Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2017/0842

 

 

   

                                                    “Ж-Ө” ХХК, “Р” ХХК, А.О,

                                                   А.А нарын нэхэмжлэлтэй

                                                       захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбай, гуравдагч этгээд “У х б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анирмаа нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2017/0651 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Ж-Ө” ХХК, “Р” ХХК, А.О, А.А нарын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2017/0651 дүгээр шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Ж-Ө” ХХК, “Р” ХХК, А.О, А.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбайгийн “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун /17025/, Ар зайсангийн гудамж, 98 дугаар байрны 206 тоот, 3 өрөө 100.53 м.кв орон сууц болон 1А-21 тоот авто зогсоолыг “Ж-Ө” ХХК-ийн, Могул таун /17025/, Ар зайсангийн гудамж, 98 дугаар байрны 304 тоот, 4 өрөө 127.7 мкв орон сууцыг “Р” ХХК-ийн, Могул таун /17025/, Ар зайсангийн гудамж, 98 дугаар байрны 704 тоот, 4 өрөө 127.7 мкв орон сууц болон гг-05 тоот авто зогсоолыг А.О-ийн, Могул таун /17025/, Ар зайсангийн гудамж, 98 дугаар байрны 301 тоот, 4 өрөө 132.22 мкв орон сууцыг А.А-ийн нэр дээр бүртгэхгүй байгаа Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбай давж заалдах гомдолдоо: “...Иргэний хэргийн анхан, давж заалдах шатны шүүх “М с” ХХК болон дээрх нэхэмжлэгчид гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн учир дээрх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд хууль ёсны өмчлөгч болохыг тогтоосон бөгөөд нэхэмжлэгчид нь өөрсдийн эрхээ бүрэн хэмжээгээр эдлэхээр төрийн эрх бүхий байгууллага, захиргааны хэргийн шүүхэд хандсан боловч нэхэмжлэгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалаагүй, эрх зүйн байдлыг маш ихээр дордуулсан.

Шийдвэрт шүүхээс “...гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөж байна...” гэж дүгнэжээ. Шууд утгаараа гуравдагч этгээд болох “У х б” ХХК-ийн эрх, ашиг сонирхол хөндөгдсөн зүйлгүй. Гуравдагч этгээд болон хариуцагчид “...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, Могул таун хотхоны 98 дугаартай байр, г/97 дугаартай авто зогсоолыг Зээлийн гэрээ болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан, мөн дээрх барьцааны эд зүйл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар ажиллагаа явуулж байгаа...” гэх үндэслэлүүдийг гаргаж тайлбарладаг.

98 дугаар байрыг барьцаанд тавьж байхад тухайн барилга 30 хувийн гүйцэтгэлтэй байсан ба ирээдүйд бий болох эд хөрөнгийг барьцаалсан гэдэг. Тэгвэл өнөөдрийн байдлаар 30 хувийн гүйцэтгэлтэй барилгын барьцааны гэрээнд ирээдүйд бий болох эд хөрөнгийг бүртгэсэн болон барьцаалсан гэх бүртгэл болон гэрээний нэмэлт, өөрчлөлтийн зохицуулалт бүртгэгдээгүй. Мөн үүнтэй адил 95 хувийн гүйцэтгэлтэй авто зогсоолын ирээдүйд бий болох эд хөрөнгийг барьцаалсан, бүртгэсэн зохицуулалт байхгүй.

Дүүргийн иргэний хэргийн 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4010 дугаар шийдвэрийн хүрээнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа гэж тайлбарладаг боловч дээрх шийдвэрийн хүрээнд явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль бус, өөрөөр хэлбэл оршин суугчдын эрх, ашиг сонирхлыг илт хөндсөн байна, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосугай гэсэн агуулга бүхий Улсын Дээд шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 001/хт2017/01005 дугаартай тогтоол гарсан.

Мөн нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дээрх барьцааны зүйл нь барьцааны зүйл биш байна. Өөрөөр хэлбэл, 30 хувийн болон 95 хувийн гүйцэтгэлтэй хөрөнгийн ирээдүйд бий болох бүртгэлийг өнөөдрийн байдлаар албан ёсоор бүртгэсэн бүртгэл байхгүй учир барьцааны зүйл мөн эсэх нь учир дутагдалтай гэсэн агуулга бүхий дүгнэлттэй магадлал гараад байна.

Дүүргийн иргэний хэргийн 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4010 дугаар шийдвэрт төлбөрийг 98 дугаар байрнаас бүхэлд нь гэж заасан бөгөөд аль хэсгээс яаж хангуулах, ямар шалгуураар хангуулах, хэний эзэмшлийн эд хөрөнгөөр хангуулах гэдэг нь тодорхойгүй, харин тухайн харилцаанд оролцогчдын үзэмжийн асуудал болж байгаа бөгөөд г/97 тоотын 200 гаруй авто зогсоолоос гаргуулсан гэсэн зүйл байхгүй.

Төлбөр авагч “У х б”-ны төлбөр 2.050.000.000 орчим төгрөгийн дүн байх боловч нэр бүхий 35 иргэний өмчид хамаарах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан боловч тухайн өмчлөгчдийн өмчийн нийт үнэлгээ нь 24 тэрбум болсон байдаг бөгөөд тухайн байр 91 орон сууц болон 200 гаруй авто зогсоолоос бүрддэг. Тэгвэл 2 тэрбум төгрөгийн төлбөрийн төлөө тухайн байрны бүх өмчийг барьцаалах гээд байгаа ямар шалтгаан байгаа вэ.

Төлбөр авагч нь ийм эд хөрөнгөнөөс төлбөрөө гаргуулах боломж байсаар байхад эрх болон эд хөрөнгөө хамгаалж байгаа нэхэмжлэгчдийн эд хөрөнгийг өмнө эрхийн тийм хязгаарлалтай байсан гэдгээр хохироож болохгүй. Бидний олж авсан мэдээллээр “М с” ХХК өнөөдрийн байдлаар 200.000.000 төгрөгийн төлөлт хийсэн.

Шүүх мэтгэлцээний явцад гол үндэслэлээ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгийг байнга дурддаг. Шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгтээ энэхүү үндэслэлээ заасан байдаг. Мөн үүнээс өөр шийдчих боломжийн зохицуулалт харагдахгүй байна гэдэг.

Тэгвэл “...эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж байгаа... хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх ёстой” гэдэг. Энд нэг зүйлийг онцлон хэлэх ёстой. “буюу” гэдэг үг нь төрийн тухайн эрх бүхий байгууллагыг тодотгож байгаа болохоос барьцаалагч хуулийн этгээд У х бийг хэлээгүй болно.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгээс өөр зохицуулалт байхгүй мэт шийдээд байгаа нь учир дутагдалтай. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2 дахь хэсэгт “...эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх...” гэдэг зохицуулалтыг яагаад хэрэглэж болохгүй байгаа юм бэ?

Дээрх эрх бүхий байгууллага гэдэг нь шүүхийн байгууллага бөгөөд тухайн байгууллагуудаас, тодруулбал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/00821 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 637 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 001/хт2016/00621 дугаар тогтоолоор нэхэмжлэгчдийн өмч мөн болохыг тогтоосон.

Тухайн хаягт байрлах 98 дугаар байр бүхэлдээ, түүнд хамаарах 200 гаруй авто зогсоол нь бүхэлдээ 2 тэрбум төгрөгөөс хэд дахин илүү үнэ бүхий эд хөрөнгө.

Бид бүртгэлийг давхардуулж бүртгэ гэж шаардаагүй. Шинээр бүртгэж өгөхийг хүссэн. Тэр бүртгэл нь нэмэлт, өөрчлөлтийн хэлбэрээр байж болно.

Нөгөөтэйгуур гуравдагч этгээд “У х б” ХХК нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон бөгөөд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн эдлэх ёсгүй эрхийг эдэлсэн, шүүх үүнд ач холбогдол өгч, харгалзаж үзээгүй.

Мөн нэхэмжлэгчдийн гэрээнүүд нь зээлийн болон барьцааны гэрээний бүртгэлээс хойш үүссэн эрх зүйн харилцаа байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Тэд тухайн орон сууц, авто зогсоолыг бусдын гэрээний үүрэгт байгаа гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан. Зээлийн болон барьцааны гэрээний талуудын маргааны явцад мэдсэн бөгөөд өнөөдрийг хүртэл эрх, ашиг сонирхлоо хамгаалахаар бүх түвшин ажиллаж байна.

Шүүх хуралдааны явц, нотлох баримт, уур амьсгал нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “М с” ХХК, “У х б” ХХК-ийн хооронд болсон. Шүүх нэхэмжлэгчдийн эрх, ашиг сонирхлыг огт хүндэтгээгүй. Тэр дундаа Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын гэрээ, конвенцод иргэний эрхийг тэргүүн зэрэгт байлгаж, аливаа хэлбэрийн асуудалд ханддаг. Дээрх нэхэмжлэгчид байгаа нь орон сууц болон авто зогсоол. Гэтэл У х бинд 98 дугаар байр болон түүнд хамаарах 200 гаруй авто зогсоол байна.

...Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Ж-Ө” ХХК, “Р” ХХК, А.О, А.А нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч “Ж-Ө” ХХК, “Р” ХХК, А.О, А.А нараас Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун, Ар зайсангийн гудамж, 98 дугаар байрны 206 тоот, 3 өрөө 100.53 мкв орон сууц болон 1А-21 тоот авто зогсоолыг “Ж-Ө” ХХК-ийн, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун, Ар зайсангийн гудамж, 98 дугаар байрны 304 тоот, 4 өрөө 127.7 м.кв орон сууцыг “Р” ХХК-ийн, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Могул таун, Ар зайсангийн гудамж, 98 дугаар байрны 704 тоот, 4 өрөө, 127.7 м.кв орон сууц болон гг-05 тоот авто зогсоолыг А.О-ийн, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун, Ар зайсангийн гудамж, 98 дугаар байрны 301 тоот, 4 өрөө 132.22 м.кв орон сууцыг А.А-ийн нэр дээр бүртгэхгүй байгаа Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Гуравдагч этгээд “М с” ХХК-тай нэхэмжлэгч “Ж-Ө” ХХК нь 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 1а/15 дугаартай, “Р” ХХК нь 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1а/22 дугаартай, А.О нь 2011 оны 08 дугаар сарын 20-ны өдөр а/52 дугаартай, 2011 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 12/34 дугаартай, А.А нь 2011 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 1А/19 дугаартай, 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 12/38 дугаартай захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулж, захиалагчийн хөрөнгөөр орон сууц болон авто зогсоолуудын барилгын ажлыг гүйцэтгэхээр тохиролцсоны дагуу захиалагч буюу нэхэмжлэгч нар нь орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, улмаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/00821 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 637 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 001/ХТ2016/00621 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч нарыг маргаж буй үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоосон байна.

Хариуцагч улсын бүртгэлийн байгууллагаас “нэхэмжлэгч нарын өмчлөгчөөр бүртгүүлэхийг хүссэн орон сууц, авто зогсоолууд хамаарах барилга нь бүхэлдээ “М с” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй тул оногдох хэсэгт давхар гэрчилгээ олгох боломжгүй, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1/11612 дугаар албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, “М с” ХХК нь 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр “У х б” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд уг барилгыг барьцаалуулсан тул барьцаалагчийн зөвшөөрлийг авах шаардлагатай” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нарыг маргаж буй үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзжээ.

Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд, гуравдагч этгээд “М с” ХХК нь 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун, Ар зайсангийн гудамж 98-д байршилтай 3564 м.кв талбайтай, аялал жуучлалын зориулалттай, 30% гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018350 дугаарт, Ар зайсангийн гудамж Г97-д байршилтай, 2717 м.кв талбайтай, 95% гүйцэтгэлтэй дуусаагүй авто машины зогсоолыг үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018351 дугаарт тус тус бүртгүүлж, улмаар эдгээр үл хөдлөх эд хөрөнгийг ирээдүйд хийгдэх гүйцэтгэлийн хамт “У х б” ХХК-тай 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан ЗГ0001/110727 дугаартай зээлийн гэрээний барьцаанд барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар, 19.2-т эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээдээс зөвшөөрлийг заавал авсан байх, зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байхаар хуульчилжээ.

Хэдийгээр нэхэмжлэгч нар нь шүүхийн шийдвэрээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоогдсон, энэ нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т заасан эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэлд хамаарч байх хэдий ч мөн зүйлийн 19.2-т зааснаар эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч нарын нэр дээр өөрчлөн бүртгэхэд уг орон сууц, авто зогсоолыг барьцаалсан “У х б” ХХК-ийн зөвшөөрлийг зайлшгүй авах шаардлагатай.

Энэ тохиолдолд улсын бүртгэлийн байгууллага нэхэмжлэгч нарыг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж гэрчилгээ олгохыг хориглоно”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9-д “мэдүүлэгт дурдсан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол улсын бүртгэгч мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, буцаана” гэж заасантай нийцэж байх бөгөөд хариуцагчийн татгалзал хууль ёсны байна.

Тодруулбал, нэхэмжлэгч нарыг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр бүртгүүлэхээр мэдүүлэг гаргах үед “М с” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь “У х б” ХХК-д барьцаалсан барьцааны гэрээ бүртгэлтэй, уг бүртгэл хүчинтэй байхад барьцаалагч “У х б” ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр эрхийн улсын бүртгэлд өмчлөгчийг өөрчилж, өмчлөлийн зүйлийг нэхэмжлэгч “Ж-Ө” ХХК, “Р” ХХК, А.О, А.А нарын нэр дээр бүртгэх хууль зүйн боломжгүй.

Иймд “нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах тухай” нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн нэрийг буруу бичсэн байгааг залруулж, зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2017/0651 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад улсын бүртгэлийн тухай хуулийн...” гэснийг “...Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбайн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбайгаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

                ШҮҮГЧ                                                                       О.НОМУУЛИН

               ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН