Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 29

 

Б.М, Э.Э, Г.Ө

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгч Г.Ө- өмгөөлөгч Б.Эрдэнэболор, шүүгдэгч Б.М- өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, шүүгдэгч Э.Э-  хууль ёсны төлөөлөгч Э.Цогзолмаа, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 686 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1023 дугаар магадлалтай, Б.М-, Э.Э-, Г.Ө- нарт холбогдох 1811020460707 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Ө- өмгөөлөгч Б.Эрдэнэболорын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1985 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Б-н М-,

2. Монгол Улсын иргэн, 2000 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ял шийтгүүлж байгаагүй, Э овогт Э-н Э-,

3. Монгол Улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хөдөө аж ахуйн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Г-н Ө-.

Б.М-, Э.Э-, Г.Ө- нар нь бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 12 дугаар гудамжинд хохирогч Д.Б-хүч хэрэглэн довтолж “Самсунг галакси эс-5” загварын гар утсыг дээрэмдсэн,

Б.М- нь уг гэмт хэргийг үйлдэхийг санаачлан, зохион байгуулсан мөн уг гэмт хэргийг үйлдэхдээ насанд хүрээгүй Э.Э-ыг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.М-ыг дээрэмдэх гэмт хэргийг зохион байгуулсан, бүлэглэн, хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э.Э-, Г.Ө- нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Э.Э-, Г.Ө- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар тус бүр 1 жил хорих ялаар, шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар 1 жил, 1 сар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан 1 жил, 1 сар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Б.М-, Г.Ө-, Э.Э- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.М-, Э.Э-, Г.Ө- нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.Ө- өмгөөлөгч Б.Эрдэнэболор гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх Г.Ө-од Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан 1 жил хорих ялаар шийтгэсэн. Шүүгдэгч Г.Ө- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны үед өгсөн мэдүүлэгтээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруу болон зүйлчлэлийн талаар маргаагүй. Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчдыг гэм буруугаа хүлээгээгүй байхад анхан шатны шүүх хууль буруу хэрэглэж ял хөнгөрүүлсэн байна гэж үзсэн нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна Эрүүгийн хуульд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд ял хөнгөрүүлэх боломжтой байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт өсвөр насны шүүгдэгчид хариуцлага хүлээлгэхээр заасан байгаа. Энэ хуулийн 8 дугаар бүлэгт 8 сард өөрчлөлт орсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ял хойшлуулахаар заалт байна. Иймд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж ялыг хойшлуулж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.М- өмгөөлөгч О.Цэрэнпунцаг хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн магадлалд Б.М-ийг гэм буруугийн талаар маргасан гэж буруу дүгнэсэн. Шүүх хуралдааны тэмдэглэлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн талаар тусгагдсан. Харин би хуульч хүний хувьд гэм буруугийн талаар маргасан юм. Эрүүгийн хуулийг прокуророос буруу зүйлчилсэн. Анхан шатны шүүх хуралдаанд би энэ гэмт хэргийг дээрэм гэж үзэхгүй байна гэж мэтгэлцсэн. Дээрмийн шинж нь байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дэх хэсэгт тодорхой заасан байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр ял оногдуулсан. Г.Ө-ыг насанд хүрээгүй гэх боломжгүй юм. Яллах дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим зөрчигдсөн” гэжээ.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.М- нь анхан шатны шүүхээс эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй юм. Иймд  магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Ө- өмгөөлөгч Б.Эрдэнэболорийн гаргасан гомдлыг үндэслэн Б.М-, Э.Э-, Г.Ө- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч Э.Э-, Г.Ө- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, шүүгдэгч Б.М- үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3, 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 болон 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хянан үзээд хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч Э.Э-  өмгөөлөгч Б.Баттөрийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр давж заалдах журмаар хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

Давж заалдах шатны шүүхээс “... анхан шатны шүүх Б.М-ыг бүлэглэн эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэргийг зохион байгуулсан, хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Э.Э-, Г.Ө- нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон атлаа ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн гуравдугаар бүлэгт тусгагдсан гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг нарийвчлан зохицуулсан хуулийн зүйл, заалтыг тодорхой бичилгүй энэ талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан”, мөн гэм буруугийн талаар маргаж байгаа, гэмт хэргийг зохион байгуулсан, өсвөр насны хүнийг гэмт хэрэгт татан оролцуулсан шүүгдэгчид хуульд зааснаас доогуур ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж зөв дүгнэсэн атлаа хууль хэрэглээний энэхүү алдааг зөвтгөж залруулах хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй байх тул магадлал нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлэх эрхтэй болно” гэж заасан бөгөөд давж заалдах шатны шүүх хуульд заасан дээрх бүрэн эрхээ хэрэгжүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байтал шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй болно.

Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1023 дүгээр магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.М-, Э.Э-, Г.Ганзориг нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

         ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                          Ч.ХОСБАЯР

                                                                                          Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН