Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2022/ДШМ/29

 

 

2022 оны 05 сарын 17-ны өдөр              Дугаар 2022/ДШМ/29                                   Өвөрхангай аймаг

 

Д.Бямбадоржид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж даргалж, ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд     

                                                Прокурор Г.Батсүх

            Хохирогчийн өмгөөлөгч Б.Ариунжаргал /цахимаар/

                                                Шүүгдэгч өмгөөлөгч Ц.Хонгорзул /цахимаар/

                                                Нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ нарыг оролцуулан

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Э.Дулмаагийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/26 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хонгорзулын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Д.Бямбадоржид холбогдох эрүүгийн 1827000950082 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Дагвын Бямбадорж нь 2018 оны 03 дугаар сарын 20-ноос 2018 оны 04 дүгээр сарын 10-ны хооронд отор нүүдлээс буцаж явсан тус сумын Жалбаа багийн иргэн Д.Шинэбаярын хүрэн азаргатай адуунаас гүү, байдас, сарваа нийлсэн 16 тооны адуу, иргэн Д.Санжаагийн хамар цагаан хээр азаргатай адуунаас гүү, байдас, сарваа, үрээ нийлсэн 16 тооны адуу нийт 32 адууг хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос: Д.Бямбадоржийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас Д.Бямбадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгож зүйлчлэлийг зөвтгөн өөрчилж, Дулаан уул овгийн Дагвын Бямбадоржийг бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заснаар 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Бямбадоржид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Бямбадоржийн нэг хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцохоор, Д.Бямбадоржоос хохиролд хохирогч Мөнх овогтой Дашдондогийн Шинэбаярт 5,250,000 /таван сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг, хохирогч Дум овогтой Пүрэвнямын Мягмармаад 6,300,000 /зургаан сая гурван зуун мянга/ төгрөгийг төлсөн бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгчид хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 ны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бямбадоржийн эдлэх 4 /дөрвөн/ жилийн хорих ялыг 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх 4 жилийн хугацаанд өөрийн оршин суугаа газар болох Өвөрхангай аймгийн Хархорин сумаас явахыг хориглож, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хонгорзул давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Д.Бямбадоржид 4-н жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж 4-н жил зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон. Шүүгдэгч Д.Бямбадорж нь тухайн хэрэгт 4-н жил шалгагдаж, хохирол төлбөрөө төлж, гэм буруугаа хүлээсэн бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглээгүй нь энэрэнгүй ёсны зарчимд харшилж байна. Дөрвөн жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял эдэлнэ гэхээр мал маллаж амьдардаж учраас 4-н жилийн хугацаа их байна. Шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөрөө төлж, гэм буруугаа хүлээсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар 1.3-т заасныг хэрэглэж 1 жилийн хорих ял оногдуулж үүнийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Хонгорзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогч нарын өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгч Д.Бямбадорж нь хохирлоо төлж барагдуулсан учраас санал, тайлбар байхгүй гэв.

Прокурор Г.Батсүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангасан. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хэргийн бодит байдал үйл баримтад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй. Харин Д.Бямбадоржид холбогдох хэргийг Эрүүгийн хуульд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлт орохоос өмнөх хуулийн зохицуулалтаар өөрчилж шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийг журамлалгүй шийдсэн байсан. Шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийг журамлуулах саналтай байна. Анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад тулгуулран хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна. Д.Бямбадоржид анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн хэм хэмжээг зөв баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршигийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглээгүй гэж гомдол гаргаж байна. Шүүгдэгч Д.Бямбадорж нь 2018 оны 04 дүгээр сард отор нүүдлээс буцаж явсан иргэн Шинэбаяр, Санжаа нарын замд явж байсан 32 тооны адууг хулгайлсан. Эдгээр адууг хашаандаа хашиж хулгайн үйлдлээ үйлдсэн байдаг. Зарим адуунууд нь гүйж явсан. Үлдсэн адуунуудыг хулгайлсан гэж үзсэн. Энэ хэрэг нийт 4 жилийн хугацаанд шалгагдах явцад шүүгдэгч нь хэргээ хүлээгээгүй. Гэм буруугийн шүүх хуралдаанаар гэм буруутайд тооцсоны дараа хохирлоо төлсөн байдаг. Шүүгдэгч Д.Бямбадорж нь 4 жилийн хугацаанд оногдуулсан ялыг ямар нэгэн зөрчил гаргахгүйгээр бүрэн эдлэх юм бол хугацаанаас нь өмнө уг ялыг эдлэхээс чөлөөлөх хууль зүйн зохицуулалт боломж байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийг журамлан гэж өөрчлөлт оруулж бусад хэсгийг хэвээр үлдээх саналтай байна гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хонгорзулын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Дагвын Бямбадорж нь 2018 оны 03 дугаар сарын 20-ноос 2018 оны 04 дүгээр сарын 10-ны хооронд иргэн Д.Шинэбаярын хүрэн азаргатай адуунаас гүү, байдас, сарваа нийлсэн 16 тооны адуу, иргэн Д.Санжаагийн хамар цагаан хээр азаргатай адуунаас гүү, байдас, сарваа, үрээ нийлсэн 16 тооны адуу нийт 32 тооны адууг хулгайлсан болох нь:

хохирогч Д.Шинэбаяр /1хх 45-46/, П.Санжаа /2хх 110-111/, гэрч О.Ганбаатар /1хх 49/, Ч.Энхтүвшин /1хх 51, 125-126/, Э.Нарангарав /3хх 123/, О.Батсүх /1хх 58-59/, Ц.Пүрэвсүх /4хх 42-43/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /3хх 85-88/, хөрөнгө үнэлгээний Вендо ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 35 дугаартай, /4хх 51-54/, хөрөнгө үнэлгээний Вендо ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 36 дугаартай дүгнэлтүүд /4хх 61-64/ зэрэг болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн Дагвын Бямбадоржийг бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна. 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Дагвын Бямбадоржийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хонгорзулаас “...Шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөрөө төлж, гэм буруугаа хүлээсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар шүүгдэгчид 1 жилийн хорих ял оногдуулж үүнийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Дагвын Бямбадоржид оногдуулсан ял шийтгэл нь хууль зүйн үндэслэлтэй төдийгүй, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/26 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хонгорзулын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Харин анхан шатны шүүхээс гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар хариуцлага хүлээлгэх талаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт зөв дүгнэж бичсэн атлаа тогтоох хэсэгт энэ талаарх зүйл заалтыг орхигдуулсныг зөвтгөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан гэж нэмэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/26 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан” гэж нэмж өөрчлөлт оруулан шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.