Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2020/00517

 

М.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 155/ШШ2019/01011 дугаар шийдвэртэй,

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 03 дугаар магадлалтай,

М.Б-ийн нэхэмжлэлтэй,

Т Б ХХК-ийн Хөвсгөл салбарт холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, А.Э, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие 2011 оноос эхлэн Т Бны Хөвсгөл салбарт борлуулалт үйлчилгээний мэргэжилтэн, эдийн засагч, тооцооны төв хариуцсан менежерээр тус тус ажиллаж байсан. Гэтэл 2019 оны 09 сарын 11-ний өдрийн Б/186 дугаартай Т Бны Хөвсгөл салбарын захирал Л.Дашцэрэнгийн тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн. Уг тушаал дээр намайг ажлын байрны тодорхойлолтод заасан шат дараалсан хяналтыг хэрэгжүүлээгүй гэжээ. Би өөрийн хяналтыг хэрэгжүүлж байсан гэж үзэж байгаа юм. Иймд намайг Т Бны Хөвсгөл салбарын тооцооны төв хариуцсан менежерийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Т Бны Хөвсгөл салбараас гаргуулж, мөн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг нөхөн төлүүлж өгнө үү. Шүүхэд нэхэмжлэл гаргах үед ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 1.272.470 төгрөг гаргуулах шаардлага гаргасан ба түүнээс хойш тодорхой хугацаа өнгөрсөн тул ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 2.615.604 төгрөг гаргуулахаар өөрчилж байна гэжээ.

Хариуцагч Т Бны Хөвсгөл салбарын төлөөлөгч Л.Б-гийн шүүхэд гаргасан тайлбарт: ...М.Б-э нь Т Бны Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ, Ёс зүйн дүрэм болон холбогдох заавар, журмыг зөрчиж ажлын байрны тодорхойлолтын дагуу шат дараалсан хяналтыг хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас хариуцсан нэгж дээр ноцтой зөрчил гарсан. Энэ хүний ажлын байрны гол үүрэг нь тооцооны төвийг хянах ямар нэгэн зөрчил гарахаас урьдчилан сэргийлж ажиллах юм. Касс илүүдсэн 20.000 төгрөг харилцагчийг хохироогоогүй нь байх ёстой зүйл гээд байгаа юм. Ажлын байраа түр орхих үед үйлдлийн программд нэвтрэх нэр, нууц үгээ бусдад дамжуулж огт болохгүй. Гэтэл теллерүүд хоорондоо дамжуулж гүйлгээ хийдэг байсан ба үүнийгээ хүлээн зөвшөөрч дээрх ажилтнууд хариуцлагаа хүлээсэн байгаа. Мөн сахилгын зөрчлийг давтан гаргасан тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Гаргасан алдаа дутагдлыг үндэслэн М.Б-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 155/ШШ2019/01011 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар М.Б-ийг Т Бны Хөвсгөл салбарын Тооцооны төв хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Т Бны Хөвсгөл салбараас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2.615.604 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Б-эд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч М.Б-ий ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Т Бны Хөвсгөл салбарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,089 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж түүнд олгох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Т Бны Хөвсгөл салбараас улсын тэмдэгтийн хураамжид 127,000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 03 дугаар магадлалаар хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1011 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч Л.Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт болох ажил олгогчийн гаргасан 2019 оны 09 сарын 11-ний өдрийн Б/186 дугаар тушаал болон бусад нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3-т заасныг баримтлан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эргэлзээгүй талаас үнэлж чадаагүй. Нэхэмжлэгч М.Б-э нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын дагуу шат дараалласан хяналтыг хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас 2019 оны 05 сард Арбулаг тооцооны төвийн ахлах теллер Д.Галбадрах нь 9 удаагийн үйлдлээр харилцагчдад мэдэгдэлгүй 48.704.600 төгрөгийг өөрийн албан тушаалаа урвуулан бусдын данснаас авч ашигласан бөгөөд энэ талаар Тооцооны төв хариуцсан менежер Г.Жамбалгаравын “Ар булаг” тооцооны төвд ажиллах үеэр илрүүлж шалгалтын тайландаа дурдсан. Уг үйлдэлд нь 2019 оны 08 сарын 26-ны өдрийн Б/186 тоот тушаалаар үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулж байсан. Дээрх зөрчлийн дараагаар хариуцсан нэгж болох Хөвсгөл салбарын харъяа Мөрөн-2 тооцооны төвийн захирал Б.Бямбасүрэн мөн теллер, ахлах теллер М.Баянжаргал, теллер Б.Мөнгөнбаясгалан, Б.Уянга, С.Болортуяа нар нь Хөдөлмөрийн дотоод журам болон Теллерийн системийн багц журмын холбогдох заалтуудыг зөрчиж ноцтой зөрчил гаргасан. Хөвсгөл салбарын харъяа Галт тооцооны төвийн захирал Т.Баяржаргал нь харилцагчтай санхүүгийн харилцаанд орсонд хяналт тавьж ажиллаагүй тул М.Б-ийг 2019 оны 09 сарын 11-ний Б/186 тоот тушаалаар ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн. Дээрх зөрчлүүд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсэгт заасан сахилгын зөрчил давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгох ноцтой зөрчил бөгөөд Т Бны Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.5, 7.4.20, 7.4.31 зүйлд заасан үндэслэлд хамаарч байгаа. Иймд ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн дотоод журамд заасан зүйл, заалтуудыг баримталсан байхад шүүх нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь ноцтой зөрчил биш гэж дүгнэсэн. Шүүхийн шийдвэрт М.Б-ийн гаргасан зөрчил нь ажил олгогчийн гаргасан тушаалаар тогтоогдож байна гэсэн дүгнэлт хийсэн боловч хуулийн шаардлага хангаагүй гэж үзсэн нь ямар баримтыг үндэслэсэн нь тодорхой бус байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил” гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар заасан ба М.Б-этэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлд 7.4.1-7.4.31-д Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох зөрчлүүдийг нэг бүрчлэн тодорхой заасан. Ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулсан, бизнесийн болон ажил хэргийн нэр хүндийг гутаах зэргээр түүний эрх ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагавар бий болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт харш үйлдэл, эс үйлдэхүй зэргийг ойлгох бөгөөд шүүхийн зүгээс эдгээр шинжүүдээс зөвхөн сөрөг үр дагавар бий болгосон гэх хэсэгт ач холбогдол өгч нэхэмжлэгчийн буруугаас ажил олгогчид ямар нэг хохирол учруулсан болох нь тодорхойгүй, нотлох баримтаар тогтоогдоогүй гэсэн дүгнэлт хийж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Хэдийгээр ноцтой зөрчил гэж ажил олгогчид сөрөг үр дагавар бий болгосон үйлдлийг ойлгох боловч ажил мэргэжлийн онцлогоос хамааран талууд ямар үйлдлүүд нь ноцтой зөрчил болох талаар гэрээгээр харилцан тохиролцож Хөдөлмөрийн гэрээнд тухайлан нэрлэн заасан болно. Нэхэмжлэгчийн гаргасан ноцтой зөрчлүүд нь түүний Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт харшлахуйц үйлдлүүд бөгөөд нэхэмжлэгч нь хариуцан ажиллаж буй нэгжүүдэд хяналт тавих үүрэг бүхий этгээдийн хувьд хяналт тавьж ажиллаагүй нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил байхад шүүх үүнийг дутуу үнэлсэн. Банкны ажилтан нь бусад байгууллагын ажилтан нараас ажлын хариуцлага өндөр, банкны харилцагч нарын эрх ашгийг хамгаалахын тулд хөдөлмөрийн гэрээг шууд дуусгавар болох зөрчлүүд олон, уг зөрчлүүдийг нэг бүрчлэн Хөдөлмөрийн гэрээнд тусгайлан зааж өгдөг, үүнийг ч тухайн ажилтан өөрсдөө сайн ойлгож зөвшөөрсөн байдаг. Иймд шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

М.Б-э, Т Б ХХК-ийн Хөвсгөл салбарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, “...М.Б-э хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан” гэж маргасан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангасан ба шийдвэр, магадлалд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хооронд үүссэн маргааны зүйлийг тодорхойлж, нэхэмжлэгчийг ажлаас халсан хууль зүйн үндэслэлийн талаар Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн дүгнэжээ.

Нэхэмжлэгч М.Б-э Т Б ХХК-ийн Хөвсгөл салбарын тооцооны төв хариуцсан менежерийн ажлыг эрхэлж байгаад тус банкны захирлын 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/186 тоот тушаалаар ажлаас халагджээ.

Ажил олгогч санаачилж нэхэмжлэгчийг ажлаас халахдаа, М.Б-э ажлын байрны тодорхойлолтын дагуу шат дараалсан хяналтыг хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас хариуцсан нэгж болох Хөвсгөл салбарын харъяа Мөрөн-2, Галт тооцооны төвүүдийн ажилтнууд ноцтой зөрчил гаргасан гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, байгууллагын дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.16.3, 5.28.2, 5.28.3, 5.28.17, 5.28.30 дахь заалт, хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.5, 7.4.20, 7.4.31 дэх заалт, салбарын захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлүүдийг баримталсан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа “...ажилтан шат дараалсан ямар хяналтыг хэрхэн хэрэгжүүлж ажиллах эсэх нь ойлгомжгүй, шат дараалан хэрэгжүүлэх хяналтын тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заагаагүй байна...” гэсэн дүгнэлтийг хийсэн бөгөөд давж заалдах шатны шүүх дээрх дүгнэлтийг зөв гэж үзсэн байна.

Ажил олгогчийн Б/186 тоот тушаалд дурдаж буй хөдөлмөрийн гэрээний 7.4.5-д “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 1 жилд хоёр удаа гаргасан”, 7.4.20-д “ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргээ 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй, 7.4.31-д “ажилтны үйлдсэн зөрчил, ашиглан залилангийн үйлдэлд хяналт хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий албан тушаалтан нь банкны холбогдох дүрэм, журам, зааврын дагуу тухайн ажилтны ажил, үүрэгт шат дараалсан хяналт тавиагүй, хяналт хэрэгжүүлээгүйгээс банкинд эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн болон үүсэх нөхцөл байдал бий болсон нь дотоод хяналт, шалгалтаар тогтоогдсон” гэх нөхцлүүд тусгагджээ.

Нэхэмжлэгч М.Б-ийн ажлын байрны тодорхойлолтод тэрээр тооцооны төвүүдийн үйл ажиллагааг үр ашигтай явуулах, хууль тогтоомж, заавар журмын хүрээнд шуурхай удирдлагаар хангаж, өдөр тутмын үйл ажиллагаанд зайны болон биечилсэн хяналтыг тавих үүрэг, хариуцсан тооцооны төвүүдэд нэг нэгжид жилд 3-с доошгүй удаа очиж ажиллах, гэнэтийн шалгалтыг жилд 2-с доошгүй удаа явуулах үүргийг хүлээжээ.

Дээр дурдснаар нэхэмжлэгч М.Б-э хариуцсан тооцооны төвд хяналт шалгалт хийх үүрэгтэй боловч тухайн шалгалтыг хэзээ, хэрхэн хийх талаар заавар, журам хэрэгт авагдаагүй байна. Иймээс хяналт шалгалтыг шат дараалан хэрэгжүүлэн ажиллаагүй гэх тайлбараа хариуцагч тодорхой баримтаар нэрлэн зааж нотлоогүй тул нэхэмжлэгчийг ноцтой зөрчил гаргасан гэж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлгүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Иймээс хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 155/ШШ2019/01011 дугаар шийдвэр, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 03 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч Т Б ХХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