Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 316

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар       

Нэхэмжлэгч: “И” ХХК

Хариуцагч: “Г” ХХК

191 913 292 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, Д.Т, хариуцагчийн төлөөлөгч А.Н, нарийн бичгийн дарга Ц.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “И” ХХК /захирал Б.Н/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “И” ХХК нь “Г” ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн барилгын гадна цахилгааны ажлыг 245 942 195 төгрөгийн өртөгтэй хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажилласан. Уг ажлыг “Ихэрбаян говь” ХХК нь 2017 онд хийж гүйцэтгэн дууссан. Харин барилгын ажил нь цогцоороо 2018 оны 11 дүгээр сард дуусч улсын комисс ажиллуулан ашиглалтад хүлээлгэн өгсөн. Энэ хугацаанд “Г” ХХК нь гэрээний дүнгээс 78 000 000 төгрөгийн төлбөр төлсөн. 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр тооцооны үлдэгдлийг баталгаажуулсан байна. “Г” ХХК-ийн төлөх үлдэгдэл үндсэн төлбөрт гэрээний дагуу алданги тооцоход төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул хасаж 167 942 195:2 = 83 971 097 болж байна. Иймд “Г” ХХК-с үндсэн төлбөр 167 942 195 төгрөг, алданги 83 971 097 төгрөг, нийт 251 913 292 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 417 516 төгрөгийг тус тус гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн багасгасан шаардлагадаа: “Г” ХХК, “И” ХХК 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Гэрээний үнийн дүн 245 942 195 төгрөгөөр байгуулагдсан. Урьдчилгаа төлбөр 60 000 000 төгрөгийг аваад үлдэгдэл мөнгийг улсын комисс ажил хүлээж авсаны дараа өгөхөөр талууд тохиролцсон. Урьдчилгаа төлбөр болох 60 000 000 төгрөг нь 2017 оны 08 дугаар сард “Г” ХХК-аас цахилгааны ажлын урьдчилгаа төлбөр гэж “И” ХХК-ийн дансанд шилжиж орсон байгаа. Ингээд үлдэгдэл төлбөр 185 942 195 төгрөгийг улсын комисс хүлээж авснаас эхлээд хэрэв төлөөгүй тохиолдолд алданги тооцож авахаар тохиролцсон байгаа. Энэ ажил нь Ханбогд сумын сургууль цэцэрлэгийн гадна цахилгааны ажлыг хийж гүйцэтгэх ажил байсан. 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр улсын комисс ажил хүлээж авсан. Одоо энэ сургууль, цэцэрлэг нь ашиглалтанд ороод үйл ажиллагаа явагдаж байгаа. Би түрүүн нэхэмжлэлээ тайлбарлахдаа нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж хэлсэн. Нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдөж байгаа. 245 942 195 төгрөгөөс урьдчилгаа төлбөр 60 000 000 төгрөгийг хасахаар 185 942 195 төгрөг болж байгаа. 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр улсын комисс ажиллаж ажлыг хүлээж авсан. Үүн дээр талууд маргахгүй байгаа. 185 942 195 төгрөгөөс улсын комисс ажилласны дараа буюу 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс алданги тооцоод 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл буюу 58 000 000 төгрөг бэлнээр орж ирэх хүртэл 50 хоногийн алданги тооцсон. 1 өдрийн алданги нь 929 710 төгрөг болж байгаа. Үүнийг 50 хоногтоо үржүүлэхээр 46 485 500 төгрөг болж байгаа. 185 942 195 төгрөгөөс 58 000 000 төгрөг хасагдаад 127 942 195 төгрөг үлдэж байгаа. Үүнээс 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэл буюу нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 208 хоног алданги тооцсон. 1 өдрийн алданги 639 710 төгрөг, нийтдээ 133 059 680 төгрөг болж байгаа. Үүн дээрээ  46 480 500 төгрөгөө нэмээд алдангийн нийт хэмжээ 179 545 180 төгрөг болж байгаа. Анх шүүхэд нэхэмжлэл гаргах үед үндсэн төлбөрт 167 942 195 нэхэмжилж байснаа шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад 127 942 195 төгрөг нэхэмжилж байна. Үүний алданги болох 179 545 180 төгрөг гарч байгаа боловч гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас алдангийг хэтрүүлж тооцож болохгүй гэсэн заалтыг баримтлаад 63 971 097 төгрөг, нийт 191 913 291 төгрөг нэхэмжилж байна гэв.  

Хариуцагчийн төлөөлөгч А.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “И” ХХКомпаниас гаргасан нэхэмжлэлтэй танилцаад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул дараах тайлбарыг хүргүүлж байна. Манай компани нь 2016 оны 11 сард зарлагдсан “Ханбогд сумын ерөнхий боловсролын 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг”-ийн барилгыг шинээр барих 2016/48 тоот нээлттэй тендер шалгаруулалтад оролцсон. Энэ тендерт “И” ХХК туслан гүйцэтгэгчээр оролцсон. Уг тендерт манай компани шалгарсан тул захиалагчаас ирүүлсэн мэдэгдэл болон аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/05 дугаар захирамжийн дагуу 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газартай ӨМ2016/48 тоот гэрээ ёсоор ажлыг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл гүйцэтгэхээр тохиролцсон байсан. Гэтэл уг гэрээг баталж аймгийн Засаг дарга Н.Н гарын үсэг зураагүйгээс гэрээнд заасан хугацаанд ажил эхлээгүй. Харин анхан, дунд, дээд шатны буюу 3 шатны шүүхээр шийдвэр гаргуулсан боловч, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул манай компани дахин шүүхэд хандаж шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 120/Ш32017/0083 тоот шүүгчийн захирамж гаргуулж, шийдвэр гүйцэтгэлийн журмаар 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулж, Засаг даргын хууль бус эс үйлдэхүйн улмаас 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр эхлэх байсан ажил 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр нээлтээ хийж эхэлсэн. Ингээд туслан гүйцэтгэгч “И” ХХК-тай “Ханбогд сумын 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна цахилгааны ажил”-ыг хийж гүйцэтгэх 08 тоот гэрээг 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан билээ. Хэдийгээр гэрээнд захиалагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд алданги төлөхөөр гэрээнд заасан боловч гэрээний 3 дугаар хэсэг буюу 3.2-т төлбөрийн хэмжээг зааснаас төлбөр шилжүүлэх хугацааг заагаагүй. 2018 оны 12 сард тооцооны үлдэгдлийн баталгаа гэж нягтлан бодогч нар хийсэн. Энэ хугацаа бол хугацаа хэтэрсэн үүргийг тооцох хугацаа гэж тооцсон хугацаа биш юм. Иймд манай компани алдангийг төлөхийг зөвшөөрөхгүй. Гэрээний үнийн үлдэгдэл зарим хэсгийг төлөөгүй байгаа нь үнэн. Гэхдээ 167 942 195 төгрөгийн үлдэгдэл гэж нэхэмжлэгч заасан байна. Энэ тооцоог дахин нийлж эцсийн үлдэгдлээ тооцох саналтай байна. Манай компанитай хамтран тендерт оролцсоны хувьд “И” ХХК нь тендерийн ажил хугацаандаа эхлээгүйгээс 2016 оны төсвөөр 2017, 2018 онд ажил гүйцэтгэснээр манай компани алдагдал хүлээснийг маш сайн ойлгож байгаа. Энэ бол бизнесийн хамтын ажиллагааны итгэл хүлээх, харилцан бие биеэ хүндэтгэх нэгэн зарчим тул бидний энэхүү хүсэлтийг хүлээн авч олон жил хамтран ажиллана гэж найдаж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч А.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2016 оны 11 дүгээр сард Өмнөговь аймгийн Ханбогд сумын сургууль цэцэрлэгийн барилгыг шинээр барих тендерт оролцсон. Уг тендерт “И” ХХК нь туслан гүйцэтгэгчээр оролцсон. Уг тендерт манай компани шалгарсан хэдий ч захиалагчийн талаас Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Н гарын үсэг зураагүйгээс хойш гурван шатны шүүхийг дамжаад 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Улсын дээд шүүхийн тогтоол гарч 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр аймгийн шүүхийн албадан гүйцэтгэх захирамж гарч байж Өмнөговь аймгийн Засаг дарга гарын үсэг зурж уг барилга 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр буюу үндсэндээ 10 сарын дараа барилга эхэлсэн. Гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 08 тоот гэрээг “И” ХХК-тай хийгээд 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр нээлтээ хийснээр ажлаа эхэлсэн байгаа. Хэдийгээр захиалагч тал үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд алданги төлөхөөр заасан боловч гэрээний 3 дугаар хэсгийн 3.2-т төлбөрийн хэмжээг зааснаас төлбөр шилжүүлэх хугацааг заагаагүй гэсэн үндэслэлийг бид баримталж байгаа. 2018 оны 12 дугаар сард тооцооны үлдэгдлийн баталгаа гэж нягтлан бодогч нар хоорондоо хийсэн. Энэ бол хугацаа хэтэрсэн үүргээ тооцох хугацаа гэж тооцсон биш юм. Иймд манай компани алдангийг төлөхийг зөвшөөрөхгүй байгаа. Гэрээний нийт үнийн дүнгийн зарим хэсгийг төлөөгүй байгаа нь үнэн. Гэхдээ энэ тооцоог танайх дахиж хараарай. 08 тоот гэрээний үнийн дүнгээс урьдчилгаа 60 000 000 төгрөгөө хасаад шилжүүлсэн 58 000 000 төгрөгөө хасаад үлдэгдэл дээр алдангиа тооцсон уу. Тооцсон алдангийг манайх гэрээний 3.2 дахь заалтын дагуу төлөхгүй. Манай компанитай хамтран тендерт оролцсон учраас тендерийн хугацаа ажил эхлээгүйгээс болж 2017, 2018 онуудад компани нилээн алдагдал хүлээснээ маш сайн ойлгож байгаа. Энэ тухай харилцан ярилцаж, бие биеэ хүндэтгэх, ямар нэгэн бизнесийн зарчмаа баримтлаад орон нутгийн компаниуд цааш цаашдаа хамтран ажиллах талаар захиралтай ярилцсан. Энэ тал дээр хүндэтгэлтэй хандаж үзээсэй гэж хүсч байна. Иймд манайх үндсэн төлбөр 127 942 195 төгрөг дээр маргаж байгаа зүйл байхгүй. Харин алдангийг төлөх боломжгүй гэв.  

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “И” ХХК нь “Г” ХХК-д холбогдуулан үндсэн төлбөр 167 942 195 төгрөг, алданги 83 971 097 төгрөг, нийт 251 913 292 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н үндсэн төлбөр 127 942 195 төгрөг, алданги 63 971 097 төгрөг, нийт 191 913 292 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан ба хариуцагч нь алданги 63 971 097 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ.

Зохигчид 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ажил гүйцэтгэх тухай 08 тоот гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “И” ХХКомпани нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн барилгын гадна цахилгааны ажлыг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгөх, хариуцагч “Г” ХХК нь гэрээгээр тохирсон төлбөрийг гэрээнд заасан нөхцөлийн дагуу төлөх үүргийг хүлээж, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч буюу ажил гүйцэтгэгч “И” ХХК нь гэрээний үүргээ биелүүлж барилгын гадна цахилгааны ажлыг гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгсөн хэдий ч хариуцагч буюу захиалагч нь хөлс төлөх үүргээ биелүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөн үйл баримт талуудын тайлбараар тогтоогдсон.

Нэхэмжлэгчийн гаргасан төлбөрийн үлдэгдэл 127 942 195 төгрөг, алданги 63 971 097 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлээс хариуцагч нь алдангийг эс зөвшөөрч маргахдаа “...гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т төлбөрийн хэмжээг зааснаас төлбөр шилжүүлэх хугацааг заагаагүй учир алданги төлөхийг зөвшөөрөхгүй” гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь ажил гүйцэтгэх гэрээний үр дүнг хариуцагч хүлээн авсан үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдсон бөгөөд төлбөр шилжүүлэх хугацаа заагаагүй нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-т заасан ажлын хөлс төлөх үүргээ биелүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй.

Гэрээний үлдэгдэл төлбөрт 127 942 195 төгрөг төлөгдөөгүй байгаа үнийн дүнгийн асуудлаар зохигчдын хэн аль нь, уг төлбөрийг нэхэмжлэгчид төлж барагдуулах тухайд хариуцагч тус тус маргаагүй боловч нэхэмжлэгч “И” ХХК нь хариуцагч “Г” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээнд заасны дагуу үлдэгдэл төлбөрөө төлөхийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт “Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө” гэж хөлс төлөх хугацааг хуульчилж заасан байх боловч талууд ажил гүйцэтгэх гэрээний 3.2-т “...ажил хүлээлцэж улсын комисс ажилласны дараа үлдэгдэл тооцоог хийнэ” гэж тохиролцсон байна. 

Ажил гүйцэтгэх гэрээний 2.1-т гүйцэтгэгч нь ажлыг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд хийж дуусган захиалагчид хүлээлгэж өгөхөөр тохиролцон уг хугацаанд захиалагч ажлын үр дүнг хүлээн авсан талаар болон 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс улсын комисс ажилласан асуудлаар талууд маргаагүй тул уг хугацаагаар захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно.

Иймд хариуцагч нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар төлбөрөө бүрэн төлж барагдуулах үүрэгтэй байсан гэж үзнэ. Ийнхүү барилгын гадна цахилгааны ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 127 942 195 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн гэрээний 6.2-т “Захиалагч нь төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол төлөөгүй ажлын хөлсний дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлнө” гэж тохиролцжээ. Иймд нэхэмжлэгч гэрээнд заасан нөхцөлийн дагуу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас алданги шаардах эрхтэй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тооцсон 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд алданги тооцож төлүүлэх нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцнэ.

Хариуцагчийн нэхэмжлэгчид төлөх алдангийн хэмжээг гэрээнд заасны дагуу тооцон үзвэл, /185 942 195*0.5 хувь*50 хоног=46 485 500 төгрөг, 127 942 195*0.5 хувь*208 хоног=133 059 680 төгрөг, нийт алдангийн хэмжээ 179 545 180 төгрөг/ 179 545 180 төгрөг гарч байгаа боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 127 942 195 төгрөгийн 50 хувь буюу 63 971 097 төгрөгийг алдангид тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцэж байх тул алданги 63 971 097 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

Хариуцагчийн төлөөлөгч А.Н нь “гэрээнд захиалагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд алданги төлөхөөр заасан боловч энэ гэрээг сүүлд нөхөж хийсэн учир алданги төлөхийг зөвшөөрөхгүй” гэх тайлбараа нотлох баримтаар нотлоогүйн дээр гэрээний 3.2-т “захилагч нь гэрээ байгуулсны дараа урьдчилгаа төлбөр 60 000 000 төгрөг ... хийхээр” тохиролцсоны дагуу 2017 оны 08 сарын 18-ны өдөр нэхэмжлэгч “И” ХХК-ийн дансанд “Г” ХХК-иас цахилгааны ажлын урьдчилгаа төлбөр 60 000 000 төгрөг орлогоор орсон болох нь Хас банкны харилцах дансны хуулгаар тогтоогдож байна. /хх-22/

Дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч “Г” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 127 942 195 төгрөг, алданги 63 971 097 төгрөг, нийт 191 913 292 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “И” ХХК-д олгож шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч “Г” ХХК-иас 191 913 292 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “И” ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “И” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 417 516 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Г” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 117 516 төгрөгийг /191 913 292 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж/ гаргуулан нэхэмжлэгч “И” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар талууд 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ОТГОНСҮРЭН