож, өмгөөллийн үйл ажиллагаагаа бие даан, хараат бусаар явуулах эрхийг бүрэн хангалгүй хэргийг шийдвэрлэсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч, шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцох хүсэлт гаргасны дагуу өмгөөлөгч Б.Жавхланбаярын хамт 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн бөгөөд өмгөөлөгч Б.Жавхланбаярын хувьд хэргийн материалтай танилцаагүйн улмаас шүүх хуралдаанд өмгөөллийн үйл ажиллагаа явуулаагүй, хууль зүйн туслалцаа үзүүлж чадаагүй.
Учир нь шүүх хуралдаан эхлэхэд өмгөөлөгч Б.Жавхланбаяр эрх, үүрэгтэйгээ танилцсан боловч хэргийн материалтай танилцаагүй байсан тул шүүгч түүнийг 10 минутын дотор хэргийн материалтай танилцахыг шаардаж, 10 минут хангалтгүй, танилцах боломжит хугацаа олгохыг хүсэхэд 1 цаг хангалттай гэж үзэж байна гээд шүүх хуралдааны танхимаас гарч явсан. Шүүх хуралдаан 9 цаг 30 минутад эхэлсэн бөгөөд шүүгч шүүх хуралдааны танхимд 10 цаг 30 минутын үед орж ирсэн. Нэг цаг хүрэхгүй хугацаанд өмгөөлөгч Б.Жавхланбаяр 130 хуудас бүхий хэргийн материалтай бүрэн танилцаж чадаагүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3, 30.3.1-д заасны дагуу хүсэлт гаргахад шүүгч хүлээж авалгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.
Шүүгч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сонгон авсан өмгөөлөгчид мэргэжлийн үйл ажиллагаа хараат бусаар, бие даан явуулахад нь саад учруулж, нэхэмжлэгч талыг шүүх хуралдаанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч оролцох эрхийг зохих ёсоор, бүрэн хангаагүй. Өмгөөлөгчийг хараат бусаар, бие даан мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад саад учруулсан буюу өмгөөлөгч Б.Жавхланбаярыг хэргийн материалтай танилцах боломжит хугацаагаар хангаж, хэргийн материалаас өөрт шаардлагатай баримтуудыг хувилж, хуулбарлаж авах, холбогдох хуулийг судлах боломжоор хангаж өгөхийг хүсэхэд шүүгч Л.Батбаатар нь “энэ хэрэгт танилцаад байх баримт байхгүй, хэрэгт ач холбогдолтой хэдхэн хуудас баримт байгаа тэрэнтэй танилцахад болно. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-ыг хэрэглэнэ” гэх мэтчилэн зүй бус үйлдэл гаргасан нь нотлох үүргийг өөрөө хэрэгжүүлдэг, хэрэгт ач холбогдолтой нотлох баримт цуглуулах үүрэгтэй захиргааны хэргийн шүүх 130 хуудас бүхий хэргийн материалд хэрэгт ач холбогдолгүй баримтууд цуглуулсан мэт харагдаж байна.
Түүнчлэн өмгөөлөгчийг хэргийн материалтай бүрэн танилцахад саад учруулж, танилцах хуудасны тоог зааж өгсөн, хамгийн ноцтой асуудал бол шүүхийн зүгээс өмгөөлөгчийг мэргэжлийн үйл ажиллагаагаа хэрхэн явуулах, хууль зүйн туслалцаа үзүүлэхдээ ямар хуулийг баримтлахыг тухайлан зааж хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд хэрэглэгдэж болохуйц бусад хуулийг судлах боломжийг хязгаарлаж, өмгөөлөгчийн хараат бус, бие даасан байдалд ноцтойгоор халдсан.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулан хэргийг шийдвэрлэсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий захиргааны акт болох Засгийн газрын 118 дугаар тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгосон өөрчлөлт оруулснаар уг хүсэлтийг анхан шатны шүүх дахин шийдвэрлэх шаардлагатай болсныг бидэнд хожим мэдэгдэж нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Давж заалдах шатны шүүхээс захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон өөрчлөлт оруулж шийдвэрлэхэд шүүх хүсэлтийг дахин хянаж зохих шийдвэрийг хуулийн дагуу гаргах ёстой байсан боловч энэ талаар ямар нэгэн ажиллагаа явуулаагүйгээс нэхэмжлэгч тал захиргааны актын биелэлтийг түдгэлзсэн гэж ойлгон хэргийг эцэслэн шийдвэрлэгдэхийг хүлээж байсан.
Гэвч нэхэмжлэгчийн гаргасан захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг анхан шатны шүүх шийдвэрлэлгүй орхигдуулсан байсан бөгөөд шүүхийн алдаатай ажиллагааны улмаас нэхэмжлэгч С.Э маргаан бүхий ажлын байрнаас чөлөөлөгдөн, хүчээр ажлаа хүлээлгэн өгч, бүх үнэмлэх бичиг баримтаа хураалгаж, ЕКГ-ын албан байранд орохыг хориглож, албаны унаа унахыг зогсоож, цалин болон эрүүл мэндийн даатгалыг нь хаагаад зогссонгүй одоо түүнийг гэр бүлийн хамт орон байрнаас болон АНУ-аас албадан хөөж гаргах ажиллагаа явагдаж харийн оронд хүнд бэрхийг туулж байна. Түүнийг ийм нөхцөл байдал хүрэхээс урьдчилан сэргийлж, яаралтай эрхийн хамгаалалт тогтоон, хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан анхан шатны шүүх гол буруутан юм.
2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж шүүхийн шийдвэр гаргасан, ийнхүү шийдвэр гаргахдаа дээрх хүсэлтийн талаар огт дурдаагүй үлдээсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61, 111 дүгээр зүйлийг зөрчсөн явдал мөн. Иймээс нэхэмжлэгчийн гаргасан захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг тус гомдлын хамт шийдвэрлэж өгөхийг хүсье.
Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрт “14 хоногийн дотор давж заалдах эрхтэй” гэж заасан атал анхан шатны шүүхийн шийдвэр ямар хугацаанд хэрхэн хуулийн хүчин төгөлдөр болж заавал биелэгдэх эрх зүйн үр дагавар үүсгэдэг болохыг хариуцагч талын албан тушаалтнууд үл тоомсорлож, шүүх хурлаас 2 хоногийн дараа Засгийн газрын 118 дугаар тогтоолыг биелүүлэх хууль бус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж эхэлсэн.
Дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулаагүйгээс гадна Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 118 дугаар тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 24.1.1, Дипломат албаны тухай хуулийн 16.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсаас Америкийн нэгдсэн улсын Сан-Франциско хотод суугаа Ерөнхий консул Салдангийн Эрдэнийг эгүүлэн татсан байна.
Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар “...Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.2, 24.3-д заасны дагуу төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтийг Гадаад харилцааны яаманд хуулийн хугацаанд өгсөн байхад хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхгүйгээр төрийн албанаас чөлөөлөх шийдвэр гаргасан” гэж, харин хариуцагчаас “С.Э-ийн хүсэлтийг Монгол Улсын Засгийн газар 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” үндэслэлээр төрийн жинхэнэ албанаас чөлөөлж, эгүүлэн татахаар шийдвэрлэсэн” гэж тайлбарлан маргажээ.
Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх”-өөр, 24.2-т “...төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана...”, 24.3-д “...төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна” гэж тус тус заасан.
Гэтэл анхан шатны шүүх хэргийн оролцогчдын дээрх маргаж буй үндэслэлд холбогдох нотлох баримтыг цуглуулалгүйгээр “...төрийн албан хаагч тэтгэвэрт гарах, эсхүл үргэлжлүүлэн ажиллах хүсэлттэй байгаа эсэхээс үл хамаарч тэтгэврийн нас хүрсэн бол түүнийг ажлаас чөлөөлөх эрх захиргаанд олгогдсон...” гэж шууд дүгнэн хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
Тодруулбал, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь тэтгэвэр тогтоолгох 60 насанд хүрэх 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2 хоногийн өмнө буюу 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр “65 нас буюу төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд Монгол Улсаас Америкийн нэгдсэн улсын Сан-Франциско хотод суугаа Ерөнхий консулын ажилд үргэлжлүүлэн ажиллах тухай” хүсэлтийг Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал Н.Анхбаярт хандан гаргасан байх хэдий ч гадаад улсад суух Монгол Улсын Ерөнхий Консулыг томилж, эгүүлэн татах бүрэн эрхийг хэрэгжүүлдэг Монгол Улсын Засгийн газар түүний хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, шүүхээс нэхэмжлэлийн энэ үндэслэлд холбогдох нотлох баримтыг цуглуулах ажиллагааг явуулаагүй байна.
Иймээс шүүх Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1-д “Засгийн газар бүрэн эрхийнхээ асуудлаар хуралдаанаас тогтоол... гаргана” гэж заасны дагуу хариуцагч Монгол Улсын Засгийн газар нэхэмжлэгчийн “төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллах тухай” хүсэлтийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн эсэх, хэлэлцсэн бол ямар шийдвэр гаргасан талаарх нотлох баримтыг цуглуулж, маргааны энэхүү үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан” гэх гомдлын тухайд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан маргаан бүхий Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 118 дугаар тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож, захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг хангах нь зүйтэй гэж тогтоолд ойлгомжтой, тодорхой дүгнэж шийдвэрлэсэн байна.
Ийнхүү шийдвэрлэсэн тохиолдолд анхан шатны шүүхийн шүүгч захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай захирамж гаргаж, маргаан бүхий тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх ёстой байтал энэ талаар зохих шийдвэрийг гаргаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 122 дугаар зүйлийн 122.7-д заасныг зөрчжээ.
Харин анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах үүднээс 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр товлогдсон шүүх хуралдааныг 5 хоногийн хугацаагаар хойшлуулж, нэхэмжлэгчид өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч, хэргийн материалтай танилцах боломжит хугацааг олгосон байх тул энэ үндэслэлээр шүүхийг буруутгах үндэслэлгүй байна.
Дээрх байдалд үндэслэн зохих ажиллагааг хийлгэхээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0613 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН