Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 00007

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

 

 

 

                                                                             

 

Г.Ёгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Н.Баярүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Содномхишиг, хариуцагч Д.Отгонбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ганчимэг нарыг оролцуулан хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 72 дугаар шийдвэртэй,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

Нэхэмжлэгч: Г.Ёгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.От холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,698,368 /дөрвөн сая, зургаан зуун ерэн найман мянга гурван зуун жаран найм/ төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Г.Ё шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Мөрөн сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Байгаль ээж зах дээр худалдаа эрхэлдэг билээ. 2018 оны эхээр Мөрөн сумын иргэн Дэмбэрэлийн О нь надад мөнгийг чинь өсгөөд цаг хугацааны дараа буцааж өгье гэсэн санал тавьж, би түүнд 2018 оны 3 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд түүний ХААН банкин дахь 5890469561 тоот дансанд 2 удаагийн үйлдлээр 6 сая төгрөгийг шилжүүлж өгсөн юм. Үүний дараа тэрээр миний мөнгийг буцааж өгч эхэлсэн боловч 2018 оны 4 дүгээр сарын 24-нөөс хойш мөнгө өгөөгүй болно.Тэрээр надаас авсан мөнгөө 4 удаа буцааж шилжүүлсэн ба нийт үнийн дүн нь 1,301,632 төгрөг болсон. Миний бие түүнээс зөвхөн дансаар шилжүүлж өгсөн мөнгөнийхөө үлдэгдлийг авахаар удаа дараа шаардаж байгаа боловч тооцоо хийхгүй байсаар өнөөдрийг хүрлээ.

... Иймд Мөрөн сумын иргэн Д.О нь миний мөнгийг өөрийн дансаар хүлээн авч захиран зарцуулсан ба мөнгөний жинхэнэ хариуцагч мөн тул мөнгөний үлдэгдэл 4,698,368 төгрөгийг гаргуулж хохирол барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Д.О миний бие хувиараа бизнесийн үйл ажиллагаа явуулдаг юм. 2017 оны 11 дүгээр сарын үед Хөвсгөл аймагт ''Stamford" сүлжээний үйл ажиллагааг явуулах гэж ирсэн спонсорлогч Баттулга гэдэг залуугийн сургалтанд миний бие хэсэг хүмүүсийн хамт сууснаар уг сүлжээнд элссэн. Энэ сүлжээнд надаас гадна 10-аад хүн элссэн ба бүгд хөрөнгө оруулсан хэмжээгээр 7 хоног бүр ногдол ашгийг тогтмол авдаг байсан. Энэ ямар учиртай сүлжээ вэ? гэвэл таны оруулсан хөрөнгийн хэмжээгээр хөрөнгийн биржид хөрөнгө оруулснаар сүлжээнд элссэн хүн бүр ногдол ашиг авдаг байсан. Баттулга сургалт явуулаад сүлжээнд хүмүүс элсэж эхэлсэн ба би өөрөө ч уг сүлжээг сурталчлан өөрийнхөө доор хүмүүс элсүүлж байсан. Миний доор хэд хэдэн хүмүүс элсээд хөрөнгө оруулалт хийснийхээ дагуу 7 хоног бүр тогтмол ашгаа авдаг байсан. ... 2018 оны 3 дугаар сарын 25, 26-ны үед Хөвсгөл аймгийн Мөрөн суманд махны ченж хийдэг Ёндонлондон гэдэг хүн нь махны ченж Энхжаргалаас сүлжээний талаар мэдээлэл аваад, Энхжаргал нь Ёндонлондон бид 2-ыг холбож өгсөн ба би Ёндонлондонг гуйж сүлжээнд оруулаагүй юм. Ёндонлондон өөрөө сайн дурын үндсэн дээр уг сүлжээнд элсье гэхээр нь би бүртгэлийг нь хийж ногдол ашгийг нь Монгол төгрөгт хөрвүүлж өгсөн. ... Stamford сүлжээ нь сүүлийн нэг жил гаран үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаад 2018 оны 4 дүгээр сарын 15-аас монгол мөнгө рүү хөрвөдөг Advcash.com гэдэг цахим хуудсаар гүйлгээ хийхэд хүндрэлтэй болсон учраас Stamford сүлжээ доголдож, үйл ажиллагаа нь тасалдаж эхэлсний улмаас сүлжээнд орсон хүмүүсийн ногдол ашгийг монгол мөнгө рүү хөрвүүлэх боломжгүй болсон. Ингээд уг компанийн үйл ажиллагаа зогссон. Уг сүлжээнд элсэн ороод би өөрөө ч бусад хүмүүс бас хохирсон. Би уг сүлжээний талаар болон хохирсон талаараа Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Анарт гэрчээр мэдүүлэг өгсөн. Иймд миний бие  нэхэмжлэгч Г.Ёгоос тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Содномхишиг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Ё нь аль нэгэн компанид мөнгөө өгөөгүй, зөвхөн Мөрөн сумын иргэн Д.От хариуцуулж өгсөн байгаа. Иргэн Г.Ёгийн мөнгийг хариуцаж хүлээж авсан болох нь түүний ХААН банк дахь 5890469561 тоот дансаараа 6 сая төгрөгийг нь хүлээж авсан, буцааж өгөх үүрэг хүлээсэн болох нь мөнхүү дансаар 1,301,632 төгрөг буцааж өгснөөр нотлогдож байна гэж үзэж байна.

...Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ зайлшгүй анхаарч үзэх ёстой асуудал бол Мөрөн сумын иргэн Г.Ё нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид уг асуудлыг шийдвэрлүүлэхээр хандахад Д.О нь мөнгө төлөх ёстойгоо хүлээн эөвшөөрсөн ба 2019 оны 7 дугаар сарын 20-ны дотор өгөх боломжтой гэж мэдэгдсэн явдал юм. Гэтэл өнөөдөр яагаад энэ тухайгаа шүүхэд мэдэгдэхгүй байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэгч Г.Ёгоос шилжүүлсэн мөнгө Стэмфорд компанийн дансанд орсон гэсэн нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байгаа болно.

... Д.О нь анхны шүүх хуралдаан дээр иргэн Ц.Нямбуу, Л.Энхтуяа нарт холбоотой хэрэг бүртгэлийн тогтоолыг нотлох баримтаар өгч үнэлүүлж байснаа одоо болохоор өөрийн зүгээс М.Хишигбаяр нарт холбогдох хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн баримтыг шүүхэд гаргаж өгч байгаа нь туйлын ойлгомжгүй байна. Энэ байдал нь Д.О нь хууль зөрчин худал мэдүүлэг, тайлбар өгч байгааг нотолж байна. Мөрөн сумын иргэн Д.Отай холбоотой эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа гэсэн нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байгаа болно.

Иймд дээрх үндэслэлүүд болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь шинжлэн судалж, Мөрөн сумын иргэн Л.Г.Ёгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 72 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Д.От холбогдох 4,698,368 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Ёгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,124 /ерэн мянга нэг зуун хорин дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.Ё давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг нэхэмжлэлийн шаардлагын үйл баримтанд хамааруулж үнэлэлгүй, миний хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалалгүй, хууль хэрэглээний болон журам зөрчсөн алдаанууд гаргаж, миний эдлэх ёстой байсан эрхийг ноцтой зөрчин үндэслэлгүй шийдвэр гаргасанд маш их гомдолтой байна.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 72 дугаартай шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлийн 40.2, 116 дугаар зүйлийн 116.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байгаа учраас дараах үндэслэлээр хянан үзэж өгөхийг хүсч байна.Үүнд:

1. Анхан шатны шүүх нь бидний хооронд үүссэн хэрэг маргааны мөн чанарыг үнэн зөв тодорхойлж чадаагүй ба хэргийн оролцогчдын гаргасан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэлгүй, тэдгээрийг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй хэт нэг талыг баримталсан хуульд нийцээгүй шийдвэрүүдийг гаргаж, миний эрх зүйн байдлыг дордуулж байна.

2. Шүүх нь Дэмбэрэлийн Оыг хариуцагч гэж үзэн иргэний хэрэг үүсгэсэн атлаа хариуцагчийг үндэслэлгүйгээр хариуцлагаас чөлөөлж байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна гэсэн зарчимд нийцээгүй гэж үзэж байна.

3. Хариуцагч нь миний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа нотолсон нотлох баримтуудыг шүүхэд гарган өгч, татгалзлаа нотлох үүрэгтэй. Гэтэл хариуцагч нь анх шүүхийн эвлэрүүлэн зуучлахад хандсанаас эхлээд хэрэг хэлэлцэх явцад болон удаа дараагийн шүүх хуралдаан дээр зөрүүтэй тайлбар, нотлох баримтууд гарган өгч байсныг шүүх анхаарч үзсэнгүй үндэслэлгүй шийдвэр гаргалаа.

Иймд дээрх үндэслэлүүдээр шийдвэрийг хянан үзэж Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 72 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Г.Ё нь хариуцагч Д.От холбогдуулан “Д.О нь надад мөнгийг чинь өсгөөд цаг хугацааны дараа буцааж өгье гэсэн саналт тавьж, би түүнд 2018 оны 3 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд түүний ХААН банкин дахь 5890469561 тоот дансанд 2 удаагийн үйлдлээр 6 сая төгрөгийг шилжүүлж өгсөн. ...Тэрээр өөрийн дансаар надаас авсан мөнгөө 4 удаа буцааж шилжүүлсэн ба нийт үнийн дүн нь 1 301 632 төгрөг болсон. ...Д.О нь миний мөнгийг өөрийн дансаар хүлээн авч захиран зарцуулсан ба мөнгөний жинхэнэ хариуцагч мөн тул мөнгөний үлдэгдэл 4 698 368 төгрөг гаргуулж өгнө үү” гэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Д.О нь “би өөрийн биеэр Г.Ёг гуйж сүлжээнд оруулаагүй юм. Г.Ё өөрөө сайн дурын үндсэн дээр уг сүлжээнд элсэе гэхээр нь би бүртгэлийг нь хийж ногдол ашгийг нь монгол төгрөгөнд хөрвүүлж өгсөн. Г.Ё нь 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 5 сая төгрөг шилжүүлэхээр нь тухайн өдрийн 12 цаг 40 минутанд Ариунбилэгийн 5031627927 дугаарын ХААН банкны дансруу 4 862 400 төгрөгийг шилжүүлээд зөрүү үлдэгдэл мөнгө болох 137 600 төгрөгийг сүлжээнд урин оруулсан Энхжаргалын шууд урилгад өгөх мөнгийг авч үлдээд Энхжаргалд өгсөн. Би иргэн Г.Ёгоос сүлжээнд сайн дураараа элсэн орж шилжүүлсэн мөнгийг би өөртөө авч ашиглаж завшаагүй юм. ...иймд миний бие Д.О нь нэхэмжлэгч Г.Ёгоос тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх тайлбар гаргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Ё нь хариуцагч Д.От 6 000 000 төгрөгийг зээлсэн гэх боловч энэ нь хавтаст хэрэгт цугларсан баримтаар бүрэн хангалттай нотлогдохгүй байна. Харин нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд “Stamford” гэх сүлжээний бизнестэй холбоотой харилцаа үүссэн болох нь хавтаст хэрэгт авагдсан ХААН банкны деспозит дансны дэлгэрэнгүй хуулга, хариуцагчийн тайлбар зэргээр тогтоогдсон гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Өөрөөр хэлбэл нь нэхэмжлэгч Г.Ё нь хариуцагч Д.Оыг мөнгийг нь өсгөөд өгнө гэж хэлээд 6 000 000 төгрөг авсан гэж нэхэмжлэл гаргасан хэдий ч Д.Оын ХААН банкны деспозит дансны дэлгэрэнгүй хуулганы 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 12 цаг 00 минутанд 5913169158 тоот данснаас шилжиж ирсэн “STAMFORD ДОЛЛОРЫН БҮРТГЭЛ МА70031635 ЁНДОНЛОД” гэх гүйлгээний утгатай 5 000 000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 15 цаг 06 минутанд 5913169158 тоот данснаас “burtgel” гэх гүйлгээний утгатай 1 000 000 төгрөгийг тус тус хариуцагч Д.О нь тодорхой хугацааны дараа өсгөж өгөхөөр тохиролцсоны дагуу авсан гэж үзэхэд учир дутагдалтай.

Нөгөөтэйгүүр Г.Ёгийн 5913169158 тоот деспозит дансны дэлгэрэнгүй хуулганаас харахад 4 удаагийн “Stamford” гэх гүйлгээний утгатай 1 301 632 төгрөгийн гүйлгээ Д.Оын 590469561 тоот данснаас шилжиж ирсэн байх ба энэхүү гүйлгээг Иргэний хуульд заасан гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэхээргүй байна.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 72 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч Г.Ёгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90 124 /ерэн мянга нэг зуун хорин дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.СОСОРБАРАМ

                                           ШҮҮГЧИД                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

                                          Н.БАЯРХҮҮ