Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 26

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Голомт банк ХХК /Сэлэнгэ салбар/ РД:2075377/ -ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 7-р баг, Ган зам, 3-р хэсэг гудамж, чой 6-2 тоотод оршин суух, Цэцүүд овогт Ганбатын Хосбаяр /РД: МЮ77051318/,

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 6-р баг, Орхон 2-р хэсэг гудамж, 3-р байр, 27 тоотод оршин суух, Боржигон овогт Мгямаржавын Гантуяа /РД:МЮ75062461/ нарт холбогдох,

Зээлийн болон ипотекийн гэрээг цуцалж, зээл, зээлийн хүү, торгуулийн хүү нийт 12,252,561.75 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунтуяа, хариуцагч М.Гантуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Г.Хосбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн Сэлэнгэ салбарын захирал Д.Оюун-Эрдэнэ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Г.Хосбаяр, М.Гантуяа нар нь 2018 оны 06-р сарын 06-ны өдөр Голомт банктай ЗГ4325106441 тоот зээлийн болон ипотекийн гэрээ байгуулан 15.000.000 \арван таван сая\ төгрөгийн зээлийг жилийн 25.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлдэгч Г.Хосбаярын өмчлөлийн Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 3-р баг 6-р байрны 02 тоотод байрлах Ү-1317003267 тоот улсын бүртгэлийн дугаартай, №000122714 тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй 155 мкв талбай бүхий орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, мөн Г.Хосбаярын эзэмшлийн Сүхбаатар сум 7-р баг 3-р хэсэгт байрлах 000502981 тоот гэрчилгээний дугаартай, 18585565638641 нэгж талбарын дугаартай 222 мкв талбай бүхий худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшсэн газрын хамт барьцаалсан. Зээлдэгч нар нь зээлийн эрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлөхгүй байсаар өнөөдрийн байдлаар 226 хоногийн хугацаа хэтэрч үндсэн зээлийн үлдэгдэл 10.960,882,93 төгрөг, зээлийн хүү 1.253.710,36 төгрөг торгуулийн хүү 37,968.46 төгрөг. нийт 12,252.561.75 төгрөгийн өр хуримтлагдсан байна. Зээлдэгч нараас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч зээлийн болон ипотекийн гэрээгээр хүлээсэн үүргээр зөрчсөөр байна. Иймд зээлдэгч Г.Хосбаяр, М.Гантуяа нартай байгуулсан зээлийн болон ипотекийн гэрээг цуцалж, зээлдэгч нараас зээл, зээлийн хүү, торгуулийн хүү нийт 12,252,561.75 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэх.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ... Хариуцагч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөний улмаас шүүхэд шилжүүлэх өдрийн байдлаар 226 хоногийн хугацаа хэтэрсэн байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл уг хоног нэмэгдээд явж байгаа. Энэ хугацаанд ямар ч эргэн төлөлт хийгээгүйн улмаас 8 сая гаран төгрөгийн зөрчил үүсээд байгаа юм. Зээлийн гэрээг ноцтой зөрчиж байна гэсэн үндэслэлээр хариуцагч нартай байгуулсан зээлийн болон ипотекийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг ханган шийдвэрлэж өгнө үү гэх.

Хариуцагч М.Гантуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Г.Хосбаяр нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ... Миний бие болон М.Гантуяа нар нь 2018 оны 06-р сарын 06-ны өдөр Голомт банктай ЗГ4325106441 тоот зээлийн болон ипотекийн гэрээ байгуулан 15.000.000 \арван таван сая\ төгрөгийн зээлийг жилийн 25.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээл авснаас хойш эхний хэдэн сар графикийн дагуу төлж байсан. Хувь хүмүүст маш их өртэй байсан тул хүмүүсийн өрийг дараад өөртөө мөнгөгүй үлдсэн. Яг үнэнийг хэлэхэд зээлээ нийтийн хоолны зориулалтаар авсан боловч тухайн бизнестээ хэрэглэх мөнгөгүй болсон юм. Тэгээд миний бие боломжоороо таксинд яваад зээлээ төлөхийг эрмэлзэж байсан боловч хүн олдохгүй болж таксинд яваад ч орлого олохгүй байсан. 2019 оны 10 дугаар сараас эхлээд нийтийн хоолны газраа ажиллуулан эхэлж байгаа. Гэвч олсон орлого маань сарын тог, дулаан, ус, цалин гэх мэт зүйлүүдэд зарцуулагдаад дуусдаг. Миний тооцоолж байгаагаар 2020 оны 03 дугаар сараас эхлээд ашиг орлого нэмэгдэх байх гэж бодож байгаа. Тийм учраас 2020 оны 03 дугаар сарын дотор гэрээний зөрчилөө арилгаад цаашид графикийн дагуу төлөөд явах талаар банкны төлөөлөгчтэй ярилцсан боловч хугацааны хувьд тохиролцохгүй байгаа юм. Уг зээлийг аваагүй гэж маргах зүйл байхгүй гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаж ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Голомт банк ХХК /Сэлэнгэ салбар/ -ийн шүүхэд гаргасан ... Г.Хосбаяр, М.Гантуяа нараас Зээлийн болон ипотекийн гэрээг цуцалж, зээл, зээлийн хүү, торгуулийн хүү, нийт 12,252,561.75 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь; нэхэмжлэлийн шаардлага болох зээл, хүү, торгууль нийт 12,252,561.75 төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хуваан гаргуулах болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тал дээр хариуцагч талаас маргаангүй гэх бөгөөд харин зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахгүйгээр хугацаа хэтэрсэн зээлээ эргэн төлөх боломжийг олгохыг хариуцагч тал хүсч, энэхүү шалтгаанаа дээрх байдлаар тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... харуицагч нарт 2019 оны 11 сарын 29-ний өдрийг хүртэл 226 хоногийн хугацаа хэтрэлттэйгээр шүүхэд өгсөн боловч зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөлт хийхгүй байх тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө зайлшгүй цуцлуулах шаардлага гаргасан хэмээн тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй бөгөөд хавтаст хэргийн 1- 13 дахь талд авагдсан нэхэмжлэл түүнд хавсаргасан зээлийн болон барьцааны гэрээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбарууд зэргээр давхар нотлогдож байна.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.2-т зааснаар ... үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй бол мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 219.2-т тус тус зааснаар ... үүрэг гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд, мөн нэмэлт хугацаа заасан боловч үүргээ дахин биелүүлэхгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэйгээс гадна мөн хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т зааснаар ... гэрээний нэг тал болох үүрэг гүйцэтгэгч нь үүргээ зөрчсөн нь гэрээг хугацаанаас өмнө зайлшгүй цуцлах үндэслэл болж байна гэж үзнэ. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хариуцагч М.Гантуяа, Г.Хосбаяр нар нь хамтран үүрэг гүйцэтгэгчид бөгөөд мөн хуулийн 242.2, 242.11-д зааснаар тэдгээрээс үүрэг гүйцэтгүүлэгчдийн өмнө хүлээх үүрэг тэнцүү бөгөөд хариуцагч нар энэ тал дээр маргаангүй байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн бөгөөд зохигч энэхүү гэрээ байгуулагдсан хийгээд хүчин төгөлдөр эсэх дээр маргаангүй ба мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар ... зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөхөөр заасан байна. Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-д зааснаар талуудын хооронд үл хөдлөх хөрөнгө / Ипотек / -ийн барьцааны хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан ба талууд энэхүү гэрээн дээр маргаангүй бөгөөд мөн хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д зааснаар ... барьцааны үл хөдлөх хөрөнгийг худалдахыг үүрэг гүйцэтгүүлэгч тал шаардах эрхтэй тул мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар ... үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдахыг үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтээр гүйцэтгэх нь зүйтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 210.991 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, уг улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч нараас тэнцүү хуваан гаргуулж нэхэмжлэгчид олговол зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 453.2 дахь хэсэгт тус тус зааснаар зээлдүүлэгч Голомт банк ХХК-ийн Сэлэнгэ салбар, зээлдэгч Г.Хосбаяр, М.Гантуяа нарын хооронд 2018 оны 06-р сарын 06-ны өдөр байгуулагдсан ЗГ4325106441 тоот зээлийн болон ипотекийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээл, зээлийн хүү, торгууль нийт 12.252.561,75 төгрөгийг Г.Хосбаяр, М.Гантуяа нараас тэнцүү хуваан гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХХК /Сэлэнгэ салбар/ -т олгосугай.

2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар Г.Хосбаярын өмчлөлийн Ү-1317003267 улсын бүртгэлийн дугаартай, №000122714 тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй, 155 метрквадрат талбай бүхий орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Г.Хосбаярын эзэмшлийн 000502981 тоот гэрчилгээний дугаартай, 18585565638641 нэгж талбарын дугаартай, 222 метрквадрат талбай бүхий газар зэрэг үл хөдлөх хөрөнгөөр зээлдүүлэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210.991 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, уг улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч нараас тэнцүү хуваан гаргуулж Голомт банк ХХК /Сэлэнгэ салбар/- д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Хариуцагч нар нь энэхүү шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Л.ЭНХТАЙВАН