Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
Хэргийн индекс | 128/2017/0023/З |
Дугаар | 128/ШШ2018/0093 |
Огноо | 2018-02-13 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 128/ШШ2018/0093
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, шүүгч Б.Адъяасүрэн, шүүгч О.Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин, иргэдийн төлөөлөгч Т.У******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Иргэн М.О************ын нэхэмжлэлтэй,
Хаяг: Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, Дунд голын ** дүгээр байр 1** тоот.
Хариуцагч: Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргад холбогдох,
Хаяг: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Ц.Жигжиджавын гудамж 7/1, Хангарьд ордон.
Нэхэмжлэлийн шаардлага: 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/***дүгээр тушаалыг хүчингүй болгож, мэргэшлийн дагуу урьд эрхэлж байсантай адил чанарын албан тушаал болох аль нэг дүүргийн газрын албаны төлбөрийн байцаагч /ТЗ-5-2 ангилал, зэрэглэлийн/-ын албан тушаалд томилохыг Нийслэлийн Газрын албанд даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.О************, түүний өмгөөлөгч Б.А*******, хариуцагч Нийслэлийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч , А.Ган-Эрдэнэ нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.О************ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие Нийслэлийн Газрын албаны даргын 2007 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ** дугаар тушаалаар Багануур дүүргийн Өмч, газрын албанд нягтлан бодогч, бичиг хэргийн эрхлэгчээр 2008 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1*** дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн Газрын албанд архивч, бичиг хэргийн эрхлэгчээр тус тус томилогдож ажиллаж байгаад 2009 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ажлаас халагдаж Монгол Улсын Дээд шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 6*** дугаар тогтоолоор ажилд нь эгүүлэн тогтоогдож Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/167 дугаар тушаалаар Баянгол дүүргийн Өмч, газрын албанд архив, бичиг хэргийн эрхлэгчээр, 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/2*** дугаар тушаалаар Баянзүрх дүүргийн Өмч, газрын албанд төлбөрийн байцаагчаар томилогдон ажилласан. 2014 онд Баянзүрх дүүргийн Өмч, газрын албаны төлбөрийн байцаагчаар ажиллаж байхдаа төрийн албаны шалгалт өгч тэнцэн, тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч юм.
2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр жирэмсний амралтаа авсан хэдий ч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусаагүй байхдаа ажилдаа орох хүсэлт гаргахад өмнөх ажилд маань эгүүлэн томилохгүйгээр, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/0* дугаар тушаалаар М.О************ намайг Сүхбаатар дүүргийн Өмч, газрын албанд төлбөрийн байцаагчаар томилсон бөгөөд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/1** дугаар тушаалаар Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв Драгон салбарт төлбөрийн байцаагчийн албан тушаалд томилогдон ажилласан.
Гэтэл Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/***дүгээр тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсэг, Төрийн албан тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг үндэслэн намайг ажлаас чөлөөлсөн. Миний бие энэ албан тушаалд ажиллах явцад хөдөлмөрийн болон сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Мөн бэлэн мөнгөний болон эд хөрөнгийн дутагдал огт гаргаж байгаагүй. Миний хүүхэд одоогийн байдлаар 1 нас 03 сартай тул энэ тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.2 дахь заалтуудыг зөрчсөн байх тул Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/***дүгээр тушаалыг хүчингүй болгож, намайг ажилд эгүүлэн авч ажилгүй байх хугацааны цалинг /сарын үндсэн цалин 540 033 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 5 хувиар зэрэг дэвийн нэмэгдлийг 15 хувиар тооцон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч М.О************ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Би анх 2007 онд Газрын албанд орсон. Орсноосоо хойш төрийн албаны шалгалтыг хоёр ч удаа өгсөн. Анх 2008 онд Нийслэлийн Газрын албаны төлбөрийн байцаагч гэсэн албан тушаал дээр төрийн албаны шалгалт өгсөн. Тангараг өргөөгүй. Хоёр дахь шалгалтаа 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлал яаманд сав газрын захиргааны албан хаагч, дарга гэсэн албан тушаал дээр ТЗ-8 ангиллаар өгсөн.
Баянзүрх дүүргийн Өмч, газрын албанд төлбөрийн байцаагч байхдаа, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Баянзүрх дүүргийн Өмч, харилцааны газрын төлбөрийн байцаагч гэсэн албан тушаалд дээр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн. Хөдөлмөрийн тухай хууль 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар дээр 0-3 насны хүүхэдтэй ажилтныг халах, сэлгэн ажиллуулах... зэргийг хуулиар хориглосон байдаг.
Одоо эргэж томилуулах нь Нийслэлийн Газрын албаны аль нэг дүүрэгт газрын төлбөрийн байцаагчийн чиг үүргээ хэрэгжүүлж ТЗ-5-2 ангиллаар ажиллах хүсэлтэй байгаа. гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Нэхэмжлэгч М.О************ыг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/***тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 болон ажлын албаны бүтцийг шинэчлэн баталсантай холбогдуулан гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Нэхэмжлэгч нь 2007 оноос хойш нийт 9 жилийн хугацаанд дүүргийн газрын алба, Нийслэлийн Газрын албанд ажиллаж байсан ба энэ хугацаандаа ямар нэгэн сахилгын шийтгэл авч байгаагүй. Үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж байсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харагдаж байгаа. Мөн хариуцагчаас нэхэмжлэгчийг ажил үүргээ ямар нэг байдлаар хангалтгүй хийж байсан гэсэн тайлбар байхгүй байна.
Үндэслэл болгож байгаа Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасныг баримтлан бүтцийн өөрчлөлт оруулсантай холбогдуулан гэсэн байдаг.
Гэтэл бүтцийн өөрчлөлт орсон тохиолдолд тухайн орон тоо нь цөөрсөн тохиолдолд нийт ажилчдад шалгаруулалт явуулаад, тухайн ажлын байрны
шаардлагыг аль илүү хангаж байгааг нь үргэлжлүүлээд ажиллуулна гэсэн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалт байдаг. Гэтэл энэ заалтыг хэрэгжүүлээгүй байна.
Иймд Хариуцагчийн тушаал нь хууль зөрчиж гарсан гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт 0-3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг хоёр тохиолдлоос бусад тохиолдолд чөлөөлөхийг хориглосон байдаг. Гэтэл М.О************ нь 2015 онд хүүхэдтэй болсон. Маргаан бүхий тушаал гарахад тухайн хүүхэд нь 3 нас ч хүрээгүй байсан. Энэ талаар хариуцагчаас ямар нэг дүгнэлт хийлгүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг зөрчөөд дээрх тушаал гарсан.
Мөн түүнчлэн маргаан бүхий актыг хариуцагч тал сонсох ажиллагаа хийгдсэн гэдэг боловч Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагаа гэдэг нь тухайн актын улмаас эрх ашиг нь хөндөгдөх этгээдэд энэ талаар мэдэгдээд хариу тайлбар гаргах боломжийг нь олгох ажиллагаа байдаг. Гэтэл хариуцагчийн хэлээд байгаа мэдэгдэл гэдэг нь М.О************ гэдэг хүний эрх ингэж хөндөгдөх гэж байна хариу тайлбар баримт байна уу, гэдэг агуулга байхгүй байсан. Иймд сонсох ажиллагаа хийгдээгүй гэж үзэж байна.
Учир нь ийм үйл ажиллагаа тэдэн цагт болно гэсэн байснаас, яг энэ үйл ажиллагаа болсон гэж үзэхгүй байна. Мөн маргаан бүхий Б/***тушаалаар М.О************ыг чөлөөлсөн тушаалын үндэслэл нь бүтцийн өөрчлөлт, газрын чиг үүрэгтэй холбоотой албан хаагчдыг шилжүүлж байна гэсэн. Гэтэл Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын Б/***дүгээр тушаалаараа М.О************ыг чөлөөлсний дараа Б/356 тушаалаар албан хаагчдыг нь цалингийн сан, техник тоног төхөөрөмжийн хамт Газрын албанд шилжүүлье гэсэн байдаг нь М.О************ыг үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гэдгийг нотолж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг зөрчиж ажлаас чөлөөлсөн нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээгээр тогтоогдож байгаа. Төрийн албаны тухай хуулийн 27.2 дахь заалтад зааснаар Төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэлт баталгаа нь М.О************ын хувьд зөрчигдсөн. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1,-т энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх баталгааг эдэлнэ гэсэн байдаг.
Маргаан бүхий акт нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д заасныг баримталсан нь төрийн албан хаагчийг чөлөөлөх үндэслэл биш нэмэлт баталгаа гэдэг нь Төрийн албаны хуулиас харагдаж байгаа. Энэ үйл явцыг хариуцагч талаас тайлбарлаж байсан. Бүх албан хаагчийг шилжүүлээд дараа нь сонгон шалгаруулалт явуулах байсан гэхдээ энэ үйл явц болоогүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Бүгд шилжиж очоогүй гэдгийг Нийслэлийн Газрын албанаас хүлээн зөвшөөрсөн байдаг. Төрийн албан хаагчаар ажиллаж байсан М.О************ын эрхийг Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэлүүдийг зөрчөөд чөлөөлсөн байгаа учраас энэ тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Захиргааны акт хүчингүй болох нь тогтоогдсон тохиолдолд Нийслэлийн Өмчийн харилцааны газраас М.О************ын хэрэгжүүлж байсан чиг үүрэг нь Нийслэлийн Газрын албанд очсон байгаа учраас дүүргийн Газрын албанд хуучин эрхэлж байсан төлбөрийн байцаагчийн албан тушаалд томилогдсоноороо нэхэмжлэгчийн эрх сэргээгдэх юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна. гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун шүүхэд гаргасан тайлбартаа:
...Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 8 дугаар тогтоолоор Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Газрын албыг бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийн тус тусын чиг үүргийн чиглэлээр ажиллуулахаар шийдвэрлэж, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн А/6**дугаар захирамжаар Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хэрэгжүүлж байсан чиг үүргээс газрын харилцаатай холбогдох чиг үүргийг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Газрын албанд шилжүүлэх ажлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргад даалгасан байдаг. Тогтоол, захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/3***дүгээр тушаалаар Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хэрэгжүүлж байсан чиг үүргээс газрын харилцаатай холбоотой чиг үүргийг хэрэгжүүлж байсан нэгж, албан хаагчдыг цалингийн сан, техник, тоног төхөөрөмж, эд хөрөнгийн хамт Нийслэлийн Газрын албанд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын тушаалаар төрийн жинхэнэ албан хаагчийн орон тооноос халагдсан.
Өмнө нь Нэгдсэн үйлчилгээний төвд хуучин нэрээр Нийслэлийн Өмчийн харилцааны газрын чиг үүргээр ажиллуулж байсан хүний орон тоо нь батлагдсан орон тооноос их байсан. 47 албан хаагчийг нэгдсэн 3 үйлчилгээний төвд тухайн үеийн Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын тушаалаар томилж, ажил үүргийг нь гүйцэтгэж байсан ч нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр одоо байхгүй. Үйлчилгээний нэгдсэн 3 төв нь Нийслэлийн Өмчийн харилцааны газар гэж байхад ТЗ ангилалд хамаардаг байсан ч одоо тэдгээр ажлыг гэрээний үндсэн дээр ажиллаж буй гэрээт ажилчдаар гүйцэтгүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу гэрээт ажилчдаар гүйцэтгүүлж байна. Тодруулбал, Нийслэлийн Газрын албаны дүрэм болон Газрын албаны төсвийг баталж орон тооны дээд хязгаар нь 178 ажилтан, албан хаагчтай байхаар тогтоосон бөгөөд үүнтэй холбогдуулаад өнөөдрийн байдлаар Драгон буюу Мишээл, Дүнжингарав төвүүдэд ажиллах орон тоог 24 гэрээт ажилтан байхаар өөрчилсөн байгаа. Энэ 24 гэрээт ажилтантай Иргэний хуулийн дагуу Хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.
Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын тушаал гаргахаас өмнө Засгийн газрын 08 дугаар тогтоол буюу Нийслэлийн Засаг даргын А/6**дугаар актыг хэрэгжүүлэхэд Захиргааны ерөнхий хууль мөрдөгдөж эхэлсэн бөгөөд үүнтэй холбогдуулаад Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга нь бүтэц хийхээс өмнө хуульд заасан сонсох зэрэг ажиллагаануудыг хийсэн бөгөөд нотлох баримт нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ярихдаа баталгаагаар хангагдах талаар ярьж байна. Баталгааны талаар хуульд зохицуулж өгсөн байдаг. Хэрэв бүтэц орон тоо хасагдсан байвал түүнтэй тэнцэх хэмжээний цалин өгч байгаа нь төрийн албаны баталгаатай ажил юм. Энэ ажиллагаанууд нь хууль тогтоомжийн дагуу явагдсан. Шүүхийн ажиллагаа эхлэхээс өмнө ямарваа нэгэн эвлэрүүлэх ажлыг хангах үүрэгтэй гэдэг утгаар саналыг нь авахад ажилгүй байсан хугацааны цалин авна гэдэг. Нийслэлийн Газрын алба өнөөдөр бүтэц орон тооноос дээгүүр хүмүүс аваад, төсөвт тусгаагүй мөнгийг хэрхэн өгөх ёстой вэ гэдэг асуудал яригдана. Тэгэхээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:
...Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Б/***тушаал гарахаас өмнө ямар арга хэмжээ авагдсан талаар ярих нь зүйтэй гэж бодож байна.
Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/635 захирамж гарсан. Энэ захирамж нь Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд зарим агентлагийн зохион байгуулалт, бүтэц орон тооны хязгаарыг баталсан. Тухайн захирамж нь Засгийн газрын тогтоолыг үндэслэсэн байдаг. Засгийн газрын тогтоолоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын агентлагуудын орон тоог баталсан тогтоолыг гаргаж өгсөн байдаг. Тухайн захирамжийн дагуу Нийслэлийн Засаг дарга захирамж гараад Нийслэлийн Газрын албаны эрхэлж байсан чиг үүргийг Нийслэлийн Газрын алба гэдэг тусдаа агентлагийг бий болгосон. Энэ агентлагийг бий болгохдоо 9 дүүрэг Нийслэлийн Газрын албаны нийт албан хаагчдын орон тооны дээд хязгаарыг батлахдаа 178 хүний орон тоог баталсан байдаг.
Нийслэлийн Засаг даргын захирамжийг үндэслээд Нийслэлийн Өмчийн харилцааны газраас Газрын албаны эрхэлж байсан үйл ажиллагааг Нийслэлийн Газрын албанд шинээр байгуулсантай холбогдуулаад нийт албан хаагчдыг чөлөөлсөн байдаг. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын тушаал гарсан талаар шүүгч асууж байна. Нийт албан хаагч болгон дээр тушаал гарсан уу гэж асууж байна. Нийт албан хаагч дээр тус тусад нь гаргасан. Тушаал гарахаас өмнө Нийслэлийн Өмчийн харилцааны газарт ямар үйл ажиллагаа явагдсан гэхээр Нийслэлийн Засаг даргаас Нийслэлийн Өмчийн харилцааны газарт байсан бүх ажилчдыг авч уулзсан байдаг. Нийслэлийн Засаг дарга хүлээж авч уулзахдаа Засгийн газрын бүтэц ингэж ирсэн, орон тооны хязгаарыг цөөлнө гээд нийт Нийслэлийн Өмчийн харилцааны албан хаагчтай уулзсан. Нийслэлийн Өмчийн харилцааны газраас Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний А/635 дугаар захирамжтай холбогдуулаад нийт албан хаагчдад мэдэгдэл өгсөн байдаг.
Захиргааны ерөнхий хуультай холбогдуулаад сонсох ажиллагаа хийгдээд мэдэгдэх хуудас өгч гарын үсэг зуруулсан байдаг. Драгон Нэгдсэн үйлчилгээний төвд нийт 16 албан хаагч байдагт бүгдэд нь сонсох ажиллагаа хийгдсэн. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.1, 27.4.3, Засгийн газрын 2016 оны 08 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг дарга А/6**дугаар захирамжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулаад Нийслэлийн Газрын албанд газрын чиг үүргийн харилцаатай үйл ажиллагааг, газрын албанд шилжүүлсэнтэй холбогдуулаад сонсох үйл ажиллагаа явуулж байна гэдгийг тодорхой бичээд дээр нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Төлбөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 заасны дагуу зохион байгуулалт бүтэц өөрчлөлт хийгдэж байгааг мэдэгдэж байна гээд 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гарын үсэг зуруулсан байдаг. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын тушаалаар ажилчдыг халсан.
Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын агентлагийн даргын болон Нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаалаар Нийслэлийн Газрын алба нь Газрын харилцаа, геодези зураг зүйн газартай босоо удирдлагаар холбогддог, төсөв мөнгө нь агентлагаас санхүүждэг.
Нийслэлийн Засаг даргын бүтэц баталсан мөн хоёр агентлагийн хоорондын газрын албатай холбогдуулаад ажилчдын орон тооны дээд хязгаарыг 178 албан хаагчтай, үүнээс 2 орлогч 1 даргатай байна гэж тодорхой тогтоосон байдаг. Газрын албаны бүтэц Нийслэлийн Засаг дарга томилоод бүтцийн орон тооны дээд хязгаарыг тогтоосонтой холбогдуулаад ажилчдыг авах шаардлага тавигдсан. Нийслэлийн Өмчийн харилцаанаас нийт албан хаагчдыг болон цалингийн сан, тоног төхөөрөмжийг шилжүүлсэн байдаг.
Нийслэлийн Өмчийн харилцааны газрын тушаалаар бүх ажилчдыг чөлөөлсөн, чөлөөлсөнтэй холбогдуулаад төрийн алба тасралтгүй явагдана гэдэг утгаараа 10 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн Газрын албаны даргын Б/09 дүгээр тушаал гарсан байдаг. Тухайн тушаал нь Нийслэлийн Өмчийн харилцааны даргын тушаалтай холбогдуулаад Нийслэлийн Газрын албанд ажилчдаа сонгож авсан. Энэ тушаалаар дүүрэг болон хэлтсүүдийн албан хаагчдыг томилсон тушаал байгаа. Бүтэц, чиг үүрэг шилжиж орон тоо хасагдсантай холбогдуулаад хуучин нэрээрээ Нийслэлийн Өмчийн харилцааны газар гэж байхад хуулийн хэлтэс, хяналт мониторингийн хэлтэс, нэгдсэн үйлчилгээний төвүүд гэж ажиллаж байсан нь бүтцэд орж ирээгүй хасагдсантай холбогдуулж ажилчдад мэдэгдэх хуудас өгч, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргаас Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 заасны дагуу 3 сарын цалин олговортой тэнцэх тэтгэмжүүдийг өгсөн байдаг.
Тухайн үйл ажиллагаа явагдсаны дараа Нэгдсэн үйлчилгээний бүтэц орон тоо ямар үйл ажиллагаа явуулах вэ гэсэн асуудал гарч ирсэнтэй холбогдуулаад 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын орон тооны хязгаар батлах тухай А/8*** захирамж гарсан. Тухайн захирамжид Нэгдсэн үйлчилгээний төвд ажиллаж байгаа албан хаагчид хэний орон тоонд хамаарах вэ гэдгийг тодорхой заасан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт харьяалагдаад тус газраас цалин хөлсөө авна. Тэнд ажиллаж байгаа албан хаагчид нь ямар үйл ажиллагаа явуулдаг гэхээр Нийслэлийн Газрын албатай холбоотой болон бусад Нийслэлийн төрийн захиргааны байгууллагын чиг үүрэгтэй холбоотой ажилчдыг томилсон. Хэн томилох вэ гэхээр гэрээт ажилтан Нийслэлийн Газрын алба, Нэгдсэн үйлчилгээний төвдэд хэдэн орон тоо байгаа гэдгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өгдөг. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өгсөн орон тоонд хөлсөөр ажиллах гэрээгээр Нийслэлийн Газрын албаны дарга авдаг. М.О************ын хувьд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын тушаалаар Драгон Нэгдсэн үйлчилгээний төвд төлбөрийн байцаагчаар ажиллаж байсан. Тухайн үед ТЗ ангиллаар явж байсан.
Нийслэлийн Газрын албаны үйлдэл, эс үйлдэхүй эндээс харагдахгүй байна. Мөн нэхэмжлэлийн утга агуулга, логикийн хувьд зөрчилтэй гэж үзэж байна. Учир нь Б/***тушаалыг хүчингүй болгуулна, дээр нь ажилдаа эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд бичилт хийлгэх гэх зэрэг шаардлагууд нь Нийслэлийн Газрын албанд ямар ч хамааралгүй юм. Хэрэгт авагдсан баримтууд дээр дүгнэлт хийгээд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, нэхэмжлэгч нар хэлж байна, Б/***тушаал дээр л эрх ашиг хөндөгдсөн гэсэн асуудал яригдсан. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ган-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...М.О************ын хувьд өмнө нь бас шүүхдэж байсан. Хэвийн ажлаа хийгээд төрийн үйлчилгээг иргэдэд ямар ч асуудалгүй хүргэж байсан бол шүүхийн асуудал байх байсан уу. Гучин хэдэн жил ажлаа хийгээд ямар ч шүүхийн асуудалгүй өндөр насны тэтгэвэртээ гарч байгаа хүн байдаг. Олон дахин шүүхдэж байна гэдэг нь энэ хүний зан төлөв, ажил үйлчилгээ явуулж байгаа байдалд ямар нэгэн асуудал байна гэдгийг нотолж байна гэж ойлгож байна.
Төрийн албанд ТЗ-5-2 зэрэглэлээр ажиллана гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Төрийн алба захиалгат ажил үйлчилгээ явуулдаггүй. Төрийн албан хаагчдыг томилох, чөлөөлөхгүй шилжүүлэн томилох гэж тусдаа хууль дүрэм, журам тусгай зохицуулалтаар хийгддэг. Тиймээс манай байгууллагад хамааралгүй гэж үзэж байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Однасангаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
...Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 8 дугаар тогтоолоор Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Газрын албыг бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийн тус тусын чиг үүргийн чиглэлээр ажиллуулахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/6**дугаар захирамжаар Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хэрэгжүүлж байсан чиг үүргээс газрын харилцаатай холбогдох чиг үүргийг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Газрын албанд шилжүүлсэн бөгөөд тус захирамжаар газрын албаны чиг үүргийг хэрэгжүүлж байсан албан хаагчдыг орон тоо, цалингийн сан, эзэмшиж байсан, мэдээ, баримт бичиг, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, эд хөрөнгийн хамт Нийслэлийн Газрын албанд шилжүүлэх шийдвэр гаргасан. Дээрх тогтоол захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/3**, Б3** дүгээр тушаал гарч Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хэрэгжүүлж байсан чиг үүргээс газрын харилцаатай холбоотой чиг үүргийг хэрэгжүүлж байсан нэгж, албан хаагчдыг цалингийн сан техник, тоног төхөөрөмж, эд хөрөнгийн хамт Нийслэлийн Газрын албанд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Нэгэнт энэхүү тушаалаар Газрын албаны чиг үүргийг хэрэгжүүлж байсан бүх ажилтан, албан хаагчдыг Нийслэлийн Газрын албанд шилжсэн учир Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/***дугаар тушаалаар Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв Драгон салбарын газрын төлбөрийн байцаагч буюу мэргэжилтэн М.О************ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Иймд нэхэмжлэгч М.О************ын шүүхэд гаргасан гомдлыг тус газар хүлээж авах үндэслэлгүй тул Нийслэлийн Өмчийн харилцааны газарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нийслэлийн Өмчийн харилцааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цолмон, түүний өмгөөлөгч А.Нарантуяа нараас шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ:
... М.О************ын нэхэмжлэлтэй Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн Өмчийн харилцааны газарт тус тус холбогдох хэрэгт 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр зарлагдсан шүүх хуралдаанд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгчийн хамт оролцуулахгүйгээр шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй болно.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлага болон үндсэн шаардлагад урьд нь гаргасан хариуцагчийн тайлбараа дэмжиж байгаа болно. гэжээ.
Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтдээ: ...Нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоолгох нь зүйтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
Нэхэмжлэгч М.О************ нь нэхэмжлэлийн шаардлагаа бичгээр болон шүүх хуралдаанд 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/***дүгээр тушаалыг хүчингүй болгож, мэргэшлийн дагуу урьд эрхэлж байсантай адил чанарын албан тушаал болох аль нэг дүүргийн газрын албаны төлбөрийн байцаагч /ТЗ-5-2 ангилал, зэрэглэлийн/-ын албан тушаалд томилохыг Нийслэлийн Газрын албанд даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч М.О************ нь Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/292 дугаар тушаалаар Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны газрын харилцааны албанд төлбөрийн байцаагчаар ажиллаж байсан байх ба тус газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд ажиллуулах тухай Б/108 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар[1][1] Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв Мишээл, Драгон үйлчилгээний төвүүдэд байгуулагдсантай холбогдуулан Драгон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд мэргэжилтнээр шилжүүлэн томилсон байна.
Улмаар М.О************ыг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн М.О************ыг албан тушаалаас чөлөөлөх тухай Б/***дүгээр тушаалаар[2][2] ...Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг шинэчлэн батлагдсан гэсэн үндэслэлээр Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Драгон дахь Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн байна.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг батлах тухай 8 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай А/6**дугаар захирамж[3][3], Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай А/6*** дугаар захирамжийн хавсралтаар Нийслэлийн Газрын албаны орон тооны хязгаарыг 178 хүртэл, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын орон тооны хязгаарыг 65 хүртэл орон тоотой байхаар тус тус баталжээ.
Нийслэлийн Газрын албаны 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Ажилд томилох тухай Б/09[4][4] дугаар тушаалаар 124 төрийн албан хаагчийг ажилд томилсон байх бөгөөд уг тушаал болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзэхэд бүх дүүргүүдэд төлбөрийн байцаагчийн албан тушаал хэвээр хадгалагдан үлдсэн болох нь тодорхой нотлогдож байна.
Драгон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн мэргэжилтний болон төлбөрийн байцаагчийн албан тушаалын чиг үүрэг адилхан болох нь, шинээр батлагдсан бүтцийн дагуу уг албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн болох нь төлбөрийн байцаагчийн ажлын байрны тодорхойлолтоор нотлогдож байна.
Мөн Драгон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтыг тусад нь шинээр батлаагүй, төлбөрийн байцаагчийн ажлын байрны тодорхойлолтыг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн мэргэжилтний албан тушаалд хэрэглэдэг болох нь хэргийн оролцогчдын тайлбар, тус шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №1/6****тоот албан бичгийн дагуу ирүүлсэн ажлын байрны тодорхойлолт, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн №1/4912 тоот тодорхойлолт зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/***дүгээр тушаалаар М.О************ыг ажлаас чөлөөлөхдөө Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу сонсох ажиллагааг явуулаагүй байна.
Учир нь хэрэгт цугларсан 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн сонсох ажиллагаа явуулсан талаарх Мэдэгдлээс үзэхэд уг мэдэгдэл нь нийт албан хаагчдад бүтцийн өөрчлөлт хийгдсэн, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын чиг үүрэг Нийслэлийн Газрын албанд шилжсэн талаарх ерөнхий мэдээллийг өгсөн мэдэгдэл байх ба харин уг мэдэгдэл нь нэхэмжлэгч болон бусад албан тушаалтнуудыг ажлаас чөлөөлөх болсныг тусгайлан, тодорхой мэдэгдсэн мэдэгдэл биш байна.
Иймд дээрх үйл баримтыг Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу хийгдсэн ажиллагаа гэж үзэхээргүй байна.
Мөн түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшнийг үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна гэж заасан байна.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн боловч албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, албан тушаалын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшнийг үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага туршлага зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан үзэж, тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авахаар хуульчилсан ба хариуцагч шалгаруулалт явуулаагүй байх ба хариуцагч ямар шалтгаан, үндэслэлээр, яагаад нэхэмжлэгчийг сонгон ажлаас чөлөөлсөн үндэслэлээ нотлохгүй байна.
Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/6**дугаар захирамжаас үзэхэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн баталсны дагуу Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хэрэгжүүлж байсан чиг үүргээс газрын харилцаатай холбоотой чиг үүргийг Нийслэлийн Газрын албанд шилжүүлсэн ба уг захирамжийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх заалтаас үзэхэд газрын харилцаатай холбогдох чиг үүргийг хэрэгжүүлж байсан албан хаагчдыг шилжүүлэх ажлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгасан байна.
Дээрх үйл баримтаас үзэхэд зүй нь Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга газрын харилцаатай холбогдох чиг үүргийг хэрэгжүүлж байсан албан хаагчдыг албан тушаалаас нь чөлөөлөх биш Нийслэлийн Газрын албанд шилжүүлэх ёстой байжээ.
Тодруулбал Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хэрэгжүүлж байсан газрын харилцаатай холбоотой чиг үүрэг Нийслэлийн Газрын албанд шилжсэн тул газрын албаны чиг үүргийг хэрэгжүүлж байгаа албан хаагчдыг чөлөөлөх эсэх нь Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын биш Нийслэлийн Газрын албаны даргын эрх хэмжээ байх тул Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга өөрт олгогдоогүй эрх эдэлсэн гэж үзэхээр байна.
Иймд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн М.О************ыг ажлаас чөлөөлөх тухай Б/***дүгээр тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул уг тушаалыг шүүхээс хүчингүй болгох нь зүйтэй байна.
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй
бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна гэж заасан байна.
Бага насны хүүхэдтэй төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх, халах харилцааг Төрийн албаны тухай хуулиар зохицуулаагүй, харин уг харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар тусгайлан, нарийвчлан зохицуулсан байх тул энэ маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлах нь зүйтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэж заасан байна.
Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн М.О************ыг албан тушаалаас чөлөөлөх тухай дугаар Б/***дүгээр тушаалыг гаргах үед нэхэмжлэгч 3 нас хүрээгүй хүүхэдтэй байсан болох нь төрсний гэрчилгээгээр[5][5] нотлогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаас үзэхэд дараах 3 үндэслэл бий болсон тохиолдолд л бага насны хүүхэдтэй эхийг ажлаас халахаар зохицуулсан байна. Үүнд:
Аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан
Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан
Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон
Дээрх хуульд заасан үндэслэлүүд үүссэн нөхцөлд л бага насны хүүхэдтэй эхийг ажлаас халахыг хуулиар зөвшөөрсөн атал Нийслэлийн Газрын алба татан буугдаагүй байхад Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн М.О************ыг албан тушаалаас чөлөөлөх тухай дугаар Б/***дүгээр тушаалаар ...бүтэц шинэчлэн батлагдсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг албан тушаалаас чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Төрийн жинхэнэ албан хаагч дараах нийтлэг эрх эдэлнэ, 14.1.5-д өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг шүүх болон холбогдох бусад байгууллагаар хамгаалуулах гэж заасан байна.
Дээрх үндэслэлүүдээр Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн М.О************ыг албан тушаалаас чөлөөлөх тухай дугаар Б/***дүгээр тушаалын хүчингүй болгож, М.О************ыг дүүргийн төлбөрийн байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоохыг Нийслэлийн Газрын албанд даалгах нь зүйтэй байна.
М.О************ын ажиллаж байсан хугацааны цалингийн картын дагуу тооцож 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарсан буюу хүчинтэй болсон 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг дуусталх нийт 9.177.215 /есөн сая нэг зуун далан долоо мянга хоёр зуун арван тав/ төгрөгийг нэхэмжлэгчид олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Нийслэлийн Газрын албанд даалгаж шийдвэрлэлээ.
Жич: Улаанбаатар хотын банкны депозит дансны харилцагчийн монгол хуулганаас үзэхэд нэхэмжлэгч нь 1.620.099 төгрөгийн тэтгэмж авсан байх ба хариуцагч нь нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохдоо дээрх тэтгэмжийг суутган тооцох эрхтэй болохыг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.О************ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн М.О************ыг албан тушаалаас чөлөөлөх тухай Б/***тоот тушаалыг хүчингүй болгож, М.О************ыг аль нэг дүүргийн дүүргийн Газрын албаны төлбөрийн байцаагч /ТЗ-5-2 ангилал, зэрэглэлийн/-ийн албан тушаалд эгүүлэн тогтоохыг Нийслэлийн Газрын албанд даалгасугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан М.О************д 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 9.177.215 /есөн сая нэг зуун далан долоо мянга хоёр зуун арван тав/ төгрөгийг олгож, М.О************ын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Нийслэлийн Газрын албанд даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70.200 төгрөгийг хариуцагч Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга болон Нийслэлийн Газрын албанаас тэнцүү хуваан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАТЗОРИГ
Б.АДЪЯАСҮРЭН
О.ОЮУНГЭРЭЛ