Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 249

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Эрдэнэ сумын

Засаг даргад холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:        Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:          Л.Атарцэцэг

                         П.Соёл-Эрдэнэ

                         Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч: Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: У.Батцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2009 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 266 дугаар захирамжаар “Н” ТББ-д 116 га газрыг ашиглуулах шийдвэрийн 18687298404346 дугаар бүхий 920304 га газрын нэхэмжлэгчийн газартай давхцалтай хэсэг болох 59,178246 га газрын ашиглах эрх олгосонд холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/283 дугаар захирамжийн дагуу давхцал бүхий газрыг чөлөөлөх гэсэн шийдвэрээ биелүүлэхийг даалгах”

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 123/ШШ2016/0017 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 221/МА2017/0765 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч: төлөөлөгч Д.Э, өмгөөлөгч С.Н,

Гуравдагч этгээд: “Н” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц, өмгөөлөгч Ч.Б нар,

Гуравдагч этгээд “Н” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ж-н хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 123/ШШ2016/0017 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.3.5, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга нь 2009 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 266 тоот захирамжаар “Н” ТББ-д 116 га газрыг ашиглуулах шийдвэрийн 18687298404346 дугаар бүхий 920304 га газрын нэхэмжлэгчийн газартай давхцалтай хэсэг болох 59,178246 га газрын ашиглах эрх олгосонд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/283 дугаар захирамжийн дагуу давхцал бүхий газрыг чөлөөлөх гэсэн шийдвэрээ биелүүлэхийг хариуцагч Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад даалгасан байна.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 221/МА2017/0765 дугаар магадлалаар: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 123/ШШ2016/0017 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Н” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл ... шүүх хуралдааны үед тогтоогдвол ... хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэснийг шүүх зөрчсөн. Дээрх хуулийн 54.1.6-д “Нэхэмжлэлд заасан үйл баримтаар шүүхийн шийдвэр шүүгчийн захирамж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэжээ. Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “М” ХХК гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагыг 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдөр гаргаж, шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгчийн 820 дугаартай захирамж гарсан байдаг. Үүнийг хүчин төгөлдөр захирамж гэж үзэх ёстой бөгөөд түүнийг хүчингүй болгосон ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-14.1.4-т шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг тодорхой заагаад өгчихсөн байдаг. “М” ХХК 2012 оны 820 дугаар шийдвэрээр дээд шатны захиргааны байгууллагад хандах ёстой гэдгээ мэдсэн. Гэтэл үүнээс хойш 4 удаа иргэний шүүхэд хандаж байснаас захиргааны байгууллагад хандаж асуудал тавьж байгаагүй. Дээрх хуулийн 14 дүгээр зүйлийн 1.6-д хөөн хэлэлцэх хугацааг нөхөн сэргээлгэх хүсэлтийг захиргааны хэргийн шүүхэд баримттай гаргах бөгөөд шүүх нөхөн сэргээж болох заалт байдаг ч үүнийг хэрэгжүүлээгүй байхад шүүх хэргийг шууд хүлээн авч шийдвэрлэж байгааг ашиг сонирхлын зөрчил байсан гэж харж байна.

5. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 2002 оны хуулийн 6 дугаар зүйлд 30 хоногийн дотор дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргахаар заасан байдаг. Гэтэл 4 жилийн дараа захиргааны байгууллагад хандаж шийдвэрлүүлээгүй байхад нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж байгаа нь хуулийг хамгаалах тангарагтай шүүгч нар хуулийн дээрх зохицуулалтын хаагуур нь үнэлэлт дүгнэлт өгөөд байна.

6. Урьдчилан шийдвэрлэсэн юм шиг шийдвэрт тусгасан байгаа “М” ХХК Эрдэнэ сумын Засаг даргын дээд талын албан тушаалтан болох Төв аймгийн Засаг даргад хандаж хүсэлт гаргаж байгаагүй. Харин миний бие Төв аймгийн Засаг даргад хандаж байсны хариуг “М” ХХК-ийн хаягаар явуулсныг урьдчилан шийдвэрлэсэн гэж үзэж байгаа юм болов уу. Шүүх “М” ХХК урьдчилан шийдвэрлүүлэх талаар ямар алхам хийснийг Төв аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж аваагүй нь нотлох баримт цуглуулах үүргээ дутуу биелүүлсэн гэж үзэж байна.

7. Хэрэгт авагдсэн баримтаас үзэхэд “М” ХХК Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зөвшөөрөл авсан байхад Эрдэнэ сумын Засаг даргад харьяалуулж хэрэг маргааныг шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй. Нутаг дэвсгэрийн харьяалал Эрдэнэ сумынх гэдэг дээр маргаагүй байхад Налайх дүүргээс өгсөн зөвшөөрлөөр олгосон тусгай зөвшөөрлийг хамаатуулж шийдвэрлэж байгаа нь хуульд хир зэрэг нийцэж байгаа шийдвэр юм бол. Үүнийг шийдвэр гаргасан хүмүүс л тайлбарлах байх, шүүхийн шийдвэрт л энэ тухай үнэлэлт, дүгнэлт байхгүй.

8. Нэгэнт шүүх Эрдэнэ сумын Засаг даргад даалгаж байгаа болохоор Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвшөөрөлтэй үүдэлтэй асуудлаар жичдээ маргаан үүсгэ гэсэн үг юм болов уу. Эрдэнэ сумын Засаг дарга Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу өөрийн сумын нутаг дэвсгэрт өөрийн мэдээллийн санд давхцал байхгүй нөхцөлд газар олгох асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй байдаг. Хариуцагч шүүх хурал дээр гаргасан тайлбартаа манай мэдээллийн санд ямар нэгэн давхцал байхгүй учир “Н” ТББ-д ирээдүйгээ бодож мод тариалахад зориулан газар олгосон хууль нийцсэн үйл ажиллагаа гэж тайлбарладаг.

9. Эрдэнэ сумын нутаг дэвсгэр мөн болохыг Монгол Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1982 оны 6 дугаар сарын 131 дүгээр зарлиг, Монгол Улсын Их Хурлын 1998 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 42 дугаар тогтоолоор батлагддаг. Харин Налайх дүүрэг Ашигт малтмал эрэх, хайх асуудлаар зөвшөөрөл өгөх эрх зүйн үндэс байхгүй. Нутаг дэвсгэрийн харьяалал биш.

10. “Н” ТББ Сүбон хотын иргэдийн хандиваар 9900 төгөл байгуулан тариалсан мод, сөөг, бутлаг ургамал бие даан ургах чадвартай болсон тохиолдолд хууль, журмын дагуу тухайн орон нутагт шилжүүлэн өгөхөөр олон улсын эрх зүйн хүрээнд хийгдсэн гэрээний нэг төрөл болох санамж бичгийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа болно. Солонгосчууд бид уг тарьсан зүйлээ аваад явахгүй нь ойлгомжтой гэдэг. Уг газар 1 295 500 000 воны хөрөнгө оруулсан, үүнийгээ Монгол Улсын Засгийн газраас нэхэмжлэхээс өөр арга байхгүй юм.

11. Шүүх нь нөлөөнд автагдаж шийдвэр гаргадаг улс оронд шударга ёс тогтоохын тулд Олон Улсын шүүх хүртэл асуудлыг шат дараалалтай тавих болно. Бид хууль зүйн дагуу газар ашиглах гэрээгээ сунгуулах асуудлыг хугацаанд нь тавьсны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаад гэрээг 5 жилээр сунгаж шийдвэрлэхийг Засаг даргад даалган шийдвэрлэсэн юм. Гэтэл шүүх дээр удаа дараа маргаан үүсгэн шийдвэр гаргахад саад учруулаад байсан нь хугацаа дууссан гэдгээр дөрөөлж газрыг өөрийн болгох гэсэн далд санаа байжээ. Үүнийг нь Захиргааны хэргийн шүүх гүйцэлдүүлж өгснийг хуйвалдаан гэж л нь нэрлэх байх.

12. Шүүхийн шийдвэрт сумын Засаг даргын А-283 дугаартай захирамж хууль зөрчсөн захиргааны акт болохыг Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 820 дугаартай захирамжид дүгнээд өгсний дагуу Засаг даргын Тамгын газар уг захирамжаа хэрэгжүүлэлгүй өдийг хүрсэн байдаг. Шүүх хурал дээр хариуцагч шүүгчийн асуултад хариулахдаа 266 хүчинтэй, харин сумын Засаг даргын А/283 захирамж хүчингүй, хэрэгжих боломжгүй гэдгийг хэлдэг. Өөрөөр хэлбэл А-283 дугаартай захирамжийг хүчингүй болгох боломжгүй дандаа шүүхээр яваад байгаа болохоор хүлээж азнасан байдалтай байдаг.

13. А-283 дугаар захирамжийг эс зөвшөөрч “Н” ТББ маргаагүй байхад хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм гэдгийг Үндэслэх хэсэгтээ заасан байгаа нь өөрөө үндэслэлгүй, харин шүүхийн хүчин төгөлдөр 820 дугаар захирамжид А-283 дугаартай захирамж хууль бус болохыг үндэс болгосон байхад түүнийг зөрчөөд маргаан үүсгээд байх хэрэг үү. А-283 дугаартай захирамж өөрөө хуулийн шаардлага хангаагүй байдаг, тухайлбал уг захирамжаар 266 дугаартай захирамжаа хүчингүй болсонд тооцох заалт байдаггүй нь маргаан дагуулсан юм.

14. Иймд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 132/ШШ2016/0017 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

15. Анхан болон давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул хяналтын шатны шүүхээс шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “даалгах” нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг “захиргааны ... эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж; уг шаардлагатай холбогдуулан шүүхээс гарах шийдвэрийн төрлийг мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана: 106.3.4.захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох”; гэж тус тус зааснаас үзвэл “даалгах” нэхэмжлэлийн шаардлагын зорилго нь захиргааны акт гаргуулахад чиглэгдэж байна. Өөрөөр хэлбэл, захиргаанаас захиргааны акт гаргахаас хууль бусаар татгалзсан, эсхүл огт гаргахгүй /шийдвэрлэхгүй/ байгаа бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдсон бол шүүхээс хариуцагчийн эс үйлдэхүй, эсхүл татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, холбогдох захиргааны акт гаргахыг даалгах юм.

17. Харин энэхүү маргааны хувьд нэхэмжлэгчээс “Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/283 дугаар захирамжаар “Н” ТББ-д газар ашиглуулахдаа манай компанийн тусгай зөвшөөрлийн талбайтай давхцсан тул уг газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн ба уг шийдвэрээ гүйцэтгэхийг Засаг даргад даалгах” гэсэн шаардлага гаргасныг анхан болон давж заалдах шатны шүүх хүлээн авч, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна. Учир нь, уг нэхэмжлэлийн зорилго нь хариуцагчаас захиргааны акт гаргуулахад бус, харин нэгэнт гарсан захиргааны актыг гүйцэтгүүлэхэд буюу “захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа”-г хэрэгжүүлэхэд чиглэгдсэн нь захиргааны хэргийн шүүхэд гаргах “даалгах” нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй, энэ утгаараа захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан биш байна. Иймд, уг нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй.

18. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох “Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2009 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 266 дугаар захирамжаар “Н” ТББ-д ашиглуулахаар олгосон 116 га газрыг манай компанийн тусгай зөвшөөрлийн талбайд давхцуулан олгосон хэсгийг хүчингүй болгуулах” гэснийг шүүх хангаж шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь бүрэн хамгаалагдах тул “даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бие даасан шаардлага гэж үзэхээргүй байгааг дурдах нь зүйтэй.

19. Маргаан бүхий акт болох Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2009 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 266 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэснийг зөрчсөн тул хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

20. Маргаан бүхий актаар олгогдсон гуравдагч этгээдийн эзэмшлийн газар нь нэхэмжлэгчийн 1505Х дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалтай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй тул тухайн газар нь нутаг дэвсгэрийн харьяаллын хувьд “Эрдэнэ сумынх уу”, эсхүл, “Налайх дүүргийнх үү” гэдэг нь маргааны үйл баримтад ач холбогдолгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хүчин төгөлдөр ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайд газар эзэмших эрхийг бусад этгээдэд, тухайлбал, гуравдагч этгээдэд сумын, эсхүл дүүргийн Засаг даргын хэн нь ч байсан давхцуулан олгох боломжгүй юм. Гэтэл Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга маргаан бүхий актаар газрыг давхцуулан олгосон тул түүнийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгчээс маргасан, иймд шүүхээс Эрдэнэ сумын Засаг даргыг хариуцагчаар татаж хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй тул энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 7-9-д заасан гуравдагч этгээд “Н” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

21. “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Н” ТББ-д холбогдох “бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх” шаардлага бүхий иргэний хэргийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон Багахангай, Налайх дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 820 дугаар захирамжийн Үндэслэх хэсэгт “..., хэрэгт авагдсан Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын гарын үсэг зурагдсан, зурагдаагүй А/283 дугаар захирамж зэргээс үзэхэд нэхэмжлэгч шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар Газрын тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, ИХШХШТ хуулийн 65 дугаар зүйлийн  65.1.3-т заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдсон тул “М” ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв” гэсэн нь шүүх энэхүү захиргааны маргаанд холбогдох үйл баримтыг, тухайлбал, А/283 дугаар захирамж хууль ёсны эсэхийг хянан шийдвэрлээгүй, энэ нь иргэний хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан биш тул дээрх 820 дугаар шүүгчийн захирамж нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа;” гэсэн үндэслэлд хамаарахгүй, иймд тогтоолын Тодорхойлох хэсгийн 3, 12, 13-т заасан гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

22. Хариуцагчаас нэхэмжлэгчийн гомдлын дагуу урьдчилан шийдвэрлэх журмаар 2011 оны А/283 дугаар захирамжаар “... “Н” ТББ-ын ашиглаж байсан газар нь АМХЭГ-ын 15051 Х дугаартай лицензийн газартай давхцсан тул уг газрыг чөлөөлсүгэй” гэж шийдвэрлэсэн, энэ талаар гуравдагч этгээдийн зүгээс маргаагүй, мөн хариуцагч уг захирамжаа хүчингүй болгоогүй учир хүчин төгөлдөр гэж үзнэ. Нэхэмжлэгчийн зүгээс энэхүү захирамжийн дагуу гуравдагч этгээд “Н” ТББ-д холбогдуулан газар чөлөөлүүлэхээр иргэний хэргийн шүүхэд удаа дараа хандсан боловч амжилт олоогүй, иймээс Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 07/160 дугаартай албан бичгээр “Эрдэнэ сумын Засаг даргын 2009 оны 266 тоот захирамжаар “Н” ТББ-д олгосон 116 га газрыг ашигт малтмалын ХҮ-15051 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй давхцуулсан тул тус газрыг шүүхээр шийдвэрлүүлэхийг зөвлөж байна” гэсний дагуу захиргааны хэргийн шүүхэд /анх удаа/ хандсаныг шүүх хүлээн авч шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна. Учир нь, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэж үзэхгүй буюу нэхэмжлэгчийн эрхийг сэргээсэн 2011 оны А/283 дугаар захирамж өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа, үүний дагуу тэрээр өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар удаа дараа /иргэний хэргийн/ шүүхэд хандаж байсан тул хуульд заасан нэхэмжлэл гаргах хугацааг “хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хэтрүүлсэн” гэж үзэхээр байна. Иймд тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-6-д заасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй.

23. Тогтоолын Тодорхойлох хэсгийн 10, 11-д заасан гомдол нь нэхэмжлэлийн шаардлага болон хяналтын журмаар гаргах гомдлын үндэслэл буюу хууль хэрэглээний алдаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилтэй холбоогүй байх тул хяналтын шатны шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

24. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн гуравдагч этгээд “Н” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 123/ШШ2016/0017 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 221/МА2017/0765 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...хүчингүй болгож, Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/283 дугаар захирамжийн дагуу давхцал бүхий газрыг чөлөөлөх гэсэн шийдвэрээ биелүүлэхийг хариуцагч Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад даалгасугай.” гэснийг “...хүчингүй болгосугай.” гэж өөрчилж, “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн “Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/283 дугаар захирамжийн дагуу давхцал бүхий газрыг чөлөөлөх гэсэн шийдвэрээ биелүүлэхийг хариуцагч Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн заалт нэмж, “2”, “3” дахь заалтын дугаарыг “3”, “4” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                   Г.БАНЗРАГЧ