Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 56

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг 2 хэсэг 27 дугаар байр 27 тоотод оршин суух, Алаг адуут овогт Батбаярын Энхбаяр РД:/МО88020817/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сэлэнгэ Авто Зам Засвар Арчлалт Төрийн өмчит хувьцаат компани, захирал Л.Ганболд-д холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин 4,431,006 төгрөг гаргуулах-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Энхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Энхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:

... Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2-р багийн иргэн Батбаяр овогтой Энхбаяр миний бие нь Сэлэнгэ авто зам засвар арчлалт төрийн өмчит хувьцаат компанид 2010 оны 09 дүгээр сараас үндсэн ажилтнаар ажилд орж , Сэлэнгэ АЗЗА ТӨХК-ийн даргын 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/30 тоот тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдөх хүртлээ тасралтгүй 8 жил гаран ажилласан.

Миний бие нь Сэлэнгэ АЗЗА ТӨХК-ийн даргын 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/30 тоот тушаалыг хууль бус, үндэслэлгүй тушаал хэмээн үзэж уг тушаалыг хүчингүй болгуулж өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байлгасан хугацааны цалинг нөхөн гаргуулж, Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай гомдлыг Сэлэнгэ аймаг дахь Иргэний Хэргийн анхан шатны шүүхэд гаргасан .

Улмаар миний гаргасан гомдлыг Сэлэнгэ аймаг дахь Иргэний хэргийн Анхан Шатны шүүхийн 2019.11.04 өдрийн хуралдаанаар хэлэлцэн , Сэлэнгэ АЗЗА ТӨХК-ий даргын 2019.05.03-ны өдрийн Б/30 тоот тушаалыг үндэслэлгүй хэмээн үзэж , өмнө эрхэлж байсан ажилд маань эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговроо баримтаар бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй хэмээн шийдвэрлэж 2019.11.04-ы өдрийн 510 тоот шүүхийн шийдвэр гарсан бөгөөд уг шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч болон хариуцагч аль аль нь гомдол гаргаж Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй болно.

Сэлэнгэ АЗЗА ТӨХК-нь 2019.11.04 -ны өдрийн 510 тоот шүүхийн шийдвэрийг биелүүлж 2019.11.29-ний өдөр Б/77 тоот тушаал гарган өмнө эрхэлж байсан механизмын операторчны ажилд маань эгүүлэн авсан байгаа.

Сэлэнгэ аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.04-ний өдрийн 510 тоот шийдвэрт ажилгүй байсан хугацааны цалингаа жич нэхэмжлэх эрхтэйгээр шийдвэрлэсэн тул Сэлэнгэ АЗЗА ТӨХК-аас ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн 2019.05.03-ний өдрөөс, өмнө эрхэлж байсан механизмын операторчин албан тушаалд эргүүлэн томилсон 2019.11,29-ний өдөр хүртэл ажилгүй байлгасан хугацааны цалинг нөхөн гаргуулж, нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх хүсэлтэй байна. Иймд Сэлэнгэ АЗЗА ТӨХК-аас дээрх хугацаанд ажилгүй байлгасан хугацааны цалин 4,431,006 төгрөгийг нөхөн гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү! ... гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ Авто Зам Засвар Арчлалт Төрийн өмчит хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ганбаатар нь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

...Манай байгууллагын зүгээс Б.Энхбаярыг хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын дотоод журмыг зөрчсөн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Иймд бидний зүгээс ажилгүй байсан хугацааны цалин олгохыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү!...гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б:Энхбаяр нь Сэлэнгэ Авто Зам Засвар Арчлалт Төрийн өмчит хувьцаат компани, захирал Л.Ганболд-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинд 4.431.006 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь: Нэхэмжлэгч Б.Энхбаяр нь Сэлэнгэ Авто Зам Засвар Арчлалт Төрийн өмчит хувьцаат компанид механизмчнаар ажиллаж байсан бөгөөд түүнийг тус компаний гүйцэтгэх захирлын 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан дээрх тушаал болон Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 510 дугаар шийдвэр, зохигчдын тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.

Хариуцагч Сэлэнгэ Авто Зам Засвар Арчлалт Төрийн өмчит хувьцаат компани нь нэхэмжлэгч Б.Энхбаярын 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ...Манай байгууллагын зүгээс Б.Энхбаярыг хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын дотоод журмыг зөрчсөн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тул ажилгүй байсан хугацааны цалин олгохыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж тайлбарлажээ. 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сэлэнгэ Авто Зам Засвар Арчлалт Төрийн өмчит хувьцаат компани гүйцэтгэх захирлын 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/30 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийг хянаж, Б.Энхбаярыг урьд эрхэлж байсан механизмчны ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байх бөгөөд шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг  ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж, Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ийн а-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно... гэж тус тус заасан байх тул хэрэгт авагдсан Б.Энхбаярын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг үндэслэн ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.Энхбаяр нь сүүлийн 3 сар буюу 2019 оны 3-5 дугаар сард авсан цалингийн нийлбэр 1.464.151: 3 = 488.050 төгрөгийн дундаж цалингийн тооцоо гарч  байх тул, ажилгүй байсан 2019 оны 05 дугаар сарын 03-наас 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд олговрыг тооцвол 2.928.300 төгрөг байх бөгөөд илүү нэхэмжилсэн 1.505.706 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Б.Энхбаярын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 85.846 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 61.803 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ Авто Зам Засвар Арчлалт Төрийн өмчит хувьцаат компаниас 2.928.300 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Энхбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.505.706 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Энхбаярын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 85.846 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ Авто Зам Засвар Арчлалт Төрийн өмчит хувьцаат компаниас 61.803 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Энхбаярт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.МӨНХЗУЛ