Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 00003

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

 

 

 

                                                                             

М.Б-ийннэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Ё.Бямбацэрэн, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч М.Бат-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баасансүрэн нарыг оролцуулан хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1011 дүгээр шийдвэртэй,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

Нэхэмжлэгч: М.Б-ийннэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төрийн банкны Хөвсгөл салбарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 1,272,470 /нэг сая хоёр зуун далан хоёр мянга дөрвөн зуун дал/ төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг нөхөн тооцуулах тухай маргаантай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч М.Бшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...М.Бминий бие 2011 оноос эхлэн Төрийн банкны Хөвсгөл салбарт борлуулалт үйлчилгээний мэргэжилтэн, эдийн засагч, тооцооны төв хариуцсан менежерээр тус тус ажиллаж байсан юм. Гэтэл 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Б/186 дугаартай Төрийн банкны Хөвсгөл салбарын захирал Л.Дашцэрэнгийн тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн юм. Би уг тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байгаа юм. Учир нь: Уг тушаал дээр намайг ажлын байрны тодорхойлолтод заасан шат дараалсан хяналтыг хэрэгжүүлээгүй гэжээ. Би өөрийн хяналтыг хэрэгжүүлж байсан гэж үзэж байгаа юм.  

Иймд намайг Төрийн банкны Хөвсгөл салбарын тооцооны төв хариуцсан менежерийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Төрийн банкны Хөвсгөл салбараас гаргуулж, мөн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг нөхөн төлүүлж өгнө үү.

Шүүхэд нэхэмжлэл гаргах үед ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 1,272,470 төгрөг гаргуулах шаардлага гаргасан ба түүнээс хойш тодорхой хугацаа өнгөрсөн тул ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 2,615,604 төгрөг гаргуулахаар өөрчилж байна гэжээ.

Хариуцагч Төрийн банкны Хөвсгөл салбарын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Баасансүрэн шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...М.Бнь Төрийн банкны Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ, Ёс зүйн дүрэм болон холбогдох заавар, журмыг зөрчиж ажлын байрны тодорхойлолтын дагуу шат дараалсан хяналтыг хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас хариуцсан нэгж дээр ноцтой зөрчил гарсан. Нэхэмжлэгч тухайн тооцооны төвд хяналт тавьдаг хэдий ч тэр бүр хяналт тавьж ажиллах боломжгүй гэж тайлбарлаж байна. Энэ хүний ажлын байрны гол үүрэг нь тооцооны төвийг хянах ямар нэгэн зөрчил гарахаас урьдчилан сэргийлж ажиллах юм. Касс илүүдсэн 20,000 төгрөг харилцагчийг хохироогоогүй нь байх ёстой зүйл гээд байгаа юм. Ажлын байраа түр орхих үед үйлдлийн программд нэвтрэх нэр, нууц үгээ бусдад дамжуулж огт болохгүй. Гэтэл теллерүүд хоорондоо дамжуулж гүйлгээ хийдэг байсан ба үүнийгээ хүлээн зөвшөөрч дээрх ажилтнууд хариуцлагаа хүлээсэн байгаа. Мөн ашиглангийн чанартай үйлдэл илэрсэн. Гаргасан алдаа дутагдлыг үндэслэн М.Б-ийнгаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1011 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар М.Бат-Эрдэнийг Төрийн банкны Хөвсгөл салбарын Тооцооны төв хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Төрийн банкны Хөвсгөл салбараас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2,615,604 /хоёр сая зургаан зуун арван таван мянга зургаан зуун дөрөв/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Бат-Эрдэнэд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч М.Бат-Эрдэний ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Төрийн банкны Хөвсгөл салбарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,089 /гучин мянга наян ес/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж түүнд олгох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Төрийн банкны Хөвсгөл салбараас улсын тэмдэгтийн хураамжид 127,000 /нэг зуун хорин долоон мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч Төрийн банкны Хөвсгөл салбарын захирал Л.Дашцэрэн давж заалдах гомдолдоо: ... Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт болох ажил олгогчийн гаргасан 2019 оны 9 дүгээр сарын Б/186 дугаар тушаал болон бусад нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3-т заасныг баримтлан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлээгүй талаар:

1. Нэхэмжлэгч М.Бнь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын дагуу шат дараалсан хяналтыг чанартай хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас 2019 оны 5 дугаар сард Арбулаг тооцооны төвийн ахлах теллер Д.Галбадрах нь 9 удаагийн үйлдлээр харилцагчдад мэдэгдэлгүй 48,704,600 төгрөгийг өөрийн албан тушаалаа урвуулан бусдын данснаас авч ашигласан. Хариуцсан нэгж Арбулаг тооцооны төвд ашиглангийн шинж чанартай энэхүү үйлдэлд хяналт тавьж ажиллаагүйн улмаас 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Б/186 гоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан. Мөн хариуцсан нэгж болох “Хөвсгөл салбарын харъяа Мөрөн-2” тооцооны төвийн захирал Б.Бямбасүрэн, теллер, ахлах теллер М.Баянжаргал, теллер Б.Мөнгөнбаясгалан, Б.Уянга, С.Болортуяа нар нь “Хөдөлмөрийн дотоод журам” болон “Теллерийн системийн багц журам”-ын холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн. “Хөвсгөл салбарын харъяа Галт” Тооцооны төвийн захирал Т.Баяржаргал нь харилцагчтай санхүүгийн харилцаанд орсонд хяналт тавьж ажиллаагүй тул 2019 оны 9 дүгээр сарын 11-ний Б/186 тоот тушаалаар ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн. Дээрх зөрчил нь Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.5, 7.4.20, 7.4.31 зүйлд заасан үндэслэлд хамаарч байгаа тул ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн дотоод журамд заасан зүйл, заалтуудыг баримталсан байхад шүүх уг нотлох баримтанд үнэлэлт дүгнэлт өгөөгүй атлаа ажил олгогчийн гаргасан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд хуулийн шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт хийсэн байна. Хэрэв ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн хуулийг баримтлаагүй бол уг тушаал нь эрх зүйн акт болж чадахгүй. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу ажил олгогч өөрийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.5-д заасан аль нэг үндэслэлүүдийг баримталж байхыг хуульчилсан байдаг. Гэтэл Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д заасан үндэслэлээр гаргасан ажил олгогчийн гаргасан тушаалыг хуульд заасан журмын дагуу нотлох баримтанд үнэлж дүгнэлт хийж чадаагүй байна.

1.2. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч М.Б-ийнгаргасан зөрчил нь ажил олгогчийн гаргасан тушаалаар тогтоогдож байна гэсэн дүгнэлт хийсэн боловч хуулийн шаардлага хангаагүй гэж үзсэн нь ямар баримтыг үндэслэсэн нь тодорхой бус байна.

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй талаар:

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан зөрчил гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар заасан ба ажилтан М.Бат-Эрдэнэтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох зөрчлүүдийг нэг бүрчлэн тодорхой заасан байхад шүүх “...ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулсан, бизнесийн болон ажил хэргийн нэр хүндийг гутаах зэргээр түүний эрх ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагавар бий болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт харш үйлдэл, эс үйлдэхүй байна гэж ойлгох бөгөөд нэхэмжлэгчийн буруугаас ажил олгогчид ямар нэг хохирол учруулсан болох нь тодорхойгүй, нотлох баримтаар тогтоогдоогүй” гэсэн дүгнэлт хийсэн нь дээрх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

2.2. Банкны ажилтан нь бусад байгууллагын ажилтан нараас ажлын хариуцлага өндөр, банкны харилцагч нарын эрх ашгийг хамгаалахын тулд хөдөлмөрийн гэрээг шууд дуусгавар болох зөрчлүүд олон, уг зөрчлүүдийг нэг бүрчлэн Хөдөлмөрийн гэрээнд тусгайлан зааж өгдөг, үүнийг ч тухайн ажилтан өөрсдөө сайн ойлгож зөвшөөрсөн байдаг. Манай банкны Хөдөлмөрийн дотоод журам болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь Банкны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй ба энэ талаар нэхэмжлэгч ямар нэг маргаан үүсгээгүй байгааг шүүх анхаарч үзэлгүйгээр нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч М.Бнь хариуцагч Төрийн банкны Хөвсгөл салбарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баасансүрэн нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч М.Бнь Төрийн банкны хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ёс зүйн дүрэм болон холбогдох заавар журмыг зөрчиж, ажлын байрны тодорхойлолтын дагуу шат дараалсан хяналтыг хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас хариуцсан нэгж дээр ноцтой зөрчил гаргасан. Мөн ашиглангийн шинж чанартай үйлдэл илэрсэн. Сахилгын шийтгэлийг давтан гаргасан тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэж маргажээ.

            М.Бнь 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулан Төрийн банкны Хөвсгөл салбарын тооцооны төв хариуцсан менежерээр ажиллаж байгаад 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Б/186 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, Төрийн банкны Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.16.3, 5.28.2, 5.28.3, 5.28.17, 5.28.30 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.5, 7.4.20, 7.4.31 дэх заалт, Салбарын захирлын зөвлөлийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 54 тоот хурлын тэмдэглэл зэргийг үндэслэл болгон үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

            Анхан шатны шүүх нэхэмжлэгч М.Бат-Эрдэнийг ажлаас халсан үндэслэлийг хариуцагч ажлын байрны тодорхойлолтын дагуу ажиллаагүй гэсэн байх боловч, ажил олгогчоос гаргасан дүрэм, журам, зааварт тусгагдсан ажлын байрны тогтоосон горим, журмыг ажилтан ноцтой байдлаар зөрчсөн ч тухайн актыг хөдөлмөрийн гэрээтэй адилтган үзэх боломжгүй,  ажил олгогчийн нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажлын байрны тодорхойлолтод заасан заалтыг зөрчвөл ноцтой зөрчилд тооцохоор тусгаагүй ба ажилтан шат дараалсан ямар хяналтыг хэрхэн хэрэгжүүлж ажиллах эсэх нь ойлгомжгүй, шат дараалан хэрэгжүүлэх хяналтын тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заагаагүй нь Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчилд хамаарахгүй гэж үзсэн нь үндэслэл бүхий болжээ.

            Өөрөөр хэлбэл М.Б-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4-д заасан ноцтой зөрчлүүдэд “ажлын байрны тодорхойлолтын дагуу шат дараалсан хяналтыг хэрэгжүүлээгүйн улмаас хариуцсан нэгж дээр ноцтой зөрчил гаргасан зөрчил”-ийг ноцтой зөрчилд тооцохоор нэрлэн заагаагүй тул энэ үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хариуцагч цуцлах үндэслэлгүй.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ашиглангийн шинжтэй үйлдэл илэрсэн. Сахилгын шийтгэлийг давтан гаргасан гэсэн тайлбар нь нотлох баримтаар нотлогдоогүй, ойлгомжгүй байна.

Ажлаас халагдсан ажилтан ажилгүй байсан бүх хугацааны цалинг хариуцагч байгууллагаас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж өөрийн эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд ханддаг бөгөөд М.Б-ийнтухайд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2,615,604 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн хэмжээгээр шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

Иймд нэхэмжлэгч М.Б-ийг Төрийн банкны Хөвсгөл салбарын Тооцооны төв хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2,615,604 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч М.Б-ийнажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалттай нийцжээ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1011 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

      

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.СОСОРБАРАМ

                                 ШҮҮГЧИД                                  Ё.БЯМБАЦЭРЭН

                                                                                    Н.БАЯРХҮҮ