Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 708

 

                                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, ерөнхий шүүгч Д.Байгалмаа, шүүгч Ч.Жаргалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар  

Нэхэмжлэгч: М-ын нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Н-д холбогдох  

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 423 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Б.Н-д сар бүр олгож байгаа 100 000 төгрөгний төлбөрөөс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э,

  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ, 

иргэдийн төлөөлөгч Ч.Дэнсмаа, 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ш.Ганзориг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  М.С нь Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 129/ШШ2017/00423 дугаар шийдвэрээр тус аймгийн Жаргалант сумын 5 дугаар багт оршин суух Баатархүүгийн Номинзулын эрүүл мэндэд гэм хор учруулсны улмаас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний зөрүү 100 000 төгрөгийг сар бүр төлж байна. Гэтэл Б.Н нь Архангай аймгийн Жаргалант сумын хүүхдийн цэцэрлэгт 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс няравын ажилд үндсэн орон тоон дээр томилогдон цалинжин ажиллаж байгаа.  

Хэдийгээр Б.Н нь хөдөлмөрийн чадваргүй гэж тооцогдож байгаа ч Иргэний хуулийн 507 дугаар зүйлийн 507.2 дахь хэсэгт “Гэм хор учруулсны төлбөрийн хэмжээг багасгахыг шаардахаар” заасан байдаг. Иймд Б.Нд сар бүр төлдөг 100 000 төгрөгний төлбөрөөс чөлөөлж өгнө үү гэв.

 

 Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Н нь хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан бөгөөд энэ нь Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрээр тогтоогдсон. 

Хохирогч Б.Нын хөдөлмөрийн чадвар сайжраагүй, хөдөлмөрийн чадвар алдалт тооцсон Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн Б.Н өөрийн хичээл зүтгэлээрээ нягтлан бодогч мэргэжил эзэмшиж, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төрийн бодлогын дагуу тухайн ажилд орсон. Тиймээс аливаа нэгэн байдлаар түүний хөдөлмөрийн чадвар сайжирсанаар цалин хөлс орлоготой болоогүй юм. Одоо ажиллаж цалин авч байгаа, мөн хөдөлмөрийн чадвар алдсны тэтгэмж авч байгаа. Мөн Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв. 

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч М.С нь хариуцагч Б.Нд холбогдуулж Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 423 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, Б.Нд сар бүр олгож байгаа 100 000 төгрөгийн төлбөрөөс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

  Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Б.Нд сар бүр олгож байгаа 100 000 төгрөгийн төлбөрөөс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, шүүхийн шийдвэр хүчингүй болгуулах шаардлага гаргаагүй гэдгээ тодруулсан бөгөөд хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан. 

Шүүх бүрэлдэхүүний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 423 дугаар шийдвэрээр М.С нь гэм хор учирах үед эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол цалин хөлс, орлогогүй байсан, хөдөлмөрийн чадвараа алдсан Б.Нд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөрийг сар бүр төлөх үүрэгтэй гэж үзэн М.Саас сар бүр 100 000 төгрөгийн төлбөр гаргуулан Б.Нд олгохоор шийдвэрлэсэн, Б.Н нь сар бүр 140 000 төгрөгийн халамжийн тэтгэмж авдаг болохыг мөн тогтоосон байна. 

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэхдээ Б.Н нь одоо 416 521 төгрөгийн үндсэн цалинтай, нийгмийн халамжийн сангаас тэтгэмж авдаг тул одоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс их орлоготой болсон гэж, 

хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагын эсрэг Б.Н нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж, нийгмийн халамжийн сангаас тэтгэмж авч байгаа боловч хөдөлмөрийн чадвар нь сайжраагүй, дахин хөдөлмөрийн чадвар нь сэргэхгүй болсон, одоо ажил эрхэлж байгаа нь энэ маргаанд хамаарахгүй гэж тус тус мэтгэлцээний байр сууриа илэрхийлжээ.  

Талуудын маргаагүй өгсөн тайлбар, Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 423 дугаар шийдвэр зэргээр М.Сын гэм буруутай үйлдлийн улмаас хохирсон Б.Н нь одоо Архангай аймгийн Жаргалант сумын хүүхдийн цэцэрлэгт нярваар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээгээр цалинжин ажиллаж байгаа, нийгмийн халамжийн сангаас сард 140 000 төгрөгийн тэтгэмж авдаг болох нь тогтоогдож байна. 

 

Тогтмол төлөх шинжтэй гэм хорын хохирлын төлбөрийг төлөх явцад шүүхийн шийдвэрт заасан үйл баримт, хохирогчийн эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотой төлбөрийн хэмжээг багасгах, төлбөрөөс чөлөөлүүлэх асуудлыг зохицуулсан Иргэний хуулийн хэм хэмжээ байхгүй байгаа боловч Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ” гэж, 507 дугаар зүйлийн 507.2 дахь хэсэгт “Хохирогчийн хөдөлмөрийн чадвар сайжирсантай холбоотойгоор авч байгаа цалин, хөлс орлого болон тэтгэврийн хэмжээ нэмэгдвэл хариуцагч нь гэм хор учруулсны төлбөрийн хэмжээг багасгахыг шаардах эрхтэй” гэж тус тус заасан байдаг тул гэм хорын хохиролд тогтмол төлбөр төлж байх явцад гарсан төлбөрийг багасгах, төлбөрөөс чөлөөлүүлэх асуудлыг шүүх хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.  

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй болохыг заасан. 

Өөрөөр хэлбэл гэм хор учирах үед цалин хөлс, орлогогүй байсан хохирогч нь хөдөлмөр эрхэлсэн эсэхээс үл хамааран хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний орлогыг сард олох ёстой бөгөөд хэрэв ийм боломж бүрдээгүй тохиолдолд түүнийг гэм буруутай этгээд төлөх үүргийг хүлээдэг. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 423 дугаар шийдвэрээр энэ зохицуулалтын хүрээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хохирогч Б.Нын орлогыг хүргэхээр мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон орлогын эх үүсвэр болох халамжийн тэтгэмжийн зөрүүнд сар бүр 100 000 төгрөгийн төлбөрийг М.Саас гаргуулж шийдвэрлэсэн байна. 

Харин М.Саас төлбөр гаргуулах шүүхийн шийдвэр гарснаас хойш Б.Н нь Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2016 оны 4-р сарын 20-ны өдрийн “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 4 тоот тогтоолоор батласан 240 000 төгрөгөөс багагүй хэмжээний цалинг Архангай аймгийн Жаргалант сумын Хүүхдийн цэцэрлэгээс, сарын 140 000 төгрөгийн тэтгэмжийг нийгмийн халамжийн сангаас тус тус авч, эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдсөн, орлогын эх үүсвэр нь нэмэгджээ. Үүнээс шалтгаалан Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг хангах үүргийг одоо М.С хүлээх шаардлагагүй болжээ. 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч хариуцагчийн мэтгэлцээний байр суурийг дэмжиж дүгнэлт гаргасан боловч хэргийг дээрх хуулийн зохицуулалтын дагуу шийдвэрлэх нь зүйтэй. 

Иймд хэдийгээр Б.Нын хөдөлмөрийн чадвар сайжраагүй байгаа боловч хуулийн дурдсан зохицуулалтын хүрээнд М.Саас төлбөр шаардах эрхгүй болсон, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээш орлготой болсон байх тул нэхэмжлэгч М.Сыг хариуцагч Б.Нд сар бүр төлж буй 100 000 төгрөгийн төлбөрөөс чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангав.

 

Энэ шийдвэр гарснаас хойш хариуцагчийн ажил эрхлэлт, орлогын түвшин өөрчлөгдсөн тохиолдолд дахин нэхэмжлэл гаргах эрх нээлттэй болохыг дурдвал зохино. 

Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар нотлох баримтыг үнэлэх ажиллагааг хийсэн бөгөөд мөн хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан эсэхэд эргэлзээ төрүүлж буй Архангай аймгийн Жаргалант сумын Хүүхдийн цэцэрлэгийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 07 тоот албан бичгийг үнэлээгүй болно. 

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн  505  дугаар  зүйлийн 505.2,  507  дугаар  зүйлийн  507.2  дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.С-ыг хариуцагч Б.Н-д сар бүр төлөх 100 000 төгрөгийн төлбөрөөс чөлөөлсүгэй. 

              

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсөвт хэвээр үлдээж, Б.Н-аас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан М.Сад олгосугай. 

 

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулах сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Т.БАДРАХ 

                                                                  ШҮҮГЧИД                      Д.БАЙГАЛМАА    

                                                                                                         Ч.ЖАРГАЛАН