Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2015/0920/З |
Дугаар | 221/МА2017/0852 |
Огноо | 2017-12-05 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2017/0852
|
|
“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, Р.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж, гуравдагч этгээд “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, З.Сүхбаатар, гуравдагч этгээд “П ц” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, өмгөөлөгч Г.Жанчив нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2017/0721 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд “Н” ХХК, “П ц” ХХК-уудын гаргасан давж заалдах гомдлоор, “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон тус дүүргийн Газрын албанд холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2017/0721 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 20 дугаар зүйлийн 20.2.2, 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.3.5, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “И” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “Н” ХХК-ийн барьсан цайны газрын барилга, цахилгаан түгээх дэд станцын баруун урд талаар залгаж барьсан хашаа болон орц, гарцын хэсэгт барьсан харуулын пост байрлаж буй газрыг албадан чөлөөлөх ажиллагааг хэрэгжүүлэхгүй байгаа Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон Сүхбаатар дүүргийн Газрын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Н” ХХК-ийн барьсан цайны газрын барилга, цахилгаан түгээх дэд станцын урд талын газрыг хашиж барьсан хашаа болон орц, гарцын хэсэгт барьсан харуулын пост байрлаж буй газрыг албадан чөлөөлөх ажиллагааг хэрэгжүүлэхийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон Сүхбаатар дүүргийн Газрын албаны даргад даалгаж шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд “Н” ХХК-ийн төлөөлөгч Н.*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нар давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тухайд. Өнгөрсөн хугацаанд манай компани барилгын орчны газраа буюу маргаан бүхий нийтийн эзэмшлийн талбайг өөрсдийн зардлаар засаж тохижуулан, хучилт хийж, ногоон байгууламжийг бий болгон хуульд заасан үүргээ биелүүлж ажилласаар 17 жил болж байна.
Гэтэл “И” ХХК нь нийтийн эзэмшлийн зам талбайг өөрийн эзэмшил мэтээр аашилж, дангаар эзэмших хүсэлтэйгээр шүүхэд хандаж, улмаар шүүхээс Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “нийтийн эдэлбэрийн газар” гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг” гэж заасныг зөрчин төрийн өмчийн буюу нийтээр эзэмших газрыг “И” ХХК ашиглах эрхтэй мэтээр тайлбарлаж, газар эзэмшигчид хуулиар олгогдсон эрхийг гуйвуулан, шүүх хэт нэг талыг барин, үндэслэлгүй шийдвэр гаргалаа.
Шүүх “Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ”, 35.3.5-д “бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх” гэж заасан. “Н” ХХК нь ... хашаа барьсан байгаагаас үзэхэд дээрх хуульд заасан газар эзэмшигчийн үүргээ “Н” ХХК биелүүлээгүй байх ба бусад газар эзэмшигч буюу “И” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна” гэж дүгнэсэн.
Гэтэл цайны газрын барилга, хашаа баригдсанаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн зүйл байхгүй. Анх тухайн барилга, хашаа баригдахад нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн бол маргаж болох байсан. Гэтэл одоо ямар эрх, ашиг сонирхол зөрчигдөөд байгаа нь тодорхойгүй, дээрх барилга, хашааг буулгаснаар нэхэмжлэгчийн ямар зөрчигдсөн эрх сэргэх талаар шүүх үндэслэл бүхий тайлбар хийгээгүй.
Мөн маргааны зүйл болох харуулын пост байрлаж буй газар нь нэхэмжлэгчийн эзэмшил газарт хамаарахгүй бөгөөд орц, гарц хааж нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөхгүй байгаа болно. Учир нь харуулын постын хажуугаар “И” ХХК-ийн барилгын түрээслэгчдийн автомашин болон ажилчид, үйлчлүүлэгчид орж гарах бүрэн боломжтой бөгөөд өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч нь харуулын постын хажуугаар чөлөөтэй орж, гарч байгаа.
Энэхүү харуулын пост нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн, түүнчлэн зөрчиж болзошгүй үйлдэл бус харин нэхэмжлэгчийн эрх, эд хөрөнгийн аюулгүй байдал, түүнчлэн “И” ХХК-ийн үйлчлүүлэгчдийн эд хөрөнгийг хамгаалж байгаа нь бодит байдал дээр тодорхой байдаг.
Мөн шүүх “Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Газар эзэмшигч дараахь эрхтэй”, 35.1.1-д “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах” гэж заасны дагуу “И” ХХК нь өөрийн эзэмшлийн газрын үйлчилгээний буюу номын худалдааны зориулалтын дагуу эзэмших, ашиглахын тулд өөрийн эзэмшлийн газартай залгаа, нийтийн эзэмшлийн газрыг өөрийн болон үйлчлүүлэгчдийн автомашины зогсоол зэрэг зориулалтаар ашиглах эрхтэй” гэж дүгнэжээ.
Гэвч нэхэмжлэгч нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д “Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна” гэж заасны дагуу “И” ХХК-ийн өөрийн эзэмшлийн газрын барилгажих талбай нь 1481 м.кв хэмжээний 70 хувиас илүүгүй байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч 1481 м.кв газартаа бүхэлд нь барилга барьж, хуульд зааснаар эзэмшлийн талбайдаа автомашин, орц гарцын асуудлыг төлөвлөлгүй барилга барьсан нэхэмжлэгчийн хууль бус үйлдлийн улмаас бий болсон нөхцөл байдлыг шүүх зөвтгөн бусдад халдаан, үндэслэлгүй шийдвэр гаргасан.
Шүүх “Өөрөөр хэлбэл Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 333 дугаар шийдвэрээр нийтийн эзэмшил гэж үзвэл 112 м.кв газар хаана байрлаж байгаа шинжээчийн дүгнэлтээр нарийвчлан тогтоогоод тус маргаанд ач холбогдолгүй ба маргаан бүхий объектуудыг доорх газар биш болох нь лавтай нотлогддог тул уг объектууд байрлаж байгаа газар нийтийн эзэмшлийнх, эсхүл “И” ХХК-ийн эзэмшлийн газар болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоох нь тус маргаанд нотолгооны ач холбогдолгүй” гэж үзсэн.
Харин нэхэмжлэгч нь нийтийн эзэмшлийн талбайг зохих зөвшөөрөлгүйгээр эзэмшиж, ашигласан гэх үндэслэлээр маргадаг. Гэтэл нийтийн эзэмшлийн талбай гэх 112 м.кв талбайн хил зааг хаагуур байрлах, маргаан бүхий барилга, хашаа нь тухайн нийтийн эзэмшилд хамаарч байгаа эсэхийг тодруулсан зүйл хэрэгт авагдаагүй бөгөөд шинжээчийн дүгнэлтээр тодорхойлох шаардлагатай байсан.
Мөн хариуцагч Сүхбаатар дүүргийн Өмч газрын харилцааны алба нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах, эс зөвшөөрөх, эвлэрэх боломжтой эсэхийг тогтоохын тулд тухайн нийтийн эзэмшлийн талбайг бодит байдал дээр маргаан бүхий газарт хяналтын цэг тогтоолгож, шүүхээс газрын үзлэг хийх шаардлагатай тухай тайлбарласан байдаг.
Үүнээс үзвэл Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн эрхийг зөрчиж байна гэж үзсэн даруйдаа хариуцагчид хандаж гомдол гаргах ёстой байсан ч шууд шүүхэд хандсан байтал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгээгүй хэргийг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн тухайд: Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 5/5041 дугаартай албан бичгээр Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Т.Мөнхбаатарт газар чөлөөлөхийг даалгасан шийдвэрийг биелүүлээгүй гэх нэхэмжлэлийг “И” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр буюу шийдвэрийг мэдсэнээс хойш 96 хоногийн дараа шүүхэд хандсан.
Гэтэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т “...шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана: холбогдох захиргааны байгууллага нь дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргавал шийдвэрийг биелүүлээгүй бол...” гэж заасныг зөрчсөн байхад шүүх хүлээн авч хууль зөрчсөн.
Нэхэмжлэгч нь маргаан бүхий нийтийн эзэмшлийн талбайд цайны газар, харуулын пост, хашаа байрлаж байгаа нь өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндлөө гэж 2015 оны 11 дүгээр сард шүүхэд хандсан. Гэтэл бодит байдал дээр цайны газар нь 2006 онд баригдсан буюу нэхэмжлэгч нь тухайн үед барилгын ажил эхлэхэд ямар нэг мэдэгдэл, эрх зөрчигдсөн талаар манайд болон төрийн байгууллагад хандаагүй байдаг. Үүний нэгэн адил харуулын пост, хашааг анх барьж эхлэхэд мэдэж байсан атлаа ямар нэг арга хэмжээ аваагүй, тухайн үед өөрийнх эрх ашигт халдаагүй нь тодорхой байдаг.
Ийнхүү барилга баригдсанаас хойш “И” ХХК-ийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан атлаа өнөөдөр гэнэт яаж, ямар байдлаар өөрийнх эрх, ашиг сонирхол зөрчигдөөд байгаа талаар нотолгоогүйгээр барилга баригдсанаас хойш шүүхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад шүүхэд хандан, шүүх нэхэмжлэл хүлээн авах хуулийн шаардлагыг зөрчиж, тус хэргийг шийдвэрлэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болж байна.
Дээрхээс үзэхэд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэх шаардлагыг хангаагүй үндэслэлгүй шийдвэр гаргасан.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд “П ц” ХХК-ийн төлөөлөгч Б.Төгсгэрэл давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч “И” ХХК нь “Н” ХХК нийтийн эзэмшлийн талбай дээр цайны газрын өргөтгөлийн барилга, хашаа, харуулын пост барьсны улмаас миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна гээд энэхүү зөрчлийг арилгахгүй байгаа “...хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “Н” ХХК-ийн барьсан цайны газрын өргөтгөлийн барилга, хашаа, харуулын постыг албадан буулгахыг хариуцагчид даалгуулах...” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1–д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ” гэж зааснаар өөрийн эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзвэл нэхэмжлэл гаргах, улмаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн тохиолдолд захиргааны үйл ажиллагааг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн эрхийг сэргээж шийдвэрлэх журамтай.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсний улмаас түүний ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдах вэ гэдэг асуудал нэн чухал болохыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд маш тодорхой зохицуулсан. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл “Н” ХХК нийтийн эзэмшлийн талбай дээр цайны газрын өргөтгөлийн барилга, хашаа, харуулын пост барьсны улмаас нэхэмжлэгч “И” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх, тэдгээрийг буулгаснаар түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх, хамгаалагдах эсэх асуудал маш чухал юм.
Гэтэл анхан шатны шүүх эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Газрын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэт нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэрийг гаргалаа. Тодруулбал, анхан шатны шүүх “...Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Газар эзэмшигч дараахь эрхтэй”, 35.1.1-д “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах” гэж заасны дагуу “И” ХХК нь өөрийн эзэмшил газраа үйлчилгээний буюу номын худалдааны зориулалтаар ашиглах эрхтэй бөгөөд ийнхүү зориулалтын дагуу эзэмшиж ашиглахын тулд өөрийн эзэмшил газартай залгаа нийтийн эзэмшлийн газрыг үйлчлүүлэгчдийн болон өөрсдийн автомашины зогсоол зэрэг зориулалтаар ашиглах эрхтэй...” хэмээн дүгнэж “Н” ХХК-ийг буруутгасан нь үндэслэлгүй.
Учир нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч “И” ХХК-ийг эзэмших, ашиглах эрх бүхий газраа зориулалтын дагуу ашиглахад нь гуравдагч этгээд “Н”, “П ц” ХХК-ийн зүгээс саад учруулсан зүйл байхгүй, нэхэмжлэгчийн албадан буулгуулахыг хүссэн цайны газрын өргөтгөлийн барилга, хашаа, харуулын пост зэрэгт нэхэмжлэгчийн эзэмших, ашиглах эрх бүхий газартай давхацсан, газраа зориулалтын дагуу ашиглахад нь саад учруулсан зүйл тогтоогддоггүй. Нэгэнт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй учир “Н” ХХК-ийн барьсан цайны газрын өргөтгөлийн барилга, хашаа, харуулын пост зэргийг буулгаснаар нэхэмжлэгчийн эрх, сэргэх хамгаалагдах боломжгүй.
Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасан үндэслэл тогтоогдсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянахад гуравдагч этгээд “Н” ХХК, “П ц” ХХК-уудын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч “И” ХХК нь Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон тус дүүргийн Газрын албанд холбогдуулан ““Н” ХХК-ийн барьсан цайны газрын барилга, цахилгаан түгээх дэд станцын урд талын газрыг хашиж барьсан хашаа болон орц, гарцын хэсэгт барьсан харуулын пост байрлаж буй газрыг албадан чөлөөлөхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Н” ХХК-ийн барьсан цайны газрын барилга, цахилгаан түгээх дэд станцын урд талын газрыг хашиж барьсан хашаа болон орц, гарцын хэсэгт барьсан харуулын постыг албадан буулгахыг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ““Н” ХХК нь төрийн өмчийн газарт байрлах цахилгаан түгээх дэд станцын өмнөх төрийн өмчийн газрыг дураараа хашиж хашаа барьсан, “И” ХХК-ийн эзэмшлийн газар болох машины зогсоол руу орох, гарах гарцыг хааж харуулын пост барьж Газрын тухай хууль тогтоомжийг зөрчиж, манай байгууллагын газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна” гэж тодорхойлон маргажээ.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд гуравдагч этгээд “Н” ХХК нь тус компанийн эзэмшил бус, нийтийн эзэмшлийн газарт цайны газрын өргөтгөлийн барилга, тоосгон хашаа болон харуулын постыг зохих зөвшөөрөлгүйгээр барьсан, үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч “И” ХХК-аас төрийн өмчийн газрыг дураараа эзэмшиж ашиглаж байгаа үйлдлийг таслан зогсоолгож, газрыг албадан чөлөөлүүлэх талаар Нийслэлийн өмчийн харилцааны газар болон Сүхбаатар дүүргийн Засаг даргад удаа дараа гомдол, хүсэлт гаргаж байсан болох нь тогтоогдож байна.
“И” ХХК-ийн гомдолтой холбогдуулан Нийслэлийн Газрын албанаас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 2/1952 дугаар албан бичгээр Сүхбаатар дүүргийн Газрын албаны даргад ““Н” ХХК-ийн нийтийн эзэмшлийн зам талбайд барьсан хашааг буулгах арга хэмжээг авах талаар”, Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 5/5048 дугаар албан бичгээр Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албанд “холбогдох хууль тогтоомжийн дагуу газар чөлөөлөх ажлыг зохион байгуулж ажиллах талаар” мэдэгдэж байсан боловч хариуцагч захиргааны байгууллага,албан тушаалтнаас ямар нэг арга хэмжээ аваагүй байна.
Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-д “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж заажээ.
Гэтэл дээрх байдлаар гуравдагч этгээд “Н” ХХК нь өөрийн эзэмшлийн бус газарт зохих зөвшөөрөлгүйгээр барилга байгууламж барьсан болох нь тогтоогдож байхад хариуцагчаас газар эзэмшигч, ашиглагч газрыг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах, зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан бол уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгөх, газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авах үүргээ хэрэгжүүлээгүй буруутай байна.
Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул гуравдагч этгээдүүдийн “үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьсан газар нь нэхэмжлэгчийн газартай давхцаагүй, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.
Дээр дурдсанаар анхан шатны шүүх гуравдагч этгээд “Н” ХХК-ийн барьсан объектуудыг албадан чөлөөлөх ажиллагааг хэрэгжүүлэхгүй байгаа хариуцагч захиргааны байгууллагын эс үйлдэхүй хууль бус, нэхэмжлэгчийн газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа талаар зөв дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
Түүнчлэн нэгэнт “Н” ХХК-ийн барьсан цайны газрын өргөтгөлийн барилга, тоосгон хашаа, харуулын пост байрлаж буй газар нь тус компанийн эзэмшил биш болох нь хэргийн оролцогчдын тайлбар болон тус компаниас 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газарт, 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Нийслэлийн газрын албанд тус тус гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байх тул нийтийн эзэмшлийн талбай гэх 112 м.кв талбайн хил зааг хаагуур байрлах, маргаан бүхий барилга, хашаа нь нийтийн эзэмшилд хамаарч байгаа эсэхийг тодруулах шаардлагагүй, энэ талаар гарсан гуравдагч этгээд “Н” ХХК-ийн гомдол үндэслэлгүй.
Мөн нэхэмжлэгчээс газрыг албадан чөлөөлөхгүй байгаа захиргааны байгууллага, албан тушаалтны эс үйлдэхүйг, тодруулбал, “Н” ХХК-ийн зохих зөвшөөрөлгүйгээр барьсан барилга, байгууламжийг буулгаж, нийтийн эзэмшлийн газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авах хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхгүй байгааг эс зөвшөөрч хууль бус болохыг тогтоолгохоор маргаж байх тул гуравдагч этгээд “Н” ХХК-ийн “...нэхэмжлэгч Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 5/5041 дугаартай албан бичгийг мэдсэнээс хойш 96 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж, захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн...” гэх гомдол үндэслэлгүй, захиргааны хэргийн шүүх “И” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг зөрчөөгүй байна.
Иймд “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай” гуравдагч этгээд “Н” ХХК, “П ц” ХХК-уудын гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2017/0721 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Н” ХХК, “П ц” ХХК-уудын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан гуравдагч этгээд “Н” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг, гуравдагч этгээд “П ц” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН