Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 16

 

“Энсонголия холдинг” ХХК-н захирал

Ц.Нарангэрэлийн гомдолтой иргэний

 хэргийн тухай

 

 

                                                                           Хэргийн индекс: 148/2019/00584/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                            Даргалагч, шүүгч                    Б.Батзориг

                             Шүүгчид                                 Д.Буянжаргал

                                                                             Г.Давааренчин

 

                             Оролцогчид

                                

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг  оролцуулж,  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 25 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлоор “Энсонголия холдинг” ХХК-ийн захирал Ц.Нарангэрэлийн гомдолтой Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох “Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гаргасан гомдол” бүхий шаардлагатай иргэний хэргийг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч “Энсонголия холдинг” ХХК-н захирал Ц.Нарангэрэл анхан шатны шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар манай компанийн үүргийн гүйцэтгэлтэй холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулан хураасан барьцаан дахь Сэлэнгэ Гурванбулаг ХХК-ийн үл хөдлөх хөрөнгүүдийн үнэлгээг тогтоогдохдоо дараах байдлаар хууль зөрчсөн юм. Үүнд:

Нэгдүгээрт: Үнэлгээ тогтоосон тухай мэдэгдлийг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүнд үлдээж дамжуулан гардуулахдаа үнэлгээний тайлангийн хувь байхгүй хэмээн гардуулаагүй нь талуудын заяагдмал мэдэх, танилцах эрхийг хязгаарласан цаашлаад шүүхэд гомдол гаргах эрхийг хязгаарласан үйлдэл юм.

Хоёрдугаарт: Түүнчлэн гар утсаараа хувилж авч танилцсан хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Монголын мэргэшсэн үнэлгээчдийн ёс зүйн дүрмийг ...ноцтой зөрчсөн байна. ...Иймд хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан шаардлагад үл нийцэх “Баян модот” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн СШГ/2019021803 дугаартай тайлан, түүгээр тогтоосон хууль бус үнэлгээг тус тус хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Далайжаргал анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас “Энсонголия холдинг” ХХК-нд холбогдуулан гаргасан 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 67 дугаартай шийдвэр, Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 001/хт2018/01327 дугаартай тогтоолын дагуу “Энсонголия холдинг” ХХК-ийн зээлийн барьцаанд Ү-131700171756, Ү-1317003995, Ү-1317003996, 0206110 дугаартай газар эзэмших гэрчилгээний дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулж МТ Петролиум ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн шийдвэр, тогтоолын дагуу шийдвэр гйүцэтгэлийн ажиллагаа хийж, зээлийн барьцаанд бүртгэгдсэн гэх үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж, хураах ажиллагаа явагдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлд заасныг үндэслэн “Баян модот” ХХК-ийн шинжээч, үнэлгээчин С.Цэвээнроломыг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 18180106/08 тоот Шинжээч томилох тухай тогтоолоор томилсон. ...Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т ...үнэлгээчин үйл ажиллагаа аж ахуйн нэгжийн хэлбэрээр явуулж болно гэж заасан байх бөгөөд хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл аж ахуй нэгж байгуулага дээр биш зөвхөн мэргэшсэн үнэлгээчин хувь хүн дээр гардаг байгаа юм.

 

Иймд үнэлгээчин С.Цэвээнроломын тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар болон хариуцлагын даатгалын гэрээ зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг мэргэшсэн үнэлгээчин гаргасан бөгөөд уг үнэлгээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар болон төлбөр төлөгч, төлбөр авагч нь хөндлөнгөөс нөлөөлж оролцох эрхгүй байдаг. Иймд Ц.Нарангэрэлд холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзэж байх тул хариуцагчийн гаргасан үнэлгээнд гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.Bottom of Form

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 25 дугаартай шийдвэрээр:

“1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2-т зааснаар хариуцагч буюу гомдол гаргагч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Энсонголия холдинг ХХК-ийн захирал Ц.Нарангэрэлийн нэхэмжлэлтэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гаргасан гомдол-ыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2283 дугаартай “Энсонголия холдинг” ХХК-нд холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн захирамжийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зйүлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.” гээд эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шийдвэрийн “...“Хөрөнгийн үнэлгээний тайлан” зохих хуулиудад зааснаар явагдсан байна” гэх тодорхойлолт, үндэслэл нь дараах байдлаар холбогдох хуулиудад нийцээгүй байна:

1. Хариуцлагын даатгалын гэрээнд дурдсан 3,0 сая төгрөгний хариуцлагын хэмжээ нь гүйцэтгэж буй ажлын гүйцэтгэлээр хариуцлагын хэмжээ хоорондын илт зөрүүтэй байдлыг шүүх шинжлэн дүгнээгүй орхигдуулсан,

2. Ажил гүйцэтгэх гэрээнд ажлын хөлс тодорхой заагдаагүй буюу гэрээний стандарт нөхцлийг хангаагүй байдлыг шүүх шинжлэн дүгнээгүй орхигдуулсан,

3. Үнэлгээний ажил гүйцэтгэснийг нотлох нэмэгдсэн өртөгийн албан татварын цахим сангийн дахин давтагдашгүй дугаартай, 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгосон нэхэмжлэхийг “Баян модот” ХХК үйлдээгүй, ирүүлээгүй байдлыг шүүх шинжпэн дүгнээгүй орхигдуулсан,

