Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 5

 

З.З-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулга, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 610 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 974 дүгээр магадлалтай, З.З-д холбогдох 1709019400352 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ял,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 6 жил хорих ялаар тус тус шийтгүүлж байсан Боржигин овогт З-ын З-.

З.З- нь 2017 оны 10 дугаар сарын 31-ээс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашааны 3-216 тоотод хохирогч Б.Э-“байрны түрээсийн мөнгө өгсөнгүй” гэсэн шалтгааны улмаас зодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх З.З-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.З-д 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.З-ын өмгөөлөгч Ж.Гантулгын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулга гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Магадлалд дор дурдсан үндэслэлээр гомдол гаргаж байна.

Нэг: Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч З.З- хохирогч Б.Э- биед хүндэвтэр хохирол учруулаагүй, хохирогч хэрэг үйл явдал болсон өдрийн өглөө 10 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 5 буудлын орчимд бусадтай маргалдан зодуулсан талаар гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ тогтвортой мэдүүлж ирсэн байдаг. Энэ нь хохирогч Б.Э- /хх-н 10-11 дүгээр тал/ мэдүүлэг, яллагдагч З.З-ын /хх-н 49-50 дүгээр тал/ мэдүүлгүүдэд авагдсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5-д заасан нөхцөл байдлыг тодруулахаар С, хохирогчЗ эхнэр Э.У нараас гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг хийлгүй мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна. Шүүгдэгч З.З-ын нэг удаагийн цохилтын улмаас хохирогчийн биеийн 6, 7 дугаар хавирга зөрүүгүй хугаралтай, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 гарын тохойн зулгаралт үүссэн шинжээчийн дүгнэлтэд заасан гэмтэл үүсэх боломжтой эсэхэд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт гаргалгүй шийдвэр гаргасан.

Хоёр: Шүүгдэгч З.З-д холбогдох хэрэг шүүхээр хэлэлцэх явцад хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хохирогч Б.Э-, гэрч, шинжээч эмч Г.Ч, гэрч Л.Э нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг шүүхэд өмгөөлөгч Ж.Гантулга гаргасныг хүлээн авч захирамж гаргасан. Гэтэл шүүгчийн захирамжийн биелэлтийг хангалгүй гэрч нарыг оролцуулалгүй хэргийг шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 1.7 дугаар зүйл, 16.2-д заасан хэргийн бодит байдал, эрүүгийн хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд тогтоогдоогүй байх тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гурав: Хэрэг үйл явдал 2017 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө болсон. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан шүүгдэгч З.З-д холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-д заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “З.З-ын үйлдсэн гэмт хэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон байна. Түүний хувьд хохирогч Б.Э-г өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь гэрч Л.Э, Л.О болон хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол, магадлал хүчин төгөлдөр болсон гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан гомдлыг үндэслэн З.З-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч З.З- нь 2017 оны 10 дугаар сарын 31-ээс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашааны 3-216 тоотод хохирогч Б.Э-тай “ согтуугаар чанга ярьж бусдын амгалан тайван байдлыг алдагдууллаа, байрны түрээсийн мөнгө өгсөнгүй” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч З.З-ын гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний ял шийтгэж шийдвэрлэхдээ холбогдох зүйл, заалтыг оновчтой зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба уг гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан 1 жилийн хугацаа буюу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул З.З-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 610 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 974 дүгээр магадлалд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар З.З-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулгын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                           ДАРГАЛАГЧ                                        Б.ЦОГТ

                                           ШҮҮГЧ                                                Б.БАТЦЭРЭН

                                                                Д.ГАНЗОРИГ

                                                              Ч.ХОСБАЯР

                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН