Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 00002

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж хийсэн иргэний шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Хаан банкны Зүүнхараа салбарын нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг Номт 2 тоотод оршин суух Цагаан  гэрт овогт Рагчаагийн О /рд:*, утас:*/-д холбогдох

            “Тэтгэврийн зээлийн төлбөр 7,019,513.5 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цасчимэг, хариуцагч Р.О, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг, нарийн бичгийн дарга Д.Соёлзул нар оролцов.

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:   Зээлдэгч Р.О тус банкны Зүүнхараа салбараас 2018 оны 12 дугаар сарын 28-ний өдөр тэтгэврийн зээлийн гэрээ байгуулан 7,748,904.71 /Долоон сая долоон зуун дөчин найман мянга есөн зуун дөрвөн/ төгрөгийн зээлийг сарын 1.5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай ахуйн хэрэглээний зориулалтаар ээжийнхээ тэтгэврийн зээлийг авсан байна. Үндсэн зээлдэгч нас барсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1-дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу тэтгэврийн үндсэн зээлд 1,021,510.36 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 857,489.94 төгрөг, нийт 1,879,000.3 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч /144 хоног/, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 7.1-д заасан үндэслэлээр зээлийг буцаан дуудаж, зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй. Иймд банк зээлийн гэрээний 8 дугаар зүйлийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна: Үүнд: I. 2019 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн байдлаарх цалингийн зээлийн төлбөрийг гаргуулах: Үндсэн зээлийн үлдэгдэл 6,727,394.35  төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 283,119.15 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 9,000 төгрөг, нийт 7,019,513.5 төгрөг. 2. Улсын тэмдэгтийн хураамж 127,262 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилж байна. Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ гэжээ. 

 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цасчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хаан банкны Зүүнхараа салбараас иргэн Рагчаа овогтой От холбогдох тэтгэвэрийн зээлийн нийт төлбөр болох 7019513,5 төгрөгний зээл гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Р.О 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр тэтгэвэрийн зээлийн гэрээ байгуулан 7748904,71 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай ахуйн хэрэглээний зориулалттай ээжийнхээ тэтгэвэрийн зээлийг авсан. Үндсэн зээлдэгч Мааньхүүгийн Да 2019 оны 02 дугаар сард нас барсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1 дэх хэсэгт заасны дагуу зээл хүүгийн төлбөрт нийт 1879003 төгрөгийг төлж барагдуулсан байна. Зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу зээлээ төлөлгүй 144 хоног хугацаа хэтэрсэн тул зээлийг буцаан дуудаж шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар нийт 7019513,5 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 127262 төгрөгийн хамт гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Р.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч: Би 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ээжийнхээ тэтгэвэрийн зээлд гарын үсэг зурсан. Тухайн үед ээж минь сар шинэ болох гэж байна зээл авах хэрэгтэй байна гэсэн. Надаас өөр хамтран зээлдэгчээр гарын үсэг зурах хүн манайд байхгүй байсан учир би хамтран зээлдэгчээр  гарын үсэг зурсан. Тухайн зээлийг манай ээж сар шинийнхээ бэлтгэлд зориулсан. Миний ээж 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр нас барсан.Тэтгэврийн зээлд хаан  банк хамтрангаар зур гээд би ээждээ яаж үгүй гэх вэ дээ арга буюу зурсан. Би өөрөө группд байдаг, өөрөө группын зээлтэй, тийм болохоор би Хаан банкны нэхэмжилж байгаа 7019513,5 төгрөгний зээлийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Хаан бакнаас 10 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Нэхэмжлэлийн шаардлага дээр зээлдэгч зээлийн төлбөл зохих төлбөрүүдийг хугацаанд нь төлөөгүйy улмаас зээлийн хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Иймд зээлийг буцаан дуудаж зээлийн гэрээний зохих заалтуудын дагуу Р.Оээс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Хэрэгт цугласан баримтад тулгуурлан дараах санал дүгнэлтээ хэлье. Хаан банк 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Мааньхүүгийн Дтай тэтгэвэрийн зээлийг гэрээ байгуулан зээлийн үлдэгдэл 7066604 төгрөг дээр нэмж 682300 төгрөгийг авсан байна. Ингэж авахдаа хуульд заасны дагуу зээлийн гэрээ байгуулж зээлийн гэрээн дээр хамтран үүрэг гүйцэтгэгчээр Р.О гарын үсэг зурсан байдаг. Энэ зээлийн гэрээний заалтуудаас харвал зөвхөн өндөр насны тэтгэвэр авах, тухайн иргэний хувийн байдалтай салшгүй холбоотой бөгөөд тухайн иргэн өндөр насны тэтгэвэрээ барьцаалж мөнгө зээлсэн болох нь зээлийн гэрээний 1.2 дах хэсэгт зааснаар бүрэн нотлогдон тогтоогдож байна. Нэхэмжлэгч тал миний асуусан асуултад зохих заалтуудыг хэлээд хамтран үүрэг гүйцэтгэгч үндсэн зээлдэгчийн нэгэн адил эрх, үүрэгтэй хүлээнэ ч гэдэг юмуу зээлийн гэрээний заалтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа тавьж байна. Эдгээр заалтууд хуульд заасан үндэслэлээр шал өөр гэрээний заалтууд. Энэ хүн гэрээний үүргээ биелүүлээгүй биш, гэрээний үүргээ зөрчсөн биш гагцхүү иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэл, үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй болсон, эсвэл сураггүй алга болсонд тооцогдсон түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан тохиолдолд түүний үүрэг дуусгавар болно гэж хуульчлан заасан байдаг. Тэгвэл гэрээнд заасан нөхцөл нь М.Д гэдэг хүн нас барснаар энэ гэрээний үүрэг нь дуусгавар болсон байна гэж үзэж байна. Хамтран үүрэг гүйцэтгэгч гэж гарын үсэг зурсан, баталгаа гаргаснаар гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна. Ирээдүйд авах тэтгэвэрээ барьцаалж зээл авсан нь М.Дд холбогдолтой болохоос бус гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр заагдсан боловч өөрийн орлогоо барьцаалаагүй Р.От огт холбоогүй. Хамтран үүрэг гүйцэтгэгч Р.О нь зээл олгох үндэслэл, тодруулбал зээлдэгч М.Дтай хамт зээл авдаггүй, зээлийг захиран зарцуулсан нь бүрэн нотлогдохгүй байна гэж үзэж байна. Тухайн үед зээл авах хүсэл сонирхол Р.От байгаагүй гагцхүү М.Д гуай сар шинэдээ бэлдэж байсан, биеийн эрүүл мэнд зүгээр байсан зээлийн зорилго бол сар шинэдээ зориулж авсан. Тэрнээс Р.От хамтарч зээл авах хүсэл зорилго, хэрэгцээ шаардлага байсан гэдэг нь үгүйсгэгдэж байна. Иймд энэ хүний өндөр насны тэтгэвэх авах ирнэний хувийн байдалтай салшгүй холбоотой эрх үүссэн учраас өөрийн орлого болон тэтгэвэрээ барьцаалан мөнгө зээлсэн нь нотлогдож байна. Гагцхүү энэ нь хуульд заасан үндэслэлээр зээлийн гэрээ нь М.Д нас барснаар дуусгавар болж байна гэж үзэж байна. Зээлийн гэрээн дээр эрсдэлийн талаар тусгагдаагүй учир хамтран хариуцагч баталгаа гаргаж өгснөөр энэ зээлийг хариуцах хууль зүйн үндэслэл болно гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл бий болохгүй байна гэж үзэж байна. Иймд хаан банкнаас Р.Оээс зээлийн төлбөр 7019513,5 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү  гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Үндэслэх нь:

 

            Нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбар нь хариуцагч Р.Оээс тэтгэврийн зээлийн төлбөр 7,019,513.5 төгрөг гаргуулахаар  шаарджээ.

 

            2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хаан банкны Зүүнхараа салбар нь зээлдэгч М.Дтай тэтгэврийн зээлийн гэрээ байгуулж, зээлийн үлдэгдэл 7,066,604.71 төгрөг дээр 682,300 төгрөгийг нэмэгдэгдүүлэн нийт 7,748,904.71  төгрөгийг  сарын 1,5 % -ийн хүүтэй, 36 cap /3 жил/-ын хугацаагаар тэтгэврийн зээлийн гэрээ байгуулагджээ. Хариуцагч Мааньхүү овогтой Д нь 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр нас баржээ. Зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр Рагчаа овогтой О гарын үсэг зурсан тул Банк хамтран үүрэг гүйцэтгэгч Р.Оээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ээж маань энэ зээлээ тэтгэврээ барьцаалан авсан ба зөвхөн өөрийнхөө хэрэгцээнд зориулан аваад зарцуулсан. Ээж маань нас барсанаар зээлийг төлөх боломжгүй болсон. Би хөдөлмөрийн чадвар алдалтаар группд байдаг, өөрөө группын зээлтэй тул  төлөх боломжгүй, банк хамтран шаардсан болохоор ээждээ үгүй гэж хэлж чадахгүй гэрээнд гарын үсэг зурсан гэж маргана.

 

            Зээлдэгч М.Д нь 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр нас барсан нь нас барсны бүртгэлийн гэрчилгээгээр  /хх-7 хуудас/ тогтоогдож байна.

            Хариуцагч Р.От зээл төлөх тухай мэдэгдлийг 2019 оны 09 дүгээр сарын 11-ний  өдөр мэдэгдсэн тухай /хх-8 хуудас/ баримт хэрэг авагджээ.   

 

            Нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбар зээлдэгч  М.Д, хамтран үүрэг гүйцэтгэгч Р.Оюунчмэг нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан боловч зээлийн төлбөрийг зээлдэгч М.Дгийн 5001699125 тоот дансанд бэлэн бусаар шилжүүлсэн байна.  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар “ Банк зээлийн үйл ажиллагаа  эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус, тус хүлээнэ” гэж зааснаар хариуцагч Р.Оээс шаардах эрхгүй, хариуцагч үүрэг хүлээхгүй гэсэн хариуцагчийн өмгөөлөгчийн татгалзлал үндэслэлтэй байна.Тэтгэврийн зээлийн гэрээний 1.3.4-д банк зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэх хүртэл хугацаанд зээлдэгчийн 5001699125 тоот төгрөгийн тэтгэврийн харилцах дансанд орж ирсэн мөнгөн хөрөнгөнөөс зээлийн төлбөрийг үл маргах журмаар шууд бэлэн бусаар төлүүлнө. Зээлдэгч нь зээлийн төлбөрийг  гэрээний 1.2-д заасан хуваарьт хугацаанд  төлөөгүй 30-с дээш хоног хэтэрсэн бол зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн банк дахь бусад данснаас үл маргах журмаар суутгана төлүүлнэ.

            1.4-д Зээлдэгчийн ирээдүйд орж ирэх тэтгэвэрийн орлого нь энэхүү зээлийн барьцаа болно гэжээ. Зохигчдын тайлбар, тэтгэврийн зээлийн гэрээ, дээр заасан гэрээний тодорхой нөхцлүүд, зээл хүсэгч М.Дгийн өргөдлөөс үзэхэд өөрийн тэтгэврийг барьцаалж зээл авсан нь тогтоогдож байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан Өндөр насны тэтгэвэр авах эрх нь зөвхөн тухайн иргэний хувийн салшгүй байдалтай холбоотой эрх ба уг орлогоо барьцаалж мөнгө зээлсэн нь мөн хувь хүний байдалтай салшгүй холбоотой үүргийг үүсгэнэ. Гэрээний дээрхи тохиролцоо нь ирээдүйд авах тэтгэврээ барьцаалж зээл авсан М.Дд холбогдолтой болохоос бус хамтран үүрэг гүйцэтгэгч гэж заагдсан боловч өөрийн орлогыг барьцаалаагүй Р.От хамаарах боломжгүй юм.   

            Зээлдэгч М.Д нь гэрээнд тусгагдсан эрх үүргээ хэрэгжүүлж байсан, түүний нас барснаар ирээдүйд орж ирэх байсан тэтгэврийн орлого, Нийгмийн Даатгалын Сангаас Олгох Тэтгэвэр Тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар өндөр настны тэтгэврийг даатгуулагч нас барж тэтгэвэр авах эрх дуусгавар болсон нь  хамтран үүрэг гүйцэтгэгч Р.Оээс тэтгэврийн зээлийн  гэрээний үүргийг шаардах эрхийг үүсгэх үндэслэлгүй юм.

            Гэрээний тохиролцоо нь ирээдүйд авах тэтгэврээ барьцаалж зээл авсан М.Дтай холбогдолтой болохоос бус хамтран үүрэг гүйцэтгэгч гэж заагдсан боловч өөрийн цалин, орлого, хөрөнгө, эрх барьцаалаагүй, өндөр насны тэтгэврийн эрхийн талаар  үүрэг хүлээгээгүй. Р.Оээс шаардах хууль зүйн үндэслэлгүй байна.

            Зээлдэгч М.Д нь 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр нас барснаар Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар үүргийн гүйцэтгэл, үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч .....нас барсан тохиолдолд үүрэг дуусгавар болохоор зохицуулсан байх тул хариуцагч Р.От  холбогдох  Хаан банкны Зүүнхараа  салбарын нэхэмжлэлтэй “тэтгэврийн зээлийн үлдэгдэл төлбөр 7,019,513.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан Хаан банкны Зүүнхараа салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Р.Оээс тэтгэврийн зээлийн үлдэгдэл төлбөр  7,019,513.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 127,265 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс  хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч, этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас   хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Б.АЛТАНЦЭЦЭГ