Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2024/02248

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 20

182/ШШ2024/02248

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 10 дугаар хороо, Шинэчлэл, 804 дүгээр байр, 116 тоот хаягт байрлах, Натурстэйшн ХХК /РД:5231086/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: *******-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 30,070,200 төгрөг гаргуулах, Натурстэйшн ХХК-иас гэрээний үүрэгт 16,070,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюун-Эрдэнэ, Ч.Энхтөвшин,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Натурстэйшн ХХК-д холбогдуулан 16,070,200 төгрөгийг, *******-д холбогдуулан 30,070,200 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. 2014 онд манай компани нь X.Батбаяр захиралтай Тэргүүн ресурс ХХК-тай гэрээлсэн, гэрээт ажлыг гүйцэтгэж байхад, манай компаний эзэмшилд байсан 8279 УНП улсын дугаартай Nissan pathfinder Navara маркын автомашиныг 2014.04.08-ны өдөр X. Батбаяр захирал өөрийнхөө эзэмшлийн Натурстэйшн ХХК дээр худалдаж авъя гэсэн санал тавьж, худалдах худалдан авах гэрээгээр худалдсан авсан боловч тухайн үед, урьдчилгаа 6,000,000 төгрөг өгөөд үлдэгдэл 16,000,000 төгрөгийг удаахгүй өгнө гэж явсаар одоо болтол өгөөгүй байна. Тухайн үед X.Батбаяр нь Тэргүүн ресурс ХХК, *******, Натурстейшн ХХК гэсэн 3-н компаний захирал байсан ба компанийхаа өр төлбөрийг хамтад төлнө, гээд 2014, 2015, 2016 онуудад, төлбөрийн үлдэгдлээр тооцоо нийлсэн акт хийж баталгаажуулсан. 2016 онд тооцоо нийлсэн акт хийхдээ үлдэгдэл төлбөрийг жил бүр хувь тэнцүүлэн төлсөөр 2020.12.31-ний дотор төлж дуусгана гэж тохиролцсон боловч энэ хугацаандаа төлөлгүй байсаар, утсаа авахгүй болж, оффисс нь нүүж алга болсон тул 2022.08 сард тус компанийг шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлт өгч 2022.09.15-ны өдрийн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 03086 дугаартай шийдвэрээр эрэн сурвалжилхаар шийдвэрлэн, Баянгол дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсээс хаягыг тогтоон, тус компаний захирал нь Г.Отгонбилэг гэдэг хүн болсон талаар хаяг тодорхойлж өгсөн. Мөн манай компани Тэргүүн ресурс ХХК-иас авлагатай байсан учир шүүхэд хандахдаа тооцоо нийлсэн актаа үндэслэн автомашины мөнгөө давхар нэхэмжлэхэд Нийлэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар уг автомашины төлбөрийг Тэргүүн ресурс ХХК-иас шаардах эрхгүй Натурстейшн ХХК-ийн эзэмшилд шилжсэн байна гээд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд Натурстейшн ХХК-иас автомашин худалдах худалцан авах гэрээний үлдэгдэл төлбөр 16,000,000 төгрөг, эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70,200 төгрөг, нийт 16,070,200 манай компанид гаргуулж өгнө үү.

1.2. Манай компани нь 2016 оны 02 сарын 26-ний өдөр *******-тай Хайгуулын өрөмдлөгийн ажил гүйцэтгэх 001 тоот гэрээ байгуулан Ө.Жаргалсайхан, X. Батбаяр нар гарын үсэг зурж, Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт Ухаа овоо нэртэй газар ХV-020018 тоот тусгай зөвшөөрлийн талбайд 300м ажлыг 30,000,000 /1м-100,000/ төгрөгөөр хийхээр тохиролцож, 2016.02.28-ны өдрөөс эхлэн 7 хоногийн хугацаанд, захиалагчийн өгсөн үүрэг даалгаврын дагуу гэрээт ажлыг хийж гүйцэтгэсэн. Гэрээний 6.3-т захиалагч 2016.06.30-с өмнө ажлын хөлс 30,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Гэвч манай компани гэрээний дагуу ажлаа хийж, хүлээлгэн өгсөн тайланг өгсөн боловч, ******* нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөх үүргээ биелүүлээгүй ба Иргэний хуулийн 351-р зүйлийн 351.2-т зааснаар гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсанд тооцно гэж заасны дагуу ******* нь ажлын үр дүнг хүлээн авсан гэж үзэн, гэрээнд заасан ажлын хөлс 30,000,000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй. Тухайн үед захирал байсан X.Батбаяр нь ажлын үр шимийг хүртээд *******-иа хайгуулын тусгай зөвшөөрлийн хамт Г.Отгонбилэгт шилжүүлсэн байдаг. Мөн гэрээний 8.1-д заасны дагуу ажлын хөлсөө төлөхийг *******-иас удаа дараа и-мэйлээр болон утсаар холбогдон шаардаж, 2016.12.31-ний өдөр тооцооны үлдэгдлийн баталгааг Тэргүүн ресурс ХХК-тай өр төлбөрийн тооцоог нийлж 2 талын нягтлан бодогч нар гарын үсэг зурж 2020.12.31-ний дотор жил бүр хувь тэнцүүлэн төлсөөр дуусгана гэж тохиролцсон. Мөн X.Баятбаяр нь тухайн Тэргүүн ресурс ХХК, *******, Натурстейшн ХХК гэсэн 3 компаний захирал байсан тул, уг 3-н компаний үлдэгдлийн тооцоог нийлж байсан учраас нэг тооцоо нийлсэн баримтаар нэхэмжилж байгаа, тиймээс Х.Батбаяр захирлын имэйл хаяг руу нэхэмжлэхүүдийг илгээж байсан бөгөөд 2017.03.31-ний өдөр тооцооны үлдэгдлийн баталгааг үйлдэж, 2018.10.20, 2020.01.24, 2020.07.04-ний өдрүүдэд 30,000,000 төгрөг төлөх тухай нэхэмжлэхүүдийг илгээж байсан болно.

Иймд *******-иас ажлын хөлс 30,000,000 төгрөг, 2022.09 сард тус компанийг шүүхээр эрэн сурвалжлуулсан 70,200 төгрөг, нийт 30,070,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч нарийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2.1. Нэхэмжлэгч нь өрөмдлөгийн ажил хийсэн гэх боловч ямар нэгэн гэрээ хийсэн зүйл байхгүй. Өрөмдлөгийн ажил хийсэн талаар ямар ч нотлох баримт байхгүй. Иймд гэрээний хөлс шаардаж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм. ******* нь 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу Отгонбилэг гэдэг хүний нэр дээр шилжиж ирсэн. Тухайн компанийн эрх шилжүүлэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д компанийн эрх шилжүүлж байсан үйл ажиллагаанд гүйцэтгэх хариуцлагыг компанийн эрх шилжүүлэгч хариуцна гэж тодорхой заасан. Тэгэхээр тухайн компанийг шилжүүлж байгаа Батбаяр гэх хүн тухайн гэрээтэй холбоотой асуудлыг хариуцах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Бодит байдлаар ажил хийчихсэн гэж үзээд байгаа бол тухайн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа гэдэг зүйл яригдана. Иргэний хуулийн 75.2.1-д гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацааг 3 жил гэж заасан байдаг. Тэгэхээр 2016 оны 02 сарын 05-ны өдөр байгуулсан гээд байгаа гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байгаа. Иргэний хуулийн 82 дугаар зүйлд заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсноор үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу татгалзаж байгаа. Бодит байдал дээрээ тухайн ажил хэрэгжээгүй, хийгдээгүй. Ажил гүйцэтгэсэн нь үнэн бол тухайн баримтууд нь бүрэн байх ёстой. Гэтэл ******* болон нэхэмжлэгч компанид ажил хийж гүйцэтгэсэн гэх баримт байхгүй.

2.2. Натурстэйшн ХХК-ийн тухайд хариуцагч талаас баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Автотээврийн үндэсний төвөөс лавлагааг гаргаж өгсөн. Натурстэйшн ХХК 2016 оны 06 сарын 20-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээгээр албан бүртгэлгүйгээр шилжиж ирсэн. Автотээврийн үндэсний төвөөс гаргаж өгсөн баримтаас харахад тухайн маргаан бүхий машин нь 2014 оны 4 сарын 17-нд Натурстэйшн ХХК-д шилжиж ирээд, 2014 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Даваахүү гэх хүний нэр дээр шилжсэн байсан. Отгонбилэг гэдэг хүн тухайн компанийг худалдаж авахад компанийн эзэмшилд тухайн машин огт байгаагүй. Тэгэхээр Тэргүүн ресурс ХХК-тай тооцоо нийлчихээд одоо Натурстэйшн ХХК-иас шаардаад байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3, 125/

3.2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрмийн хуулбар, /хх 4-6, 123/

3.3. 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 001 дугаар Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт баганат өрөмдлөгийн /чөмөгтэй/ ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /хх 7-9/

3.4. Дорнод аймгийн Баян-Уул суманд хийгдсэн хайгуулийнэ өрөмдлөгийн ажлын тайлан 2016/03/01-2016/03/20 /хх 10/

3.5. Итгэмжлэл /хх 13, 37, 53-54/

3.6. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2022/03334 дугаар шийдвэр /хх 14/

3.7. Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2023.04.12-ны өдрийн 1327 дугаар албан бичиг /хх 15/

3.8. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2023/03038 дугаар шийдвэр /хх 40-41/

3.9. Тооцооны үлдэгдлийн баталгаа /хх 42-43, 129/

3.10. Нэхэмжлэх /хх 58, 60-61, 139-140/

3.11. 2014.04.08-ны өдрийн Худалдах худалдан авах гэрээ /хх 127/

3.12. Тооцоо нийлсэн акт /хх 128/

3.13. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 210/МА2023/01850 дугаар магадлал /хх 132-134/

3.14. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны тогтоол /хх 135/

3.15. Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2023.04.12-ны өдрийн 1326 дугаар албан бичиг /хх 138/.

 

 

4. Хариуцагчаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

4.1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 19/

4.2. Итгэмжлэл /хх 23, 145/

4.3. Хариу тайлбар /хх 24, 150, 181/

4.4. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх 25, 143/

4.5. 2016.06.02-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ /хх 33-34, 182-183/

4.6. Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэлтэй эсэх лавлагаа /хх 144/

4.7. Тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа /хх 184/.

 

5. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу [email protected] цахим хаягнаас [email protected] цахим хаягт 2018.10.20, 2020.01.24-ний өдөр, [email protected] цахим хаягаас [email protected] цахим хаягт 2020.07.04-ний өдөр тус тус илгээсэн цахим шууданд үзлэг хийж тэмдэглэлээр бэхжүүлсэн. /хх74-79/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, зохигчийн тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн хариуцагч *******-д холбогдуулан гаргасан 30,070,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Натурстейшн ХХК-д холбогдох 16,070,200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Натурстэйшн ХХК-д -д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ манай компанийн эзэмшлийн 8279 УНП улсын дугаартай Nissan pathfinder Navara маркын автомашиныг Натурстэйшн ХХК-д худалдах худалдан авах гэрээгээр худалдаж урьдчилгаа 6,000,000 төгрөг авсан, үлдэгдэл 16,000,000 төгрөгийг өгөөгүй, 2016 онд тооцоо нийлсэн акт хийхдээ үлдэгдэл төлбөрийг жил бүр хувь тэнцүүлэн төлсөөр 2020.12.31-ний дотор төлж дуусгана гэж тохиролцсон боловч энэ хугацаандаа төлөөгүй байсаар утсаа авахгүй болж оффисс нь нүүж алга болсон тул шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулж 70,200 төгрөгийн зардал гаргасан учир 16,070,200 төгрөгийг Натурстэйшн ХХК-иас,

2016 оны 02 сарын 26-ний өдөр *******-тай Хайгуулын өрөмдлөгийн ажил гүйцэтгэх 001 тоот гэрээ байгуулан Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт Ухаа овоо нэртэй газар ХV-020018 тоот тусгай зөвшөөрлийн талбайд 300м ажлыг 30,000,000 /1м-100,000/ төгрөгөөр хийхээр тохиролцож, 2016.02.28-ны өдрөөс эхлэн 7 хоногийн хугацаанд, захиалагчийн өгсөн үүрэг даалгаврын дагуу гэрээт ажлыг хийж гүйцэтгэсэн. Гэрээний 6.3-т захиалагч 2016.06.30-с өмнө ажлын хөлс 30,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон одоог хүртэл төлөөгүй, мөн компанийг шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулж 70,200 төгрөгийн зардал гаргасан учир 30,070,200 төгрөгийг *******-иас тус тус шаардах эрхтэй гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг өрөмдлөгийн ажил хийсэн талаар ямар ч нотлох баримт байхгүй байхад гэрээний хөлс шаардаж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй. ******* нь 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу Отгонбилэг гэдэг хүний нэр дээр шилжиж ирсэн. Тухайн компанийн эрх шилжүүлэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар компанийг шилжүүлж байгаа Батбаяр гэрээтэй холбоотой асуудлыг хариуцах хууль зүйн үндэслэлтэй. Бодит байдлаар ажил хийчихсэн гэж үзээд байгаа бол тухайн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлээр,

 

4. хариуцагч Натурстэйшн ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаан бүхий машин нь 2014 оны 4 сарын 17-нд Натурстэйшн ХХК-д шилжиж ирээд, 2014 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Даваахүү гэх хүний нэр дээр шилжсэн байсан. Отгонбилэг гэдэг хүн тухайн компанийг худалдаж авахад компанийн эзэмшилд тухайн машин огт байгаагүй. Тэргүүн ресурс ХХК-тай тооцоо нийлчихээд Натурстэйшн ХХК-иас шаардаад байгаа нь үндэслэлгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр тус тус үгүйсгэн маргаж байна.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

5.1. ******* болон ******* нарын хооронд 2016.02.26-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт баганат өрөмдлөгийн /чөмөгтэй/ ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба, уг гэрээгээр нэхэмжлэгч ******* нь Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг дахь /УБ хотоос 610 км/ Ухаа Овоот нэртэй, ХҮ-020018 тоот тусгай зөвшөөрлийн талбайд 50-100 метрийн гүнтэй, 3-5 цооног буюу 300 тууш метр баганат өрөмдлөгийн ажлыг хариуцагч *******-ийн өгсөн геологийн даалгавар, өрөмдлөгийн ажлыг технологийн дагуу 2016.02.28-ны өдрөөс эхлэн 7 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх, хариуцагч ******* нь ажлын хөлсөнд 1 тууш метр өрөмдлөгийг 100,000 төгрөгөөр тооцож, нийт 30,000,000 төгрөгийг нэхэмжлэгч *******-д төлөх, өрмийн ажлын үр дүнг стандарт шаардлагын дагуу хүлээх авах үүргийг харилцан хүлээсэн байгаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасантай нийцсэн ажил гүйцэтгэх гэрээний харилцаа байна.

 

5.2. ******* болон Натурстэйшн ХХК нарын хооронд 2014.04.08-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр худалдагч ******* нь VSKCVND40U0023789 арлын дугаартай, 8279 УНД улсын дугаартай Nissan Pathfinder Navara маркийн тээврийн хэрэгслийг 22,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч Натурстэйшн ХХК нь гэрээгээр тохирсон хугацаандаа 22,000,000 төгрөгийг төлөх үүргийг харилцан хүлээсэн байгаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасантай нийцсэн Худалдах худалдан авах гэрээний харилцаа байна.

 

6. Хариуцагч *******-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн ба ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээдэг. Нэхэмжлэгч ажлын үр дүнг хүлээлгэн өгснөө нотлоогүй гэж хариуцагч маргаж буй нь үндэслэлтэй байна.

 

Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэгчийн эрх, үүргийг зохицуулсан гэрээний 8 дугаар зүйлийн 8.5-д гүйцэтгэгч нь захиалагчид геологи-техникийн нөхцөлд тохирсон цооног хүлээлгэж өгөх үүрэгтэй, 8.8-д ажил гүйцэтгэгчийн өрмийн мастерууд захиалагчийн геологич нар өрөмдлөгийн ажлын явцын тухай репорт хөтөлж өдөр тутмын гүйцэтгэлийг гаргаж гарын үсгээр баталгаажуулалт хийж байна гэж, захиалагчийн эрх, үүргийг зохицуулсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.5-д Захиалагч өөрийн геологчийг дээж хүлээж авах ажилд өдөр тутам оролцуулж бүх документаци хөтлүүлж, өрөмдлөгийн репортонд гарын үсэг зурна гэж тус тус заажээ.

 

Гэвч нэхэмжлэгч ******* нь гэрээнд зааснаар Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт байрлах, Ухаа Овоот нэртэй, ХҮ-020018 тоот тусгай зөвшөөрлийн талбайд 50-100 метрийн гүнтэй, 3-5 цооног буюу 300 тууш метр баганат өрөмдлөгийн ажлыг хийж гүйцэтгэн хариуцагч *******-д хүлээлгэн өгсөн болох нь нотлогдон тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор 2017.03.31-ний өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа, Тэргүүн ресурс ХХК-ийн өр төлбөр 86,780,000 төгрөг, *******-ийн өр төлбөр 30,000,000 төгрөг, нийт 116,780,000 төгрөг болохыг тооцсон нэхэмжлэх, мөн 2018.10.20, 2020.07.04-ний өдрүүдэд 30,000,000 төгрөг төлөх тухай нэхэмжлэхийг байгууллагын нягтлан бодогч Д.Оюун-Эрдэнэ өөрийн [email protected] мэйл хаягаас хариуцагч *******-ийн захирал Х.Батбаярын [email protected] мэйл хаягт руу илгээсэн талаарх баримтыг шүүхэд гаргасан боловч энэхүү баримтууд нь нэхэмжлэгч талын дангаар үйлдсэн баримт байх ба гэрээнд заасан өрөмдлөгийн ажлыг хийж гүйцэтгэснийг нотлохгүй байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д заасны дагуу аль нэг тал нөгөө талынхаа өмнө гүйцэтгэсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариу үүрэг гүйцэтгэхээс татгалзах харилцан үүрэг хүлээсэн хоёр талт гэрээ юм.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогчид нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй буюу хариуцагч *******-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэг, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас өөрт учирсөн хохирлоо шаардах эрхтэй болохоо нотолсонгүй.

 

Иймд нэхэмжлэгч *******-ийн хариуцагч *******-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

7. Хариуцагч Натурстэйшн ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

7.1. Иргэний хуулийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Худалдагч буюу ******* нь гэрээний дагуу VSKCVND40U0023789 арлын дугаартай, 8279 УНД улсын дугаартай Nissan Pathfinder Navara маркийн тээврийн хэрэгслийг худалдан авагч буюу Натурстэйшн ХХК-д шилжүүлэн өгсөн болох нь Тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймээс нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийн үнийг шаардах эрхтэй байна.

 

7.2. Хариуцагч Натурстэйшн ХХК нь энэхүү гэрээний үүргийг 2016.06.02-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээгээр Х.Батбаяр хариуцах, түүнчлэн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр маргаж байна.

 

Натурстэйшн ХХК-ийн хувьцаа эзэмшигч Х.Батбаяр болон Г.Отгонбилэг нарын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан Компанийн эрх шилжүүлэх гэрээ-ний 4.1-д компанийн эрх шилжүүлэхээс өмнөх үйл ажиллагаанаас үүсэх хариуцлагыг компанийн эрх шилжүүлэгч хариуцна гэж тохиролцжээ.

 

Хариуцагч нь дээр дурдсан гэрээний заалтыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй төлбөрийг иргэн Х.Батбаяр хариуцах үүрэгтэй гэх тайлбарыг гаргаж байгаа боловч Натурстэйшн ХХК-ийн хувьцаа эзэмшигч Х.Батбаяр болон Г.Отгонбилэг нарын хооронд байгуулсан гэрээний заалтыг үндэслэн автомашины үнийг иргэн Х.Батбаяраас гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

7.3. ******* болон Тэргүүн Ресурс ХХК нар 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тооцоо нийлсэн акт үйлдэж, уг актаар Ниссан навара пикап автомашины үнэ 16,000,000 төгрөг болохыг, дахин 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтийг тулгаж хийсэн Тооцооны үлдэгдлийн баталгаагаар хариуцагч нь 86,780,000 төгрөгийн өртэй, өрийн үлдэгдлийг жил бүр хувь тэнцүүлэн төлсөөр 2020 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлж дуусгахаар харилцан тохиролцож, 2 талын няглан бодогч нар гарын үсэг зурж Тэргүүн Ресурс ХХК-ийн санхүүгийн тэмдэг, нэхэмжлэгч компанийн тамга тус тус дарж баталгаажуулсан байна. /хх 128-130/

 

Хэдийгээр тус тооцоог Натурстэйшн ХХК-тай нийлээгүй ч Натурстэйшн ХХК болон Тэргүүн Ресурс ХХК-иудын эцсийн хувьцаа эзэмшигчээр Х.Батбаяр байсан болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдсон, Натурстэйшн ХХК-ийн захирал Х.Батбаяр нь тус тооцоог нийлсэн бөгөөд хариуцагчаас тус автомашины төлбөрийг үлдэгдэл 16,000,000 төгрөгийг төлөөгүй гэх үйл баримтад маргаагүй.

 

7.4. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах үе буюу 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах 3 жилийн хугацаагаар тооцвол 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусахаар байна.

 

Харин хариуцагч Натурстэйшн ХХК нь оршин байрлах хаягаасаа нүүсний улмаас олдохгүй болж, нэхэмжлэгч ******* нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.09.15-ны өдрийн 3086 дугаар шийдвэрээр хариуцагч Натурстэйшн ХХК-ийг эрэн сурвалжлуулж, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2023.04.12-ны өдрийн албан бичгээр хаяг тогтоолгосон байх ба, тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлж, өөрөөсөө зардал гаргасан байна.

 

Ийнхүү нэхэмжлэгч ******* нь хариуцагч Натурстэйшн ХХК-иас гэрээний үүргийг шаардахаар түүний хаягийг тогтоолгохоор эрэн сурвалжлуулж байсан нь хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа тасалдах, хугацааг дахин шинээр эхлэн тоолох үндэслэлд хамаарч байх бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д заасантай нийцэж байна.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх тайлбар үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн Натурстэйшн ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлэхээр зохицуулсан.

 

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2023.06.20-ны өдөр урьдчилан төлсөн 308,301 төгрөгийг, 2024.02.23-ны өдөр урьдчилан төлсөн 237,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Натурстэйшн ХХК-иас 237,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Натурстэйшн ХХК-иас 16,070,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож,

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч *******-иас 30,070,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 546,251 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Натурстэйшн ХХК-иас 237,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА