Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 02

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  Б.Б-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 

2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 129/ШШ2019/0684 дүгээр шийдвэртэй

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

Архангай аймгийн БТСГ-т холбогдох

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагчийн төлөөлөгч А.Э-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн төлөөлөгч Р.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б, А.З, нарийн бичгийн дарга Г.Дэлгэрмаа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “2019.05.13-ны өдөр жолооч О нэг жилийн чөлөө авч миний бие түүний оронд Биеийн тамир спортын газрын дарга Ц.Н-тай Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож байгуулан жижүүрийн ажилд томилогдсон. Ажил үүргээ гэрээний дагуу гүйцэтгэж алдаа дутагдал гаргаагүй ажиллаж байв. Архангай аймгийн Биеийн тамир спортын газрын даргын албан тушаалд түр хугацаагаар томилогдсон Р.Б “жижүүрийн орон тоо илүү гарсан байна” гээд 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн б/49 дүгээр тушаал гарган намайг ажлаас үндэслэлгүй чөлөөллөө. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн чөлөөлсөн тушаал нь хууль бус гэж үзэж байна. Ажлаас чөлөөлөхдөө хөдөлмөрийн гэрээ байгуулсан талууд харилцан тохиролцоогүй шууд тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж байна. Тус байгууллагад ажилчдын эрх ашгийг хамгаалах үйлдвэрчний  эвлэлийн хороо байхгүй. Жижүүрийн орон тоо илүү гарсан гэсэн хэрнээ 2019.09 дүгээр сарын сүүлээр Гандаш гэдэг хүнийг жижүүрийн ажилд томилсон бөгөөд түүнээс хойш 3-4 хүнийг жижүүрээр авч ажиллуулсан байдаг. Дээрх нөхцөл байдлын улмаас иргэн миний хөдөлмөр эрхлэх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн учраас шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан” гэжээ. 

 

Хариуцагч болон түүний төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарт: “Архангай аймгийн БТСГ-т холбогдуулан гаргасан Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Архангай аймгийн БТСГ нь аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн статустай бөгөөд түүний хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг билээ. Архангай аймгийн Засаг дарга нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/19 дүгээр захирамжаар аймгийн БТСГ-ын ажилчдын орон тоог 21, жижүүрийн орон тоог 2 байхаар тогтоож цалингийн санг баталсан. Б.Б-г анх ажилд авах үед манай байгууллагын жижүүрээр Ж.Б, Ж.Ө нар ажиллаж байсан. Гэтэл Архангай аймгийн БТСГ-ын дарга асан Ц.Н нь Засаг даргын баталсан бүтэц, орон тооноос гадуур хууль бусаар Б.Б-г ажилд авч, байгууллагын цалингийн санд 2 449 628  төгрөгийн хохирол учруулсан тул Б.Б-г ажлаас чөлөөлж, аймгийн Засаг дарга Ц.М-д энэ талаар уламжилж, Ц.Н-аар байгууллагад учруулсан хохирлыг барагдуулахаар ажиллаж байна. Дээр дурдсан зүйлээс үзвэл Архангай аймгийн Засаг даргын захирамжаар тогтоосон орон тоо, цалингийн сангаас гадуур аймгийн БТСГ-ын даргын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн б/49 дүгээр тушаалаар Б.Б-г жижүүрийн ажилд түр авсан үйл явдал нь хууль зүйн үндэслэлгүй байсан. Тиймээс Б.Б-д 2019.07.30-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэхэд тэрээр “ажилласан хугацааны ээлжийн амралтын мөнгийг авах саналтай байна” гэсэн. Ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн түүний цалин мөнгийг бүрэн олгож, байгууллагад учирсан санхүүгийн зүй бус зардлыг Ц.Н-аас гаргуулан авахаар шийдвэрлэсэн болно. Иймд Б.Б-г ажлаас халсан 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн б/54 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/19 дүгээр захирамжийг үндэслэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Архангай аймгийн БТСГ-ын даргын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б-г ажилд түр томилох тухай тушаалыг хүчингүй болгосон болно.” гэжээ. 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 129/ШШ2019/0684 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Б-г Архангай аймгийн БТСГ-ын жижүүрийн ажилд эгүүлэн томилж, түүний ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1 292 360 төгрөгийг хариуцагч Архангай аймгийн БТСГ-аас гаргуулан олгож, Б.Б-ийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Архангай аймгийн БТСГ-т даалгаж; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т  заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг буцаан гаргаж нэхэмжлэгч Б.Б-д олгож, хариуцагч Архангай аймгийн БТСГ-аас улсын тэмдэгтийн хураамж 35 567 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ. 

 

Хариуцагчийн төлөөлөгч А.Э-ийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 129/ШШ2019/0684 дүгээр шийдвэрт дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд: 

1. Аймгийн БТСГ нь аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг буюу төрийн захиргааны байгууллага. Энэ байгууллагын тушаалаар томилогддог захиргааны албан хаагчид, хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг бусад ажилчдын аль аль нь тус байгууллагад алба хаах, хөдөлмөрлөх харилцааны эрх зүйн үндэс нь нийтийн эрх зүйн хэм хэмжээгээр тодорхойлогддог. Энэ байгууллагад 2 жижүүрийн орон тоо, нийт 21 ажилтантай байна гэдэг нь аймгийн Засаг даргын 2019 оны А/19 дүгээр захирамжаар буюу нийтийн эрх зүйн эх сурвалжаар тодорхойлогдсон. Аймгийн Засаг даргын энэхүү захирамж гаргах эрх нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 33 дугаар зүйлийн 33.2, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор тодорхойлогдож байгаа. Тийм учраас бид Б.Б-г дээрх хууль, түүнийг шууд залгамжлан гарсан аймгийн Засаг даргын захирамжийг зөрчин ажиллаж байна гэсэн үндэслэл, шалтгаанаар ажлаас халсан болно. Б.Б буюу жижүүр, энэ байгууллагын дарга, дасгалжуулагч хэн ч бай төрийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа хэн бүхний хөдөлмөрлөх үндэслэлийг дээр дурдсан нийтийн эрх зүйн эх сурвалж бий болгож, тэр үндэслэлийн хүрээнд хөдөлмөрийн хууль тогтоомжийн дагуу ажил үүргээ гүйцэтгэж байгаа билээ. Б.Б-г ажилд авсан нь дээрх нийтийн эрх зүйн суурь эх сурвалжтайгаа зөрчилдөж байгаа учраас халсан болно. Шүүх энэ талаар огт дүгнэлт хийгээгүй, нэг талыг барьсан нь түүний шийдвэрийн үндэслэх хэсэгт энэ талаар огт дурдаагүй байгаагаас илэрхий харагдаж байна. Энэхүү маргааны гол онцлог нь цэвэр хувийн эрх зүйн маргаан биш, нийтийн эрх зүйн суурь бүхий хувийн эрх зүйн маргаан болно. Эл нийтийн ба хувийн эрх зүйн холимог шинжтэй маргааныг зөвхөн нэг талыг буюу хувийн эрх зүйн талыг нь барьж, тэр үүднээс уг асуудалд хандсан нь Монгол Улсын Төрийн албаны хууль тогтоомж, Төсвийн хууль тогтоомжтой нийцэхгүй юм. 

2. Шүүх “Б.Б-г жижүүрийн ажилд авсан нь аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/19 дүгээр захирамжийг зөрчөөгүй байна. Учир нь гэрч Ж.Б-ийн мэдүүлгээр “жижүүрийн ажилтнууд гурван ээлжээр ажилладаг, Б.Б-г ажилд авах үед Ж.Ө, Х.Н гэх хоёр жижүүр ажиллаж байсан. Ийм учраас захирамжийг зөрчөөгүй байна” гэж үзжээ. Манай байгууллагын хувьд хоёр жижүүрийн орон тоонд хоёр жижүүр үндсэн үүрэгтэй ажиллана. Үүнээс гадна жолоочийн үндсэн ажилтай бөгөөд тэмцээн уралдаангүй, машин сул зогсох үед жижүүрээр хонож, жижүүрийн үүргийг гүйцэтгэдэг жолооч-жижүүрийн орон тоо гэж байдаг. Энэ орон тоонд Б.Б-г аваагүй бөгөөд зөвхөн жижүүрээр авсан болох нь түүнийг ажилд авсан тушаалаас маш тодорхой харагддаг. Мөн манай байгууллагын сантехникийн ажилтан нь үндсэн ажлынхаа зэрэгцээ хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсоны дагуу жижүүрийн ажлыг гүйцэтгэх нь бий. Иймд БТСГ-ын жижүүрийн үүргийг хоёр үндсэн жижүүр, нэг жолооч-жижүүр, нэг сантехникийн ажилтан тус тус гүйцэтгэдэг гэж ойлгож болно. Ийм учраас жижүүр ажилд авч байгаа бол жижүүр гэж, жолооч-жижүүр ажилд авч байгаа бол жолооч-жижүүр гэж, сантехникчийг сантехникчээр нь тушаал гарган ажиллуулдаг. Тиймээс Б.Б-г хэрвээ жолооч-жижүүрээр ажилд авсан бол жолооч-жижүүр гэж тушаал гаргах ёстой бөгөөд ийм статустай хүний үндсэн үүрэг нь жолоо барих бөгөөд сард нэг удаа жижүүрт гарах явдал юм. Гэтэл Б.Б дээр ийм тушаал шийдвэр гаргаагүй, Б.Б тийм үүргийг энэ байгууллагад хариуцан ажиллаагүй болно. Иймд Б.Б-г жижүүрээр авч ажиллуулсан нь аймгийн Засаг даргын захирамжийг гарцаагүй зөрчсөн үйлдэл байсан. Захиргааны байгууллага нь тогтоосон орон тооны хүрээнд л ажиллах ёстой. Тогтоосон орон тоо, төсвийн хүрээнд ажиллахгүй бол Төрийн албаны тухай хууль тогтоомж, Төсвийн тухай хууль тогтоомж зөрчигдөж, энэ байгууллагын удирдлага хариуцлага хүлээхэд хүрнэ. Иймд дээрх хууль тогтоомжийн нийтлэг шаардлагын хүрээнд Засаг даргын захирамжаар баталсан оронд тоонд  багтааж Биеийн тамир спортын газрыг ажиллах хэрэгтэй гэсэн аймгийн Засаг дарга, түүний Тамгын газрын удаа дараагийн шаардлагын үүднээс Б.Б-г ажлаас халсан. Үүнд шүүх зохих ёсны үнэлгээ өгөхгүйгээр шийдвэрээ гаргасан нь буруу болсон. 

3. Б.Б-г ажлаас халсан тушаал нь нэгдүгээрт ажилтантай харилцан тохиролцсон, хоёрдугаарт дээд байгууллагаас шаардсан буюу хууль ёсны шаардлагыг хангах үүднээс гэсэн хоёр гол үндэслэлтэй. Б.Б-г ажлаас халахдаа түүнд “энэ байгууллагад жижүүрийн хоёр орон тоо байх ёстой, гэтэл илүү болчихоод байна, аймгийн Засаг даргын захирамжийн шаардлагыг  биелүүлэх ёстой” гэж тайлбарласан. Б.Б нь тухайн үед ойлгож “ингээд халагдъя, халагдахдаа ийм хэмжээний цалин мөнгийг өгөөч” гэсэн шаардлага тавьсан. Бид үүнийг харилцан тохиролцсон гэж ойлгосон. Харамсалтай нь Б.Б нэхэмжлэл гаргаж харилцан тохиролцсон итгэлийг эвдлээ. Тийм учраас энэ харилцан тохиролцсон гэх тушаалын үндэслэлээсээ бид татгалзаж байна. Гэхдээ халсан шийдвэр, түүний хоёр дахь үндэслэлийг бид хууль ёсны гэж үзсэн хэвээр байгаа болно. БТСГ нь аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг тул аймгийн Засаг даргын захирамж, түүний Тамгын газрын шаардлагын хүрээнд ажилладаг. Ийм учраас захирамж, үүрэг даалгаврыг зөрчиж, орон тооноос хэтрүүлж ажилтан ажилд авсан тул Б.Б хууль бусаар  ажилд томилогдсон гэдэг нь маш тодорхой байна. Ерөөсөө хичнээн жижүүртэй, хичнээн дасгалжуулагчтай байх вэ гэдгийг тогтоож байгаа ганц эрх зүйн эх сурвалж нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/19 дүгээр захирамж юм. Энэ захирамжийг зөрчсөн аливаа томилгоо, тушаал, хөдөлмөрийн гэрээ хууль бус гэж үзэж байна. 

4. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “Архангай аймгийн санхүүгийн хяналт, аудитын шалгалтын 5 дугаар танилцуулгын 9 дэх хэсгийг Б.Б-тэй холбоотой байдал тогтоогдохгүй” байна гэж дурджээ. Гэтэл тус танилцуулга буюу хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах эрх бүхий байгууллагын танилцуулгад “БТСГ нь хөдөлмөрийн харилцааны асуудалд онцгой анхаарал хандуулах, хууль дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулах”-ыг тусгайлан анхааруулсан байна. Иймд БТСГ-ын дарга Р.Б нь орон тооноос гадуур ажиллаж байгаа Б.Б-г ажиллуулан цалин хөлс олгох нь төрийн хяналт шалгалтын байгууллагын хуулийн дагуу тавьсан шаардлага, сануулгыг биелүүлээгүй хууль зөрчсөн үйлдэл болох байсан. Б.Б-ийн нэр усыг зайлшгүй дурдуулсаны дараа энэ хүнийг халах ёстой, хууль зөрчигдөж байгаа байдлыг зайлшгүй хяналт шалгалтын байгууллагаас шаардсаны  дараа залруулах ёстой гэсэн зүйл байж болохгүй. 

5. Мөн түүнчлэн Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга болох гэрч Ш.Г мэдүүлэгтээ “Батлагдсан орон тооныхоо дагуу ажилла гэсэн шаардлагыг Архангай аймгийн Засаг даргаас бүх байгууллагад тавьдаг...  Архангай аймгийн Засаг даргаас батлагдсан бүтэц, орон тооныхоо дагуу ажилла, өргүй ажилла гэсэн шаардлагыг бүх агентлагийн дарга нарт сар бүрийн 25-нд болдог шуурхай дээр байнга сануулдаг” гэж дурджээ. Энэхүү гэрчийн мэдүүлэг нь уг маргаанд ач холбогдолтой, шийдвэрт нөлөөлөхүйц нотлох баримт байтал шүүгч үүнийг үнэлээгүй, шүүхийн шийдвэрт дурдаагүй орхисон нь нотлох баримтыг үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг зөрчсөн хэрэг болсон. 

6. Нэгдүгээрт, нэхэмжлэгч Б.Б нь өөрийгөө ажилд томилсон БТСГ-ын дарга асан Ц.Н-тай хуйвалдан хөдөлмөрийн гэрээг нөхөн байгуулж, нотариатч Д.Р-аар гэрчлүүлэн түүнийгээ шүүхэд гаргаж өгсөн нь уг хөдөлмөрийн гэрээ БТСГ-ын архив, бичиг хэрэгт байхгүй, мөн ажилтнуудтай байгуулдаг хөдөлмөрийн гэрээнээс өөр загвартай байсан зэрэг нь тогтоогдсон тул шүүгчийн захирамжаар нотлох баримтаас хассан. Хоёрдугаарт, Ц.Н-тай төрөл садангийн холбоотой Ж.Б-ийг гэрчээр асуулган өөр хоорондоо зөрчилтэй, бодит байдалд нийцэхгүй мэдүүлгийг өгүүлсэн. Гуравдугаарт, Б.Б нь шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа “жижүүрийн ажлаас хууль бусаар халагдсан” гэх утга бүхий нэхэмжлэлийг гаргасан байтал дараа нь өөрийн тайлбараа өөрчилж “жолооч-жижүүрийн ажилд түр томилогдсон” гэж зөрүүтэй худал тайлбар гаргасан. Гэтэл шүүгч энэ бүхнийг харгалзан үзэлгүй хариуцагчийн төлөөлөгчийг үндэслэлээ нотлоогүй гэж буруутгасан. Дээрхээс үзвэл нэхэмжлэгч Б.Б-ийн гаргасан  үндэслэл, тайлбар, нотлох баримтууд нь бодит байдалтай нийцэхгүй төдийгүй шүүхийг хууран мэхлэх санаа зорилготой, хууль ёсны шаардлагыг хангахгүй байсан. Шүүх энэ бүх байдлыг зөв үнэлж дүгнээгүй шийдвэрээ гаргасан нь нотлох баримтыг үнэлэх нийтлэг шаардлагыг зөрчсөн. Дээр дурдсан зүйлд үндэслэн үзвэл Б.Б-г ажлаас халсан БТСГ-ын даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн б/54, уг тушаалд холбогдох нэмэлт оруулах тухай 2019 оны 11 дүгээр 08-ны өдрийн б/75 дугаар тушаалууд нь хууль зүйн үндэслэлтэй байх тул Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 129/ШШ2019/0684 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:  

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч Б.Б нь Архангай аймгийн БТСГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг анх ажилд авахдаа батлагдсан орон тоог хэтрүүлсэн гэж маргажээ. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийг Архангай аймгийн БТСГ-ын жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1 292 360 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ. 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй боловч хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна. 

Энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна. 

Б.Б нь 2019.05 сараас Архангай аймгийн БТСГ-т жижүүрээр ажилд орж хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн, тус газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн б/54 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан “талууд харилцан тохирсон” үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлсөн байна. 

Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/19 дүгээр захирамжаар аймгийн БТСГ-ын бүтцийг батлахдаа жижүүр 2, жолооч-жижүүр 1 ажиллахаар тогтоосон байх ба нэхэмжлэгч нь “жолооч О нэг жилийн чөлөө авч миний бие түүний оронд жижүүрийн ажилд томилогдсон” гэх үндэслэлээр ажлаас үндэслэлгүй халагдсан гэж, хариуцагч нь “аймгийн Засаг даргын захирамжаар жижүүрийн орон тоог 2 байхаар тогтоож цалингийн санг баталсан. Б.Б-г анх ажилд авах үед манай байгууллагын жижүүрээр Ж.Б, Ж.Ө нар ажиллаж байсан тул Б.Б-г жижүүрээр томилсноор жижүүрийн орон тоог хэтрүүлсэн” гэж тус тус тайлбарлажээ. 

Архангай аймгийн БТСГ нь аймгийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг болохын хувьд Төсвийн тухай хуульд заасан үндэслэл бусад төрийн байгууллагын нэгэн адил хамаарна. 

Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-д “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох” гэж тодорхойлжээ. 

 

Хэрэгт авагдсан баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдлоо. 

Нэхэмжлэгч нь жолооч О-ын оронд ажилд томилогдсон гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэлдээ “жижүүрийн албанд томилогдон ажиллаж байв” гэж бичсэн, Архангай аймгийн БТСГ-ын даргын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн б/49 дүгээр тушаалд “Б.Б-г 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн жижүүрийн ажилд түр томилсугай” гэж, зохигчийн байгуулсан хөдөлмөрийн гэрээнд “1.1.Эрхлэх ажил албан тушаал-жижүүр” гэж тус тус заасан зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь жижүүрийн ажилд томилогдсон байх ба тэрээр жолооч-жижүүрээр томилогдсон гэх өөрийн тайлбар, үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул түүнийг жижүүрийн ажилд томилогдсон гэж үзэхээр байна. Б.Б-г ажилд томилох үед Архангай аймгийн БТСГ-ын жижүүрээр Ж.Ө, Х.Н нар ажиллаж байхад түүнийг 2019.05.13-ны өдөр жижүүрээр томилсон нь захирамжид заасан орон тоог хэтрүүлсэн гэж үзнэ. 

Анхан шатны шүүх “Нэхэмжлэгч Б.Б нь өөрийгөө Архангай аймгийн БТСГ-ын жолооч жижүүр ажилтай О-ыг жилийн чөлөө авахад түүний оронд түр томилогдсон гэж шүүх хуралдааны шатанд тайлбарласан бөгөөд хариуцагч байгууллага нэхэмжлэгчийн тайлбарлаж буй үндэслэлийг баримтаар үгүйсгэж чадаагүй, ажлаас чөлөөлсөн тушаалдаа зааж буй үндэслэл буюу Б.Б-г хууль бусаар жижүүрийн ажилд томилогдсон гэсэн үндэслэлээ нотлоогүй болно” гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан баримтад нийцээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн.  

Мөн анхан шатны шүүх “Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Талууд харилцан тохиролцсон үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно” гэж заасан байна” гэх үндэслэлээр ажилтантай тохиролцоогүй тул ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн нь нэхэмжлэгч тухайн ажилд томилогдсон нь хууль зүйн үндэслэлтэй эсэх, Төсвийн тухай хуулийг зөрчиж батлагдсан орон тооны хязгаараас хэтрүүлж ажилтан ажиллуулсан талаархи бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.  

Нэхэмжлэгчийг жижүүрийн ажилд томилсон, энэ нь тухайн байгууллагын батлагдсан орон тоог хэтрүүлсэн, нэхэмжлэгчийг жолооч-жижүүрээр томилсон гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй. 

Нэхэмжлэгчийг жижүүрээр томилсон Архангай аймгийн БТСГ-ын даргын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн б/49 дүгээр тушаал хууль зүйн үндэслэлгүй тул шүүх түүнийг ажилд эгүүлэн тогтоох боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэв. 

     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4.-д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 129/ШШ2019/0684 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Архангай аймгийн БТСГ-т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн Б.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн төлөөлөгч А.Э-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 59 дүгээр зүйлийн 59.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.              

 

 

                                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Д.БЯМБАСҮРЭН

                                                                    ШҮҮГЧИД                      Л.НЯМДОРЖ

                                                                                                           В.ЦЭЦЭНБИЛЭГ