Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 17

 

Хаан банк ХХК-ийн Зүүнхараа

салбарын нэхэмжлэлтэй

                           иргэний хэргийн тухай

 

 

                                                                           Хэргийн индекс: 149/2019/00392/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                            Даргалагч, шүүгч                    Б.Батзориг

                             Шүүгчид                                 Д.Буянжаргал

                                                                             Г.Давааренчин

 

                             Оролцогчид

                                

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг  оролцуулж,  Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлоор Хаан банк ХХК-ийн Зүүн хараа салбарын нэхэмжлэлтэй Р.Оюунчимэгт холбогдох “Тэтгэврийн зээлийн төлбөр 7.019.513,5 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цасчимэг анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Намсрай овогтой Туяа нь 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Төрийн банкны Зүүнхараа салбараас 3,374,146, сарын 1,5 хувийн хүүтэй, 18 capын хугацаатэй тэтгэврийн зээл аваад 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нас барсан. Нас барсан шалтгаан нь тодорхойгүй. 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зээл авахдаа өөрөө ирсэн. Нас барсаныг нь бид 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр оршуулгын тэтгэмж нь нийгмийн даатгалын сангаас манай банкаар дамжигдаж 1,000,000 төгрөг, нэг сарын тэтгэвэр 216000 төгрөг нийт 1216000 орж ирэхэд нь мэдэж суутгасан юм. Мөн дээрээс нь хамтран зээлдэгч Саранцэцэг 2017 оны 03 дугаар сард 432000 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нь сард 216000 төгрөгийг 18 сарын хугацаатай зээлийн төлөлт хийж 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төлж дуусах байсан. Одоо зээлийн үлдэгдэл 2,095,616 төгрөгийг зээлийн гэрээний 2.2.4, 2.2.5 дахь мөн иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар хамтран зээлдэгчээс гаргуулах саналтай байна гэжээ.

 

Хариуцагч Р.Оюунчимэг анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ээжийнхээ тэтгэвэрийн зээлд гарын үсэг зурсан. Тухайн үед ээж минь сар шинэ болох гэж байна зээл авах хэрэгтэй байна гэсэн. Надаас өөр хамтран зээлдэгчээр гарын үсэг зурах хүн манайд байхгүй байсан учир би хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Тухайн зээлийг манай ээж сар шинийнхээ бэлтгэлд зориулсан. Миний ээж 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр нас барсан.

Тэтгэврийн зээлд хаан банк хамтрангаар зур гээд би ээждээ яаж үгүй гэх вэ дээ арга буюу зурсан. Би өөрөө группд байдаг, өөрөө группын зээлтэй, тийм болохоор би Хаан банкны нэхэмжилж байгаа 7019513,5 төгрөгний зээлийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаартай шийдвэрээр:

“1.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан Хаан банкны Зүүнхараа салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Р.Оюунчимэгээс тэтгэврийн зээлийн үлдэгдэл төлбөр 7,019,513.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 127,265 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.” гээд, эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цасчимэг шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, шүүх хуулийг буруу тайлбарласан хэрэглэсэн гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбар нь хариуцагч Р.Оюунчимэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 7,019,513.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Тухайн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүхэд хэргийг хянан шийдвэрлэх явцад хэргийн зохигчид нь нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэн хэлэлцэж гэрээ байгуулжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-д зааснаар зохигчид нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд эвлэрэн хэлэлцэх эрхтэй бөгөөд зохигчдын хооронд байгуулсан дээрхи эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байна.

 

Зохигчид нь Эвлэрлийн гэрээгээр Улсын Их Хурлаас иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан хуулийн дагуу зээлдэгчийн тэтгэврийн зээлийн үндсэн төлбөрөөс 6.000.000 төгрөг төлөгдсөн тул үлдэгдэл төлбөр болох 1,019,513.5 төгрөгийг хариуцагч Р.Оюунчимэг нь 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 3 сар сар бүр 100.000 төгрөг, 2020 оны 6 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүр 150,000 төгрөгийг 4 сар төлж, 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 119,513.5 төгрөгийг тус тус бүрэн төлж барагдуулах, тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хувиарлахаар тохиролцжээ.

 

Зохигчид нь ийнхүү эвлэрэн хэлэлцсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Хариуцагч нь эвлэрлийн гэрээний дагуу  үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч нь хуульд заасны дагуу албадан гүйцэтгүүлж болох ба зохигчид нь давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх явцад эвлэрэн хэлэлцсэн тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т зааснаар Сэлэнгэ аймаг  Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаартай шийдвэрийг  хүчингүй болгож, Хаан банк ХХК-ийн Зүүн хараа салбарын нэхэмжлэлтэй Р.Оюунчимэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 6.000.000 төгрөг нь төлөгдсөн тул үлдэгдэл төлбөр болох 1,019,513.5 төгрөгийг хариуцагч Р.Оюунчимэг нь 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүр 100.000 төгрөгийг 3 сар, 2020 оны 6 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүр 150,000 төгрөгийг 4 сар төлж, 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 119,513.5 төгрөгийг тус тус бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар зохигчид эвлэрэн хэлэлцсэн тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 127.262 төгрөгийн 50 хувь буюу 63.631 төгрөгийг орон нутгийн төсвөөс хариуцагч Р.Оюунчимэгээс тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 63.631 төгрөгийг  тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид нь хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг  дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 127.262 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                           Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧИД                               Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                   Г.ДАВААРЕНЧИН