Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2016/0064

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б*******н овогт М*****өгийн Ц****эгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “...Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/150 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Ц****э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э*****а, нарийн бичгийн дарга Б.Цэвэгмид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Ц****э нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...М.Ц****э би 1987 онд ЗХУ-ын Москва хотын Технологийн Дээд сургуулийг зохион байгуулагч, эдийн засагч мэргэжлээр төгссөн. Улсад 28 жил эдийн засагч, зохион байгуулагч, нийгмийн ажилтнаар үр бүтээлтэй ажиллаж ирсэн. Үүнээс сүүлийн 18 жил Баянгол дүүргийн баг хороодод зохион байгуулагч, нийгмийн ажилтнаар тасралтгүй ажилласан. 2014 оны 03 дугаар сарын 28-нд Баянгол дүүргийн 17 дугаар хороонд нийгмийн ажилтнаар томилогдон ажилласан. Ажиллах хугацаандаа хорооны нийгмийн ажилтны үүргийг ажлын байрны тодорхойлолтын дагуу ажлаа сар, улирал, жилээр төлөвлөн тус бүр судалгаа шинжилгээ дүгнэлт баримттайгаар үр дүнг нь тооцон сар улирал жилээр тайлагнан дүгнүүлж ирсэн. Энэ нь хувь хүн, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зорилтот бүлэгт үзүүлсэн нийгмийн ажил үйлчилгээ, ажлын тайлан мэдээ судалгаа шинжилгээ дэмжлэг туслалцаа үзүүлсэн нотлох баримтуудаар нотлогдоно.

Миний хувьд ажлаас халагдахаар хэмжээний алдаа дутагдал гаргаж байгаагүй.

 Гэтэл Тамгын Газрын дарга Н******г, мэргэжилтэн Уу******р, Н*****а, Б**р нар нь бүлэглэн өөрийн намын байр суурь, албан тушаалын давуу эрхээ хууль бусаар ашиглан хавчин гадуурхаж, ажлын байрны дарамтыг удаа дараа үзүүлэн ажил үүргээ хууль ёсны дагуу гүйцэтгэж байсан намайг халахдаа удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үндэслэлгүй тушаал гаргаж, ажлаас халснаас болж, би өрх толгойлсон эмэгтэй өрхийн орлогогүй болохын зэрэгцээ зээлээр авсан байрныхаа сар болгоны банкны төлбөрийг төлж чадахгүйд хүрсэн. Мөн сэтгэл санааны хямралд орж эмчилгээнд орсон. Эмчилгээний зардал мөнгөгүйгээс зарим эмчилгээгээ хийлгэж чадахгүй байгаа.

Би үндэслэлгүйгээр халагдсандаа маш их гомдолтой байна. Иймд Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/150 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Дэлгэрмаа нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...Баянгол дүүргийн 17 дугаар хорооны Нийгмийн ажилтан М*****өгийн Ц****э нь Төрийн албаны тухай хууль болон төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг удаа дараа зөрчиж, сахилгын шийтгэл авч байсан, хуулиар хүлээсэн ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн тул Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол 2 буюу түүнээс дээш удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн үндэслэлээр Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/150 дугаар тушаалаар төрийн албанаас халсан болно.

Иргэн М.Ц****э нь Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 04 дүгээр сарын Б/128 дугаар тушаалаар сахилгын шийтгэл авч байсан бөгөөд 2013 оны үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх үр дүнгийн гэрээний биелэлтээ “Дутагдалтай” үнэлэгдсэн. Мөн 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Засаг даргын Тамгын газрын ёс зүйн хорооны хурлаар М.Ц****эг төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчиж, бусадтай зүй зохисгүй харьцаж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй гэж хамт ажиллагсдын гаргасан гомдлын дагуу хэлэлцсэн ба тухайн үед М.Ц****э нь өөрийн бурууг хүлээн зөвшөөрч, цаашид алдаа дутагдалгүй ажиллахаа амлаж байсан.

М.Ц****эг 11 дүгээр хорооны нийгмийн ажилтнаас 17 дугаар хорооны нийгмийн ажилтнаар 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн сэлгэн ажиллуулсан боловч өмнөх алдаа дутагдал нь огт арилаагүй бөгөөд 2014 оны үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх үр дүнгийн гэрээний биелэлтээ 57,3 % буюу “Хангалтгүй” үнэлэгдсэн.

Мөн 17 дугаар хорооны Засаг даргаас“М.Ц****э нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлдэггүй, дүүргийн Засаг даргын захирамжаар хороодын ажлын албадад явагдсан шалгалтаар хангалтгүй үзүүлэлттэй, хамт олонтойгоо таарч тохирдоггүй тухай" ирүүлсэн албан бичгийн дагуу 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Засаг даргын Тамгын газрын ёс зүйн хорооны хурал зарлагдахад ёс зүйн хорооны хурлыг санаатайгаар тасалсан.

Мөн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэгтэй нь танилцсан удаа дараагийн шалгалтуудаар хангалтгүй үнэлгээ авч байсан. Дүүргийн 17 хорооны шуурхай хурлууд дээр М.Ц****эгийн ажилдаа муу байгаа талаар яригддаг байсан. М.Ц****э нь хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлдэг, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хэрэгжүүлдэггүй, төрийн албан хаагчийн ажлын шаардлагыг хангаж ажилладаггүй байсан бөгөөд удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлдэггүй талаар удаа дараа сануулга өгч байсан боловч уг зөрчлөө ойлгож ухамсарладаггүй, засч залруулдаггүй зэрэг алдаа дутагдлыг удаа дараа давтан гаргаж байсан.

Иргэн М.Ц****э нь хөдөлмөрийн гэрээ болон 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/868 дугаартай захирамжаар батлагдсан "Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хөдөлмөрийн дотоод журам"-ын 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн албан хаагч нь ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээнд заагдсан чиг үүргээс гадна Засаг дарга, Засаг даргын орлогч, Тамгын газрын дарга, хэлтсийн даргын шийдвэр, өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь шаардлагын өндөр түвшинд биелүүлэн гүйцэтгэлийг илтгэж захирах, захирагдах ёсыг чанд баримтлан ажиллана", 7.2 дахь хэсэгт зааснаар “Ажилтан нь өргөсөн тангараг болон хууль тогтоомж, төрийн албанд тавигдах зарчим, шаардлага, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, энэхүү журмаар тогтоосон дэг журмыг чанд сахин мөрдөж ажиллана”, 7.7 дахь хэсэгт зааснаар “Шүүмжлэл, илэрсэн зөрчил, дутагдлыг дор бүр нь арилгаж, үнэнч шударгаар хөдөлмөрлөнө”гэсэн заалтуудыг зөрчсөн бөгөөд дүүргийн 17 дугаар хорооны ажилчдын хурлаар нийгмийн ажилтан М.Ц****э нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалтгүй биелүүлдэг, ажлын хариуцлага, ажлын бүтээмжийг сайжруулах талаар хурал бүрт давтан яригддаг зэрэг нь 17 дугаар хорооны ажилчдын хурлын тэмдэглэл зэргээс харагдаж байна.

Мөн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг болох “Нийгмийн төрөлжсөн суурь судалгааг үнэн бодитой гаргаж мэдээллийн сан бүрдүүлэх, өөрчлөлтийг тогтмол оруулах” ажлын гол үүргээ гүйцэтгэхдээ хуурамчаар бүрдүүлэлт хийдэг байсан нь тогтоогдсон.

Иргэн М.Ц****э нь өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч, цаашдаа алдаа дутагдалгүй ажиллахаа амлаж байсан боловч ажил үүргийн хувьд үр дүнтэй ажиллаж чадаагүй болно.

Иймд дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/150 дугаартай тушаалаар холбогдох хууль, тогтоомж, дүрэм журмыг үндэслэн ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэж өгнө үү“ гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1.Маргаан бүхий актын талаар

Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/150 дугаар “М.Ц****эг ажлаас халах тухай” тушаалаар тус дүүргийн 17 дугаар хорооны нийгмийн ажилтан М.Ц****эг албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн тулТөрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 79 дүгээр зүйлийн 79.5.2 дахь заалтыг тус тус үндэслэн ажлаас халсан байна.

2. Хөөн хэлэлцэх хугацаа болон урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны талаар

М.Ц****э нь Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/150 дугаар тушаалыг эс зөвшөөрч Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлд хандахад тус зөвлөлөөс нэхэмжлэгчид 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 15/169 тоот албан бичгээр “...тус дүүргийн Тамгын газраас ирүүлсэн тайлбар, холбогдох бусад нотлох баримт бичгийг үндэслэн Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/150 дугаар тушаалаар М.Ц****эг ажлаас халсан шийдвэрийг эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байна” гэх хариу өгсөн байна.

Улмаар нэхэмжлэгч 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Төрийн албаны зөвлөлд хандсан бөгөөд 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 943 дугаар албан бичгээр “...маргаанд холбогдох баримтуудыг хуулийн хүрээнд нягтлан үзэхэд та Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нийгмийн ажилтнаар ажиллаж байхдаа 2013 оны үр дүнгийн гэрээний үнэлгээгээр D/60/ буюу дутагдалтай, 2014 оны үр дүнгийн гэрээний үнэлгээгээр F /57,3/ хангалтгүй гэж үнэлэгдсэн нь нотлогдож байна. Холбогдох маргааныг зохих шатны шүүхэд хандаж, эцэслэн шийдвэрлүүлэх нь зүйтэй байна...” гэх хариуг авч, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсаныг тус шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/Ш32015/28401 дүгээр захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дагуу тус шүүхэд 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хандсан байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана.”, 6.4-т “Энэ хуулийн 6.1-д заасан байгууллага, албан тушаалтан иргэн, хуулийн этгээдээс гаргасан гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүлээн авч хуульд өөрөөр заагаагүй бол 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгнө. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор сунгаж болно. Хугацаа сунгасан тухай гомдол гаргасан иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэнэ.”, 12 дугаар зүйлийн 12.1.2-т “Иргэн, хуулийн этгээд дараах тохиолдолд энэ хуулийн 6.1-д заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй: дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтнаас энэ хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн” “Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.7-д “Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно.” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргасан байна.

3.Маргаан бүхий актын үндэслэлийн талаар

Маргаан бүхий актыг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч “...Алдаа дутагдал гаргаагүй, ажлаа тодорхой үр дүнтэй хийж байхад халсан нь үндэслэлгүй...”, хариуцагчаас маргаан бүхий актын үндэслэлийг “...М.Ц****э нь 2013 онд дутагдалтай, 2014 онд хангалтгүй үнэлгээгээр үнэлэгдсэн, ...хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлдэг, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хэрэгжүүлдэггүй, удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлдэггүй талаар удаа дараа сануулга өгч байсан боловч уг зөрчлөө ойлгож ухамсарладаггүй,...нийгмийн төрөлжсөн суурь судалгааг үнэн бодитой гаргаж, мэдээллийн сан бүрдүүлэх, өөрчлөлтийг тогтмол оруулах ажлын гол үүргээ гүйцэтгэхдээ хуурамчаар хийдэг байсан нь тогтоогдсон...” гэж тайлбарлан маргаж байна.

Нэхэмжлэгч М.Ц****э нь Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/225 тоот тушаалаар “Баянгол дүүргийн 11 дүгээр хорооноос 17 дугаар хорооны нийгмийн ажилтнаар сэлгэн ажилласан байх бөгөөд Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нийгмийн ажилтнаар 2013 онд ажилласан “Үйл ажиллагааны дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх илтгэх хуудас”-аар 60 буюу “D” /дутагдалтай/ гэж үнэлэгдэж, үнэлгээг 2014 оны 07 дугаар сарын 06-ны өдөр М.Ц****эд танилцуулж гарын үсэг зуруулсан байна.

Харин Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нийгмийн ажилтнаар 2014 онд ажилласан үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг 57.3 буюу “F” /хангалтгүй/ гэж үнэлээд, энэхүү үнэлгээг иргэн М.Ц****эд танилцуулж гарын үсэг зуруулаагүй байгаа нь Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 6 дугаар зүйлийн 6.5-т Төрийн жинхэнэ албан хаагч нь менежерийн өгсөн үнэлгээтэй санал нийлээгүй тохиолдолд үндэслэл бүхий тайлбарыг түүнд бичгээр гаргаж болно. Энэ тохиолдолд талууд үнэлгээтэй санал нийлээгүй асуудлыг дахин авч үзнэ” гэж заасан байх бөгөөд М.Ц****эд энэхүү үнэлгээтэй санал нийлэхгүй байгаа асуудлын талаарх тайлбар гаргаж дахин дүгнүүлэх боломж олгоогүй байна.

Нэхэмжлэгч М.Ц****э Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэсэн үнэлгээтэй маргаж, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй бөгөөд энэхүү үнэлгээтэй холбоотой шүүхээс ямар нэгэн дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн албан тушаал дэвшүүлэх, зохих шатны сургалтад хамруулах, цол, зэрэг дэв олгох, цалин хөлсийг өөрчлөх, шагнаж урамшуулах, албан тушаал бууруулах асуудлыг шийдвэрлэнэ”, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 7 дугаар зүйлийн 7.1-т “...гэрээний биелэлтийн үнэлгээг үндэслэн хэрэгжүүлэх арга хэмжээний талаар эрх бүхий этгээдэд саналаа тавьж болно”, D буюу дутагдалтай үнэлэгдсэн тохиолдолд албан тушаал бууруулах, албан тушаалын цалинг бууруулах, дутагдалтай буюу мэдлэг чадвар олгох сургалтанд хамруулна” гэж тус тус заасны дагуу 2013 онд М.Ц****эгийн үйл ажиллагааны үр дүнг 60 “D” буюу дутагдалтай үнэлэгдсэн байхад төрийн захиргааны байгууллагаас дээрх хууль болон журамд заасан үүргээ хэрэгжүүлж, нэхэмжлэгчтэй холбоотойгоор ямар нэгэн арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй байна гэж шүүх үзлээ.

Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх хууль, журамд заасны дагуу авсан арга хэмжээнийхээ талаар “...М.Ц****э нь албан үүргээ хангалтгүй биелүүлж, алдаа дутагдлаа засахгүй, үйл ажиллагааны үр дүнгээ дутагдалтай дүгнүүлсэн зэрэгтэй холбогдуулан Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/128 дугаар тушаалаар цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж байсан, мөн 11 дүгээр хорооноос 17 дугаар хороо руу сэлгэн ажилуулсан” гэж тайлбарлаж байх хэдий ч дээрх цалин бууруулах сахилгын шийтгэл нь үр дүнгийн гэрээг дүгнэхээс өмнө авагдсан байх тул дутагдалтай дүгнэгдсэнтэй хамааралгүй байхын зэрэгцээ Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэж заасны дагуу сэлгэн ажиллуулсныг мөн үйл ажиллагаа, мэргэшлийн түвшингийн үнэлгээтэй холбоотойгоор авсан арга хэмжээ гэж үзэх үндэслэлгүй.

Мөн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргаас “М.Ц****э нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлдэггүй, дүүргийн Засаг даргын захирамжаар хороодын ажлын албадад явагдсан шалгалтаар хангалтгүй үзүүлэлттэй, хамт олонтойгоо таарч тохирдоггүй тухай" ирүүлсэн албан бичгийн дагуу 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Засаг даргын Тамгын газрын ёс зүйн хорооны хурал зарлагдахад ёс зүйн хорооны хурлыг санаатайгаар тасалсан, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа хуулийн хэлтсийн хороо хариуцсан мэргэжилтэн Т.Уу******р, Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Э.Н*****а нар 17 дугаар хорооны хөгжлийн нийгмийн ажилтан М.Ц****эгийн ажлын байран дахь чиг үүрэгтэй нь танилцаж илтгэх хуудсыг 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн байна.

Уг илтгэх хуудсаар М.Ц****эгийн гаргасан холбогдох алдаа дутагдлыг ирүүлсэн байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан хугацаанд сахилгын шийтгэл ногдуулаагүй, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш нэг жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно.” гэж заасны дагуу Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/128 дугаар тушаалаар М.Ц****эд ногдуулсан сахилгын шийтгэлээс хойш дахин сахилгын шийтгэл ногдуулаагүй байх тул сахилгын шийтгэлтэй байх хугацаа өнгөрч сахилгын шийтгэлгүйд тооцогдсон гэж үзэхээр байна.

Эдгээрээс үзэхэд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийг төрийн албанаас халах үндэслэл бүрдсэн гэж үзэх үндэслэлгүй байхын бөгөөд дутагдалтай дүгнэгдсэн төрийн албан хаагчийн үр дүнг харгалзан авахаар хуульд заасан арга хэмжээг төрийн захиргааны байгууллагаас авч хэрэгжүүлэх үүргээ хэрэгжүүлэх шаардлагатай байх бөгөөд үүний улмаас мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.З-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” баталгаа алдагдахад хүрч байна гэж шүүх үзэв.

Дээрх үндэслэлүүдээр М.Ц****э нь албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн болох нь баримтаар нотлогдохгүй байхад хууль зөрчиж, М.Ц****эг үндэслэлгүйгээр ажлаас халсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/150 дугаар тушаалыг хүчингүй болгож, М.Ц****эг урьд эрхэлж байсан Баянгол дүүргийн 17 дугаар хорооны Нийгмийн ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгохыг Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газарт тус тус даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч М.Ц****эгийн ажилгүй байсан хугацааны 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх нийт 1 жил 11 /ажлын 6/ хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор /543909+зэрэг дэв 12%+ажилласан жил 20%/ нийт 8820651 /найман сая найман зуун хорин мянга зургаан зуун тавин нэг/ төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.4, 70.2.6 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч М.Ц****эгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/150 дугаар тушаалыг хүчингүй болгож, М.Ц****эг урьд эрхэлж байсан Баянгол дүүргийн 17 дугаар хорооны Нийгмийн ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр 11.6, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ажилгүй байсан 1 жил 11 хоногийн хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх 8820651 /найман сая найман зуун хорин мянга зургаан зуун тавин нэг/ төгрөгийн олговроос холбогдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцож олгохыг хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ОДМАА