Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 50

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шїїх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж,

                     Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Жаргалсайхан,  

                     Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,

                     Хохирогч Б.Хөхөө,

                     Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Лхагважав,

              Шїїгдэгч: Л.Ганхуяг, О.Цагаач нарыг оролцуулан тус шїїхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шїїх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1531 дүгээр зүйлийн 1531.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаагчууд овогт Лхагвын Ганхуяг, Булгадар овогт Оршихын Цагаач нарт холбогдох 201420000198 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

          1.  Монгол улсын иргэн, 1976 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Увс  аймгийн Зүүнговь суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, баяд, дээд боловсролтой, их эмч мэргэжилтэй, Нэгдсэн эмнэлэгийн мэс засалын тасагт зөвлөх эмч, Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багт 13-27 тоотод оршин суух, ам бүл 6, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, /РД: РД:ОД76060919/ Цагаагчууд овогт Лхагвын Ганхуяг.

                2. Монгол улсын иргэн, 1962 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг 7-17 тоотод оршин суух, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, /РД:ОЮ62122079/ Булгадар овогт Оршихын Цагаач.

Холбогдсон хэргийн талаар: 

           Шүүгдэгч Л.Ганхуяг, О.Цагаач нар нь Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Л.Ганхуягийн жимсний талбайгаас 2014 оны 05 дугаар сарын 04-ний өдөр болгоомжгүйгээр гал алдасны улмаас “Хэт цах” хоршоо буюу хохирогч Б.Хөхөөгийн 3266 ширхэг чацаргана жимсний мод шатаж 27.858.000 төгрөгний, хохирогч Ц.Батжаргалын эзэмшлийн 5 настай 80 ширхэг үхрийн нүдний мод шатаж 742.880 төгрөгний, мөн 5 ханатай монгол гэр шатаж 550.000 төгрөгний, хохирогч Ц.Нямсамбуугийн 6 ширхэг чацаргана жимсний мод шатаж 55.716 төгрөгний, нийт 29.206.596 төгрөгний хохирол бусдад учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                Шїїхийн хэлэлцїїлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            1. Хохирогч Б.Хөхөөгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2014 оны 5 дугаар сарын 04-ний өдөр би Улаанбаатар хотод байхад үед үд дундын үед миний утас руу Улаангом сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлалтай жимсний модны талбайтай Лхагвасүрэн гэдэг хүн залгаж танай талбай, манай талбай хоёр уруу гал орох гэж байна. Л.Ганхуяг хүмүүстэй ажил хийж байгаад гал алдсан юм шиг байна гэж хэлээд тасалсан. Энэ үед би манай талбайн хойд талд чацарганы модны талбайтай Ц.Нямсамбуу руу утасдаж “гал гарч байна уу” гэхэд үгүй надад юм харагдахгүй байна гэсэн. Би Лхагвасүрэн надад гал гарч байна гэлээ очиж хараад мэдээд хэлчих гэхэд Ц.Нямсамбуу би Ц.Батжаргалын гэрийн тэнд ирсэн байна, танай талбайн доод урд өнцгөөс утаа гарч байна гэхэд би сайн очиж хар гэж хэлээд утсаа таслаад дахин залгахад Ц.Нямсамбуу Ганхуягийн талбайгаас танай талбай руу гал орж ирж байна, үзэгдэх орчин хязгаарлагдмал сайн харагдахгүй байна, хар утаа болчихлоо гэж хэлээд утсаа тасалсан. Тухайн үед манай хүмүүс өөр газар ажилтай байсан бөгөөд манай эхнэр надад би талбай руу очиж байна гэж хэлсэн. Би Улаанбаатар хотоос 5 хоногийн дараа ирээд сумын 4-р багт байрлалтай “Хэт цах” хоршооныхоо 5 га талбайгаа очиж харах үед хүн харахад харамсмаар зүйл болсон байсан. Манай талбайн 3 га газар мод шатсан байсан. Тэгээд тоолох үед нийтдээ 9 үржүүлгийн талбайн 3266 ширхэг жимсний мод шатсан байсан юм. Манай талбай дээр тогтмол ажилладаг харуул манаа байхгүй. Өдөр бүр уг нь манай хоршооныхон очиж эргэдэг бөгөөд гал гарсан өдөр очиж эргээгүй байсан. Шатсан 3266 модны урд эгнээний мод нь 1-17-р эгнээ Великан /тос, шүүсний зориулалтын/ 8-18 кг жимс өгдөг, ургац нь 18-42-р эгнээ Солнечная /шүүсний зориулалт/ 12-20 кг жимс өгдөг, 43-49-р эгнээ Обилная /ундааны зориулалт/ 12-22 кг жимс өгдөг. 50-56-р эгнээ Пентольная /тос, шүүсний зориулалтын/ 10-20 кг жимс өгдөг, 57-80-р эгнээ Любимоя /тосны чиглэлийн/ 8-15 кг жимс өгдөг, 81-96-р эгнээ Чуйская /шүүс, ундааны/ 8-15 кг жимс өгдөг гэсэн нэр төрлийн моднууд байсан. Арын эгнээний мод нь 17 эгнээ Солнечная, 74 эгнээ нь Чуйская байсан. Миний бодсоноор нэг модны үр ашиг хөдөлмөрийн хөлсийг бодож 30.000 төгрөгөөр үнэлнэ. Би жимсний мод мөнгөөр үнэлж, тооцож төлүүлж авмаар байна. Энэ зөвхөн миний моднууд биш “Хэт цах” хоршооны өмчийн мод байгаа юм. Би энэ учирсан хохирлоо манай талбайн урд талд 1 га орчим чацаргана, үхрийн нүдний талбайтай Л.Ганхуяг гэдэг хүнээс нэхэмжилж байна. Би 2014, 2015 онд ургацаа авч чадаагүй учраас банкны өрөнд ороод их хохирч байна. Миний талбайн шатсан чацарганы мод сэргэж ургаагүй. Одоо манай жимсний талбай дээр тухайн 3266 ширхэг модноос 300 гаруй мод ногоорч байгаа. Гэхдээ дээрх 300 гаруй модыг үр жимсээ өгөхгүй гэж би бодож байна. ...Би 2016 оны 8 дугаар сард Улаангом сумын 4 дүгээр багт оршин суудаг Насаатай уулзахад Насаа: 2014 оны 5 дугаар сарын 4-ний өдөр би далан дээр мал хараад зогсож байтал Ганхуягийн талбай дотор 2 хүн 2 хэсэг газарт гал асаасан, шарилж өвс шатааж байсан. Би буцаж яваад далангийн доод талд гэртээ орчихоод удалгүй далан дээр гарахад Ганхуяг, Цагаач нар миний урдаас гүйгээд ирж байсан ба Ганхуягийн талбай шатаж байсан бөгөөд тэр гал нь танай талбайн бургас руу дамжиж орж байсан. Би тэр хоёрыг харчихаад та 2 үй түмэн амьтаны талбай шатаачихав уу гэж асуухад юу ч хэлэлгүй миний хажуугаар зөрөөд Онцгой байдлын машин руу явчихсан гэж надад ярьсан. Мөн 2016 оны 9 сарын эхээр иргэн Долгорсүрэнтэй уулзахад: танай талбай шатсан өдөр би унагатай гүүгээ далангийн дээд талын жалганаас аваад явж байтал Ганхуяг хажуудаа нэг хүнтэй өөрийнхөө талбай дотор 3 хэсэг газарт гал асаачихсан хажууд нь зогсож байсан. Би гэртээ очиод байж байтал далан дээр хүмүүс шуугиад байхаар нь гарч ирэхэд Ганхуягийн талбай шатаад танай талбай руу гал нь орсон шатаж байсан гэж хэлсэн. Мөн 2016 оны 9 сарын 10-ны үед Тогтох гэдэг хүнтэй уулзахад Тогтох: танай талбай шатсан өдөр Ганхуяг, Цагаач нар Ганхуягийн талбай дотор гал түлчихсэн зогсож байсан гэж ярьсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх /1-р хх-24, 2-р хх-ийн 61, 63, 202 тал/ мэдүүлэг,

Хохирогч Б.Хөхөөгөөс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай талбайгаас зүүн урд зүгт Л.Ганхуягийн талбай байдаг. Л.Ганхуяг, О.Цагаач нар тухайн өдөр талбайгаа засаагүй гэдгийг батлах гэрэл зураг байна. Манай амбаарын тэндээс гал гарах үед галын машин ирэхээс өмнө манай хүмүүс Чандманиас очиж зам товчлохын тулд хашаа дээгүүр давж гараад гал гарааагүй хэсэг рүү орж хашааны хаалга галын машинд онгойлгож өгсөн. Тэгэхэд манай талбай урд талаас нь гал ороод ирчихсэн шатаж байсан. Л.Ганхуягийн талбай шатаад төгсгөл болчихсон утаа гарч байхад манай хүмүүс очсон. Тэгээд шатаж байсан хэсгийг гал командын машин унтраасан гэдгийг хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдоно. Байгаль орчны газрын дүгнэлтэд 27.858.000 төгрөгийн хохирол гарсныг тодорхой зааж өгсөн. Л.Ганхуягийн талбайн мод яагаад бага шатсан бэ гэхээр өвс байхгүй. Би гал гардаг өдөр Улаанбаатарт байсан. Хотоос ирээд хоёр хоногийн дараа шатсан талбайн зургуудыг Ц.Батжаргалтай хамт явж авсан. Х.Тогтох тухайн өдөр талбай дээрээ өвс хадаад бөөгнүүлж тавьж үдийн цайнд явж байгаад далангийн тэнд Л.Ганхуягтай таарсан гэсэн. Иргэн Ц.Нямсамбуу талбай дээр ажил үүрэг гүйцэтгэж байсан. Гал гардаг үед манай талбай дээр хэн ч байгаагүй. Гал гарсны дараа Л.Ганхуяг Г.Лхагвасүрэнд хэлсний үндсэн дээр Г.Лхагвасүрэн над руу залгаж би 10 гаруй ажилчдаа шатаж буй талбай руу явуулсан. Х.Тогтох гэх гэрчийг би хэргийн үнэн байдлыг олж тогтоохын тулд Ховд сумаас олж ирсэн нь үнэн. Би далангийн ойролцоо амьдардаг бүх хүмүүсийг танина. Бүгд манай талбай дээр ажиллаж байсан хүмүүс юм. Онцгой байдлын газар гал гарсан өдөр галын тойм зураг зурсан байгаа. Манай талбайн гол хэсгээс гал гарах ямар нэгэн үндэслэл байхгүй. Гол хэсгээс гал гарсан бол Ц.Нямсамбуу, Ц.Батжаргал, Х.Тогтох нарын талбай руу гал бүрэн хамрах байсан. Би Сэлэнгэ аймгаас Янжив гэдэг хүнээс 2 тонн бордоог 5.000.000 төгрөгөөр авч хөрсийг бордож байсан. Дараа нь 2015, 2016 онуудад модны тайралт хийж ажигласан. Гал гарч их хэмжээний хохирол гарнаас болж Хэт цах хоршоо дампуурлын ирмэгт хүрсэн. Манай хоршоо 20 гаруй ажилчидтай байсан. Уг нь үйлдвэрийн хэмжээнд барилга барьж байсан. Мөн гэрийн гадаа байдаг 60-80.000 ширхэг мод гаргадаг стандартын гурван хүлэмж ажиллагаагүй болсон. Нэг хүлэмж 10.000.000 төгрөгийн үнэтэй. Мод үржүүлэх ажиллагаа бүрэн зогссон. Ийм хүнд байдалд орсон хүн юу гэж өөрийгөө хохироож шатсан моднуудыг тайрч гэмгүй хүнийг гүтгэх билээ. Хуулийн байгууллага үнэн зөвийг тогтоож өгнө үү” гэх мэдүүлэг,

              2. Хохирогч Ц.Нямсамбуугийн мөрдөн байцаалтад өгсөн: “Манайх Улаангом сумын 4 дугаар багийн нутаг дэвсгэрт 4 га чацарганы зориулалтын талбайтай бөгөөд 2014 оны 05 сарын 04-ний өдөр талбай дээрээ эхнэр болон хөлсний хэдэн ажилчид авч шуудуй ухуулж, хог хаягдал цэвэрлүүүлж байсан. Тэгээд үдээс хойш болж ажилчид ажлаасаа буугаад явсан. Харин эхнэр бид хоёр талбай дээрээ үлдэгдэл хогоо нааш цааш нь цэвэрлээд байж байтал миний утас дуугарч Б.Хөхөө ах залгаж манай талбай шатаж байгаа юмуу ? Чи очоод хараад ир Ганхуяг эмчийн талбайн хэсгээс гал гарсан юм шиг байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би за гэж хэлээд Хөхөөгийн талбай руу яваад очих үед тэдний талбай галд шатаж байсан бөгөөд манай талбай руу дөхөөд ирж явсан. Би буцаж Б.Хөхөөтэй ярьж танай талбай шатаж байна гэж хэлсэн. Удалгүй Онцгой байдлын албанаас галын машин ирж талбай руу орж унтраасан. Манай талбай Хөхөөн талбайн баруун хойд талд, манай доод талд Батжаргалын талбай байдаг. Батжаргалын талбай болон бариатай гэр нь бас шатаж байсан. Манай талбайд гал бага зэрэг орсон бөгөөд би өөрөө унтрааж амжсан юм. Манай талбайгаас гүйцэд шатаж дууссан мод бол байхгүй. Зөвхөн өвс нь шатаж харалсан. Манай талбайд 6 ширхэг чацарганы 7 настай мод шатсан. Харалсан мод нь ургаж үр шимээ өгч байгаа. Анх Л.Ганхуягийн талбай байгаа газар болох зүүн урд зүгээс гал гарч ирсэн ба салхи зүүн урд зүгээс салхитай байсан. Гал гарсан газраар явах боломжгүй бөгөөд манай талбай дээр ажиллаж байсан хоёр мотоцикльтэй хүн эхнэрээ суулгаж аваад явсан. Энэ хүмүүс салхи боллоо, өрх үүд онгорхой, сургуулийн хүүхдийн хувцас хунар угаана гээд яараад явцгаасан. Тэр хүмүүс яваад 1-2 минутын дараа Хөхөө залгаж “талбай шатаж байна” гэж хэлсэн. Энэ хүмүүс гал тавих боломжгүй. Л.Ганхуягийн талбай руу эдгээр хүмүүс орох зам байхгүй чигээрээ яваад өнгөрчихдөг юм. Тэр өдөр Л.Ганхуяг талбай дээрээ байж байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Галд шатсан 6 ширхэг чацаргана жимсний мод бүгд нөхөн сэргэж ургасан. Одоо үр жимсээ өгч байгаа” гэх / 1-р хх-ийн 17, 2-р хх-ийн 62 тал/ мэдүүлэг,

            3. Хохирогч Ц.Батжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Ховд аймаг руу явж тэндээсээ Хятадын Үрүмчи хот руу аялалаар явсан. Тэгээд буцаад 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хилээр Монгол улсад орж ирсэн. Тэгж байтал скайтелийн сүлжээ барьж манай эхнэр над руу залгаж 2014 оны 5 сарын 04-ны өдөр манай жимсний талбай галд өртөж, гэр шатлаа гэж хэлсэн. Би аймагт ирээд талбай дээрээ очих үед гал зүүн урд зүгээс баруун хойд зүг рүү чиглэсэн галны тархалт надад мэдэгдсэн. Гал бол унтраад цурмын байдалд орж уугиж асаж байсан зүйл байхгүй. Талбайгаа би жимсний мод руу дамжиж нэгдүгээр эгнээний жимсний мод галд хайрагдсан. Нийтдээ 3 эгнээ 89 ширхэг үхрийн мод, 5 ханатай дотроо тавилгатай монгол гэр шатаж дууссан цурам үлдсэн байсан. Би гал анх хаанаас гарсан талаар гал гарах үед байсан Б.Хөхөөгийн хүүхдээс асуухад анх гал бол зүүн урд хэсэгт байх Л.Ганхуягийн талбайгаас эхлэж, салхины чиглэлийн дагуу Б.Хөхөөгийн талбайгаар дамжиж баруун хойд зүг руу танай талбай руу тархсан гэж хэлсэн. Манай талбайн дээд талд талбайтай Нямсамбуутай уулзах үед гал зүүн урдаас орж ирсэн. Манай мод руу орж ирэх үед нь дээл хувцасаараа цохисоор байж унтраалаа гэж хэлсэн. Би тэгээд мөн онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч хошууч Батсүхтэй уулзах үед эхний таамаглалаар Л.Ганхуягийн талбайгаас анх гал үүсвэрлэн гарсан байх магадлалтай гэж хэлсэн. Энэ үед Б.Хөхөө ирсэн бөгөөд бид хоёр цаг агаар ямархуу байсныг мэдэхээр ус, цаг уур орчны шинжилгээний албанаас очиж түймэр гардаг өдрийн цаг агаарын мэдээг бид хоёр авсан. Тэгтэл энэ албанаас салхи зүүн урдаас баруун хойд зүгийг чиглэсэн салхитай байсан гэсэн хариуг бид хоёрт өгсөн. Би гэрээ нэг сая төгрөгөөр үнэлж байна. Манай гэр өвлийн дулаалгатай, цагаан бүрээстэй, эсгий туургатай, 5 ханатай гэр байсан. Гэр дотор хор цацдаг багаж, 2 ширхэг шинэ 50 литрын тогоо, листээр хийсэн пийшин, аяга, таваг, халбага, гэх мэтийн зүйлс байсан. Би эдгээр зүйлсийг бол үнэлэхгүй. Би 5 ханатай гэр болон үхрийн нүдний 80 ширхэг мод модоо нэхэмжилж байна. 5 ханатай гэрээ 550.000 төгрөгөөр, 80 ширхэг үхрийн модоо 600.000 төгрөгөөр үнэлнэ. Хаврын улирал байсан тул би эхнэртэй хаврын улирал хуурайшил ихтэй, гал гарахад амархан байдаг, талбай цэвэрлэж гал гаргаж болохгүй гээд хэлээд явсан. Галд өртсөн модноос 30 орчим мод сэргэж ургасан” гэх /1-р хх-ийн 20-21, 2-р хх-ийн 64 тал/ мэдүүлэг,

            4. Гэрч Г.Жаргалын мөрдөн байцаалтад өгсөн: ”Би Л.Ганхуягийг таних бөгөөд садан төрлийн холбоо байхгүй. 2014 оны 5 сарын 14-ний өдөр 09 цаг өнгөрч байхад Улаангом сумын 04-р багт байрлах өөрийн 1 га талбайгаа эргэсэн бөгөөд буцаад 10 цагт гэрлүүгээ явсан. Тэгээд гэртээ байж байтал 15 цаг өнгөрч байх үеэр галын жижүүрээс танай талбай, гэр шатаж байна та талбай руугаа явна уу. Манай хүмүүс очсон байгаа гэж хэлсэн. Би талбай дээрээ 15 цаг 30 минутын үед очих үед манай талбай руу гал орж манай талбайд байрлах 5 ханатай монгол гэр бүрэн шатаж дууссан, жимсний талбай руу гал орж үхрийн нүдний 80 орчим мод шатсан байсан юм. Галын дуудлага аваад талбай дээр очих үед салхи зүүн урдаасаа хойшоо байсан бөгөөд Л.Ганхуягийн талбайгаас эхлэж гал гараад Б.Хөхөөгийн талбайгаар дамжиж манай талбай руу гал орж шатсан байдалтай байсан.  Л.Ганхуягийн талбай дээр тэр өдөр хүмүүс очиж цэвэрлэгээ хийсэн гэж хүмүүсээс сонссон. Хэнээс сонссоноо санахгүй байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25-р тал/

            5. Шүүгдэгч О.Цагаачийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “Би 2014 оны 5 сарын 04-ний өдөр Л.Ганхуягийн хамт талбай дээр нь очсон. Тухайн үед 12 цаг өнгөрөөд 13 цаг болох гэж байсан байх. Бид хоёр очоод талбайн зүүн урд зүгт тор шонтойгоо хамт уначихсан байхлаар нь чулуугаар чигжээд байж байтал Л.Ганхуягийн талбайн хойд талаас битүү модон дотроос утаа суунаглан гарч байсан. Тэр утаа бага зэрэг гарч байсан юм. Тухайн үед бид хоёр хүмүүс зэрлэгээ шатааж байгаа байлгүй гэж бодсон. Тэгтэл гэнэт Л.Ганхуягийн талбай руу зүүн хойд талаас гал орж ирж эхэлсэн. Бид хоёр түүнийг хараад унтраах гэхэд их хүчтэй шатаж байсан тул Л.Ганхуяг миний утас авч гал командонд дуудлага өгсөн. Тэгээд Б.Хөхөө ахын утас руу залгаж хэлэх гэсэн боловч утсын мэдэхгүй байсан. Тэгтэл Лхагвасүрэнгийн манаач таарч Б.Хөхөөгийн утас авч түүн рүү Л.Ганхуяг ярьж хэлэх шиг болсон. Энэ үед гал командын машин ирсэн бөгөөд маш хурдан ирээд далан дээр давж гарч чадахгүй, зам байхгүй байсан тул урдуур улаан уул талаар тойрч гарч явсаар иртэл Ганхуягийн талбайн зарим хэсэг Б.Хөхөөн талбай, Ц.Батжаргал, Ц.Нямсамбуу нарын талбай галд өртсөн байсан. Гал яг анх хаанаас гарсныг би сайн мэдэхгүй байна. Л.Ганхуягийн талбай шигүү модтой ба түүний хойд талын Б.Хөхөөн талбай бас шигүү модтой байдаг. Тэр шигүү модон дотроос л Б.Хөхөөгийн талбай дээр байгаа амбаар зүгээс утаа анх суунаглаж байсан. Л.Ганхуяг намайг дагуулж талбай дээр хийх ажлын зөвлөгөө өгөхөөр очсон юм. Маргааш нь Л.Ганхуяг хот руу явах гэж байсан юм. Тухайн үед Л.Ганхуягийн 7 настай 500 ширхэг чацарганы мод шатсан.” гэх / 1-р хх-ийн 26-р тал/ мэдүүлэг,

            6. Гэрч О.Лхагважавын мөрдөн байцаалтад өгсөн: “Би Л.Ганхуяг гэдэг хүнийг танихгүй. Манай гэрийн баруун талын зуслангийн хойд талд тэдний талбай байдаг. Би гал гардаг өдөр ямаагаа туугаад тэдний талбайн дэргэд явж байсан бөгөөд тэгж байтал Л.Ганхуягийн талбайн хойд өнцгөөс утаа гарч байсан юм. Тэр үед Л.Ганхуягийн талбай дээр хүмүүс хогоо шатааж байгаа юм байна гэж бодоод ямаагаа туугаад гэрлүүгээ явчихсан. Цааш нь юу болсныг би мэдээгүй. Мод ихтэй болохоор хүн байгаа эсэхийг нь мэдээгүй” гэх / 1-р хх-ийн 27-р тал / мэдүүлэг,

              7. Гэрч Х.Тогтохын мөрдөн байцаалтын шатанд 2014 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн: “...Би энэ өдөр 8 цагт талбай дээрээ очиж шуудай цэвэрлэж байгаад 12 цагийн үед гэртээ ирж цайгаа уусан. Би гэр лүүгээ харьж явах замдаа Ганхуяг болон түүний хамт явж байсан хүнтэй таарсан бөгөөд тэр 2 талбай дээрээ хашаагаа янзалж байсан. Цай уугаад сууж байтал Ганхуяг намайг дуудаад талбай шатаж байна, Хөхөөгийн утасны дугаарыг мэдэх үү гэж хэлсэн. Би цай ууж байхдаа гарч харахад Ганхуяг нөгөө хүнтэйгээ тор янзлаад зогсож байгаа харагдсан ба гэртээ ороод удаагүй байж байтал Ганхуяг гал гарч байна гэж ирсэн юм. Тухайн үед талбайн ойр орчимд хог шатааж, цэвэрлэгээ хийсэн хүн үгүй...” гэх /1-р хх-ийн 28-29 тал/ мэдүүлэг,

 2016 оны 12 дугаар сарын 19, 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр өгсөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Надад өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Би гал түймэр гарч байгааг далан дээрээс харчихаад тэр доороо Лхагвасүрэнгийн талбай дээр очиход Ганхуягийн талбайн хойд хэсэг нь нилэнхийдээ шатсан, Хөхөө гуайн талбайн зүүн талын хэсэг нь шатаж эхэлж байсан. Гал түймрийг гарч эхэлж байгааг хараагүй. Гэхдээ салхины чиглэл, галын тархалтын байдал зэрэгээс харахад уг гал түймэр нь Ганхуягийн талбайн хойд, дунд хэсгээс эхэлж гарсан шинжтэй байсан. Намайг цайндаа явахын өмнө Лхагвасүрэнгийн талбай дээр ажиллаж байхад ойр орчимд хүн харагдаагүй бөгөөд би цайндаа явах гээд Лхагвасүрэнгийн талбайгаас гарах үед Ганхуягийн талбайн хойд хэсэгт /үхрийн нүд жимс тариалсан/ хэсэгт Ганхуяг, Цагаач нар сууж байсан. Тэр 2 өвс, шарилж овоолж, шатаагаад хажууд нь сууж байгаа харагдсан. 2014 оны 5 дугаар сарын 04-ний өдөр гарсан гал түймэр нь Л.Ганхуяг, О.Цагаач нарын шатаасан галаас болж гарсан. Тэр өдөр гал түймэр гарсан ойролцоох талбай дээр тэр 2-оос өөр ямар ч хүн байгаагүй, мөн Л.Ганхуяг, О.Цагаач нар өвс, шарилж овоолоод гал асаачихсан хажууд нь сууж байсан, намайг далан дээр гарч харахад Ганхуягийн талбайд хойд талын хэсэг нь нилэнхийдээ шатаад гал түймэр нь Хөхөө гуайн талбайн зүүн хойд талын хэсэг рүү орж байсан юм...” гэх /2-р хх-ийн 205, 222 тал/ мэдүүлэг,

              8. Гэрч Ч.Насанжаргалын мөрдөн байцаалтад 2014 оны 9 дүгээр сарын 07, 2015 оны 6 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: “...Тухайн үед би гэртээ байж байгаад гарахад далангийн хойд талд байдаг талбайгаас цэнхэр хөх утаа суунаглан гарч байсан. Далан дээр хоёр хүн байсан бөгөөд галын машин руу гүйгээд явсан. Тэр чигтээ утаатай байсан бөгөөд хараа муутай тул утаа анх хаанаас яаж гарсныг харж чадаагүй. Би тухайн өдөр гэртээ байж байгаад үхрээ харах гээд гэрийн дээд талд байдаг далан дээр гарахад далангийн дээд талд байдаг жимсний талбай шатаж байсан. Тухайн шатаж байгаа газарт Хөхөө, Ганхуяг гэдэг хүмүүсийн талбай байдаг. Би өмнө нь Хөхөөгийн талбай дээр ажиллаж байсан юм. Намайг далан дээр гарах үед ойролцоогоор 13-14 цаг болж байсан байх. Би гал яг хааснаас эхэлж гарсаныг харж байгаагүй учраас мэдэхгүй байна. Ямар ч байсан маш их утаа гарч байсан. Би тухайн шатаж байсан талбай руу очоогүй. Намайг далан дээр зогсож байтал шатаж байгаа талбайн зүгээс Ганхуяг хажуудаа нэг хүнтэй хамт ирсэн. Би тэр 2 хүнээс юу болсон бэ, та 2 хүний талбай шатаагаад хаячихав уу гэж асуухад надад ямар нэгэн зүйл хариу хэлээгүй. Тэр 2 хүн гал гарч байгаа газраас ирсэн учраас би тэгж асуусан юм. Тэгээд тэр 2 хүн далангийн хажууд зогсож байсан гал командын машин руу явсан юм. Би тэр 2 хүнтэй дахиж уулзаагүй. Намайг далан дээр гарах үед тухайн талбайн хэсэг нь битүү утаа болчихсон байсан учраас яг хэний талбайн аль хэсэг нь шатаж байгаа, гал юунаас болоод, хаанаас, хэзээ гарсаныг нь би мэдэхгүй” гэх / 1-р хх-ийн 30, 2-р хх-ийн 67 тал/ мэдүүлэг,

            2016 оны 12 дугаар сарын 09, 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: “Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би 2014 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 13:00-14:00 цагийн орчимд үхэр, тугалаа харах гээд өөрийнхөө хашааны дээд талын далан дээр гарсан. Намайг далан дээр гарахад Л.Ганхуягийн талбай дотор 2 хүн гал асаачихсан, өвс шарилж шатааж байсан. Ганхуягийн талбай хол зайтай байсан учраас би Ганхуягийн талбай дотор гал түлж, өвс шатааж байсан 2 хүнийг таниагүй. Би буцаад гэрт орж цай чанаж уучихаад 1 цаг орчимын дараа дахин далан дээр гарахад Ганхуягийн талбай, Хөхөөгийн талбай нилэнхийдээ шатаж байгаа харагдсан. Ганхуягийн талбайгаас Ганхуяг, О.Цагаач нар гүйж ирсэн бөгөөд би та 2 юу хийчихээд ирэв. Үй түмэн хүний талбай шатаагаад хаячихав уу? гэж асуухад Ганхуяг, Цагаач нар юу ч хэлэлгүй галын машин руу явсан. Намайг эхэлж далан дээр гарч харахад Ганхуягийн талбай дотор 2 хүн өвс бөөгнүүлж байсан учраас би Ганхуяг, Цагаач нарыг өвс, шарилж шатааж байгаад гал алдсан юм байна гэж бодсон. Тухайн үед би холоос харсан учраас гал асаасан байсан  хоер хэсгийг одоо тодорхой зааж чадахгүй” гэх / 2-р хх-ийн 203, 220 тал / мэдүүлэг,

 

            9. Гэрч Х.Долгорсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Л.Ганхуягийн талбайд урд талын ус гүйдэг хэвд очиж унагатай гүүгээ хараад буцсан. Тухайн үед би Ганхуягийн талбайд 100 метр гаруй зайд ойртож очсон учраас түүнийг сайн таньсан. Харин Ганхуягтай хамт байсан хүн нь миний таньдаггүй хүн байсан. Ганхуяг тэр хүнтэйгээ хамт 2 хэсэг газарт өвс, шарилж овоолж гал асаасан байсан. Тэр 2 хүн ямар хувцастай байсныг одоо би огт санахгүй байна. Тэр 2 болгоомжгүй байдлын улмаас гал алдаж Ганхуяг, Хөхөө нарын талбай шатсан байх гэж бодож байна” гэх / 2-р хх-ийн 204, 221-р тал / мэдүүлэг,  

            10. Гэрч Б.Дүгэрсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2014 оны 05 дугаар сарын 04-ний өдөр би гэртээ байж байгаад мал харах гээд хашаан дотор байдаг амбаар дээрээ гарахад Хөхөөгийн жимсний талбайн урд талын талбайгаас нэлээд их утаа гарч байсан. Бас Хөхөөгийн талбайн урд талаар бага утаа гарч байсан. Тухайн үед тэр талбайн ойролцоо 2-3 хүн байсан. Ямар хүмүүс байсныг нь би таниагүй. Манай гэрээс уг талбай 700 метр орчим зайтай болохоор би яг ямар хүмүүс байгаа, гал яг аль хэсэгт нь байгааг би мэдээгүй юм. Би тэр утааг харчихаад хүмүүс талбайнхаа зэрлэг өвсийг шатааж байгаа юм байх гэж бодсон. Би өмнө нь Хөхөөгийн талбай дээр ажиллаж байсан юм. Тэр утаа яг Хөхөөгийн талбай, урд талын талбайн альнаас нь гарч байгааг би ялгаж чадаагүй. Тухайн үед ойролцоогоор 14:00 цаг болж байсан байх. Би цаг хараагүй юм. Тэр утаа, гал юунаас болоод, яагаад гарсаныг мэдэхгүй” гэх /2 –р хх-ийн 69 тал / мэдүүлэг,

            11. Гэрч Л.Батсүхийн мөрдөн байцаалтад өгсөн: “Тухайн үед би гал түймэр гарсан газарт өөрийн биеэр үзлэг хийж галын голомтыг тодорхойлж, гал гарсан шалтгааныг тогтоосон. Гал түймэр гарсан учир шалтгаан нь хаврын хуурайшилтай талбай дээр өвс, шарилж зэргийг шатааснаас болж гал түймэр гарсан байсан. Галын голомтын байрлал, тархалт, салхины чиглэл, галын тархалтын хурд зэргээр уг гал түймэр нь ил галаас үүсвэрлэн гарсан буюу хуурай өвс, шарилж зэргийг шатааснаас гарсан болохыг тогтоосон” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 223, 2-р хх-ийн 140 тал /,

         12. Гэрч Ч.Энхтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “Миний нөхөр О.Цагаач бид хоёр нь 3 хүүхэдтэй бөгөөд манай 2 том хүүхэд гэр бүлтэй болоод тусдаа амьдарч байгаа юм. Одоо О.Цагаач бид 2 бага охин Уртнасангийн хамт Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багт амьдардаг. Миний нөхөр О.Цагаач нь АПУ хүнсний дэлгүүрийн харуул хийж байгаа бөгөөд миний хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа. О.Цагаач нь зан аашийн хувьд үг дуу цөөтэй, даруухан, өөрийн бодож санаж байгаа зүйлээ хүнд тэр болгон хэлээд байдаггүй, хүнд тусархаг, өрөвч зөөлөн зантай хүн юм. Аливаа ажлыг хийхдээ чин сэтгэлээсээ, чанартай хийдэг, их хөдөлмөрч хүн байгаа юм. О.Цагаач нь мэргэжил эзэмшээгүй болохоор янз бүрийн хар бор ажил хийгээд гэр бүлээ авч явдаг юм. Ер нь бол гэр бүл, хамаатан садан, ах дүү нартаа байнга анхаарал халамж тавьж, тус дэм болж явдаг юм. О.Цагаач нь архи, тамхи огт хэрэглэдэггүй. Өөр ямар нэгэн муу зуршил байхгүй” гэх /2-р хх-ийн 141 тал/ мэдүүлэг,

            13. Гэрч Х.Галхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2014 оны 05 дугаар сарын 04-ний өдөр гэртээ байж байтал Лхагвасүрэн надад “Наадмын талбайн далангийн дээд талд талбай шатаж байна гэнэ. Би очиж байна, чи хурдан ир гэж хэлсэн. Би үүнийг сонсоод 10 минутын дотор талбай дээрээ очих үед Л.Ганхуягийн чацарганы талбай зүүн урд зүгээс шатаж, манай аав Б.Хөхөөгийн 5 га газрын чацарганы талбай руу гал орж эхэлж байсан. Тухайн үед салхитай байсан ба гал явсаар талбайн зүүн хойд зүгт байрлах амбаарын хажуу талаар явж байсан. Би очоод галыг унтраах гэсэн боловч унтраах боломжгүй дүрэлзээд аавын талбайн хойд талын Ц.Батжаргалын талбай руу гал орж эхэлсэн. Энэ үед галын машин дөнгөж аавын талбай руу орж ирж байсан. Тэгж байтал Ц.Батжаргалын талбайд байсан гэр шатаж эхэлсэн. Манай аавын талбайн мод шигүү ургасан байдаг ба Л.Ганхуягийн талбайгаас тэр амбаарыг харах боломж муутай. Гал гарах үед аавын талбай дээр хэн ч очиж цэвэрлэгээ хийгээгүй, эзэнгүй байсан бөгөөд түүнээс гал гарах ямар ч үндэслэл байхгүй. Гал анх Л.Ганхуягийн талбайн зүүн урд өнцгөөс тэдний чацарганы модны захаас гарсан гэж тооцоолсон. Би энэ асуудал болохоос өмнө 4-5 хоногийн өмнө аавын талбай болон өөрийн талбайгаа эргэж тойроод явж байхад Л.Ганхуягийн талбайн гал гарч эхэлсэн гэх тэр газарт зэрлэг өвс ургамлаа бөөгнүүлж, тавьсан шинжтэй байсан. Гал гарсан тэр өдөр Л.Ганхуяг тэр өвсөө шатааж байгаад гал алдсан байх гэж би бодож байна. Манай аавын талбайд чацарганы 40 орчим эгнээ шатсан байсан санагдаж байна. Би нарийн тоолоогүй” гэх мэдүүлэг гэх / хх-ийн 31 тал / мэдүүлэг,

            14. Гэрч Г.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Тухайн үед ажил дээрээ байж байтал өдөр дунд болж байх үеэр Улаангом сумын 4-р багт байрлах манай 1.2 га талбайн баруун талд талбайтай Л.Ганхуяг гэдэг хүн залгаад талбайд гал гарсан байна, яаралтай ир, Хөхөөтэй холбогдох утас байна уу? хэл хүргүүлмээр байна гэж хэлсэн. Би үүнийг сонсоод Б.Хөхөөтэй ярьж хэлсэн. Тэгтэл Б.Хөхөө ах хотод байна гэж хэлсэн. Талбай дээрээ очих үед Л.Ганхуягийн талбай, Б.Хөхөөн талбай хоёр шатаж байсан ба Л.Ганхуягийн талбай талаас буюу баруун урд талаас гал шатаж явж байсан. Тухайн үед бага зэрэг салхитай байсан. Манай талбай руу орох гэж байсан. Манай талбайд ямар нэгэн хохирол учраагүй. Гал хаанаас гарсныг сайн мэдэхгүй байна” гэх / хх-ийн 32 тал/ мэдүүлэг,

            15. Гэрч Д.Баттогтохын мөрдөн байцаалтад өгсөн: “Л.Ганхуягийн аав манай аав хоёр ах дүү хоёр байгаа юм. Бид багаасаа хамт байсан ба Улаанбаатар хотод оюутан байхдаа хамт байсан. Их зарчимч, хөдөлмөрч, хүн байгаа юм. Мөн хар бор ажлыг сайн хийдэг. Хааяа нэг архи дарс хэрэглэдэг, бараг уухгүй талдаа хүн байгаа юм. Тамхи бол татдаггүй. Л.Ганхуяг нь Зүүнговь сумын арван жил, Анагаахын их сургуулийг 2000 онд Уламжлалт эмчилгээний эмч мэргэжлээр төгсөж байсан. Сайн тал нь хөдөлмөрч, зарчимч, муу тал нь гэвэл надад анзаарагдах нь шулуун зантай бөгөөд бодсон санасанаа шууд хэлчихдэг. Ганхуяг эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг” гэх / хх-ийн 33 тал / мэдүүлэг,

            16. Гэрч Н.Гансүхийн мөрдөн байцаалтад өгсөн: “2009 оноос хойшоо хамт нэг тасагт ажиллаж байгаа. Энэ хүний зан байдал нь нийтэч, манай тасгийн зөвлөх эмч бөгөөд хүмүүсийг удирдах, зохион байгуулахдаа сайн, тусархуу ажилчдын ар гэрийн байдалд анхаарал хандуулж байдаг хамт олонч хүн юмаа. Согтууруулах ундаа хэрэглэдэггүй, тамхи татаж байгаад гарчихсан гэсэн. Урьд өмнө нь ямар нэгэн хэрэг зөрчилд орж байгаагүй.” гэх / хх-ийн 34 тал / мэдүүлэг,

            17. Гэрч Б.Энхтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “Ой хээрийн түймрийн аюултай үе гэж ойн тухай хуулинд 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл гэж заасан байдаг. Энэ үед ой хээрт ил задгай гал тавихгүй байх, амралт зугаалгаар явахгүй байх тухай хориглосон байдаг. Энэ цаг хугацаанд тухайн нөхцөлд өөрөө гал түймэр гарсан байх боломжгүй учир нь байгалийн түймрийн 90-ээс дээш хувь нь хүний санамсар болгоомжгүй үйлдлээс болж шатсан байдаг. Байгалд учирсан хохирлыг 2 төрөлд хуваан үздэг. Монгол улсын ойн тухай хуулийн 3.1.22 “ой хээрийн түймрээс учирсан экологийн хохирол” гэж түймрийн нөлөөгөөр байгаль экологийн тогтолцооны хэвийн байдал, ой, түүний хөрс, уг хамгаалах экологийн үүрэг ач холбогдол алдагдан, амьтан, ургамал устах болон тэдгээрийн төрөл зүйлийн амьдрах орчин доройтох, байгалийн нөөц, баялаг хомсдосныг ойлгодог. Харин “ой хээрийн түймрээс учирсан эд материалын хохирол” гэж түймрийн нөлөөгөөр барилга, байгууламж, мал, амьтан, ургамал, өвс, тэжээл, малын хашаа, саравч, машин тоног төхөөрөмж, гэр, орон сууц, эд материал зэрэг үндсэн ба эргэлтийн хөрөнгө гэмтэх устах, зэргээр улс орон, ойн нөхөрлөл, аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд учирсан шууд хохирлыг ойлгох юм. Тэгэхээр уг талбайг эзэмшиж байгаа этгээд учирсан эд материалын хохирлыг гэм буруутай этгээдээс нэхэмжилнэ. Харин уг газар шатсаны улмаас улсад учирсан хор хохирлыг улсаас итгэмжлэгдсэн хүн гэм буруутай этгээдээс нэхэмжилж улсын орлогод оруулна гэсэн үг юм” гэх /1-р хх-ийн 219-221 тал/ мэдүүлэг,

            18. Гэрч Т.Батмөнхийн мөрдөн байцаалтад өгсөн: “Тухайн орчин нөхцөлд өвс ногоо өөрөө шатах боломж байхгүй. Хүний буруутай үйлдлээс болж гал түймэр гарсан байх боломжтой гэж үзэж байна ” гэх /2-р хх-ийн 77-79 тал/ мэдүүлэг,

            19. Гэрч К.Отгонсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Увс аймгийн Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх хяналтын тасгийн дарга, онцгой байдлын хошууч Д.Өлзийт, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, онцгой байдлын ахмад Д.Пүрэвжав нарын хамт эрүүгийн 201420000198 тоот хэрэгт 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр №01 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргасан. Дүгнэлт гаргахдаа уг хэрэг гарсан гэх газарт очсон боловч хэрэг гарснаас хойш 1 жилийн хугацаа өнгөрч, өвс ногоо шинээр ургасан байсан бөгөөд гал гарсан шалтгаан, галын голомтыг шинээр тогтоох боломжгүй байсан тул хавтаст хэрэгт авагдсан материалаар шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Хэрэг гарсанаас хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн, өвс ногоо шинээр ургасан, гал гарсан талбайд тариалалт, жимс ногоо хураах ажил, усалгааны ажил хийгдсэн. Дөрвөн улирал өнгөрч цас, бороо орсон, хайлж урссан зэрэг шалтгаанаар галын голомт болон гал гарсан шууд шалтгааныг шинээр тогтоох боломжгүй болсон байсан. Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах Улсын хяналтын байцаагч Л.Батсүхийн 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 11 дугаартай “гал түймэр гарсан тухай акт” үндэслэлтэй байсан. Гал гарсан шууд шалтгаан буюу тамхины ишнээс үүдэлтэй, өвс, шарилж зэргийг шатааснаас, цогтой үнс нурмыг ил задгай хаяснаас гэх мэт шалтгаануудын аль нь болохыг шинээр дүгнэх боломжгүй юм. Тийм учраас гал гарсан шалтгааныг шууд дүгнэж бичээгүй” гэх /2-р хх-ийн 180-181 тал/ мэдүүлэг,

            20. Гэрч Д.Өлзийтийн мөрдөн байцаалтад өгсөн: “Уг хэрэг 2014 оны 5 дугаар сарын 04-ний өдөр гарсан бөгөөд бид 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр буюу хэрэг гарснаас хойш 1 жилийн дараа шинжээчийн дүгнэлт гаргасан. Бид нар дүгнэлт гаргахын өмнө хэрэг гарсан гэх газарт өөрсдийн биеэр очиж үзсэн, бөгөөд гал түймэр гарснаас хойш бүтэн 1 жилийн хугацаа өнгөрсөн, өвс ногоо шинээр ургасан, гал түймэр гарсан талбай дээр нөхөн сэргээлт, тариалалт, усалгаа, арчилгаа хийгдсэн, цас бороо орсон, салхи, шуурга гэх мэт байгалийн олон үзэгдлүүд болон өнгөрсөн байсан учраас гал гарсан шалтгаан галын голомтыг нарийвчлан тогтоох боломжгүй болсон байсан. Мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд гал гарсан шалтгааныг шууд тодорхойлох боломжгүй байсан учраас шууд тодорхойлолтыг бичээгүй юм. Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд гамшигаас хамгаалах улсын хяналтын байцаагч Л.Батсүхийн гал түймэр гарсан тухай акт нь үндэслэлтэй байх магадлалтай байсан. Гэхдээ Л.Батсүхийн гаргасан актанд гал гарсан шалтгааныг шууд тодорхойлон заагаагүй байсан нь дүгнэлт гарахад гал гарсан шалтгааныг шууд тодорхойлон бичих боломжгүй болгосон. Дээрх шалтгаануудын улмаас шинжээчийн дүгнэлтэнд гал гарсан шалтгааныг шууд тодорхойлоогүй юм. Одоо дахин шинжилгээ хийсэн ч гал гарсан шалтгаан, галын голомтыг шинээр /бодитоор/ тогтоох боломжгүй юм” гэх /2-р хх-ийн 184-185 тал/ мэдүүлэг,

            21. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал, жуучлалын яамны Ойн судалгаа, хөгжлийн төвийн гаргасан шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 231-232 тал/,

         22. Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн албаны мэргэжилтэн Т.Батмөнхийн 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гаргасан 13 дугаар шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 81-82 тал/,

                23. Онцгой байдлын ерөнхий газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2014  оны 5 дугаар сарын 19-ний өдрийн “Гал түймэр гарсан тухай” 11 тоот акт /1-р хавтаст хэргийн 48 тал/,

          24. Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх хяналтын тасгийн дарга онцгой байдлын хошууч Д.Өлзийт, Гамгаас хамгаалах улсын хяналтын байцаагч онцгой байдлын ахмад Д.Пүрэвжав, Аврах гал унтраах 41 дүгээр ангийн салааны захирагч онцгой байдлын ахлах дэслэгч К.Отгонсүрэн нарын гаргасан 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 01 тоот шинжээчийн дүгнэлт. /2-р хх-ийн 92-93 тал/,

          25. Увс аймгийн Байгаль орчны газрын 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн “Иргэн Б.Хөхөөгийн 3 га талбайд 27.858.000 мянган төгрөг, Ц.Батжаргалд 742880 төгрөг, Ганхуяг 14857600 төгрөг, 55716 төгрөгний хохирол” учирсан байна гэх шинжээчийн дүгнэлт / хх-ийн 11-р тал /,

                 26. Хохирогч Ц.Батжаргалын шатсан гэх гэрийг үнэлсэн тухай 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн комиссын дүгнэлт “5 ханатай /хуучин ашиглаж байсан/ -550,000/ таван зуун тавин мянга/ төгрөгийн үнэ ханштай” болохыг тодорхойлов гэжээ / хх-ийн 156-р тал /,

            27. Увс аймгийн Ус цаг уур, орчины шинжилгээний албаны 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 107 тоот цаг агаарын тодорхойлолт. /хх-ийн 136 тал/,

              28. Увс аймгийн ус цаг уур, орчны шинжилгээний албаны 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гаргасан цаг агаарын тодорхойлолт “Улаангом сумын нутгаар салхи 020-090 градусын /хойтын зүүн хойноос – зүүн зүүгийн хооронд/ чиглэлээс секунтэд 1-6 метр хурдтай, агаарын температур 16-22 градус дулаан, агаарын харьцангуй чийг 19-12 хувь, агаарын даралт 910,2-906,5 гПа, хөрсний гадаргын байдал хуурай байсан” гэх / хх-ийн 151-р тал / тодорхойлолт,

         29. Увс аймгийн Цагдаагийн газрын “Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл” гэрэл зургийн үзүүлэлтүүд, / хх-ийн 110-111, 2-р хх-ийн 52-60 тал /,

           30. Увс аймгийн Цагдаагийн газрын 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 166-168 тал /,

            31. Увс аймгийн Цагдаагийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн “модон байшинд”  үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 213-215-р тал /,

            32. Увс аймгийн Цагдаагийн газрын 2014 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн “Л.Ганхуягаас Тоёота-Кулугер маркийн 43-34 УВА улсын дугаартай автомашин” битүүмжилсэн тогтоол / хх-ийн 13-р тал /,

        33. “ГЭРЭГЭ ЭСТИМЭЙТ” ХХК-ийн 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн №2014/09-14 дугаартай “Тоёота-Кулугер” авто тээврийн хэрэгслийн зах зээлийн үнийн тодорхойлолт” / хх-ийн 43-48 тал /,

            34. Шүүгдэгч Л.Ганхуягийг урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн 46-47, 49-55 тал /,

        35. Шүүгдэгч О.Цагаачийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдал тогтоосон баримтууд. /2-р хх-ийн 153-164 тал/

            36. Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 108 тал /,

            37. “Хэт цах“ хоршооны газар эзэмших эрхийн гэрчилгээ. /хх-ийн 128 тал/

           38. Увс аймгийн цагдаагийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Хураан авах тогтоол, /хохирогч Б.Хөхөөгөөс Хэт цах хоршоотой холбоот 3 ширхэг СД хураан авсан тэмдэглэл / хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай тогтоол /хх-ийн 216-218/,

       39. Увс аймгийн Прокурорын газрын 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай /Гэмт хэргийн бүрэлдхүүнгүй/” №301 тоот прокурорын тогтоол / хх-ийн 183-184-р тал /,

          40. Увс аймгийн Прокурорын газрын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн №201420000198 тоот “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг үүсгэх тухай” тогтоол / хх-ийн 1-р тал /,

          41. Увс аймгийн Прокурорын газрын 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай /Гэмт хэргийн бүрэлдхүүнгүй/ №213 тоот прокурорын тогтоол  / хх-ийн 204-205-р тал /,

            42. Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын туслах прокурорын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээж мөрдөн байцаалт явуулах хугацааг тогтоох тухай /хийгдвэл зохих мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн хийгээгүй, хэргийг дутуу шалгаж, үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон/ 5/62 дугаар прокурорын тогтоол / хх-ийн 206-р тал /,

         43. Увс аймгийн Прокурорын газрын 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай /гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй/ 32 дугаар прокурорын тогтоол /2-р хх-ийн 23-25 тал /,

         44. Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын туслах прокурорын 2015 оны 4 сарын 28-ны өдрийн хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээж мөрдөн байцаалт явуулах хугацааг тогтоох тухай /хийгдвэл зохих мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн хийгээгүй, хэргийг дутуу шалгаж, үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон/ 5/50 дугаар прокурорын тогтоол / 2-р хх-ийн 37-38 тал /,

           45. Увс аймгийн Прокурорын газрын 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн /Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар буюу хуульд заасан хохирлын хэмжээ хүрэхгүй гэх үндэслэлээр/ Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 32а дугаар Прокурорын тогтоол /2-р хх-ийн 121-123 тал/,   

          46. Монгол Улсын Ерөнхий Прокурорын Газрын орлогч прокурорын 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн доод шатны прокурорын шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай /Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-д зааснаар буюу гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр/  1/10 дугаар тогтоол /2-р хх-ийн 129-130 тал/,

       47. Монгол Улсын Ерөнхий Прокурорын 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах хугацаа тогтоох тухай /яллагдагч Л.Ганхуяг нь болгоомжгүй үйлдлээр ил гал алдсан гэдгийг нотлох баримтаар нотлогдож тогтоогдоогүй, гал яаж гарсан, ил гал гэж үзсэн бол хэн тавьсан талаар мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн дүүрэн явуулаагүй/ 1/86 тоот тогтоол, /2-р хх-ийн 134-135 тал/,

            48. Увс аймгийн Прокурорын газрын орлогч прокурорын 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн сэжигтэн яллагдагч холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай /гэмт  хэрэг үйлдсэн нь нотлогдож тогтоогдоогүй/ 06 дугаар тогтоол /2-р хх-ийн 173 тал/,

      49. Увс аймгийн прокурорын 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн прокурорын гаргасан шийдвэрийг хүчингүй болгох тухай /06 дугаар тогтоолыг хүчингүй болгосон/ 01 дүгээр тогтоол. /2-р хх-ийн 216-217 тал/, 

           50. Увс аймгийн прокурорын газрын 2017 оны 2 сарын 09-ний өдрийн хэрэг бүртгэгч мөрдөн байцаагчийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгох тухай /Л.Ганхуяг, О.Цагаач нар нь ил гал гаргасан тогтоогдсон, улмаар хохирол учирсан үндэслэлээр Л.Ганхуягийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон шийдвэрийг хүчингүй болгосон/ 01 тоот прокурорын тогтоол. /2-р хх-ийн 218-219 тал/,

          51. Увс аймгийн прокурорын газрын 2017 оны 2 сарын 24-ний өдрийн Хүсэлтийг хангахаас татгалзах тухай /Л.Ганхуяг, О.Цагаач нарын гаргасан гэрч Тогтох, Насанжаргал, Долгорсүрэн нар нь анх өгсөн мэдүүлгээсээ тэс өөр ямар ч үндэслэлгүй нотлох баримтгүй, худал мэдүүлэг өгсөн тул хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэх хүсэлтийг хангахгүй орхисон/ 04 тоот прокурорын тогтоол. /2-р хх-ийн 233-235 тал/,

           52. Увс аймгийн прокурорын газрын 2017 оны 2 сарын 24-ний эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай /гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй/ 47 тоот прокурорын тогтоол. /2-р хх-ийн 238-241 тал/,

           53. Улсын Ерөнхий Прокурорын Туслах прокурорын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээж, мөрдөн байцаалт явуулах хугацаа тогтоох тухай  /Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д зааснаар гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх/ 5/49 тоот тогтоол /3-р хх-ийн 01-02 тал/,

            54. Шүүгдэгч Л.Ганхуягийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Тухайн өдөр би манаач О.Цагаачийн хамт өөрийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 1,6 га талбайд 700 орчим чацаргана, үхрийн нүдний 150 ширхэг модтой ногооны талбайгаа очиж үзэхээр хамт явсан. Бид хоёр өдөр дунд болж байх үед талбай дээрээ очсон. Тухайн үед бид хоёр талбайгаа эргэх гэж очсон юм. Манай талбайн хашааны зүүн доод талын хэдэн шон тортойгоо налаад уначихсан байхлаар нь бид хоёр очиж янзлах гээд гаднаас нь малтаж чулуу ивж түр тогтоох гэж байтал Хөхөөгийн талбайн доод талын байшингийн орчмын зүүн доод талаас утаа гарч байсан. Тэгэхээр нь би хүмүүс зэрлэгээ шатааж байгаа юм байхдаа гэж бодоод тоолгүй байж байтал 5 минутын дараа гал манай талбай руу ертөнцийн зүгээр баруун талаас орж ирсэн. Бид хоёр очоод унтраах боломжгүй болохоор нь шууд би далан гарч 101 руу залгаж ярьсан. Далан дээр Лхагвасүрэнгийн талбайн манаачтай таарч Лхагвасүрэнтэй ярьж манайхны талбай шатаж байна, Хөхөө рүү ярь би дугаарыг нь мэдэхгүй байна” гэж хэлээд утсаа тасалсан. Би тэгээд далан дээр зогсож байтал 101-ээс над руу залгаж хүрч ирээд замаа зааж өг” гэж хэлсэн. Тэгтэл би очиж зам зааж өгөөд хамт Хөхөөн талбай дээр ирсэн. Би машинаас буугаад өөрийнхөө талбай дээр ирэх үед манай талбайн 80 хувь нь галд орсон байсан. Тэгээд үлдсэнийг нь гал командын ажилчид унтрааж өгсөн юм. Бид хоёр очоод 15-20 минут болсон юм. Тэгтэл ийм зүйл болсон юм. Манай талбайн зүүн талын талбай буюу Лхагвасүрэнгийн талбайд хүн байгаагүй, манай талбайн хойд талд Хөхөөн талбайн ард талд Батжаргалын талбай байдаг бөгөөд надад хүн байсан эсэх нь харагдах боломжгүй далдлагдсан байдаг. Хөхөөн талбайн орчим Нямсамбуугийн талбай бас байдаг бөгөөд хүн байхгүй байсан. Миний харснаар утаа анх Хөхөөгийн талбайн зүүн урд талд байдаг модон амбаарын урдхан талаас л гарч байна гэж харсан. Хөхөөгийн талбай шигүү модтой учир ямар нэгэн хүн үзэгдэх болон дуу чимээ гараагүй. Манай талбайд 7 настай 500 ширхэг чацарганы мод галд өртөж харалсан. Доод талын өвс нь шатаж дээшээ мод нь шатаагүй гайгүй байсан. Одоо энэ моднууд үр жимсээ өгөөд ургаж байгаа. Нэг ч мод үхээгүй болно. Тэр өдөр ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, бид хоёр хоёулаа эрүүл байсан юм. Тэр өдөр бүгчим халуун байсан бөгөөд нартай бас бага зэрэг салхитай байсан байх. Галын урсгал бол тал тал руугаа тэлэх маягтай шатаж байсан. Гал гарсны дараа би жимсний талбайн модоо арчилж, тордсон учраас миний галд шатсан гэж мэдүүлж байсан жимсний талбайн мод нөхөн сэргэж ургасан. Галын улмаас шатаж устсан мод байхгүй. Одоо 500 гаруй чацаргана жимсний мод хэвийн ургаж, үр жимсээ өгч байна. мөн 100 орчим үхрийн нүд жимсний мод галд шатсан. Одоо 60 гаруй үхрийн нүд жимсний мод хэвийн ургаж байгаа. Миний буруутай үйлдлээс уг гэмт хэрэг гараагүй, дээрх нэр бүхий хүмүүст би хохирол учруулаагүй учраас хохирол төлбөр төлж барагдуулаагүй юм. Бид 2 манай талбай дээр байхдаа өвс, шарилж шатаагүй, ил гал гаргасан зүйл огт байхгүй. ...Онцгой байдлын газар луу утсаар ярьж дуудлага өгөөд О.Цагаач бид 2 далан дээр гарахад нэг настай эмэгтэй хүнтэй таарсан. Тэр хүн та 2 юу хийчихэв ээ гэж асуухаар нь би Хөхөөгийн талбайгаас гал гараад байна. Би Онцгой байдал дуудчихлаа гэж хэлсэн. Мөн Тогтоход Хөхөөгийн талбайд гал гараад байна. Чи утсыг нь мэддэг бол яриач гэж хэлэхэд Тогтох би Хөхөөгийн дугаарыг мэдэхгүй гэж хэлсэн. Тогтох гэдэг хүн надад би та нарыг ирэхийн өмнө Хөхөөгийн талбайн өвс цэвэрлэж байгаад ирсэн. Тэгэхэд ямар нэгэн гал гараагүй байсан шүү дээ гэж хэлсэн. Бид нарын дунд өөр ямар нэгэн яриа болоогүй.” гэх /1-р хх-ийн 41-45, 2-р хх-ийн 98, 143, 224 тал / мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би иргэнийхээ үүргийг биелүүлж галын дуудлага өгсөн болохоос хүн хохироож гал алдсан зүйл огт байхгүй. Дуудлага өгснөөс хойш 30 минутын дараа галын машин ирэхэд далан мөстэй байсан болохоор машин гарах боломжгүй буцаж яваад улаан уулын хажуу талаар орох гэтэл мөстэй байсан тул хар усны хажуугаар орсон. Би талбай дээр ирэхэд галын байцаагч Л.Батсүх болсон явдлын талаар асуусан. Галын байцаагч надаас гал хаанаас гарсан юм бол гэж асууж, би тодорхой хариулт өгч байсан. Тухайн үед галын байцаагч Л.Батсүх гал хаанаас гарсныг тогтоож чадахгүй байсан. Дараа нь мөрдөн байцаагч ирж О.Цагаач бид хоёрыг мэдүүлэг өг гэхэд би болсон явдлын талаар үнэн зөвөөр нь мэдүүлсэн. Маргааш нь би хоёр сарын хугацаанд гадаадад сургалтад суух байсан учраас аймгаас явсан. Гэтэл намайг үндэслэлгүйгээр гүтгэж, хэрэгтэн болгосон байна. Тухайн үед гал гарсны дараа 2 метр ургасан модны зураг авсан. Ер нь талбай шатсан, гэхдээ жимсний мод шатаагүй. Байгаль орчны байцаагчийн дүгнэлтээр шатсан мод нь ургаж үр жимс өгөх боломжтой байна гэж дүгнэлт гаргасан. Гэтэл мөрдөн байцаагч, прокурор нар шатсан нийт модноос 310 ширхэг мод сэргэсэн байна гэсэн ойлголт авсан. Галд өртсөн модноос 1000 мод сэргэх боломжтой, 2300 ширхэг мод дахин ургах боломжгүй гэсэн дүгнэлт гаргаж өгөөгүй. Б.Хөхөө шатсан модоо хөрөөдөж авчихаад байгаль орчны байцаагчийг авч ирээд дүгнэлт гаргуулсан байсан. Хөрөөдсөн модноос ямар дүгнэлт гарах юм бэ. Би эмч хүний хувьд түлэгдэж ирсэн хүнийг угтаж аваад эмчлэхгүй гээд явуулбал би гэмтэн болно. Гэтэл түлэгдсэн модыг арчилж ургуулахын оронд хөрөөдөж өөрийн хөрөнгийг устгасан болж таарч байна шүү дээ. Мөрдөн байцаалтад Ц.Батжаргал, Ц.Нямсамбуу нар гомдолгүй гэж хэлсэн байгаа. Хэрэв би буруутай үйлдэл хийсэн бол гэмшээд үнэнээ хүлээх байсан. Галын байцаагчийн дүгнэлтэд зүүн урдаас салхилдаг гэсэн. Гэтэл цаг гучин минутын хугацаанд зүүн урдаас салхилдаг гэж юу байх билээ. Гэрч миний эсрэг мэдүүлэг өгсөн байсан. Б.Хөхөө гуай Ховд сумаас гэрч нарыг хайж өөрийн зардлаар авч ирээд худал мэдүүлэг авахуулсан гэсэн. Хүний санаанд оромгүй мэдүүлэг өгсөн байсан. Тухайн хэрэг болсон газарт хэргийг илрүүлэх ажиллагаа муу явагдаж мөрдөн байцаагч нар ач холбогдол өгөөгүй.” гэх мэдүүлэг,

            55. Шүүгдэгч О.Цагаачийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Ганхуяг гэдэг хүнийг Улаангом сумын 4 дүгээр багт байдаг жимсний талбайд туслах ажилтан хийдэг байсан юм. Одоогоос 2 жилийн өмнө буюу 2014 оны 5 сарын 04-ний өдөр Ганхуяг над руу утсаар залгаж “Та манай гэрт хүрээд ир хоёулаа талбай руу очъё” гэж хэлсэн. Тэгээд би өдөр 12:00 цаг өнгөрч байх үед Л.Ганхуягийн гэрт очиход би маргааш сургалтанд явах гэж байна, хоёулаа талбай руу очъё. Би таньд зааварчилгаа өгнө” гэж хэлсэн. Бид хоёр Л.Ганхуягийн өөрийнх нь цагаан өнгийн суудлын автомашинтай тэдний талбай дээр очсон. Машинтай явж байтал гэр хорооллын дээд талд байдаг усны даланг машинтайгаа давах боломжгүй байсан учраас машинаа далангийн хажууд үлдээгээд  талбай руу явган алхаж очсон. Бид хоёрыг талбай дээр очих үед ойролцоогоор 13:00 цаг өнгөрч байсан байх. Л.Ганхуягийн талбайн хажууд Хөхөөгийн жимсний талбай байдаг ба бас Ц.Батжаргал, Ц.Нямсамбуу нарын талбай ойролцоо байдаг юм. Л.Ганхуяг бид хоёрыг талбай дээр очиход хойд талын хашааны 2 модон шон газарт унасан байсан бөгөөд тухайн шонгуудыг босгож засах гээд оролдож байтал Б.Хөхөөгийн талбайн дунд хэсэгт утаа гарч эхэлсэн. Би дотроо Б.Хөхөөгийн талбай дотор хүн байгаа юм байна, зэрлэг өвс, шарилжаа шатааж байгаа юм байна” гэж бодоод утаа гарч байгаа газарт очоогүй. Утаа гарч байгааг Л.Ганхуяг бас харсан юм. Бид хоёр унасан шонгоо засаж байтал удалгүй нөгөө утаа гарч байсан газарт их гал гарч манай талбай руу орж ирсэн. Нэгэнт тухайн галыг унтраах боломжгүй болсон учраас Л.Ганхуяг Онцгой байдлын газар луу залгаж дуудлага өгсөн. Тэр өдөр Хөхөөгийн талбай дээр ямар нэгэн хүн байсан үгүйг би мэдэхгүй байна. 2014 оны  05 сарын 04-ний өдөр Л.Ганхуяг бид хоёр жимсний талбай дээр цэвэрлэгээ хийгээгүй юм. Бид хоёр дөнгөж очоод унасан шонг босгох гэж байтал гал, түймэр гарсан юм. Бид хоёр ил гал түлсэн, шарилж шатаасан зүйл огт байхгүй. Ер нь бол огт гал гаргаагүй юм. Би өмнө нь тамхи татдаг байж байгаад 2012 онд тамхинаас гарсан юм. Тэрнээс хойш огт тамхи татаагүй юм. 2014 оны 05 сарын 04-ний өдөр салхитай байсан. Эхлээд баруун хойноос зүүн урд чиглэсэн салхитай байсан. Гэхдээ салхины чиглэл байнга өөрчлөгдөж хуйсагнаж байсан. Гал гарсанаас хойш салхины чиглэлийг анхаарах сөхөө болоогүй. Нэг мэдэхэд Л.Ганхуягийн талбай руу гал ороод ирсэн.” гэх /2-р 148-152, 223 тал/ мэдүүлгүүд болно.

              Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан шийдвэрлэлээ.

              Увс аймгийн прокурорын газраас шүүгдэгч Л.Ганхуяг, О.Цагаач нарыг 2014 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 4 багийн нутаг дэвсгэрт байрлах Л.Ганхуягийн жимсний талбайгаас болгоомжгүйгээр гал алдсаны улмаас “Хэт цах” хоршоо буюу хохирогч Б.Хөхөөгийн 3266 ширхэг чацаргана жимсний мод шатаж 27.858.000 төгрөгийн, хохирогч Ц.Батжаргалын эзэмшлийн 80 ширхэг үхрийн нүдний мод шатаж 742.880 төгрөгийн, мөн 5 ханатай монгол гэр шатаж 550.000 төгрөгийн, хохирогч Ц.Нямсамбуугийн 6 ширхэг чацаргана жимсний мод шатаж 55.716 төгрөгийн, нийт 29.206.596 төгрөгийн буюу их хэмжээний хохирол бусдад учруулсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1531 дүгээр зүйлийн 1531.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

           Увс аймгийн Улаангом сумын 4 багийн нутаг дэвсгэрт байрлах Л.Ганхуягийн жимсний талбайгаас болгоомжгүйгээр гал алдсан гэх үйлдлийг шалгаад анх Увс аймгийн прокурорын газрын 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 301 дүгээр Прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1531 дүгээр зүйлийн 1531.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байх боловч уг шийдвэрийг хохирогч “Хэт цах” хоршооны дарга Б.Хөхөөгийн гомдлоор хянаад Увс аймгийн прокурорын газрын орлогч прокурор Б.Гантулга нь 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Увс аймгийн прокурорын газрын 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 213 дугаар прокурорын тогтоол гарсныг Монгол Улсын Ерөнхий Прокурорын Газрын туслах прокурорын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 5/62 тоот тогтоолоор хүчингүй болгож, хэргийг сэргээж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахаар тогтоосон байна.

 Мөн 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 32 дугаар, 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 32а дугаар Прокурорын тогтоолуудаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар буюу хуульд заасан хохирлын хэмжээ хүрэхгүй гэх үндэслэлээр Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож байжээ.  

Уг шийдвэрт шүүгдэгч Л.Ганхуяг нь гал алдаагүй, гэм буруугүй гэж гомдол гаргаснаар 32а дугаар тогтоолд Монгол Улсын Ерөнхий Прокурорын Газрын орлогч прокурорын 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 1/10 дугаар тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-д зааснаар буюу гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр нэмэлт өөрчлөлт оруулж, хэргийг хэрэгсэхгүй болгосныг Монгол Улсын Ерөнхий Прокурор 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 1/86 тоот тогтоолоор хүчингүй болгож, хэргийг сэргээж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахаар шийдвэрлэсний дагуу нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан, Увс аймгийн Прокурорын газрын орлогч прокурор дээрх үндэслэлээр 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр “Сэжигтэн яллагдагч холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 06 дугаар прокурорын тогтоол гаргасан.

Энэхүү 06 дугаар прокурорын тогтоолыг дээд шатны прокурор буюу Аймгийн прокурор Д.Эрдэнэбаяр 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдөр 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгож, Увс аймгийн прокурорын газрын 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 47 дугаар прокурорын тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Л.Ганхуяг нь уг прокурорын тогтоолыг эс зөвшөөрч, дээд шатны прокурорын газарт гомдол гаргасан байх ба Монгол Улсын Ерөнхий Прокурорын Газрын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний 5/49 тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д зааснаар гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр хэргийг сэргээн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахаар тогтсоны дагуу Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Ганхуяг, О.Цагаач нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1531 дүгээр зүйлийн 1531.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн болно.   

 

Шүүгдэгч Л.Ганхуяг, О.Цагаач нараас шүүхийн хэлэлцүүлэгт “...тухайн үед иргэний хувьд үүргээ биелүүлж гал гарч байгаа талаар Онцгой байдлын газарт мэдэгдсэн. 2014 оны 5 дугаар сарын 04-ний өдөр бид 2 жимсний талбай дээрээ очиж хашаагаа янзалж байтал Хөхөөгийн талбайн тэндээс утаа гарч эхэлсэн. Бид 2-ыг өвс шатааж байсан гэж мэдүүлсэн гэрч нар нь хохирогчтой байнга хамтарч ажиллаж байсан ойр дотных нь хүмүүс байдаг бөгөөд хохирогч эдгээр хүмүүсийг бүр сүүлд 2 жилийн дараа хөдөө сумаас өөрийн зардлаар явж авчираад худал мэдүүлэг өгүүлсэн байдаг. Бид ямар нэг байдлаар гал алдсан, гал гаргасан зүйл огт байхгүй байхад үндэслэлгүйгээр гүтгэж, хэрэгтэн болгож байгаад гомдолтой байна....” гэх мэдүүлэг гаргаж, улсын яллагчаас “...гал түймэр гарсан тухай актад гал түймэр Л.Ганхуягийн талбайгаас тархасан байх магадлалтай гэсэн, цаг агаарын тодорхойлолтоор тухайн өдөр салхи зүүн хойноос баруун урд чиглэлтэй байсан нь тогтоогдсон, гэрч Х.Тогтох, ХДолгорсүрэн, Ч.Насанжаргал нарын мэдүүлгээр өвс шарилж шатаасаны улмаас гал алдсан болох нь нотлогдсон тул шүүгдэгч нарын гэм буруугийн  асуудлыг шийдвэрлэж өгнө үү...” гэж тус тус мэтгэлцсэн.  

          Мөрдөн байцаалтын явцад хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч, хэргийн үйл баримтыг тогтооход 2014 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутаг Наадмын талбайн дээд талд байрлах хохирогч “Хэт цах” хоршоо /хоршооны дарга Б.Хөхөө/-ны эзэмшлийн 3.0 га, хохирогч Ц.Батжаргалын эзэмшлийн 0.08 га, хохирогч Ц.Нямсамбуугийн эзэмшлийн 0.006 га, шүүгдэгч Л.Ганхуягийн эзэмшлийн 1.6 га жимсний талбай галд шатаж, хохирогч иргэн, аж ахуй нэгжид их хэмжээний буюу нийт 29.206.596 төгрөгийн хохирол учирсан байна.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1531 дүгээр зүйлийн 1531.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр хохирол учруулах гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд онц их хэмжээний хохирол учирсан байхыг шаарддаг

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлийн 29.1-д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуугаас дээш дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 38.400.000 төгрөгнөөс дээш хэмжээг онц их гэж тооцохоор заасан байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1531 дүгээр зүйлийн 1531.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гэж үзэж зүйлчилж, эрүүгийн хэрэг үүсгэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг гэнэ”, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй бол эрүүгийн хэрэг үүсгэхгүй...” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэхээр байна.

          Өөрөөр хэлбэл, Эрүүгийн эрх зүйн онолын үүднээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинж үгүйсгэгдэж байгаа учир шүүгдэгч Л.Ганхуяг, О.Цагаач нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэх үндэслэлгүй юм.

          Талуудаас гэм буруугийн асуудлыг тогтоолгохоор шүүхийн хэлэлцүүлэгт маргаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 246 дугаар зүйлийн 246.1-д заасны дагуу шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянаад шүүгдэгч Л.Ганхуяг, О.Цагаач нарын болгоомжгүй үйлдлийн улмаас гал гарсан болох нь нотлогдогдож тогтоогдохгүй байна гэж үзэв.

               Тодруулбал: Гал гарсан өдөр буюу 2014 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн “...Улаангом сумын 4-р баг Наадмын Талбайн дээд талын Иргэдийн ногооны талбайд гал түймэр гарч байлаа. Гал түймрийн голомт нь иргэн Хөхөө гэдэг хүний талбайд байх ба тухайн хашааг төмөр сараалжин тороор хашиж барьсан. Хашаанд шигүү модтой ойртохын эцэсгүй улаан гал дүрэлзэж байв. Салхины чиглэл зүүн урд зүгээс зөөлөн салхилж байх ба ...иргэн Ганхуягийн талбайгаас баруун хойш дагуудаа иргэн Хөхөөгийн талбай, иргэн Батжаргал, Нямсамбуугийн ногооны талбай, жимсний мод шатаж галд өртсөн байв...” гэх /1-р хавтаст хэргийн 110 дугаар тал/ тэмдэглэл,

Онцгой байдлын ерөнхий газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2014  оны 5 дугаар сарын 19-ний өдрийн “Гал түймэр гарсан тухай” 11 тоот актад галыг илрүүлсэн байдлыг “...Л.Ганхуяг нь 2014 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 13 цагийн орчимд өөрийн жимсний талбайн торон хашаа засаж байтал иргэн Б.Хөхөөгийн талбайгаас утаа гарч байхыг харснаар гал түймрийг анх илрүүлсэн байна... гэж, гал гарсан шалтгааныг ...гал түймэр нь ил гал түймрээс үүсвэрлэн гарсан байна. Гал түймрийн голомт, тархалтын чиглэлийг үзэхэд гал түймэр нь иргэн Л.Ганхуягийн талбайгаас тархасан байх магадлалтай...” гэж /1-р хавтаст хэргийн 48 тал/ тодорхойлсон байдал,

Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх хяналтын тасгийн дарга онцгой байдлын хошууч Д.Өлзийт, Гамгаас хамгаалах улсын хяналтын байцаагч онцгой байдлын ахмад Д.Пүрэвжав, Аврах гал унтраах 41 дүгээр ангийн салааны захирагч онцгой байдлын ахлах дэслэгч К.Отгонсүрэн нарын гаргасан “...Гал түймэр гарсан гэх талбайд очиж үзэхэд хэрэг гарснаас хойш 1 жилийн хугацаа өнгөрч өвс ногоо шинээр ургасан байх тул гал түймэр гарсан шалтгаан, гал хаанаас эхэлж гарсан болон галын голомтыг шинээр тогтоох боломжгүй байна. Харин Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч онцгой байдлын хошууч Л.Батсүхийн 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 11 дугаартай гал түймэр гарсан тухай актад тусгагдсан гал гарсан шалтгаан, галын голомт нь үндэслэлтэй байх магадлалтай байна...” гэсэн 01 тоот шинжээчийн дүгнэлтээр гал яг хаанаас эхэлж гарч тархасан, галын голомт аль хэсэгт байгаа, гал хэний буруутай үйлдлээс болж гарсан болохыг хөтөлбөргүй нотлон тогтоож чадаагүй байх тул шүүх таамаглалд үндэслэн шүүгдэгч Л.Ганхуяг, О.Цагаач нарыг гэмт хэрэгт буруутгах боломжгүй юм.

Мөн шүүгдэгч Л.Ганхуяг, О.Цагаач нарыг талбай дээрээ өвс, шарилж шатаасаны улмаас гал алдсан гэм буруутай гэж үзэж буй гол нотлох баримт болох шүүхийн хэлэлцүүлэгт яллах талаас шинжлэн судалсан гэрч Х.Долгорсүрэн, Ч.Насанжаргал нарын 2016 оны 12 дугаар сарын 09, 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн мэдүүлгүүд, гэрч Х.Тогтохын 2016 оны 12 дугаар сарын 19, 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн мэдүүлгүүд нь тухайн үйл явдал болсон цаг хугацаанд буюу 2014 оны 5 дугаар сарын 04, 2014 оны 9 дүгээр сарын 07, 2015 оны 6 дугаар сарын 06-ны өдөр өгсөн тайлбар, мэдүүлгээсээ эрс зөрүүтэй байх тул шүүх болсон үйл явдлыг харсан дариуд тухайн цаг хугацаанд өгч байсан гэрч Х.Тогтохын “...Би энэ өдөр 8 цагт талбай дээрээ очиж шуудуй цэвэрлэж байгаад 12 цагийн үед гэртээ ирж цайгаа уусан. Би гэр лүүгээ харьж явах замдаа Ганхуяг болон түүний хамт явж байсан хүнтэй таарсан бөгөөд тэр 2 талбай дээрээ хашаагаа янзалж байсан. Цай уугаад сууж байтал Ганхуяг намайг дуудаад талбай шатаж байна, Хөхөөгийн утасны дугаарыг мэдэх үү гэж хэлсэн. Би цай ууж байхдаа гарч харахад Ганхуяг нөгөө хүнтэйгээ тор янзлаад зогсож байгаа харагдсан ба гэртээ ороод удаагүй байж байтал Ганхуяг гал гарч байна гэж ирсэн юм. Тухайн үед талбайн ойр орчимд хог шатааж, цэвэрлэгээ хийсэн хүн үгүй...” /1-р хх-ийн 28-29 тал/ гэх мэдүүлэг, гэрч Ч.Насанжаргалын “...Тухайн өдөр би гэртээ байж байгаад далан дээр гарч тугалаа харах гээд гартал далангийн хойд талд байдаг талбайгаас цэнхэр хөх утаа суунаглаж байсан. Тэр утаа хэний талбайгаас гарч байсныг би мэдэхгүй байна. Далан дээр 2 хүн байсан бөгөөд галын машин руу гүйгээд явсан. Тэр чигтээ утаа байсан учир, би хараа муутай тул гал хаанаас эхэлж гарсаныг сайн харж чадаагүй... /1-р хх-30 тал /, Намайг далан дээр гарахад гал гараад маш их утаа болчихсон байсан учраас гал юунаас болоод хаанаас хэзээ гарсныг би мэдэхгүй. Тэр 2 хүн гал гарч байгаа газраас ирсэн учраас би тэр 2 хүнээс юу болсон бэ, та 2 хүний талбай шатаагаад хаячихав уу гэж асуусан юм. Тэр хоёр хүн далангийн хажууд зогсож байсан гал командын машин руу явсан...” /1-р хх-ийн 30 тал, 2-р хх-ийн 67-68 тал/ гэх анхны мэдүүлгүүд хэргийн үйл баримтад илүү нийцсэн, шүүгдэгч Л.Ганхуяг, О.Цагаач нарын сэжигтэн, яллагдагчаар удаа дараа тогтвортой өгсөн мэдүүлгүүдтэй тохирсон байна гэж дүгнэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.2-д зааснаар үнэлэв.

Иймд шүүгдэгч Л.Ганхуяг, О.Цагаач нарыг 2014 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 4 багийн нутаг дэвсгэрт байрлах Л.Ганхуягийн жимсний талбайгаас болгоомжгүйгээр гал алдсаны улмаас нийт 29.206.596 төгрөгийн буюу их хэмжээний хохирол бусдад учруулсан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй”, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дах хэсэгт “нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий ажиллагааг хийсэн боловч сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй байвал хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Л.Ганхуяг, О.Цагаач нарыг цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхээс шүүгдэгч Л.Ганхуяг, О.Цагаач нарт холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив болон субъектив талын шинжүүд эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэнтэй холбогдуулан хохирогч “Хэт цах” хоршоо буюу Б.Хөхөө, хохирогч Ц.Батжаргал, Ц.Нямсамбуу нарын гаргасан иргэний нэхэмжлэл, хохирлын асуудлыг хэлэлцэхгүй орхив.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэгт зааснаар хохирогч нар иргэний нэхэмжлэл, хохирлын талаараа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрх нь нээлттэй болно.  

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дах хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД бичлэг 3 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээхээр тогтов.  

Шүүгдэгч Л.Ганхуяг, О.Цагаач нар энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Л.Ганхуягийн эзэмшлийн 43-34 УВА улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёото Клугер маркийн автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоол болон шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгох үндэслэлтэй байна.

             

               Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 248.1.2, 283, 284,  286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.1, 290.2, 290.4 дэх хэсэг, 294, 295 дугаар зүйл, 296 дугаар зүйлийн 296.3 дахь хэсэг, 297 дугаар зүйлийн 297.6. дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон  ТОГТООХ нь:

           1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасныг тус тус баримтлан Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1531 дүгээр зүйлийн 1531.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаачууд овогт Лхагвын Ганхуяг, Булгадар овогт Оршихын Цагаач нарт холбогдох эрүүгийн 201420000198 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Л.Ганхуяг, О.Цагаач нарыг цагаатгасугай. 

             2. Л.Ганхуяг, О.Цагаач нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, тэдгээрт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

              3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.2.2, 292 дугаар зүйлийн 292.2 дах хэсэгт зааснаар хохирогч “Хэт цах” хоршоо буюу Б.Хөхөө, хохирогч Ц.Батжаргал, Ц.Нямсамбуу нарын гаргасан иргэний нэхэмжлэлийг авч хэлэлцэхгүй орхисныг дурдсугай.

             4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг СД-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээхээр тогтсугай.

          5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар Л.Ганхуягийн эзэмшлийн 43-34 УВА улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёото Клугер маркийн автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2014 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн “Эд хөрөнгө хураан авч, битүүмжлэх тухай тогтоол”-ыг хүчингүй болгосугай.

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч цагаатгах тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

                       

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      С.БОЛОРТУЯА