Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 14

 

Б.Энхбаярын нэхэмжлэлтэй

                           иргэний хэргийн тухай

 

 

                                                                           Хэргийн индекс: 148/2019/00733/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                            Даргалагч, шүүгч                    Б.Батзориг

                             Шүүгчид                                 Д.Буянжаргал

                                                                             Г.Давааренчин

 

                             Оролцогчид

                                Нэхэмжлэгч                           Б.Энхбаяр

                                Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ганбаатар

                                

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг  оролцуулж,  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 56 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлоор Б.Энхбаярын нэхэмжлэлтэй “Сэлэнгэ Авто зам засвар арчлалт” Төрийн өмчит хувьцаат компанид холбогдох “Ажилгүй байсан хугацааны цалин 4.431.006 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Б.Энхбаяр анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: ...Миний бие нь Сэлэнгэ АЗЗА ТӨХК-ийн даргын 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/30 тоот тушаалаар ажлаасаа чөлөөлснийг үндэслэлгүй  хэмээн үзэж уг тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж, Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай гомдлыг Сэлэнгэ аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Сэлэнгэ аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.04 өдрийн хуралдаанаар хэлэлцэн, Сэлэнгэ АЗЗА ТӨХК-ий даргын 2019.05.03-ны өдрийн Б/30 тоот тушаалыг үндэслэлгүй хэмээн үзэж, өмнө эрхэлж байсан ажилд маань эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговроо баримтаар бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй хэмээн шийдвэрлэсэн. Сэлэнгэ АЗЗА ТӨХК-нь 2019.11.04 -ны өдрийн 510 тоот шүүхийн шийдвэрийг биелүүлж 2019.11.29-ний өдөр Б/77 тоот тушаал гарган өмнө эрхэлж байсан механизмын операторчны ажилд маань эгүүлэн авсан байгаа. Миний бие Сэлэнгэ АЗЗА ТӨХК-аас ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн 2019.05.03-ний өдрөөс, өмнө эрхэлж байсан механизмын операторчин албан тушаалд эргүүлэн томилсон 2019.11.29-ний өдөр хүртэл ажилгүй байлгасан хугацааны цалинг нөхөн гаргуулж, нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх хүсэлтэй байна. Иймд Сэлэнгэ АЗЗА ТӨХК-аас дээрх хугацаанд ажилгүй байлгасан хугацааны цалин 4,431,006 төгрөгийг нөхөн гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Сэлэнгэ Авто Зам Засвар Арчлалт Төрийн өмчит хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ганбаатар нь анхан шатны шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ...Манай байгууллагын зүгээс Б.Энхбаярыг хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын дотоод журмыг зөрчсөн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Иймд бидний зүгээс ажилгүй байсан хугацааны цалин олгохыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 56 дугаартай шийдвэрээр:

“-Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ Авто Зам Засвар Арчлалт Төрийн өмчит хувьцаат компаниас 2.928.300 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Энхбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.505.706 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Энхбаярын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 85.846 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ Авто Зам Засвар Арчлалт Төрийн өмчит хувьцаат компаниас 61.803 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Энхбаярт олгож,  эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Сэлэнгэ аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.21-ний өдрийн хуралдаанаар нэхэмжлэлийн зарим хэсэг буюу 2.928.300 төгрөгийг хангаж, үлдэх 1.505.706 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул давж заалдах гомдол гаргаж байна. Учир нь Сэлэнгэ АЗЗА ТӨХК нь улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаггүй жилийн 4 улиралд улирал харгалзахгүйгээр авто замын засвар арчлалтын ажлыг хийдэг. Зуны улиралд илүү цагаар ажилладаг учраас ажилчид бид дулааны улиралд цалин өндөр авч бусад улиралд үндсэн цалингаараа цалинжиж байсан. Энэ нь нийгмийн даатгалын тодорхойлолтоор тогтоогдож байгаа.

Би зөвхөн 650.000 төгрөгийн үндсэн цалингаа нэхэмжилсэн. Цалингийн дундажаар гэвэл илүү нэхэмжлэх боломжтой байсан. Миний бие нь их ажлын үеэр үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдснөөр цалин мөнгөгүй илүү хохирсон. Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно” гэж заасан бөгөөд миний бие бүтэн жилд авсан цалингийнхаа дундажийг нь тооцоход сард дунджаар 9265502:12сар=772125 төгрөгийн /2018 оны цалинг дундажлав/ цалин авсан байгаа хэдий ч 650000 төгрөгийн үндсэн цалингаараа тооцож 4431006 төгрөг нэхэмжилсэн байгаа. Гэтэл шүүх ажилгүй байсан хугацаа болон сарын цалинг маань буруу тооцож шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул энэ гомдлыг гаргасан.  Ийbд шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Манай компани Б.Энхбаярыг ажлаас үндэслэлтэй халсан гэж үзэж байгаа тул цалин өгөхгүй. Мөн шүүхийн шийдвэрээр Б.Энхбаярыг ажилд нь эргүүлэн томилсон боловч тушаал хүчингүй болгоогүй тул бид энэ хүний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Энхбаяр нь “Сэлэнгэ авто зам засвар арчлалт” Төрийн өмчит хувьцаат компанид холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 4.431.006  төгрөг  гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч  хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч нь анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

 

Хэргийг судлан үзвэл:  Нэхэмжлэгч Б.Энхбаяр нь “Сэлэнгэ авто зам засвар арчлалт” Төрийн өмчит хувьцаат компанид ажиллаж байсан бөгөөд  компаний гүйцэтгэх захирлын 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар  түүнийг ажлаас чөлөөлжээ. Нэхэмжлэгч Б.Энхбаяр нь ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдлоо шүүхэд гаргаж Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 510 дугаартай  шийдвэрээр түүнийг ажилд нь эргүүлэн томилсон байна.  Шүүх түүний гомдлыг шийдвэрлэхдээ ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай шаардлагыг нь шийдвэрлэх боломжгүй гэсэн үндэслэлээр жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн байна.

 

Хариуцагч “Сэлэнгэ авто зам засвар арчлалт” ТӨХКомпани нь шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч  Б.Энхбаярыг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/77 дугаартай тушаалаар урьд эрхэлж байсан ажилд нь эргүүлэн томилжээ.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг  ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан тул нэхэмжлэгчийн  ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг  тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж буюу 2019 оны 3, 4, 5 сарын цалингийн нийлбэрээр тооцож, шүүхийн шийдвэр гарсан 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд тооцон хариуцагчаас гаргуулахаар  шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Учир нь  ажил олгогч нь  хөдөлмөрийн гэрээгээр ажилтаны үндсэн цалинг тогтоодог бөгөөд  Б.Энхбаярын сарын үндсэн цалин  650.000 төгрөг болох нь тухайн байгууллагын цалингийн тодорхойлолтоор, жилийн улирлын болон ажилтаны  гүйцэтгэж байгаа ажлын нөхцөл  байдлаас шалтгаалж үндсэн цалингаасаа илүү цалин  авдаг болох нь хэрэгт авагдсан  нийгмийн даатгалын шимтгэл  төлөлтийн тухай тодорхойлолтоор  тус тус тогтоогдсон, нэхэмжлэгч нь зөвхөн үндсэн цалингаа гаргуулахаар нэхэмжилсэн байх бөгөөд ажилтаны үндсэн цалин тодорхой  байгаа тохиолдолд шүүх ажилтаны сарын цалингийн дундаж цалинг тодорхойлох шаардлагагүй юм.

Түүнчлэн ажил олгогч нь Б.Энхбаярыг 2019 оны 11 сарын 29-ний өдөр урьд эрхэлж байсан ажилд нь эргүүлэн томилсон тул түүний ажилгүй байсан хугацааг  тухайн өдрөөр нь тооцох атал ажилд шүүх  түүний гомдол хэлэлцсэн өдрөөр тооцсон нь буруу, нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул түүний гомдлыг хангаж шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 

Нэхэмжлэгч Б.Энхбаярын үндсэн цалин 650.000 төгрөгөөр тооцон  2019 оны 05 сарын 03-ны өдрөөс 2019 оны 11 сарын 29-ны өдрийг хүртэл хугацааны цалинг ажил олгогчоос гаргуулахаар шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй байна. 

0

 Ажил олгогчоос гаргуулах цалинг доорх байдлаар тооцон гаргуулахаар шийдвэрлэв. Үүнд: 

-2019 оны 05 сарын цалинг ажлын 20 хоногийн цалин 565.217 төгрөг. /2019-05-03-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. 05 сар ажлын 23 хоногтой  650.000:23х20=565.217/

-2019 оны 06-10 сарын цалин 3.250.000 төгрөг /650.000х5=3.250.000/

-2019 оны 11 сарын цалин 615.789 төгрөг //2019-11-29-ний өдөр ажилд эргүүлэн томилсон. 11 сар ажлын 19 хоногтой  650.000:19х18=615.789/  Нийт 4.431.006 төгрөг болно. 

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаар тэмдэгтийн хураамжийг төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг  дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр  сарын 21-ний өдрийн 56 дугаартай шийдвэрийн  “Тогтоох” хэсгийн 

1 дэх заалтыг:

“1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ авто зам засвар арчлалт Төрийн өмчит хувьцаат компаниас ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 4.431.006 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Энхбаярт олгосугай.” гэж,

2 дахь заалтыг

            “2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Энхбаярын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 85.846 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 85.846 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай,” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 39.041 төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                           Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧИД                               Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                   Г.ДАВААРЕНЧИН