4. “Баян модот” ХХК нь үнэлгээндээ ашиглавал зохих өгөгдлийг тухайлбал ашиглалтанд орсон он, газрын капиталжуулалтын бүртгэлийн өртөг, зах зээлийн үнийн мэдээлэл зэргийг бичгийн нотлох баримтанд тулгуурлан эсхүл албан ёсны мэдээллийн сангийн өгөгдлийг ашиглан гүйцэтгэснээ нотлоогүй, мөн тухайн мэдээллийг үйлчлүүлэгчээс шаардсанаа нотлоогүй байхад үнэлгээчин С.Цэвээнролом болон иргэн Ж.Жамбалдорж нарын мэдүүлэг, тодорхойлолтыг үнэлж шийдвэрээ үндэслэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Bottom of Form

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Гомдол гаргагч “Энсонголия холдинг” ХХК-ний захирал Ц.Нарангэрэл нь Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  холбогдуулан эд хөрөнгийн  үнэлгээний талаархи гомдол гаргасан бөгөөд хариуцагч гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хэргийг судлан үзвэл: Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 67 дугаартай  шийдвэрээр “Энсонголия холдинг” ХХК-иас 439.586.390 төгрөг гаргуулан, түүний барьцаа хөрөнгөөр  болох агуулах, дэлгүүрийн зориулалттай болон  үл хөдлөх эд хөрөнгүүд болон газар зэргийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн бөгөөд тус шийдвэрийн  дагуу Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллагаа явуулж, 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол гарган үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэн,  хөрөнгийг үнэлүүлэхээр  шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01/02 тоот тогтоолоор шинжээч томилсон байна.  

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн  тогтоолын дагуу “Энсонголия холдинг” ХХК-ний хөрөнгийг Хөрөнгийн үнэлгээний “Баян модот” ХХК үнэлж үнэлгээний тайланг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн бөгөөд “Энсонголия холдинг” ХХК-ийн захирал Ц.Нарангэрэл нь 2019 оны 02 сарын 19-ны өдрийн СШ/2019021803 дугаартай  үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, бусад хууль тогтоомжийн заалтуудыг зөрчсөн, шийдвэр гүйцэтгэгч нь  ажиллагааны оролцогчийн эрхийг зөрчсөн  гэсэн гомдлыг шүүхэд гаргасан байх ба гомдлын үндэслэлээ шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь үнэлгээ тогтоосон тайлангийн хувийг төлбөр төлөгчид гаргуулахгүй оролцогч талуудын заяагдмал мэдэх, танилцах эрхийг хязгаарласан,  хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Монголын мэргэшсэн үнэлгээчдийн ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн гэж тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл шийдвэр гүйцэтгэгч нь хуульд заасны дагуу шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд шинжээчийн дүгнэлтийг төлбөр төлөгчид  хуульд заасны дагуу танилцуулсан байх ба тухайн шинжээчийн дүгнэлтийн хувийг  төлбөр төлөгчид гардуулаагүй  байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасан бөгөөд нь шинжээчийн дүгнэлтийн хувийг  ажиллагааны оролцогчидод гардуулаагүй нь хууль зөрчсөн гэж үзэхгүй тул  шийдвэр гүйцэтгэгч нь оролцогчийн хуулиар олгосон эрхийг зөрчөөгүй шийдвэр гүйцэтгэлийн  ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдсан гэж үзэхээр байна.  

 

Гомдол гаргагчийн шинжээч нь хөрөнгийн үнэлгээний тайлан гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Монголын мэргэшсэн үнэлгээчдийн ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн гэсэн гомдлын хувьд: Иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцож байгаа Шинжээч нь хөндлөнгийн тухайн ажиллагааны үр дүнд хувийн ашиг  сонирхолгүй этгээд дүгнэлт гаргадаг ба шинжээч нь үйл ажиллагаандаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний  тухай хуульд заасан журмыг баримталж, санаатайгаар худал дүгнэлт гаргасан тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээдэг, түүнчлэн хөрөнгийн  үнэлгээчний мэргэжлийн алдаа гаргасан  эсэх талаар маргааныг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т Мэргэжлийн зөвлөл харин үнэлгээчин ёс зүйн алдаа гаргасан тухай  гомдлыг Ёс зүйн зөвлөл  тус тус  шийдвэрлэхээр заасан.

 

Гэтэл гомдол гаргагч нь тухайн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд томилогдон оролцсон  хөрөнгийн үнэлгээчний  мэргэжлийн болон ёс зүйн алдаа  гаргасан эсэх талаар холбогдох мэргэжлийн байгууллагад хандаж шийдвэрлүүлээгүй атлаа  шууд шүүхэд гомдол гаргасан нь үндэслэлгүй бөгөөд  хөрөнгийн үнэлгээчний талаархи гаргасан “Энсонголия холдинг” ХХК-ний гомдлыг  шүүх  хүлээн авч шийдвэрлэх боломжгүй юм.  

 

Иймд анхан шатны шүүх гомдол гаргагч “Энсонголия холдинг” ХХК-ний захирал Ц.Нарангэрэлийн гомдлыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь  үндэслэл бүхий болсон  байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг  дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 25 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                           Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧИД                               Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                   Г.ДАВААРЕНЧИН