Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 05

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 143/ШШ2019/00316 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч “И Б Г” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч “Г Ө” ХХК-нд холбогдох “251 913 292 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч А.Н давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, нарийн бичгийн даргаар Б.Энхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч “И Б Г” ХХК /захирал Б.Н/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “И Б Г” ХХК нь “Г Ө” ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн барилгын гадна цахилгааны ажлыг 245 942 195 төгрөгийн өртөгтэй хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажилласан.

Уг ажлыг “И Б Г” ХХК нь 2017 онд хийж гүйцэтгэн дууссан. Харин барилгын ажил нь цогцоороо 2018 оны 11 дүгээр сард дуусч улсын комисс ажиллуулан ашиглалтад хүлээлгэн өгсөн. Энэ хугацаанд “Г Ө” ХХК нь гэрээний дүнгээс 78000000 төгрөгийн төлбөр төлсөн. 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр тооцооны үлдэгдлийг баталгаажуулсан байна.

“Г Ө” ХХК-ийн төлөх үлдэгдэл үндсэн төлбөрт гэрээний дагуу алданги тооцоход төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул хасаж 167942195:2=83971097 болж байна. Иймд “Г Ө” ХХК-с үндсэн төлбөр 167942195 төгрөг, алданги 83971097 төгрөг, нийт 251913292 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1417516 төгрөгийг тус тус гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н анхан шатны шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн багасгасан шаардлагадаа: “Г Ө” ХХК, “И Б Г” ХХК 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан.

Гэрээний үнийн дүн 245942195 төгрөгөөр байгуулагдсан. Урьдчилгаа төлбөр 60000000 төгрөгийг аваад үлдэгдэл мөнгийг улсын комисс ажил хүлээж авсны дараа өгөхөөр талууд тохиролцсон. Урьдчилгаа төлбөр болох 60000000 төгрөг нь 2017 оны 08 дугаар сард “Г Ө” ХХК-аас цахилгааны ажлын урьдчилгаа төлбөр гэж “И Б Г” ХХК-ийн дансанд шилжиж орсон байгаа. Ингээд үлдэгдэл төлбөр 185942195 төгрөгийг улсын комисс хүлээж авснаас эхлээд хэрэв төлөөгүй тохиолдолд алданги тооцож авахаар тохиролцсон байгаа.

Энэ ажил нь Ханбогд сумын сургууль цэцэрлэгийн гадна цахилгааны ажлыг хийж гүйцэтгэх ажил байсан. 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр улсын комисс ажил хүлээж авсан. Одоо энэ сургууль, цэцэрлэг нь ашиглалтад ороод үйл ажиллагаа явагдаж байгаа. Би түрүүн нэхэмжлэлээ тайлбарлахдаа нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж хэлсэн. Нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдөж 245942195 төгрөгөөс урьдчилгаа төлбөр 60 000 000 төгрөгийг хасахаар 185942195 төгрөг болж байгаа. 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр улсын комисс ажиллаж ажлыг хүлээж авсан. Үүн дээр талууд маргахгүй байгаа.

185942195 төгрөгөөс улсын комисс ажилласны дараа буюу 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс алданги тооцоод 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл буюу 58000000 төгрөг бэлнээр орж ирэх хүртэл 50 хоногийн алданги тооцсон. 1 өдрийн алданги нь 929710 төгрөг болж байгаа. Үүнийг 50 хоногтоо үржүүлэхээр 46485500 төгрөг болж байгаа. 185942195 төгрөгөөс 58000000 төгрөг хасагдаад 127942195 төгрөг үлдэж байгаа. Үүнээс 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэл буюу нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 208 хоног алданги тооцсон. 1 өдрийн алданги 639710 төгрөг, нийтдээ 133059680 төгрөг болж байгаа. Үүн дээрээ  46480500 төгрөгөө нэмээд алдангийн нийт хэмжээ 179545180 төгрөг болж байгаа.

Анх шүүхэд нэхэмжлэл гаргах үед үндсэн төлбөрт 167942195 нэхэмжилж байснаа шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад 127942195 төгрөг нэхэмжилж байна. Үүний алданги болох 179545180 төгрөг гарч байгаа боловч гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас алдангийг хэтрүүлж тооцож болохгүй гэсэн заалтыг баримтлаад 63971097 төгрөг, нийт 191913291 төгрөг нэхэмжилж байна гэв. 

Хариуцагчийн төлөөлөгч А.Н анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ““И Б Г” ХХК-аас гаргасан нэхэмжлэлтэй танилцаад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул дараах тайлбарыг хүргүүлж байна. Манай компани нь 2016 оны 11 сард зарлагдсан “Ханбогд сумын ерөнхий боловсролын 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг”-ийн барилгыг шинээр барих 2016/48 тоот нээлттэй тендер шалгаруулалтад оролцсон.

Энэ тендерт “И Б Г” ХХК туслан гүйцэтгэгчээр оролцсон. Уг тендерт манай компани шалгарсан тул захиалагчаас ирүүлсэн мэдэгдэл болон аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/05 дугаар захирамжийн дагуу 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газартай ӨМ2016/48 тоот гэрээ ёсоор ажлыг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл гүйцэтгэхээр тохиролцсон байсан.

Гэтэл уг гэрээг баталж аймгийн Засаг дарга Н.Н гарын үсэг зураагүйгээс гэрээнд заасан хугацаанд ажил эхлээгүй. Харин анхан, дунд, дээд шатны буюу 3 шатны шүүхээр шийдвэр гаргуулсан боловч, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул манай компани дахин шүүхэд хандаж шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 120/Ш32017/0083 тоот шүүгчийн захирамж гаргуулж, шийдвэр гүйцэтгэлийн журмаар 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулж, Засаг даргын хууль бус эс үйлдэхүйн улмаас 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр эхлэх байсан ажил 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр нээлтээ хийж эхэлсэн.

Ингээд туслан гүйцэтгэгч “И Б Г” ХХК-тай “Ханбогд сумын 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна цахилгааны ажил”-ыг хийж гүйцэтгэх 08 тоот гэрээг 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан билээ.

Хэдийгээр гэрээнд захиалагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд алданги төлөхөөр заасан боловч гэрээний 3 дугаар хэсэг буюу 3.2-т төлбөрийн хэмжээг зааснаас төлбөр шилжүүлэх хугацааг заагаагүй.

2018 оны 12 сард тооцооны үлдэгдлийн баталгаа гэж нягтлан бодогч нар хийсэн. Энэ хугацаа бол хугацаа хэтэрсэн үүргийг тооцох хугацаа гэж тооцсон хугацаа биш юм.

Иймд манай компани алдангийг төлөхийг зөвшөөрөхгүй. Гэрээний үнийн үлдэгдэл зарим хэсгийг төлөөгүй байгаа нь үнэн. Гэхдээ 167942195 төгрөгийн үлдэгдэл гэж нэхэмжлэгч заасан байна. Энэ тооцоог дахин нийлж эцсийн үлдэгдлээ тооцох саналтай байна.

Манай компанитай хамтран тендерт оролцсоны хувьд “И Б Г” ХХК нь тендерийн ажил хугацаандаа эхлээгүйгээс 2016 оны төсвөөр 2017, 2018 онд ажил гүйцэтгэснээр манай компани алдагдал хүлээснийг маш сайн ойлгож байгаа.

Энэ бол бизнесийн хамтын ажиллагааны итгэл хүлээх, харилцан бие биеэ хүндэтгэх нэгэн зарчим тул бидний энэхүү хүсэлтийг хүлээн авч олон жил хамтран ажиллана гэж найдаж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч А.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2016 оны 11 дүгээр сард Өмнөговь аймгийн Ханбогд сумын сургууль цэцэрлэгийн барилгыг шинээр барих тендерт оролцсон. Уг тендерт “Ихэр баян говь” ХХК нь туслан гүйцэтгэгчээр оролцсон.

Уг тендерт манай компани шалгарсан хэдий ч захиалагчийн талаас Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Н гарын үсэг зураагүйгээс гурван шатны шүүхийг дамжаад 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Улсын дээд шүүхийн тогтоол гарч 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр аймгийн шүүхийн албадан гүйцэтгэх захирамж гарч байж Өмнөговь аймгийн Засаг дарга гарын үсэг зурж уг барилгын ажил 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр буюу үндсэндээ 10 сарын дараа эхэлсэн.

Гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 08 тоот гэрээг “И Б Г” ХХК-тай хийгээд 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр нээлтээ хийснээр ажлаа эхэлсэн байгаа.

Хэдийгээр захиалагч тал үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд алданги төлөхөөр заасан боловч гэрээний 3 дугаар хэсгийн 3.2-т төлбөрийн хэмжээг зааснаас төлбөр шилжүүлэх хугацааг заагаагүй гэсэн үндэслэлийг бид баримталж байгаа.

2018 оны 12 дугаар сард тооцооны үлдэгдлийн баталгаа гэж нягтлан бодогч нар хоорондоо хийсэн. Энэ бол хугацаа хэтэрсэн үүргээ тооцох хугацаа гэж тооцсон биш юм.

Иймд манай компани алдангийг төлөхийг зөвшөөрөхгүй байгаа. Гэрээний нийт үнийн дүнгийн зарим хэсгийг төлөөгүй байгаа нь үнэн. Гэхдээ энэ тооцоог танайх дахиж хараарай. 08 тоот гэрээний үнийн дүнгээс урьдчилгаа 60000000 төгрөг, шилжүүлсэн 58000000 төгрөгөө хасаад үлдэгдэл дээр алдангиа тооцсон уу.

Тооцсон алдангийг манайх гэрээний 3.2 дахь заалтын дагуу төлөхгүй. Манай компанитай хамтран тендерт оролцсон учраас тендерийн хугацаа ажил эхлээгүйгээс болж 2017, 2018 онуудад компани нилээн алдагдал хүлээснээ маш сайн ойлгож байгаа.

Энэ тухай харилцан ярилцаж, бие биеэ хүндэтгэх, ямар нэгэн бизнесийн зарчмаа баримтлаад орон нутгийн компаниуд цааш цаашдаа хамтран ажиллах талаар захиралтай ярилцсан.

Энэ тал дээр хүндэтгэлтэй хандаж үзээсэй гэж хүсч байна. Иймд манайх үндсэн төлбөр 127942195 төгрөг дээр маргаж байгаа зүйл байхгүй. Харин алдангийг төлөх боломжгүй гэв.

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дугаар сарын 13-ны өдрийн 143/ШШ2019/00316  дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч “Г Ө” ХХК-аас 191913292 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “И Б Г” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “И Б Г” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1417516 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Г Ө” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1117516 төгрөгийг /191 913 292 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж/ гаргуулан нэхэмжлэгч ““И Б Г” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч А.Н давж заалдах гомдолдоо: “Манай компани нь 2019 оны 11 сарын 13-ны өдөр “И Б Г” ХХК- ийн нэхэмжлэлтэй шүүх хуралдаанд хариуцагчаар оролцсон билээ. Тус хуралдаанаас Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 143/ШШ2019/00316 тоот шийдвэр гарсан ба тус шийдвэрийн 1-р хэсэгт заасан 191913292 төгрөгнөөс 63971097 төгрөгийн алдангийг ямар хугацаагаар, яаж тооцсон нь тодорхойгүй байгаа тул эс зөвшөөрч давж заалдах шатанд гомдол гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ зөвхөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Нэхэмжлэгч “И Б Г” ХХК нь  “Г Ө” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг буюу үнэ 167942195, хөлс төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйн алдангид 83971097 төгрөг, нийт 251913292  төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 60000000 төгрөгөөр багасгажээ. /хэргийн 66 дугаар хуудас/

Нэхэмжлэгч “И Б Г” ХХК нь  нэхэмжлэлээ “Ажил гүйцэтгэх тухай 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 08 дугаартай гэрээ”-нд үндэслэжээ.

Хариуцагч “Г Ө” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 127942195 төгрөг  төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба харин алданги төлөхөөс татгалзсан байх ба талууд гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр болох 127942195 төгрөг  дээр маргаагүй байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийг эдэлж талууд үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцон алдангийн гэрээг бичгээр байгуулсан байна.

Анхан шатны шүүхийн талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, 08 тоот гэрээний талаар хийсэн дүгнэлт хуульд нийцжээ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулга, заалтаас ажил хүлээлцэх улсын комисс ажилласны дараа үлдэгдэл тооцоог хийхээр тохирсон, энэ талаар талууд маргаагүй, ажлын хөлсний үлдэгдлийг улсын комисс ажилласны дараа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд алданги төлөхөөр тохиролцсон тул хариуцагч талаас гэрээнд заасан алдангийг гаргуулах үндэслэлтэй байна.

Гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлыг хугацаанд нь захиалагч тал болох “Г Ө” ХХК-д хүлээлгэж өгч үүргээ зохих ёсоор биелүүлсэн, захиалагч нь ажил гүйцэтгэх 08 тоот гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т заасны дагуу ажил хүлээлцэх улсын комисс ажилласны дараа үлдэгдэл тооцоог гүйцэтгэгч талын  ХААН банк дахь харилцах дансанд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, нийт 167942195 төгрөгийн төлбөр төлөх хугацаа хэтэрсэн үүрэгтэй байснаас 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 58000000 төгрөгийг төлсөн, одоо 127942195 төгрөгийг төлөөгүй нь тооцоо нийлсэн акт, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна.

Энэ нь захиалагчийг Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1, 351.1.1-т заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, захиалагч хөлс төлөх үүргээ зөрчиж хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болж нэхэмжлэгчид алданги нэхэмжлэх шаардах эрхийг үүсгэжээ.

Гэрээний хугацаа 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөр дуусгавар болсон.

Алданги тооцох үүргийг  үндсэн төлбөрийн үлдэгдэл 127 942 195 төгрөгөөс тооцсон болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н анхан шатны шүүх хуралдаад гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Ажлын хөлсний үлдэгдэл 127942195х0,5%=639710 төгрөг, 639710 төгрөг нь нэг хоногийн алданги ба 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл нийт 307 хоног гэж тооцвол 639710х307=196390970 төгрөгийн алданги төлөхөөр тооцоо гарсан байна.

Хариуцагч буюу захиалагч хөлс төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс гэрээнд зааснаар нэхэмжлэгч буюу гүйцэтгэгчид төлөх алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтэрсэн тул 50%-иар тооцож 63971097 төгрөгийн алданги нэхэмжилсэн гэх мөнгөн дүнгийн хэмжээтэй хариуцагч маргасан тул шүүх нэхэмжлэгч талын багасгасан шаардлагыг хангаж, шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дахь хэсэгт “хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ”, 232.3 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232.4 дэх хэсэгт “анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй”, 232.6 дахь хэсэгт “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус тодорхойлсонтой нийцсэн байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт  анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болохоор заасан боловч ийм нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, зохигчид энэ асуудлаар маргаагүй байна. 

Харин шүүх ажлын хөлсийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй хариуцагчид хөлс төлөх үүргийг хүлээлгэхтэй холбогдох хуулийн хэм хэмжээг  баримтлаагүй нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.

Мөн нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох ажил гүйцэтгэх гэрээний үүрэг буюу үнэ 167942195, хөлс төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйн алдангид 83971097 төгрөг, нийт 251913292  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүх бүрэн хангасан гэж  шийдвэр гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг баримталсан боловч нэхэмжлэлийн шаардлагаас 191913292 төгрөгийг хангаж шийдвэрлэж, үлдэх 60000000 төгрөгийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэнтэй холбоотой улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5-т заасныг баримталсан нь “шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагад нийцээгүй гэж үзэв.

Анхан шатны шүүхийн хуулийн заалтуудыг зөв хэрэглээгүй алдааг давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх үүргийн дагуу залруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаагүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзсэн болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 143/ШШ2019/00316 дугаар шийдвэрийн удирдлага болгосон заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2” гэж,

2. Шийдвэрийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1” гэсний дараа “351 дүгээр зүйлийн 351.1, 351.1.1” гэж нэмж, мөн заалтын “хариуцагч “Г Ө” ХХК-аас 191913292 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “И Б Г” ХХК-д олгосугай” гэснийг “хариуцагч “Г Ө” ХХК-аас үндсэн төлбөр 127942195 төгрөг, алданги 63971097 төгрөг, нийт 191913292 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч “И Б Г” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 60000000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

3. Шийдвэрийн 2 дахь заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 477805 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7-т  зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэйг, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг,  шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ОТГОНЦЭЦЭГ

          ШҮҮГЧИД                                   Х.ГЭРЭЛМАА

                                                                      Ш.ТӨМӨРБААТАР