Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 974

 

   З.З-д холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

   прокурор П.Ганбаатар,

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 610 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.З-ын өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн З.З-д холбогдох эрүүгийн 1709019400352 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Б овогт  З.З, 1984 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ........................ тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:................./,

            Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 8 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг биечлэн эдэлж байгаад 2005 оны 6 дугаар сарын 10-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 6 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

            Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан;

            З.З нь 2017 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 1-нд шилжих шөнө ........... дүүргийн 13 дугаар хороо, .......... 3-216 тоотод хохирогч Б.Э-ыг “байрны түрээсийн мөнгө өгсөнгүй” гэх шалтгааны улмаас маргалдан зодож, зүүн талын 6-7 дугаар хавирганы далд хугарал, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр гарын тохойд зулгаралт бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: З.З-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: З.З-ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч З.З нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар З.З-д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч З.З-ын өмгөөлөгч Ж.Гантулга давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

    Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч З.З, хохирогч Б.Эын биед хүндэвтэр хохирол учруулаагүй, хохирогч хэрэг үйл явдал болсон өдрийн өглөө 10 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, 5 буудлын орчим бусадтай маргалдан зодуулсан талаар гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ тогтвортой мэдүүлж ирсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5 дахь заалтад заасан нөхцөл байдлыг тодруулахаар С, хохирогч Б.Э-ын эхнэр Э.У нараас гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг хийлгүй мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Шүүгдэгч З.З нэг удаагийн цохилтын улмаас хохирогчийн биеийн зүүн талын 6, 7 дугаар хавирга зөрүүгүй хугаралтай, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 гарын тохойн зулгаралт үүссэн ба шинжээчийн дүгнэлтэд заасан гэмтэл үүсэх боломжтой эсэхэд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй шийтгэх тогтоол гаргасан.

            Шүүгдэгч З.З-д холбогдох эрүүгийн хэрэг шүүхээр хэлэлцэх явцад хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хохирогч Б.Э, гэрч, шинжээч эмч Г.Ч, гэрч Л.Э нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг шүүхэд өмгөөлөгч миний бие гаргасныг хүлээн авч захирамж гаргасан. З.З-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгчийн захирамжийн биелэлтийг хангалгүй гэрч нарыг оролцуулалгүй хэргийг хянан шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

            З.З-д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7, 16.2 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдал, эрүүгийн хэрэгт нотолбол зохих ажиллагааг бүрэн гүйцэт явуулаагүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах хууль зүйн үндэслэлтэй байна. ...” гэжээ.

            Прокурор П.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Давж заалдах гомдолд С, Ууганцэцэг нараас мэдүүлэг аваагүй гэжээ. Хохирогчид учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан ба үүнийг шинжээчийг байцааж тодруулсан. З.З нь хохирогч Б.Эыг зодож, хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, шинжээчийг байцаасан тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүх хуралдааныг 2-3 удаа хойшлуулж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангах ажиллагаа хийгдсэн. З.З-д холбогдох хэргийг анхан шатны шүүх үндэслэл бүхий зөв дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч З.З нь хохирогч Б.Эыг “чимээ шуугиан гаргалаа, байрны түрээсийн мөнгө өгсөнгүй” гэх шалтгааны улмаас түрээслэн сууж буй Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 3-216 тоотод маргалдан зодож, зүүн талын 6-7 дугаар хавирганы далд хугарал, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр гарын тохойд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

Хохирогч Б.Э нь З.З-ын үйлдлийн улмаас бие махбодид нь хэрхэн гэмтэл учирсан талаараа “... Тэгээд шөнө 02 цагийн орчим гэртээ утсаар яриад байж байтал гаднаас байрны эзэн З.З орж ирээд “байрны мөнгөө өг” гэсэн. Би “маргааш танай байрнаас гарлаа” гэсэн чинь учир зүггүй зодоод эхэлсэн. ...” /хх 9/ гэж мэдүүлсэн байх бөгөөд хохирогчийн мэдүүлэг нь гэрч Л.Энхбаярын “... манай нөхөр Б.Э гэх залууг нэг удаа цээж хэсэгт нь цохисон. ...” /хх 19/, З.З яллагдагчаар “... Б.Э манай эхнэрийг түлхэж унагаасан болохоор би Б.Эын хэвлий хэсэгт жийж өшиглөсөн. ...” /хх 50/, хохирогчийн биед үзлэг хийж, дүгнэлт гаргасан шинжээч эмч Т.Чимэд-Очирын “... Б.Эын биед учирсан гэмтэл нь хэвлий цээж хэсэг рүү жийж өшиглөх үед үүсэх боломжтой. ...” гэсэн /хх 81/ мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Б.Эын биед зүүн талын 6,7-р хавирганы далд хугарал, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр гарын тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...” гэх 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 13732 дугаартай дүгнэлт /хх 22/ зэргээр нотлогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба прокуророос З.З-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор буюу 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирчээ.

Шүүгдэгч З.З-ын өмгөөлөгч Ж.Гантулгаас “... С, Э.Ууганцэцэг нарыг гэрчээр тогтоож мэдүүлэг аваагүй, мөн хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгчийн захирамжийн биелэлтийг хангаагүй, гэрч нарыг оролцуулаагүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хэрэг учрал болох үед хохирогч Б.Эын гэрт хохирогч болон шүүгдэгч З.З, шүүгдэгчийн эхнэр гэрч Л.Энхбаяр нар байсан. З.З нь Б.Эыг “утсаар чанга ярилаа” гэснээс үүдэн түрээсийн төлбөрийн талаар маргалдаж, улмаар шүүгдэгч З.З нь хохирогч Б.Эын хэвлий тус газар нь өшиглөсөн болох нь тогтоогдож байна.

Харин хохирогч Б.Э нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний орой найз Сын хамт гэртээ архи ууж байгаад С нь 22 цагийн үед явсан бөгөөд хэрэг болох үед С байгаагүй болох нь хохирогчийн “... 19 цагт манай гэрт найз С ирээд ... 22 цагийн үед гэртээ харихаар явсан. ...” гэсэн мэдүүлгээр нотлогдсон.

Мөн маргааш нь буюу 11 дүгээр сарын 1-ний өглөө Б.Э, З.З, С нар хохирогч Б.Эын эх Оюунцэцэгийн гэрт очихоор 5 буудал руу хамт явсан боловч Б.Э нь 5 буудалд явж байгаад бусдад зодуулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул С, Ууганцэцэг нарыг гэрчээр асуух шаардлагагүй байна.  

         Шүүгдэгч З.З-ын үйлдлийн улмаас хохирогч Б.Эын биед зүүн талын 6,7-р хавирганы далд хугарал, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр гарын тохойд зулгаралт гэмтэл үүссэн ба шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн биед учирсан гэмтэл хоёр шууд шалтгаант холбоотой гэж давж заалдах шатны шүүх үзэв.  

         Түүнчлэн шүүгдэгч З.З-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул давж заалдах гомдолд дурдсанаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий байдал тогтоогдоогүй, анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.З-ын өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.