Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 155/ШШ2022/00164

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 155/ШШ2022/00164

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 8 дугаар гудамжны 16 тоотод оршин суух, Г.Ё,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 18 дугаар гудамжны 15 тоотод оршин суух, Д.О,

Нэхэмжлэлийн шаардлага: 4,698,368 (дөрвөн сая зургаан зуун ерэн найман мянга гурван зуун жаран найм) төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Л.С,

Хариуцагч Д.О, түүний өмгөөлөгч Б.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.У

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Г.Ё нь Д.От холбогдуулан 4,698,368 (дөрвөн сая зургаан зуун ерэн найман мянга гурван зуун жаран найм) төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Л.С шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд.

Нэхэмжлэгч, хариуцагч хоёрын хооронд эрх зүйн ямар маргаан үүссэн талаарх үнэн зөв дүгнэлтийг өгөх нь хэрэг маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой ба итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Д.О, нэхэмжлэгч Г.Г.Ё нарын хооронд хэлцэл хийгдсэнтэй холбоотой маргаан үүссэн гэж үзэж байна. Учир нь хариуцагчийн зүгээс сүлжээгээр дамжуулсан мөнгийг өсгөж өгөх хүсэл зорилгоо сургалтаар дамжуулан хүмүүст илэрхийлсэн ба нэхэмжлэгч Г.Г.Ё эхнэрийн хамт хүсэл зоригийн илэрхийллийг нь хүлээн авсан нь нэхэмжлэгч түүний дансанд мөнгөө шилжүүлэхэд хүргэсэн. Энэ нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т заасан иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэлт зорилгоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл эс үйлдэхүйг хэлцэл гэнэ гэж заасан. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэсэн зохицуулалтын хүрээнд үүссэн эрх зүйн харилцаа гэж үзэж байна.

Хариуцагч Д.Оын хүсэлт зоригийн илэрхийллийг нэхэмжлэгч тал хүлээн авснаар нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд нэг нь мөнгөө дансанд нь шилжүүлж өгөх, нөгөө нь түүнийг зохих хэмжээний ашигтайгаар буцаан өгөх харилцаа үүссэн тул нэхэмжлэгч Г.Г.Ё хүлээсэн үүргийн дагуу 6,000,000 төгрөгийг хариуцагчийн дансанд хоёр удаагийн үйлдлээр шилжүүлэн өгч хариуцагч өөрийн хүлээсэн үүргийг хэрэгжүүлэн өөрийн данснаас 1,301,632 төгрөгийг нэхэмжлэгч Г.Г.Ёгийн дансанд буцаан шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болох дансны хуулгуудаар нотлогдож байна.

Хариуцагч Д.О нь нэхэмжлэгч Г.Г.Ётой хүчин төгөлдөр хэлцэл хийх замаар Монгол Улсад зөвшөөрөгдөөгүй хориглосон үйл ажиллагааны хүрээнд нэхэмжлэгчийн хөрөнгийг эзэмшсэн нь тодорхой байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үүргийн хүрээнд тодруулбал Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн. Уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй. Мөн зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасан зохицуулалтын дагуу нэхэмжлэгч Г.Г.Ёд өөрийн хөрөнгө буюу түүнд шилжүүлж өгсөн 6,000,000 төгрөгийн үлдэгдэл болох 4,698,368 төгрөгийг шаардах эрх, хариуцагч Д.От үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс шалтгаалан бусдын хөрөнгийг буцааж өгөх үүрэг үүссэн. Иймд Мөрөн сумын иргэн Д.Оаас нэхэмжлэгч Г.Г.Ёгийн 4,698,368 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Stamford сүлжээнд элсэхээр 6,000,000 төгрөг шилжүүлсэн. 4 удаагийн үйлдлээр итгэл үзүүлж буцаан мөнгө шилжүүлсэн. Нэхэмжлэгч нь Stamford сүлжээнд элссэн талаарх баримтыг хараагүй. Гэхдээ Д.От мөнгө шилжүүлсэн....гэв.

Хариуцагч Д.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа:...Г.Г.Ё гэх хүнийг би танихгүй. Зүс мэднэ. Ж.Энхжаргал нь Г.Г.Ёгийн эхнэр Ж.Сэрсмаа гэх хүнд Stamford сүлжээний талаар мэдээлэл өгсөн байсан. Би өөрийн сайн дурын үндсэн дээр Stamford сүлжээнд хөрөнгө оруулалт хийсэн байсан. Маш олон хүмүүстэй харьцдаг учир Хөвсгөл аймгийн элсэх сонирхолтой хүмүүсийг нэгтгэж өгөхийг хүссэнийх нь дагуу хийж гүйцэтгэсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг үүрэг хүлээсэн гэж тайлбарлаж байх шиг байна. Нэхэмжлэгч бид хоёрын хооронд үүрэг хүлээх харилцаа бий болоогүй. Stamford сүлжээнд бүртгүүлье гэхэд нь та өөрийн сайн дурын үндсэн дээр иргэний үнэмлэхтэйгээ ирээд бүртгүүлээрэй гэж хэлсэн. Тухайн үедээ компьютер дээр тусгай IT хаяг дээр бүртгэдэг байсан. Нэхэмжлэгчийн эхнэр нь Ж.Энхжаргал гэх хүнээс мэдээлэл авсны дараа энэ сүлжээнд элсэж мөнгөө өсгөх боломжтой юм байна гэж бодсон учир мөнгөө өсгөх зорилготой байна гэж над руу мөнгө шилжүүлж Stamford сүлжээнд элсэж орсон. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгийг төлж, хохирол гомдлыг нь барагдуулах боломж байхгүй. Би өөрөө нэхэмжлэгчийн нэгэн адил Stamford сүлжээнд хөрөнгө оруулалт хийж алдсан хохирогч байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна

2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр шилжүүлсэн Г.Г.Ёгийн мөнгийг тэр өдөр Г.Г.А гэх хүний ХААН банкны 5031627927 дугаартай данс руу шилжүүлсэн. Бүртгэлээ авахын тулд мөнгөө евро руу хөрвүүлсэн байх ёстой учраас Г.Г.Аийн данс руу эсхүл н.Баттулга болон н.Баттулгын эхнэрийн данс руу хийдэг байсан.

Ж.Энхжаргал гэх хүн нь н.Баттулга гэх хүн ирж мэдээлэл сургалт ороход түүнд нь хамрагдсан байсан. н.Баттулга нь Хөвсгөл аймгаас орж байгаа хүмүүс нь Д.О гэх хүнтэй холбогдож бүртгүүлээрэй гээд надад даатгаж өгсөн байсан. Мөн Г.Г.Ёгийн мөнгийг өөрийн дансаар авах болсон шалтгаан нь компанийн данс гэж байхгүй. Еврогийн Худалдаа хөгжлийн банк руу мөнгө нь шилждэг гэсэн учир орон нутгаас бүртгүүлсэн хүмүүсээ нэгтгээд мөнгийг нь бөөн явуулж байсан нь дээр байх гэсний дагуу би өөрийн дансанд төвлөрүүлж байгаад Г.Г.Аийн данс руу шилжүүлсэн. Сүлжээнд бүртгүүлсэн хүмүүсийн мөнгөний хэмжээнээс хамаарч ногдол ашиг нь өөр тооцогддог байсан тул өөрийн дансанд төвлөрүүлж байгаад өгөх нь цаг хугацааны хувьд хурдан байсан.

Буцаан өгөх боломжгүй. Би нэхэмжлэгчийн мөнгийг өөрийн дансаар дамжуулсан болохоос өөртөө авч ашиглаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь би өөрөө хохирогч юм. Stamford сүлжээнд элссэнээрээ би хохирсон. Мөн нэхэмжлэгч нь сүлжээнд сайн дурын үндсэн дээр элсэж орсон. Хэн хэн нь хөрөнгө оруулалт хийж хохирсон учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна....гэв.

 

Нэхэмжлэгч Г.Г.Ё болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Л.С нараас Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга Г.Оргилболдын 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 50/2-1531 дугаартай албан бичиг, Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга Д.Буяндалайгийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 50/3-2047 дугаартай албан бичиг, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Гэндэнжавын Г.Ёгийн ХААН банкны 5913169158 дугаартай Депозит дансны дэлгэрэнгүй хуулгуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар баримтуудыг, хариуцагч Д.О болон түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр нараас 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбар, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 180903781 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоолын хуулбар, 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Гэрчээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэлийн хуулбар, 2019 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр Дэмбэрэлийн Д.Оын ХААН банкны 5890469561 дугаартай Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Улсын Дээд шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 189 дугаартай тогтоолын хуулбар, Stabford trading technklkgies, YG, Yondonlodon Gendenjaw, Stabford ID:#1109781 гэх бичилттэй баримтын хуулбар, Yondonlodon Gendenjaw, [email protected] гэх бичилттэй баримтын хуулбар, Serchin Janjaa8 [email protected] гэх бичилттэй баримтын хуулбар, $139.97 хөр.оруулалтаар #2121706 Хөр.оруулалтын дансанд орлоо гэх бичилттэй баримтын хуулбар, Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 110 дугаартай Хариу мэдэгдэх хуудасны хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 Хариуцагч Д.Оын хүсэлтээр Г.Г.Аийн ХААН банкны 5031627927 дугаартай Депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 31-38 дугаар тал) шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн ХААН банк дахь 5913169158 дугаарын данснаас 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 5,000,000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөгийг Stamford сүлжээнд элсэх зорилгоор хариуцагч Д.Оын эзэмшлийн ХААН банк дахь 5890469561 дугаартай дансанд шилжүүлсэн байна.

Хариуцагч Д.О нь 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 199,632 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 270,000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 2 удаагийн үйлдлээр 832,000 төгрөг, нийт 4 удаагийн гүйлгээгээр 1,301,632 төгрөгийг нэхэмжлэгчийн эзэмшлийн ХААН банк дахь 5913169158 дугаарын дансанд буцаан шилжүүлсэн.

Нэхэмжлэгч нь Stamford сүлжээнд элссэн талаарх баримтыг хараагүй. Цагдаагийн газарт гомдол гаргасан боловч хохирогчоор тогтоогоогүй тул хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж 4,698,368 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

3.Хариуцагч Д.О нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Би нэхэмжлэгчийн мөнгийг өөрийн дансаар дамжуулсан болохоос өөртөө авч ашиглаагүй. 6,000,000 төгрөгөөр нэхэмжлэгч болон түүний талийгаач эхнэр хоёрыг Stamford сүлжээнд бүртгүүлсэн. Тухайн 6,000,000 төгрөгийг Г.Г.Аийн ХААН банк дахь данс руу шилжүүлсэн. 4 удаагийн үйлдлээр ногдол ашиг болох 1,301,632 төгрөгийг нэхэмжлэгчийн ХААН банкны дансанд шилжүүлсэн. Хүн бүрийн данс руу ногдол ашгийг олгох боломж байхгүй учир бүртгэж өгсөн хүнийх нь данс руу татаж төвлөрүүлж байгаад ногдол ашгийг өгдөг байсан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

Нэхэмжлэгч Г.Г.Ё нь хариуцагч Д.От холбогдуулан мөнгийг нь өсгөөд хэсэг хугацааны дараа буцаан өгнө гэх үндэслэлээр 4,698,368 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж өөрчилж, 4,698,368 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч Г.Г.Ё нь Stamford tradind Technologies компанийн сүлжээнд элсэх зорилгоор өөрийн эзэмшлийн ХААН банк дахь 5913169158 дугаарын данснаас 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 5,000,000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөгийг хариуцагч Д.Оын эзэмшлийн ХААН банк дахь 5890469561 дугаартай дансанд шилжүүлсэн нь, хариуцагч Д.О нь 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд 4 удаагийн үйлдлээр 1,301,632 төгрөгийг Г.Г.Ёгийн эзэмшлийн ХААН банк дахь дансанд шилжүүлсэн болох нь Дэмбэрэлийн Д.Оын ХААН банкны 5890469561 дугаартай Депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 23-25), нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна. Энэ талаар талууд маргаагүй.

Хариуцагч Д.О нь ...Нэхэмжлэгчийг Stamford сүлжээнд бүртгүүлсэн... гэж тайлбарлах боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийг Stamford сүлжээнд бүртгүүлж, элсүүлсэн болох нь тогтоогдохгүй байна.

Түүнчлэн Stamford сүлжээтэй холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа боловч уг хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар нь хохирогчоор тогтоогдоогүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдлоо.

Хариуцагч Д.О нь ...2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр шилжүүлсэн Г.Г.Ёгийн мөнгийг тэр өдөр Г.Г.А гэх хүний ХААН банкны 5031627927 дугаартай данс руу шилжүүлсэн... гэж тайлбарлах боловч Г.Г.А гэх хүн нь Stamford tradind Technologies компанийн эрх бүхий этгээд мөн эсэх, Stamford tradind Technologies компанид нэхэмжлэгч Г.Г.Ёгийн мөнгө орсон эсэх нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч Г.Г.Ё болон Stamford tradind Technologies компанийн хооронд үүрэг үүссэн байдал тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй бол хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байдаг тул нэхэмжлэгч Г.Г.Ё нь хариуцагчаас 4,698,368 төгрөгийг шаардах эрхтэй.

Хариуцагч Д.Оын дансанд нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгө орсон учир Д.О нь нэхэмжлэгч руу буцаан шилжүүлсэн мөнгөө хасч, үлдэгдэл мөнгө буюу нэхэмжлэлийн шаардлага болох 4,698,368 төгрөгийг буцааж өгөх үүрэгтэй.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Оаас 4,698,368 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Г.Ёд олгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин хариуцагч Д.О нь дээрх мөнгийг шилжүүлсэн компани (этгээд)-аас шаардахад энэ шийдвэр саад болохгүйг дурдав.

Нэхэмжлэгч Г.Г.Ёгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,124 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Оаас улсын тэмдэгтийн хураамж 90,124 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Г.Ёд олгох нь зүйтэй.

Хавтаст хэргийн 18-22, 118-130, 134, 153 дугаар хуудсанд авагдсан баримтууд нь хэрэгт хамааралгүй, хавтаст хэргийн 131-133 дугаар хуудсанд авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Оаас 4,698,368 (дөрвөн сая зургаан зуун ерэн найман мянга гурван зуун жаран найм) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Г.Ёд олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Г.Ёгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,124 (ерэн мянга нэг зуун хорин дөрөв) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Оаас улсын тэмдэгтийн хураамж 90,124 (ерэн мянга нэг зуун хорин дөрөв) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Г.Ёд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.ОЮУНЖАРГАЛ