Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 10

 

“Голомт банк” ХХК-ийн Сэлэнгэ салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

                                                                           Хэргийн индекс: 148/2019/00702/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                            Даргалагч, шүүгч                    Б.Батзориг

                             Шүүгчид                                 Д.Буянжаргал

                                                                             Г.Давааренчин

 

                             Оролцогчид

                               Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ариунтуяа

                              

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг  оролцуулж,  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 26 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн давж заалдсан гомдлоор “Голомт банк” ХХК-ийн Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй Г.Хосбаяр, М.Гантуяа нарт холбогдох “Зээлийн болон ипотекийн гэрээг цуцалж, зээл, зээлийн хүү, торгуулийн хүү, нийт 12.252.561,75 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай иргэний хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-ийн Сэлэнгэ салбар анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Г.Хосбаяр, М.Гантуяа нар нь 2018 оны 06-р сарын 06-ны өдөр Голомт банктай ЗГ4325106441 тоот зээлийн болон ипотекийн гэрээ байгуулан 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн зээлийг жилийн 25.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлдэгч Г.Хосбаярын өмчлөлийн Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 3-р баг 6-р байрны 02 тоотод байрлах Ү-1317003267 тоот улсын бүртгэлийн дугаартай, №000122714 тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй 155 мкв талбай бүхий орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, мөн Г.Хосбаярын эзэмшлийн Сүхбаатар сум 7-р баг 3-р хэсэгт байрлах 000502981 тоот гэрчилгээний дугаартай, 18585565638641 нэгж талбарын дугаартай 222 мкв талбай бүхий худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшсэн газрын хамт барьцаалсан. Зээлдэгч нар нь зээлийн эрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлөхгүй байсаар өнөөдрийн байдлаар 226 хоногийн хугацаа хэтэрч үндсэн зээлийн үлдэгдэл 10.960,882,93 төгрөг, зээлийн хүү 1.253.710,36 төгрөг торгуулийн хүү 37,968.46 төгрөг. нийт 12,252.561.75 төгрөгийн өр хуримтлагдсан байна. Зээлдэгч нараас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч зээлийн болон ипотекийн гэрээгээр хүлээсэн үүргээр зөрчсөөр байна. Иймд зээлдэгч Г.Хосбаяр, М.Гантуяа нартай байгуулсан зээлийн болон ипотекийн гэрээг цуцалж, зээлдэгч нараас зээл, зээлийн хүү, торгуулийн хүү нийт 12,252,561.75 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.Гантуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Г.Хосбаяр нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ... Миний бие болон М.Гантуяа нар нь 2018 оны 06-р сарын 06-ны өдөр Голомт банктай ЗГ4325106441 тоот зээлийн болон ипотекийн гэрээ байгуулан 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн зээлийг жилийн 25.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээл авснаас хойш эхний хэдэн сар графикийн дагуу төлж байсан. Хувь хүмүүст маш их өртэй байсан тул хүмүүсийн өрийг дараад өөртөө мөнгөгүй үлдсэн. Яг үнэнийг хэлэхэд зээлээ нийтийн хоолны зориулалтаар авсан боловч тухайн бизнестээ хэрэглэх мөнгөгүй болсон юм. Тэгээд миний бие боломжоороо зээлээ төлөхийг эрмэлзэж байгаа боловч  орлого олохгүй байна.  2019 оны 10 дугаар сараас эхлээд нийтийн хоолны газраа ажиллуулан эхэлж байгаа. Гэвч олсон орлого маань сарын тог, дулаан, ус, цалин гэх мэт зүйлүүдэд зарцуулагдаад дуусдаг. Миний тооцоолж байгаагаар 2020 оны 03 дугаар сараас эхлээд ашиг орлого нэмэгдэх байх гэж бодож байгаа. Тийм учраас 2020 оны 03 дугаар сарын дотор гэрээний зөрчилөө арилгаад цаашид графикийн дагуу төлөөд явах саналтай байна  гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 26 дугаартай шийдвэрээр:

-  Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 453.2 дахь хэсэгт тус тус зааснаар зээлдүүлэгч Голомт банк ХХК-ийн Сэлэнгэ салбар, зээлдэгч Г.Хосбаяр, М.Гантуяа нарын хооронд 2018 оны 06-р сарын 06-ны өдөр байгуулагдсан ЗГ4325106441 тоот зээлийн болон ипотекийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээл, зээлийн хүү, торгууль нийт 12.252.561,75 төгрөгийг Г.Хосбаяр, М.Гантуяа нараас тэнцүү хуваан гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХХК /Сэлэнгэ салбар/ -т олгож,

-  Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар Г.Хосбаярын өмчлөлийн Ү-1317003267 улсын бүртгэлийн дугаартай, №000122714 тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй, 155 метрквадрат талбай бүхий орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Г.Хосбаярын эзэмшлийн 000502981 тоот гэрчилгээний дугаартай, 18585565638641 нэгж талбарын дугаартай, 222 метр квадрат талбай бүхий газар зэрэг үл хөдлөх хөрөнгөөр зээлдүүлэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210.991 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, уг улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч нараас тэнцүү хуваан гаргуулж Голомт банк ХХК /Сэлэнгэ салбар/-д олгож, эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч М.Гантуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Г.Хосбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Миний гомдол гаргаж байгаа учир бол би Голомт банкнаас 15.000.000 төгрөгийг жилийн 25.2 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлсэн бөгөөд зээлийн хугацаа дуусах болоогүй байхад шүүх хуралдаанаас нь цуцалж байгаад гомдолтой байгаа юм. Г.Хосбаяр би нэхэмжлэгч Голомт банкинд болон шүүхэд тайлбар өгөхдөө 2020 оны 3-1нд багтааж зээлийг графикийн дагуу төлж чадаагүй байсан зөрчлөө арилгаж төлөөд цаашдаа гарфикийн дагуу сар бүр төлөхөө илэрхийлээд байхад гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан. Зээлийн гэрээний  хугацаа дуусаагүй байхад би  зөрчлөө арилгаад явбал Голомт банкинд их хохирол учруулахгүй байх боломжтой энэ тухай хүсэлтээ  шүүхэд гаргасан байхад иргэн миний хүсэлт хүлээж аваагүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Миний энэ гомдлыг хүлээн авч Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 26 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Иргэн миний гаргаж байгаа хүсэлт болох зээлийн гэрээний хугацааг цуцлахгүйгээр цаашид хэвийн үргэлжүүлэх нөхцөлийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ариунтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч талаас зээлийн гэрээний зөрчилөө арилгах талаар удаа дараа мэдэгдэж, нэмэлт хугацаа өгсөөр байхад ямар ч үр дүнд хүрээгүй тул хариуцагч нартай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК /Сэлэнгэ салбар/ хариуцагч Г.Хосбаяр, М.Гантуяа нарт холбогдуулан талуудын хооронд 2018 оэы 06 сарын 06-ны өдрийн Зээлийн  болон ипотекийн гэрээг  хугацаанаас нь өмнө цуцалж, зээл гэрээний үүргийн гүйцэтгэлд 12,252,561.75 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч нар нь эс зөвшөөрч маргасан байна.

 

Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа  12,252,561.75 төгрөг гэж тодорхойлсон боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолсон  баримтыг  ирүүлээгүй байхад шүүх  хариуцагчийн үүргийн хэмжээг өөрөөр хэлбэл үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тогтоосон  хугацаа  зэрэгт огт дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Түүнчлэн хариуцагч нар нь нэхэмжлэгчийн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд нэхэмжлэгчээс гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлээ нотолсон ямар нэгэн баримтыг шүүхэд ирүүлээгүй байхад  шүүх  зөвхөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг үндэслэн үүрэг гүйцэтгэгч нарт  нэмэлт хугацаа заасан боловч үүргээ дахин биелүүлээгүй, үүрэг гүйцэтгэгч нь үүргээ зөрчсөн нь гэрээг хугацаанаас өмнө зайлшгүй цуцлах үндэслэл болж байна гэж дүгнэсэн нь мөн үндэслэлгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний  үндсэн дээр, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй  талаас нь үнэлнэ”,  мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь  сум дундын Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2020 оны 01 дүгээр  сарын 06-ны өдрийн 26 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210.991 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

                                       

 

                                    ДАРГАЛАГЧ                           Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧИД                               Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                   Г.ДАВААРЕНЧИН