Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 17

 

Б.Д- холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Уранцэцэг, нарийн бичгийн дарга Н.Энхжил нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 236 дугаар цагаатгах тогтоол, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 63 дугаар магадлалтай, Б.Д- холбогдох 1814002380179 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Д- түүний өмгөөлөгч Р.Уранцэцэг нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 257 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял тус тус шийтгүүлж байсан  Өөлд овогт Б-н Д-.

Б.Д- нь 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Дэлгэрэх захад байрлах Ч.Б- эзэмшлийн дэлгүүрт нэвтэрч 365,000 төгрөг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Д- холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Д-г цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Б.Д- холбогдох хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Д- гаргасан гомдолдоо “ ... Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгохдоо хэрэг хийгээгүй байхад хийсэн гэж шийдвэрлэсэн нь миний ашиг сонирхлыг дордуулсан. Би 2018 оны 04 сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Дэлгэрэх захын урд хаалганы хажуу талын цагаан идээний дэлгүүрээс тараг авахаар ороод “юм авая” гэж 2, 3 удаа дуудсан боловч хүн хариулахгүй байсан тул буцаж гараад гэртээ харьсан. Гэтэл зөвхөн энэ үйлдлийнхээ төлөө бусдын эд мөнгийг хулгайлсан гэж хардуулж сэжиглэн шалгуулж эцэстээ ял шийтгэл тулгуулж хилс хэрэг хүлээж байгаадаа туйлын гомдолтой байна. Дэлгүүрт ороод гарах хугацаа маш богино байхад заавал намайг авчихлаа гэж хардаад байгаа юм. Хэрэв миний оронд машин тэрэгтэй, өнгө үзэмж, хувцаслалт, эмэгтэй хүн зэрэг гадаад нүүр царай бусад аль ч талаараа дээр байсан бол хардаж сэрдэж шалгах юм уу.

Энэ ардчилсан нийгэмд хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байна гээд тайлбарлаад мэдүүлэг өгөөд байхад ямар учраас хэрхэн яагаад үнэлэхгүй байгааг ойлгохгүй байна. Би тэр цаг хугацаанд хүүхдэдээ шинэ тарга авж өгөх зорилгоор очсон боловч худалдагч байгаагүй, нөгөө тасалгаатай өрөө шиг юмны ард байгаа юм бодоод надад үйлчлэх боломжгүй юм байна гээд буцаад гарч явсан. Энэ хэрэгт авагдсан бичлэгээр нотлогдож байгаа. Намайг дэлгүүрт ороод гарсны төлөө бусдын бэлэн мөнгийг авсан гэж буруутган ямар ч нотлох баримт, үндэслэлгүйгээр шалгаж байгаад гомдолтой байна. Ч.Б- гэх хохирогч мөнгөө гэртээ очоод үзсэн чинь алга байна гэж мэдүүлсэн байна. Хэрхэн мөнгө төгрөг алга болсон талаар сайн нотлох, шалгах хэрэгтэй.

Энэ гэмт хэргийг хийгээгүй учраас удаа дараа өгсөн мэдүүлэгтээ дэлгүүрт орж, гарсан талаараа үнэн зөвөөр мэдүүлсэн. Хавтаст хэрэгт намайг авсан гэх нотлох баримт авагдаагүй, хяналтын прокурор гаргасан өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэсэн болохоос өөр тухайн дэлгүүрийн хүн арын өрөө шиг тасалгаатай тэр газраа ороод харагдахгүй байсан талаар бусад гэрч нарыг сайн асууж тодруулж байранд үзлэг хийж баримтжуулаагүй байна. Прокурор намайг дуудаад хэргээ хүлээ хялбаршуулсан журмаар шийдмээр байна гэх зэргээр хэлэхэд би үнэхээр аваагүй нь үнэн тул бүхий л зүйлийг сайн шалгаж жинхэнэ эзнийг нь олоод намайг хурдан чөлөөлөөд өгөөч гэж л хэлсэн. Та нарын дотны хүн болон өөрийг чинь ийм хилс хэрэгт нэг мэдэхэд гүжирдэж, шалгаж байцааж, яллах гээд байвал яах вэ гээд өөрийнхөө оронд байр сууриа тавиад үзэлдээ. Хохирогч түрийвчнээсээ мөнгө алдлаа гэдэг түрийвчид тэр даруйд гар, хурууны хээг авах боломжтой, гэрт очоод ямар цаг хугацаанд алдсан талаараа, гэр оронд алдсан байх бусад үзлэг шалгалтыг огт хийгээгүй байна.

Зөвхөн амаар авсан мэдүүлгээр л хэтэрхий өрөөсгөл дутуу шалгаж жинхэнэ хулгайч мултарч үлдэж байна. Би үнэхээр аваад гарсан бол айж сандарсан байдалтай хүнтэй таарчихвий эзэн нь араас гараад ирэхвий гэж олон юм хийх байх бичлэгт ороод гараад зүгээр л явах зүгтээ явсныг хангалтай нотолж байгааг анхаарч үзэх хэрэгтэй. Авсан бол цагдаа дуудахад л хохирогчид өгч гэмээ хүлээгээд хурдхан салах замаа хайна шүү дээ. Иймд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тул магадлалыг хүчингүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Уранцэцэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон үндэслэлээ “илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэжээ” гэж шийдвэрлэсэн нь миний үйлчлүүлэгчийн ашиг сонирхлыг дордуулсан магадлал болсон.

Д.Д- нь 2018 оны 04 сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Дэлгэрэх захын урьд хаалганы хажуу талын цагаан идээний дэлгүүрээс тараг авахаар ороод “юм авая “ гэж 2, 3 удаа дуудсан боловч хүн хариулахгүй байсан тул буцаж гараад гэртээ харьсан. Гэтэл зөвхөн энэ үйлдлийнхээ төлөө бусдын эд мөнгийг хулгайлсан гэж хардуулж сэжиглэн шалгуулж эцэстээ ял шийтгэл тулгуулж хилс хэрэг хүлээж байгаадаа туйлын гомдолтой байна. Дэлгүүрт ороод гарах хугацаа маш богинохон байхад заавал намайг авчихлаа гэж хардаад байгаа юм. Хэрэв миний оронд машин тэрэгтэй, өнгө үзэмж, хувцаслалт, эмэгтэй хүн зэрэг гадаад нүүр царай бусад аль ч талаараа дээр байсан бол хардаж сэрдэж шалгах юм уу. Энэ арчилсан нийгэмд хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш эрхтэй байна гээд тайлбарлаад мэдүүлэг өгөөд байхад ямар учраас хэрхэн яагаад үнэлэхгүй байгааг үнэндээ ойлгохгүй байна. Би тэр цаг хугацаанд гэж хүүхдэдээ шинэ тарга авж өгөх зорилгоор л очсон боловч худалдагч хүн байхгүй байсан тул нөгөө тасалгаатай өрөө шиг юмны ард байгаа юм бодоод надад үйлчлэх боломжгүй юм байхдаа гээд буцаад гарч явсан. Энэ хэрэгт авагдсан бичлэг нотлогдож байгаа. Одоо харин намайг дэлгүүрт ороод гарсны төлөө бусдын бэлэн мөнгийг авсан гэж буруутган хуулийн байгууллага өөр хангалтай ямар ч нотлох баримт байхгүй үндэслэлгүйгээр шалгуулах ёстой юм уу би үнэхээр их гомдолтой байна. Ч.Б- гэх хохирогч мөнгөө гэртээ очоод үзсэн чинь алга байна гэж мэдүүлсэн байна.

Хэрхэн мөнгө төгрөгөө алга болсон талаар харин ч сайн нотлох шалгах хэрэгтэй байх. Би үнэндээ энэ гэмт хэргийг хийгээгүй учраас удаа дараа өгсөн мэдүүлэгтээ ч дэлгүүрт орж, гарсан талаараа үнэн зөвөөр нь мэдүүлэг өгсөн. Надад холбогдох хавтаст хэрэгт яг намайг авсан гэх нотлох баримт авагдаагүй байхад яагаад намайг хулгайлсан юм шиг байн байн дуудаж шалгааж миний хяналтын прокурор гаргасан өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэсэн болохоос өөр тухайн дэлгүүрийн хүн арын өрөө шиг тасалгаатай байсан газраа ороод харагдахгүй байсан талаар бусад харсан үзсэн гэрч гэх этгээдүүдийг сайн асууж тодруулж тэр байр саванд үзлэг хийж баримтжуулаагүй байгааг гайхаж байна.

Прокурор намайг дуудаад хэргээ хүлээ хялбаршуулсан журмаар шийдмээр байна гэх зэргээр хэлэхэд нь би үнэхээр аваагүй нь үнэн тул бүхий л зүйлийг сайн шалгаж жинхэнэ эзнийг нь олоод намайг хурдан чөлөөлөөд өгөөч гэж л хэлсэн. Та нарын дотны болон өөрийг чинь ийм хилс хэрэгт нэг мэдэхэд гүжирдэж шалгаж, байцаагаад яллаад байвал яах вэ гээд өөрийнхөө оронд байр сууриа тавиад үзэлдээ. Хохирогч түрийвчнээс мөнгө алдлаа гэдэг гэтэл тэр түрийвчид тэр дариудаа гар, хурууны хээг авах боломжтой болон гэрт очоод ямар цаг хугацаанд алдсан талаараа, гэр оронд алдсан байх бусад үзлэг шалгалтыг огт хийгээгүй байгаад гомдолтой байна. Зөвхөн амаар авсан мэдүүлгээр л үзлэг шалгалтыг огт хийгээгүй байгаад гомдолтой байна. Зөвхөн амаар авсан мэдүүлгээр л асуудал хангаж хэтэрхий өрөөсгөл дутуу шалгаад жинхэнэ авсан байх хулгайч мултарч үлдэж байна. Би үнэхээр аваад гарч байгаа бол түрийвчтэй нь тал тал тийшээ айж сандарсан байдалтай хүнтэй таарчих вий эзэн нь араас гараад ирэх вий гэж үнэхээр олон юм хийх байх бичлэгт ороод, гараад зүгээр л явах зүгтээ явсныг хангалттай нотолж байгааг анхаарч үзэх хэрэгтэй. Авсан бол цагдаа дуудахад л хохирогчид өгч гэмээ хүлээгээд хурдхан салах замаа хайна” гэж гомдоллодог.

Давж заалдах шатны шүүхээс цагаатгах тогтоолыг хэрэгсэхгүй болгохдоо урьдчилсан хэлэлцүүлэг хийгээгүй гэжээ. Урьдчилсан хэлэлцүүлгийг анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн, энэ ажиллагаа хийгдээгүй байснаар бидний ямар нэгэн хууль ёсны ашиг сонирхол хохироогүй юм. Иймд миний хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээн авч, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Б.Д- холбогдох хэргийн нөхцөл байдлыг харахад тухайн өдөр Ч.Б- цагаан идээний дэлгүүрт орж хэсэг байж байгаад гарсан нь камерын бичлэгээс харагддаг. Давж заалдах шатны шүүх болон анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, харилцан зөрүүтэй нотлох баримтуудыг нэг нь бусдыгаа үгүйсгэх тухай үндэслэлийг зааж өгөөгүй гэсэн үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгосныг үндэслэлтэй гэж үзэж байна. Б.Д-гийн хувийн байдал нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгүүлэхдээ мөн дэлгүүрт явж байгаад лангууны араас хүний түрийвчийг хулгайлсан асуудлаар шалгагдаж 06 сарын баривчлах ял шийтгүүлж байсан. Тухайн хэргийг Б.Д-гийн хэргээ хүлээсэн гэдгээр биш, хохирогчийн хууль сануулсан мэдүүлэг болон бусад нотлох баримтуудад үндэслэн шийдвэрлэсэн. Хохирогч Ч.Б- нь Б.Д- гэх хүн манай дэлгүүрт орсныг камерийн бичлэгээс харсан. Өмнө нь манай дэлгүүрт орж ирээд юм авахгүй мөртлөө байнга барааны үнэ асуугаад гарч явдаг байсан хүн мөн байна. Манай дэлгүүрт орж миний түрийвчийг хулгайлсан гэж мэдүүлдэг. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Д-, түүний өмгөөлөгч Р.Уранцэцэг нарын гаргасан гомдлыг үндэслэн Б.Д- холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Б.Д- нь 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Дэлгэрэх захад байрлах Ч.Б- эзэмшлийн дэлгүүрт нэвтрэн 365,000 төгрөг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн талаар шалгавал зохих асуудлыг гүйцэд шалгаагүй, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй байхад шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо тухайн хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг хангалгүйгээр цагаатгах тогтоол гаргаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх зөвтгөн залруулах зорилгоор шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дахин хийлгүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзнэ.

Түүнчлэн шүүхийн цагаатгах тогтоолд дурдагдсан үндэслэлүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2 болон 1.3-т заасныг зөрчсөн гэсэн давж заалдах шатны дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, оролцогч этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн төвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлэлт, дүгнэлт хийж хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох учиртай.

Энэхүү хэргийн хувьд онцгой ач холбогдол бүхий байж болох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэх хяналтын камерт бичигдсэн дүрс бичлэгийг хуульд заасан журамд нийцүүлэн нотлох баримт болгож бэхжүүлэх, уг бичлэгт тусгагдсан зүйлсийг нарийвчлан тэмдэглэх, улмаар тухайн баримтанд үндэслэн хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй байхад хэрэгт ач холбогдолтой болон хамааралтай нотлох баримт нэг бүрийг шалгаж үнэлэлгүй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болно.

Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Д- түүний өмгөөлөгч Р.Уранцэцэг нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 63 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Д- түүний өмгөөлөгч Р.Уранцэцэг нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

         ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                          Ч.ХОСБАЯР

                                                                                          Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН