Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогийн Одмаа |
Хэргийн индекс | 128/2015/0983/З |
Дугаар | 128/ШШ2016/0218 |
Огноо | 2016-03-24 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 128/ШШ2016/0218
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: И** м****н овогт Б******рийн На*******агийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: ...Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/04 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Б.На*******а намайг Хан-Уул дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэмцэх хэмжээний нөхөн олговрыг олгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.На*******а, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.О*******ь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.На*******а, түүний өмгөөлөгч В.О*******ь нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Б.На*******а миний бие Хан Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/14 дугаартай тушаалаар Хан Уул дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд ажиллаж байгаад 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ажлаас үндэслэлгүй халагдсан.
2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Засаг дарга Ж.Г******г нь Б/04 дугаартай захирамж гарган дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн Ерөнхий нягтлан бодогч Б.На*******а намайг албан үүргээ хангалтгүй биелүүлж, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэх шалтгаан зааж шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Миний бие хэлмэгдэж гүтгэгдсэний улмаас эрүүгийн гэмт хэрэгт холбогдож хууль хяналтын байгууллагад шалгагдсан бөгөөд иргэн намайг гэм буруугүй талаар зохих байгууллагын шийдвэр гарсан. Захиргааны санаачлагаар ажлаас халагдсандаа туйлын гомдолтой байгаа талаараа дээд шатны байгууллагад хандаж зохих хариуг авсан болно.
Мөн миний бие Баянгол, Хан-Уул Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус хэргийг захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан гэж дүгнээд хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн, байгууллага, хамт олны дунд мөрдөрдөгдөж буй дүрэм журам, сахилга хариуцлага, ёс зүйн үнэлэмжийг үл хүндэтгэж, хүний ажил хэргийн нэр хүндэд үндэслэлгүйгээр халдан хувийн үзэл бодол, ашиг сонирхолдоо дулдуйдаж гаргасан Засаг даргын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/04 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Б.На*******а намайг Хан-Уул дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэмцэх хэмжээний нөхөн олговрыг олгуулж өгнө үү гэв.
Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Г******г шүүхэд гаргасан тайлбартаа:
...Иргэн Б.На*******агийн нэхэмжлэлтэй тус дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дараах тайлбарыг гаргаж байна.
Тус дүүргийн Засаг даргад 2015 оны 02 дугаар сард төсөвтэй харилцагч хувийн хэвшлийн цэцэрлэгүүдээс Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.На*******агийн талаар гомдол ирүүлсэн.
Дээрх асуудлын хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны А/15 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулан шалгахад Б.На*******а нь Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-т "Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх" 13.1.2-т "өргөсөн тангарагтаа үнэнч байх" 13.1.5-т "төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх" гэж заасан төрийн албан хаагчийн үндсэн үүргүүдийг биелүүлээгүй ёс зүйн ноцтой зөрчил гаргаж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д "Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэсний төлөө аливаа төлбөр авахыг хориглоно" гэж заасныг зөрчсөн байх тул дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/04 дүгээр захирамжаар үүрэгт ажлаас нь халсан.
Иймд Б.На*******агийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Маргаан бүхий актын талаар
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/14 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Б.На*******аг тус дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчийн /ТЗ-6/ албан тушаалд томилсон байна.
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/04 дүгээр Б.На*******аг ажлаас халах тухай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8.1, 19 дүгээр зүйлийн 19.5, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 16 дугаар зүйлийн 16.7, 16.8, 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, 29 дүгээр зүйлийн 29.1.2, 29.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн ажлаас халсан байна.
2. Хөөн хэлэлцэх хугацаа болон урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны талаар
Б.На*******а нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/04 дүгээр захирамжийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар Нийслэлийн Засаг даргад 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хандсан боловч нэхэмжлэгчид 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Өргөдөл гомдлын цахим системээр Өргөдөл, гомдлыг шийдвэрлэлээ, гомдлоо шүүхийн байгууллагад хандаж гаргана уу гэх хариуг өгснийг эс зөвшөөрч, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсаныг тус шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 102/Ш32015/30602 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дагуу тус шүүхэд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хандсан байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана., 6.4-т Энэ хуулийн 6.1-д заасан байгууллага, албан тушаалтан иргэн, хуулийн этгээдээс гаргасан гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүлээн авч хуульд өөрөөр заагаагүй бол 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгнө. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор сунгаж болно. Хугацаа сунгасан тухай гомдол гаргасан иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэнэ., 12 дугаар зүйлийн 12.1.2-т Иргэн, хуулийн этгээд дараахь тохиолдолд энэ хуулийн 6.1-д заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй: дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтнаас энэ хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь өөрт холбогдох 201526030154 дугаартай эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 16 тоот тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэгдсэний дагуу Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасныг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.
3. Маргаан бүхий актын үндэслэлийн талаар
Маргаан бүхий актыг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч ...албан үүргээ хангалтгүй биелүүлж, ёс зүйн зөрчил гаргасан гэсэн нь үндэслэлгүй, эрүүгийн гэмт хэрэгт холбогдож хууль хяналтын байгууллагад шалгагдсан бөгөөд намайг гэм буруугүй талаар зохих байгууллагын шийдвэр гарсан, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн, байгууллага хамт олны дунд мөрдөгдөж буй дүрэм, журам, сахилга хариуцлага, ёс зүйн үнэлэмжийг үл хүндэтгэж, хүний ажил хэргийн нэр хүндэд үндэслэлгүйгээр халдсан..., хариуцагчаас маргаан бүхий актын үндэслэлийг 2015 оны 02 дугаар сард төсөвтэй харилцагч хувийн хэвшлийн цэцэрлэгүүдээс нэхэмжлэгчийн талаар гомдол ирүүлсэний дагуу ажлын хэсэг байгуулан шалгахад нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн нь илэрсэн... гэж тайлбарлан маргаж байна.
Тус дүүрэгт байрлах Болор-Өргөө, Далай цэцэрлэгүүдийн үүсгэн байгуулагч Л.Б********гээс ... хувийн хэвшлийн цэцэрлэгт дүүргийн төсвийн санхүүжилтийг олгох асуудал Хан-Уул дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга М.Цогзолмаа, ерөнхий нягтлан бодогч Б.На*******а нарын хүнд суртал, хувийн сонирхлоос шалтгаалж байна... гэх гомдлыг 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргад гаргасныг үндэслэн тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн баталсан тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг нь батлагдсан удирдамжийн дагуу дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтэст Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон төсөв санхүүгийн зарим хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалган, дүнг 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр илтгэж, нэхэмжлэгчийг албан тушаалаа хэрэгжүүлэхдээ Төрийн албаны тухай, Төсвийн тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудад заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн гэж үзээд, албан тушаалаас чөлөөлөхөөр санал оруулжээ.
Шалгалтын ажлын хэсгийн уг саналыг үндэслэн хариуцагч маргаан бүхий захирамжийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8.1, 19 дүгээр зүйлийн 19.5, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 16 дугаар зүйлийн 16.7, 16.8, 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, 29 дүгээр зүйлийн 29.1.2, 29.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн гаргасан.
Төсвийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг үндэслэсэн тухайд:
Хариуцагч маргаан бүхий захирамжид Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8.1-т төсвийн шууд захирагч төсвийн сарын гүйцэтгэлийн мэдээг сар бүрийн 02-ны дотор харьяалагдах төсвийн төвлөрүүлэн захирагчид хүргүүлэх; гэж заасныг баримталсан нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд огт хамааралгүй байна.
Харин уг хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Сум, дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн төсвийн ерөнхий нягтлан бодогчийг аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчтай, аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн төсвийн ерөнхий нягтлан бодогчийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төрийн нарийн бичгийн даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө. гэж заасны дагуу хариуцагчаас 2015 оны 03 дугаар 06-ны өдрийн 01/109 дүгээр албан бичгээр Нийслэлийн Засаг даргад чөлөөлөх саналыг хүргүүлсэн нь зөвшилцсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Дээд шүүхийн 1996 оны Ерөнхийлөгчийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 216 дугаар тогтоолын 1-т Ерөнхийлөгчийн тухай хуульд заасан "зөвшилцөх" гэдгийг хууль тогтоомжид өөрөөр тодорхойлоогүй бол Ерөнхийлөгч, Улсын Их Хурал буюу Ерөнхий сайд тодорхой бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хууль бүрэн эрхэд хамаарах асуудлаар өөрийн гаргаж буй шийдвэр авах гэж буй арга хэмжээнийхээ талаар хуульд заасан байгууллага, албан тушаалтантай санал солилцохыг ойлгоно. гэж заасан байна.
Хэдийгээр уг тогтоол нь өөр хуулийг тайлбарласан боловч Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан зөвшилцөх саналын тухайд шүүхээс уг тогтоолд заасан тайлбартай адилтгаж, шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрээ гаргахдаа зөвшилцөх албан тушаалтанд саналаа мэдэгдэхийг ойлгох бөгөөд заавал хариу ирүүлэн, татгалзсан зөвшөөрсөн эсэхийг харгалзах шаардлагагүй гэж дүгнэлээ.
Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг үндэслэсэн тухайд:
Хариуцагч маргаан бүхий захирамжид Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна: төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах. гэж заасныг баримталсан бөгөөд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1. Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх; 13.1.2 өргөсөн тангарагтаа үнэнч байх; 13.1.5 төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх; гэж заасныг зөрчсөн гэж тайлбарласан ч Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам-ын 4-т Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй. гэснийг зөрчиж нэхэмжлэгчид урьдчилан танилцуулсан баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд Төрийн албан тухай хуулийн 13 дугаар зүйлийн аль хэсгийг зөрчсөнийг маргаан бүхий захирамжид тодорхой заагаагүй тул нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг үндэслэсэн тухайд:
Хариуцагч маргаан бүхий захирамжид Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т Албан тушаалтан албан үүрэгтэй нь холбогдуулан аливаа этгээд бэлэг, үйлчилгээ, ашигтай нөхцөл байдлыг санал болгосон тохиолдолд дараах арга хэмжээг авна: 9.2.1.саналаас татгалзах, 9.2.2.санал тавьсан этгээдийг тодорхойлох; 9.2.3.тодорхой нөхцөл байдлын улмаас бэлгийг эргүүлэн өгөх боломжгүй бол бэлгийг хадгалах ба энэ тухай өөрийн удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагад нэн даруй мэдэгдэх; 9.2.4.боломжтой бол тухайн үйл явдлын гэрчийг тэмдэглэх; 9.2.5.болсон нөхцөл байдлын талаарх мэдэгдлээ боломжит хугацааны дотор өөрийн удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагад бичгээр хүргүүлэх; 9.2.6.хариуцлага хүлээхээр зөрчил илэрсэн тохиолдолд эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх. гэж заасныг нэхэмжлэгчийн аль зөрчилд хэрхэн хамааруулж баримталсан нь ойлгомжгүй бөгөөд нэхэмжлэгч Б.На*******а нь Болор-Өргөө цэцэрлэгийн эрхлэгч Л.Б********гээс авсан мөнгөө буцааж өгсөн болох нь талуудын тайлбар болон эрүүгийн 201526030154 тоот хэрэг мөрдөн байцаах ажиллагааны явцад өгсөн гэрч Р.Өл*********шийн мэдүүлгээр нотлогдоно.
Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.7-д Албан тушаалтан бэлэг авахаас өмнөх хоёр жилийн хугацаанд бэлэг өгөгч этгээдтэй холбогдох захиргааны акт, удирдлага, хяналт, шалгалт, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах зэрэг албан үүрэг хэрэгжүүлсэн бол түүнийг тухайн бэлэг өгөгч этгээдээс албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан бэлэг авсанд тооцно., 16.8-д Энэ хуулийн 16.4-т заасан этгээдээс бэлэг авсан бол албан тушаалтан тухайн этгээдтэй холбогдох захиргааны акт гаргах, удирдах, хянах, шалгах, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах зэрэг албан үүргийг хоёр жилийн хугацаанд гүйцэтгэхгүй гэж тус тус заасныг зөрчин Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулан, төсвөөс санхүүжилт олгогддог Олуулаа цэцэрлэгийн эрхлэгч Д.Туяагаас нийт 250,000 /хоёр зуун тавин мянган/ төгрөг авсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдааны үед гаргасан тайлбар болон түүний дансны хуулгаар нотлогдож байх тул уг үйлдлийг хуулийн дээрх заалтад хамааруулан бэлэг авсан байна гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдөр баталсан тус газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалын ажлын байрны тодорхойлолтын 1.3-т Орон нутгийн болон салбар яамдын багцын төсвийн батлагдсан сар, улирлын хуваарийн дагуу зарлага, санхүүжилтийг цаг хугацаанд нь бүрэн олгон... гэж заасныг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан ...бэлэг өгөгч этгээдтэй холбогдох захиргааны акт, удирдлага, хяналт, шалгалт, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах зэрэг албан үүрэг хэрэгжүүлсэн... гэдэгт хамааруулан дүгнэж энэ нь талуудын тайлбар болон Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү бүртгэлийн програмд шүүхээс хийсэн үзлэг, дүүргийн Төрийн сангийн бүртгэлийн дансны хуулга зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Харин уг хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т Албан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага нийтийн хэрэгцээнд зориулан иргэн, хуулийн этгээдээс бэлэг, бусад санхүүгийн туслалцааг авах, хүсэхийг хориглоно.гэж заасныг маргаан бүхий захирамжид баримталсныг хэргийн оролцогчдын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарууд болон гэрчийн мэдүүлгүүдээс дүгнэхэд нэхэмжлэгч нь хариуцагчийн тайлбарт дурдсан 2014 оны Санхүүчдийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагаанд дээд шатны албан тушаалтан болох Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын даалгаснаар оролцсон болох нь тогтоогдсон тул хуулийн 17.3-т Албан тушаалтан хандив, санхүүгийн туслалцааг авахын өмнө өөрийн удирдлага, эсхүл эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан байна. гэж заасныг зөрчиж хандив авсан гэх үндэслэлгүй бөгөөд энэ талаарх баримтыг нэхэмжлэгч, хариуцагчаас шүүхээс шаардсан боловч ирүүлээгүй болно.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-т Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч дараах захиргааны хариуцлага хүлээлгэнэ: энэ хуулийн 16 дугаар зүйл, 22.3-т заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн этгээдээр хууль бусаар хүлээн авсан бэлэг, үйлчилгээний үнэ хөлсийг төлүүлж, нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хууль бусаар орсон албан тушаалаас чөлөөлөх; гэж заасан нь шийдвэр гаргах ажил олгогчид биш уг хуулиар шүүгчид олгогдсон эрх хэмжээ тул маргаан бүхий захирамжид хуулийн уг заалтыг баримталсан нь үндэслэлгүй бөгөөд харин 29.2.4-т Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий албан тушаалтан дараах сахилгын шийтгэл хүлээлгэнэ: энэ хуулийн 11, 12, 15, 16 дугаар зүйлд заасныг зөрчсөн, энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, энэ хуулийн 29.2.3-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол нийтийн албанаас халах. гэж заасныг баримталсан нь үндэслэлтэй байна.
Хэдийгээр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/150 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн үр дүнгийн гэрээний үнэлгээг 95,8 /А/ дүнгээр үнэлж, зохих урамшууллыг олгосон боловч энэ үед нэхэмжлэгчийн зөрчил илрээгүй, хариуцагч үүнийг мэдэх боломжгүй байсныг дурдах нь зүйтэй.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д "бэлэг" гэж нийтийн албан тушаалтанд үнэ төлбөргүй эд хөрөнгө өгөх, үйлчилгээ үзүүлэх болон эрх шилжүүлэх, үүргээс чөлөөлөх, нийтийн албан тушаалтантай хамаарал бүхий этгээдийн тусын тулд эрхээс татгалзах зэрэг бусад хэлбэрийн санхүүгийн үр ашгийг; 16 дугаар зүйлийн 16.7-д Албан тушаалтан бэлэг авахаас өмнөх хоёр жилийн хугацаанд бэлэг өгөгч этгээдтэй холбогдох захиргааны акт, удирдлага, хяналт, шалгалт, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах зэрэг албан үүрэг хэрэгжүүлсэн бол түүнийг тухайн бэлэг өгөгч этгээдээс албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан бэлэг авсанд тооцно., 16.8-д Энэ хуулийн 16.4-т заасан этгээдээс бэлэг авсан бол албан тушаалтан тухайн этгээдтэй холбогдох захиргааны акт гаргах, удирдах, хянах, шалгах, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах зэрэг албан үүргийг хоёр жилийн хугацаанд гүйцэтгэхгүй. гэж заасныг нэхэмжлэгч зөрчсөн нь хавтаст хэрэгт цугларсан баримтууд болон гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул уг хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий албан тушаалтан дараах сахилгын шийтгэл хүлээлгэнэ: энэ хуулийн 11, 12, 15, 16 дугаар зүйлд заасныг зөрчсөн, энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, энэ хуулийн 29.2.3-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол нийтийн албанаас халах. гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 4 дүгээр зүйлийн 4.1, 16 дугаар зүйлийн 16.7, 16.8, 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.На*******агийн ...Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/04 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэмцэх хэмжээний нөхөн олговрыг олгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОДМАА