Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 14

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Г, О.Ц нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Б.Дамба, шүүгч Н.Мөнхжаргал, нарын бүрэлдэхүүнтэй, шүүгдэгч О.Ц түүний өмгөөлөгч Б.Лхагважав, прокурор Э.Ууганзаяа, нарийн бичгийн дарга А.Тамираа нарыг оролцуулан

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 50 дугаар цагаатгах тогтоолтой, Л.Г, О.Ц  нарт холбогдох эрүүгийн 201420000198 дугаартай хэргийг хохирогч Б.Хөхөөгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1976 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, Увс аймгийн Улаангом сумын 04 дүгээр багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, Цагаагчууд овогт Л.Г нь Увс аймгийн Улаангом  сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Л.Гийн жимсний талбайгаас 2014 оны 05 дугаар сарын 04-ний өдөр болгоомжгүйгээр гал алдасны улмаас Хэт цах  хоршоо буюу хохирогч Б.Хөхөөгийн 3266 ширхэг чацаргана жимсний мод шатаж 27.858.000 төгрөгийн, хохирогч Ц.Батжаргалын эзэмшлийн 5 настай 80 ширхэг үхрийн  нүд жимсний мод шатаж 742.880 төгрөгийн, мөн 5 ханатай монгол гэр шатаж 550.000 төгрөгийн, хохрогч Ц.Нямсамбуугийн 6 ширхэг чацаргана жимсний мод шатаж 55.716 төгрөгийн, нийт 29.206.596 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт,

 

Монгол улсын иргэн, 1962 оны 12 дугаар сарын 20-ны өдөр, 55 настай, эрэгтэй, Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, Булгадар овогт О.Ц нь Увс аймгийн Улаангом  сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Л.Гийн жимсний талбайгаас 2014 оны 05 дугаар сарын 04-ний өдөр болгоомжгүйгээр гал алдасны улмаас Хэт цах  хоршоо буюу хохирогч Б.Хөхөөгийн 3266 ширхэг чацаргана жимсний мод шатаж 27.858.000 төгрөгийн, хохирогч Ц.Батжаргалын эзэмшлийн 5 настай 80 ширхэг үхрийн  нүд жимсний мод шатаж 742.880 төгрөгийн, мөн 5 ханатай монгол гэр шатаж 550.000 төгрөгийн, хохирогч Ц.Нямсамбуугийн 6 ширхэг чацаргана жимсний мод шатаж 55.716 төгрөгийн, нийт 29.206.596 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн  24.1.1-т заасныг тус тус баримтлан Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1531 дугаар зүйлийн 1531.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаагчууд овогт  Лхагвын Г,  Булгадар овогт О.Ц нарт холбогдох эрүүгийн 201420000198 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Л.Г, О.Ц нарыг цагаатаж,  Шүүгдэгч Л.Г, О.Ц нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүйг дурдаж, тэдгээрт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн 291 дүгээр зүйлийн 291.2.2, 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэгт зааснаар хохирогч Хэт цах  хоршоо буюу  Б.Хөхөө, хохирогч Ц.Батжаргал, Ц.Нямсамбуу нарын гаргасан иргэний  нэхэмжлэлийг авч хэлэлцэхгүй орхисныг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээж, Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар Л.Гийн эзэмшлийн 43-34 УВА улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёото Клугер маркийн автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2014 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн  эд хөрөнгө хураан  авч битүүмжлэх  тухай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ. 

 

Хохирогч Б.Хөхөө давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Гэрч Жаргал, О.Лхагважав, Насанжаргал, Долгорсүрэн, Ч.Сайнжаргал, шинжээч Л.Батсүх нарын удаа дараа тогтвортой өгч байсан мэдүүлгүүд нь Онцгой Байдлын Ерөнхий Газрын Гамшгаас хамгаалах Улсын хяналтын байцаагчийн 2014оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 11 тоот "Гал түймэр гарсан тухай" акт, 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 01 тоот шинжээчийн дүгнэлттэй яв цав нийцэж байхад Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.06.28-ны өдрийн 50 тоот цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт эдгээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 92 дугаар зүйлд заасан журмаар цугларсан шууд нотлох баримтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хэрэгт хамааралтай талаас нь үнэлж чадаагүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг үнэлээгүй.

Анхан шатны шүүх гэрчүүдийн мэдүүлгийн хэрэгт ач холбогдолгүй хэсгийг анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 50 тоот цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт түүвэрлэн авч, шүүгдэгч Л. Г О. Ц нарын мэдүүлгэд "нийцэж байна” хэмээн үзсэн нь хэргийг нэг талыг баримталж шийдвэрлэснийг илтгэж байснаас гадна тогтоолыг бичиж боловсруулахдаа хавтаст хэрэгт байгаа яллах талын нотлох баримтуудыг орхигдуулж шүүгдэгч нарт илт давуу байдал олгож гэрчүүдийн мэдүүлгийн хэрэгт ач холбогдолтой хэсгийг бичилгүй орхисон нь шүүх шударгаар шийдвэрлээгүй , мэс засалын их эмч ажилтай Л.Гт үйлчилж, ашигтай шийдвэрлэж, хохирогч миний хууль ёсны эрх ашгийг хэт дордуулсан  гэж үзэж гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-т зааснаар "хууль ёсны ба үндэслэлтэй байна." гэсэн заалтад үл нийцэж байна. Шүүгдэгч Л.Г, О.Ц нар нь анх удаа, хамгийн түрүүнд Онцгой байлын газарт гал гарсан тухай дуудлага өгсөн болох нь гэрч Сайнжаргал, Батсүх, Тогтох нарын мэдүүлгээр батлагдаж байх тул гал түймэр анх гарахад дэргэд нь байсаны хувьд Л.Г, О.Ц нар нь гал алдсан этгээдийг зааж өгөх, гал тавьсан этгээдийг мэдэх, галын шалтгааныг нотлох ёстой байсан. Л.Г, О.Ц нар өөрсдөө энэ хэрэгт буруутай учир өөр хүнийг  зааж өгч чадахгүй байгаад  шүүх үнэлэлт өгч чадаагүй. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 50 тоот цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан гэмт хэрэг материаллаг бүрэлдэхүүнтэй учир Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т зааснаар хохирлын хэмжээ 38.400.000 төгрөгөөс дээш байхаар заасан байхад хохирлын хэмжээ хүрээгүй учираас Эрүүгийн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үнэлсэн мөртлөө Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосныг шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Зүй нь Эрүүгийн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж шүүх үзсэн бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208.1.1-т заасныг баримталж шийдвэрлэх ёстой байсан. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 50 тоот цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Л.Г, О.Ц нарыг гэм буруутайд тооцож өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Л.Г, О.Ц нар нь Эрүүгийн хуулийн 1531 дугаар зүйлийн 1531.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байх тул гэм буруутайд тооцож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүх хохирогчийн гомдлыг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэж  дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Увс аймгийн Прокурорын газраас Л.Г, О.Ц нарыг 2014 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутагт байрлах жимсний талбайгаас болгоомжгүйгээр гал алдаж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж үзэн 2002 оны Эрүүгийн хуулийн 1531 дүгээр зүйлийн 1531.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасныг тус тус баримтлан Увс аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай  ангийн  1531 дүгээр зүйлийн 1531.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цууд овогт Лхагвын Г, Булгадар овогт Оршихын Ц нарт холбогдох эрүүгийн 201420000198 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Л.Г, О.Ц нарыг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 290 дүгээр зүйлийн  290.4, 296 дугаар зүйлийн 296.3, 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь :

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 2014 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутагт байрлалтай иргэдийн жимсний талбайд гал гарч бусдад их хэмжээний хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.

Харин уг гал хэний буруутай үйлдлийн улмаас гарсан нь хангалттай нотлох баримтуудаар нотлогдоогүй, өөрөөр хэлбэл гэмт хэрэг гарсан байдал, уг гэмт хэргийг хэн үйлдсэн зэргийг хөдөлбөргүй нотолж чадаагүй байна.

Анхан шатны шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болж байгаа нотлох баримт, яллах үндэслэл болж байгаа нотлох баримтуудыг ямар учраас үгүйсгэж байгаа талаараа тодорхой, үндэслэлтэй  дүгнэлт хийсэн байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлгүй тул  шүүхээс Л.Г, О.Ц нарыг цагаатгаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан гэм буруугүйд тооцох зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул хохирогчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 50 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Хөхөөгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах  эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн  шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.