Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 686

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,  улсын яллагч Д.Агар, шүүгдэгч Б.Мөнх-Оргил, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, шүүгдэгч Г.Өнөрболд, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор, шүүгдэгч Э.Энхбаяр, түүний хууль ёсны төлөөлөгч Э.Цогзолмаа, тэдгээрийн өмгөөлөгч Б.Баттөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3, 3.7 дугаар зүйлүүдийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Худай овогт Бавуудоржийн Мөнх-Оргил, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар Элжигэн овогт Эрдэнээгийн Энхбаяр, Боржигон овогт Ганзоригийн Өнөрболд нарт холбогдох эрүүгийн “1811020460707”  дугаартай, 186/2018/0616/э индекстэй хэргийг 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2018  оны 09 дүгээр  сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1985 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Чингэлтэй дүүрэг 8 дугаар хороо, зүүн тасган 9 дүгээр гудамж 149 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Худай овогт Бавуудоржийн Мөнх-Оргил /РД:ЧИ85052278/,

Монгол улсын иргэн, 2000 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Чингэлтэй дүүрэг 10 дугаар хороо, 14-426 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Элжигэн овогт Эрдэнээгийн Энхбаяр /РД:УЦ00290110/,

Монгол улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хөдөө аж ахуйн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүрэг 23 дугаар хороо, овоотын 70-39 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Ганзоригийн Өнөрболд /РД:ЖЙ99010733/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М, Г.Ө, Э.Энар нь бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 16-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 17-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 12 дугаар гудамжинд хохирогч Д.Батбаатарт хүч хэрэглэн довтолж түүний Самсунг галаски эс-5 загварын гар утсыг дээрэмдсэн,

 

Шүүгдэгч Б.Мөнх-Оргил нь уг хэргийг үйлдэхийг санаачлан, зохион байгуулсан мөн уг гэмт хэргийг үйлдэхдээ насанд хүрээгүй Э.Энхбаярыг “согтуу хүнээс утсыг нь авлаа гээд хэрэг болно гэж байхгүй сүртэй юм, байдаггүй юм хэмээн” хууран мэхэлж гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас  мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч Б.Мөнх-Оргил нь хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:...тухайн хэрэг гардаг өдөр би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд ухаан мэдрэлгүй болсон байсан. Би Э.Энхбаярыг хохирогчийн гар утсыг аваад ир насанд хүрээгүй хүн хэрэг хүлээдэггүй юм гэж хэлээгүй. Э.Энхбаяр надтай нэг нь цуг очоод би авъя гэж хэлсэн. Хангай миний машиныг бариад хохирогчийн араас дагаж гудамж руу ороход нь гар утсыг нь авсан. Тэгээд би хорооллын ломбард руу явъя гэхэд одоо хаасан байх гээд сансарын ломбарданд хохирогчийн гар утсыг барьцаанд тавьсан. Өөр ярих зүйлгүй гэв.

 

1.2. Шүүгдэгч Э.Энхбаяр нь хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:...тухайн хэрэг гардаг өдөр би хүнтэй уулзаж юм авах гээд явж байхад Отгонсүх залгаад 100 айлд уулзах болоод очиход Б.Мөнх-Оргил ахтай хамт байсан. Тэгээд Б.Мөнх-Оргил ахыг гэрт нь хүргэж өгөх гээд явж байсан чинь Б.Мөнх-Оргил ах гэртээ орохгүй гээд манай гэрлүү явсан. Надад гэрийн түлхүүр байхгүй байсан учраас Яармаг явсан. Тэгээд буцаж Өнөрболдын гэрт очсон. Тэгээд Отгонсүх, Хангай, Мөнх-Оргил ах, Өнөрболд бөөндөө орой гарах болоод мөнгөгүй байсан. Мөнх-Оргил ах манай найз 17-д байдаг би очоод мөнгө аргална гээд явсан. Найз нь байгаагүй. Бид нар бөөндөө автобусны буудлын хажууд тамхигүй болсон зогсож байгаад цагаан байрны хажууханд мухлагт суудаг ангийн охиныг санаад очиж тамхи авсан. Тэгээд машинд сууж байхад хажуу шатанд нэг согтуу ах утсаараа оролдоод зогсож байсан. Тэгээд Мөнх-Оргил ах бид нарт наадах хүний утас чинь нэлээн үнэ хүрэх утас байна гэж хэлээд 2 удаа машинаасаа бууж хараад байсан. Тэгээд Отгонсүх, Хангай  хоёрт утсыг нь авчих гэж хэлээд зөвшөөрөхгүй болохоор Өнөрболд бид хоёрыг хурдан буугаад аваад ир  хурдан шаламгай юм байна гэж хэлсэн. Би хэрэггүй дараа нь асуудал үүснэ гэж хэлэхэд ах нь шартаад байна. Машин ч бензингүй болсон байна. Харанхуй гудамжинд ороод авчих. Дараа асуудал гарахгүй гэж хэлсэн. Тэгээд тэр согтуу ахыг гудамжинд орохоор нь араас нь дагаж яваад Өнөрболд татаж унагаахаар нь би утсыг нь аваад тэгээд Сансарт ломбарданд тавих гэхэд 60.000 төгрөг гэсэн бага үнэлээд байна гэхэд 80.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд бид 20.000 төгрөгөнд нь машинд бензин хийж 60.000 төгрөгөөр нь хороололд караокeд суусан гэв.

 

1.3. Шүүгдэгч Г.Өнөрболд нь хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:....тухайн хэрэг болдог өдөр би ажлаа тараад гэртээ  очиход        Мөнх-Оргил, Хангай, Отгонсүх нар ирсэн байсан. Тэгээд Отгонсүх 1-р хороолол орж хувцасаа солино гээд бид явсан. Тэгээд явж байхад машин нь бензингүй болоод Мөнх-Оргил ах унтаж байгаад сэрсэн. Манай найз 17-д байдаг найзаасаа очиж мөнгө авна гээд бид явсан. Очиход найз нь гэртээ байгаагүй. Бид тамхигүй болоод байж байхад Баяраа манай найз мухлагт суудаг би найзаасаа тамхи зохицуулна гээд бид явсан. Тэгээд цагаан байрлуу яваад автобусны буудал дээр 20, 30 минут байж байхад Мөнх-Оргил ах шатанд дээр согтуу хүн байна. Ах нь буугаад утсыг нь хараад ирье гээд 2 удаа гарч харсан. Тэгээд Хангай, Отгонсүх     хоёрыг буугаад гар утсыг нь аваад ир гэхэд үгүй хэрэгт орно гэхэд Мөнх-Оргил ах ийм хэргээс болж хэрэгт ордоггүй юм гэж хэлсэн. Тэгээд ах нь шартаж үхлээ машин бензингүй гээд бид нарыг загнаж зандарсан. Э.Энхбаяр бид хоёр машины арын суудлын хоёр захад нь сууж байсан болохоор бууж хохирогчийг гудамжинд ороход нь би түрүүлж гүйж очоод унагааж Э.Энхбаяр ирж гар утсыг нь авсан. Бид Сансарын ломбарданд барьцаанд тавих гэхэд 60.000 төгрөг гэсэн үнэ хүргэх хэрэгтэй гээд 80.000 төгрөгөөр гар утсыг зарж хорооллын караокед сууж 20.000 төгрөгөөр машинд бензин хийсэн гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

    2.1. Хохирогч Д.Батбаатар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:...би 2018.07.10-наас хойш наадам болоод жаахан уучихсан байсан юм. Тэгээд өнөөдөр буюу 2018.07.16-ны өдөр би дэнжийн мянгад байх ах нартаа Хандгай нэртэй архи хоёр шилийг авч өгсөн юм. Тэгээд тэд нартай ууж байгаад гэртээ ороход манай эхнэр Мөнхтуяа манай гэрт ирсэн юм. Эхнэр манайд байж байгаад би гэртээ харилаа гээд яваад өгсөн бөгөөд би жаахан байж байгаад араас нь алхаад эхнэрийн амьдардаг Чингэлтэй дүүргийн 9-р хороо дэнжийн 12 дугаар гудамжний үзүүр дээр явж байсан чинь араас гэнэт хоёр хүн гарч ирээд намайг хоолой боогоод газар унагаагаад миний халаасанд байсан Самсунг галакси эс-5 гар утас болон арын халаасанд байсан бэлэн 50,000 төгрөгийг аваад зугтаачихсан юм. Миний гар утас бор өнгийн гар утас байсан. Багтаамж болон имэй код, сериал номерыг нь мэдэхгүй байна. Утсаа 2015 онд 325.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо 325,000 төгрөгөөр үнэлж байна. Би намайг дээрэмдсэн хоёр хүний царай зүсийг нь харж чадаагүй хоёр жаахан хүүхэд л байх шиг байсан ойролцоогоор 30 орчим насны хүүхдүүд байсан. Тэгээд би дээрэмдүүлчихээд эхнэртээ орж ирээд л хэлсэн. Тэгээд эхнэр цагдаа дуудсан гэх мэдүүлэг. /хх 20-21/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Отгонсүх гэрчээр мэдүүлэхдээ:...2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 12 цагийн үед машины эзэн Ганаа ах бид хоёр Баяраатай уулзах гээд 100 айлруу явж байсан. Баяраа ах бид 3 уулзаад байж байсан чинь Ганаа ах манай гэрлүү явцгаая тэгээд гэрийнхэн нь ойролцоо очсон чинь Ганаа ах гэртээ орохоо болилоо гээд зурагтын эцсийн автобусны буудал дээр хаашаа явах талаараа ярилцаад сууж байсан. Баяраагийнх хорооллын 45 дугаар байранд байдаг би очиж хувцасаа солимоор байна гэсэн, тэгсэн чинь Баяраа гэрийн түлхүүр байхгүй гээд Баатараа гэх манай ээжийн төрсөн дүүтэй яриад Баяраагийн түлхүүр танайд байна уу гэж асуухад яармагаас ирээд авчих гэсэн. Тэгээд бид 3 яармаг орж Баатараа ахаас түлхүүр авчихаад Баянзүрх дүүргийн автобусны буудлын хойд талд Анугийн гэрлүү очиход Гэрлээ, Хангай хоёр цуг байж байсан. Хангайг цуг хороолол явах уу гэхэд Хангай явахгүй гээд Гэрлээг аваад би, Ганаа ах, Баяраа бид дөрөв хороолол явсан. Тэгээд Баяраагийн гэрийн гадаа очоод Баяраа гэрлүүгээ ороод цүнхтэй хувцас авч гарч ирсэн.  Тэгээд бид дөрөв буцаад Анугийн гэрлүү явсан. Тэгээд бид  дөрөв очсон тэгсэн чинь Анугийн гэрт нь Өнөрөө, Ану, Хэрлэн, Хангай нар гэрт нь байсан. Тэднийд бүгдээрээ байж байтал 21 цагийн үед Хэрлэн, Ану, Гэрлээ 3 найзуудтайгаа уулзана гээд гарсан, машин бинзенгүй болж байсан учраас Ганаа ах найзыхаа гэрлүү очиж мөнгө авна гээд би, Хангай, Өнөрөө, Баяраа, Ганаа ах бид тав очсон боловч найз нь байгаагүй. Тэгээд бид хэд яах вэ гээд цагаан байрны автобусны буудал дээр очсон, Баяраа би ангийнхаа охиноос тамхи аваад ирье гээд буусан. Баяраа тамхи авчраад сууж байтал Ганаа ах замын цаана зогсож байсан согтуу хүнийг хараад тэнд согтуу хүн байна ах нь шартаж үхлээ ганц юм ууяалдаа гээд Баяраа, Өнөрөө хоёрыг буугаач гээд байсан. Тэгээд Баяраа, Өнөрөө хоёр буугаад нөгөө согтуу хүнийг дагаад гудамж руу орсон. Бид нар хүлээж байтал Өнөрөө гүйж гарч ирээд машин руу далласан бид хэд машинтайгаа гудамжруу ортол хэдэн өөр хүүхдүүд дагаж байсан. Бид нарыг хараад нөгөө хүүхдүүд цаашаа яваад өгсөн. Тэгсэн чинь Ганаа ах одоо гялс авчих гээд Ганаа машинаа эргүүлээд харахад Баяраа, Өнөрөө хоёр гар утсыг авцан байсан. Баяраа, Өнөрөө хоёрыг суулгаад сансар орж ломборданд утсыг нь 80.000 төгрөгөөр зарсан. Бид нар 20.000 төгрөгөнд бензин хийгээд 1 дүгээр хороолол руу манай гэрлүү явсан. Би орж хувцасаа солиод бид нар хороолол руу явах замдаа өмнө үерхэж  байсан Охиноо гэх охинтой таарсан. Тэгээд Охиноог аваад хорооллын бичлийн караокед ороод 5 лааз пиво Ганаа ах 100 грамм авцан. Удалгүй караокений цаг нь дуусаад 04 цагийн үед Анугийн гэрлүү явсан. Ганаа ах бид нарлуу агсараад байсан. Би Охиноог Баяраагаар хүргүүлсэн гэх мэдүүлэг.             /хх 28-29/,

 

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Хангай гэрчээр мэдүүлэхдээ:...би Ану, Өнөрболд хоёртой 07 дугаар сарын 11-ний өдрөөс 16-ныг хүртэл Анугийн гэрт хамт амьдардаг байсан. 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр бид оройн 20 цаг хүртэл хамт байсан. Тэгээд удалгүй найз болох Отгонсүх, Энхбаяр, Мөнх-Оргил нар Анугийн гэрт Мөнх-Оргилын саарал өнгийн королла автомашинтай ирсэн. Мөнх-Оргил ах нилээн согтуу байсан Отгонсүх 1 дүгээр хороололд байдаг гэрлүүгээ явна гээд бас Анугийн 2 найз ирээд Ану найзуудтайгаа гарна гэхээр бид нар бүгдээрээ гарцгаасан. Ану 2 найзтайгаа гараад явсан. Отгонсүх, Энхбаяр, Мөнх-Оргил, Өнөрболд бид 5 Отгонсүхийн гэрлүү явж байсан Отгонсүхийн гэрлүү очих гээд явж байхад Мөнх-Оргил ах Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуулийн зүгрүү явчих тэндээс найзаараа архи авхуулж ууя гээд явсан. 17 дугаар сургууль ороод Энхбаяр Дэнжийн 1000 дээр манай найз дэлгүүрт ажилладаг тэнд найзтайгаа уулзана гээд Дэнжийн 1000 руу явсан. Дэнжийн 1000 автобусны буудал дээр Энхбаярыг бид хүлээгээд зогсож байхад автобусны хойно байрлах дэлгүүрийн шатан дээр 25-30 орчим насны эрэгтэй хэвтэж байсан түүний хажууд гар утас нь байсан. Тэр хүнийг анх Мөнх-Оргил хараад тэнд хүн согтуу тасарсан хэвтэж байна гээд түүн дээр очоод ойр хавиар нь эргэлдээд буцаж ирээд хажууд нь гайгүй үнэд хүрэх гар утас байна гэж хэлсэн. Тэгээд Энхбаяр надтай нэг нь явчих очоод авья гэж хэлэхэд Өнөрболд хамт явахаар болсон. Удалгүй согтуу залуу босоод харанхуй гудамжруу яваад орсон. Энхбаяр, Өнөрболдыг согтуу залуугийн араас харанхуй гудамжруу явж очоод 2-3 минут болохоор нь бид хэд машинтайгаа очих гэж байхад өөдөөс Өнөрболд гарч ирээд машинд суугаад хойшоо гудамжруу орчих гэсэн. Гудамжруу ороход Энхбаяр гарч ирээд машинд суугаад удалгүй Өнөрболд Энхбаяр нар дахиж машинаас буугаад харанхуй гудамжруу орсон. Тэгээд түд удалгүй тэр хоёр согтуу залуугийн гар утсыг аваад гараад ирсэн. Тэгээд бид хэд Сансарт байрлах ломбарданд гар утсыг нь тавихаар явсан. Ломбард руу Мөнх-Оргил Энхбаярын хамт ороод гар утсыг 80,000 төгрөгт зарчихсан байсан. Тэгээд Отгонсүхийн гэрлүү яваад түүний найз болох 2 охиныг аваад бид хэд 80,000 төгрөгийнхөө 20,000 төгрөгөөр машиндаа бинзен хийсэн. Үлдсэн 60,000 төгрөгөөр бид хэд 3, 4 дүгээр хорооллын орчимд байрлах караокеруу ороод дуулж, соггууруулах ундааны зүйл уусан. Тэнд цаг нь дуусгаад Өнөрболд бид хоёрыг хамт явсан хүмүүс машинтайгаа Баянзүрх дүүрэгт байрлах Өнөрболдыг гэрт хүргэж өгөөд бид 2 гэртээ үлдсэн гэх мэдүүлэг. /хх 32-33/,

2.4.Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Нямхүү гэрчээр мэдүүлэхдээ:.. Миний дүү Өнөрболд 1999.01.07-нд Дорнод аймгийн Халх гол суманд төрсөн. Манай дүү Өнөрболд ихэр бөгөөд ихэрийг нь Өнөболд гэдэг юм. бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөсөн бид нарын аав Ганзориг 2000 нас бараад 2003 онд манайх Улаанбаатар хотод нүүж ирээд ханын материалд амьдрах болсон юм. Өнөрболд бага насаа тэнд өнгөрүүлсэн юм. 2006 онд ханын материалын тэнд байдаг 9-р сургуульд элсэн орж 2015 онд 9-р ангиа төгсөөд Төв аймгийн Баянчандмань сумын МСҮТ-ийн суманд Хөдөө аж ахуй уул уурхайн засварчны ангид элсэн орж тэндээ 3 жил сурч төгсөөд Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд уурхайд экскватор барьдаг байж байгаад 2017.11 дүгээр  сарын сүүлээр орж ирсэн юм. Тэгээд энд Нарантуул зах дээр хувь хүний лангуун дээр худалдагчаар ажиллаж байгаа юм. Зан аашийн хувьд хэрэгт төвөгт холбогдоод байхааргүй гайгүй л хүүхэд байгаа, нэг их даруухан ч биш тийм далдагнуур ч биш жирийн л хүүхэд байгаа юм. Авъяас сонирхолын хувьд гэвэл сагс тоглох хоббитой, МСҮТ-д сурч байхдаа сагс тоглоод тэмцээнд уралдаанд орж шагнал авсан байдаг юм байна лээ гэх мэдүүэг. /хх-34/,

2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Нарантуяа гэрчээр мэдүүлэхдээ:...миний хүү 1999 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлсэн. 2006 онд 09 дүгээр сургуулийн 1-р ангид орж, 1-р ангид байхдаа авъяаслаг сурагч алтан медалиар шагнагдаж байсан. 2015 онд ангиа төгсөөд хувийн Искра бүрэн дунд сургуульд элсэн орж тэнд 12-р анги төгссөн сургуулиа төгсөөд цаашаа сургуульд ороогүй бөгөөд амьдралын боломжгүйгээс сургуульд орж чадаагүй, аав нь унаж тусдаг өвчтэй тархиндаа гэмтэлтэй болохоор ихэвчлэн миний асаргаанд байдаг. Сургуулиа төгсөөд хувиараа миний төрсөн дүү нартай энд тэнд хот тохижилт барилгын ажил төрөл хийгээд л явж байгаа. Яг тогтсон албан ёсны ажил төрөл байхгүй. Ааш зангийн хувьд гэвэл төлөв даруу зантай гэм нь жаахан огцом ууртай,  хүний төлөө л гэж гүйж явдаг хүний урдуур ороод ажил төрөлд нь туслаад явдаг гэх мэдүүлэг. /хх-35/,

2.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Тогтохням гэрчээр мэдүүлэхдээ:...Хангай нь миний аав Нямсайханы төрсөн ах, Гэрэлт-Одын хамгийн бага хүүхэд. Хангай айлын бага, дээрээ 2 ахтай, Хангай 2000 онд төрсөн. Зан аашийн хувьд их дуугай, бүрэг хүүхэд, 2006 оны 79-р сургуульд элсэн орж, 2015 онд 9 дүгээр анги төгссөн. 2017 онд Төв аймгийн Баянчандмань сум барилгын коллежид барилгын заслаар суралцаж төгссөн. Улаанбаатар хотод 2018 онд Технилогийн дээр сургуулийг 1.5 жилээр техникчийн ангийг төгссөн. Сургуулиа төгсөөд хувийн барилгын бригадтай Баянхонгор аймаг руу явж ажиллаж байгаад саяхан ирээд байгаа. Авьяас сонирхолын хувьд хөл бөмбөг тоглох дуртай сургуульдаа хөлбөмөгийн тэмцээн уралдаан их ордог байсан. Хангайгийн аав нь Хангайг 4 настай байхад нь өвчний улмаас нас барсан. Хангай ээжтэйгээ хоёулаа хорооллын эцэст амьдардаг. Ээж нь эмч мэргэжилтэй, одоо тэтгэвэрт гэх мэдүүлэг. /хх-36/,

2.7.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр Г.Даваасүх мэдүүлэхдээ:...Мөнх-Оргил бид хоёр 1991 оноос хойш найзалж байна. Бид хоёр 1993 онд Баянгол дүүрэг 46 дугаар сургуульд ороод Мөнх-Оргил 2001 онд 8 жилээ төгсөөд сургуулиасаа гарсан. Мөнх-Оргилыг багаас нь гэрийнхэн нь таньдаг мэддэг хүмүүс нь Ганаа гэж дуудаг. /Шар Ганаа гэдэг/  манай найз зан аашийн хувьд найз нарынхаа үгэнд их оромтгой найзынхаа үгнээс гараад байдаггүй  тийм л хүн байгаа. Манай найз бие дааж шийдвэр гаргаад байдаггүй бид нараас асууж лавлаж байж л шийдэрээ гаргадаг тийм л хүн байгаа гэх мэдүүлэг. /хх-374/,

2.8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Цогзолмаа гэрчээр мэдүүлэхдээ:....миний дүү Энхбаяр 2000.09.01-нд Улаанбаатар хотод төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлсэн. Манайх эхээс дөрвүүлээ Энхбаярын дээр нэг ах би доороо нэг эрэгтэй дүүтэй байгаа. Бага насаа дэнжийн 1000 өнгөрүүлсэн. Анх 39 дүгээр сургуульд орж суралцаж байгаад 4-р ангиасаа 50 дугаар сургууль руу шилжсэн юм. Тэгээд энэ жил буюу 2018 онд 10 жилээ төгссөн юм Манай аав ээж хоёр 2011 онд Франц улсруу яваад тэндээ ажиллаж амьдардаг юм. Одоог болтол ирээгүй байгаа. Ах Энхтөр маань Чех улсад байдаг.  Би 2017 онд байж байгаад 2017.04 сард Чех улсруу явж амьдарч байгаад өнөөдөр л Монголд ирж байна. Манай дүү Энхбаяр, Шинэбаяр нар манай хамаатны Лхагвасүрэн ахын гэрт нь байгаа юм.   Би дүүтэйгээ 2015 он хүртэл хамт байсан манай дүү зан аашийн хувьд гэвэл их даруухан нийтэч биш дуугүй чимээгүй л зантай хүүхэд байгаа юм. Хүний үгэнд оромтгой гэж хэлж болно. Авъяас сонирхолын хувьд гэвэл сагс тоглодог Хөнгөн атлетик, жудогоор хичээллэдэг. Бүгдэнгээр нь тодорхой хэмжээний гавъяа шагнал авч байсан. Өмнө нь хэрэг төвөгт холбогдож байгаагүй л хүүхэд гэх мэдүүлэг. /хх-39/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд

3.1. Улсын яллагч: Хавтаст хэргээс 15-16 дугаар хуудас мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, 20-22 дугаар хуудас хохирогч Д.Батбаатарын мэдүүлэг, 27-29 дүгээр хуудас гэрч Н.Отгонсүхийн мэдүүлэг, 32-33 дугаар хуудас гэрч Г.Хангайгийн мэдүүлэг, 38 дугаар хуудас гэрч М.Мөнхтуяагийн мэдүүлэг, 46 дугаар хуудас эд зүйлийн үнэлгээ, 69 дүгээр дуудас үзлэг хийсэн тухай тэмдэглэл, 79 дүгээр хуудас гэрч Д.Пүрэвдагвагийн мэдүүлэг, 83-84 дүгээр хуудас яллагдагчаар Б.Мөнх-Оргилын мэдүүлэг, 85-86 дугаар хуудас яллагдагчаар Г.Өнөболдын мэдүүлэг, 87-88 дугаар хуудас яллагдагчаар Э.Энхбаярын мэдүүлэг зэрэг нотлох баримтыг,  

Шүүгдэгч Мөнх-Оргилын өмгөөлөгч О.Цэрэнпунцаг: Хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас хувийн байдал тогтоох баримт, 58 дугаар хуудас ял шалгах хуудас, 90 дүгээр хуудас иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг нотлох баримтыг,  

Шүүгдэгч Энхбаярын өмгөөлөгч Д.Баттөр: Хавтаст хэргийн 18 дугаар хуудас нас тоолсон тэмдэглэл, 39 дүгээр хуудас эгчийнх нь мэдүүлэг, 59 дүгээр хуудас иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг нотлох баримтыг,  

Шүүгдэгч Г.Өнөрболдын өмгөөлөгч Э.Эрдэнэболор: Хавтаст хэргийн 34 дүгээр хуудас Нямхүүгийн мэдүүлэг, 43 дугаар хуудас гэрч Хангайн мэдүүлэг , 44 дүгээр хуудас гэрч н.Отгонсүрэнгийн мэдүүлэг, 57 дугаар хуудас ял шалгах хуудас зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

 

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг  тогтоов.

 

Шүүгдэгч Б.Мөнх-Оргил, Г.Өнөрболд,  Э.Энхбаяр нар нь бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 16-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 17-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 12 дугаар гудамжинд хохирогч Д.Батбаатарт хүч хэрэглэн довтолж Самсунг галаски эс-5 загварын гар утсыг дээрэмдсэн,

Шүүгдэгч Б.Мөнх-Оргил нь уг хэргийг үйлдэхийг санаачлан, зохион байгуулсан мөн уг гэмт хэргийг үйлдэхдээ насанд хүрээгүй Э.Энхбаярыг “согтуу хүнээс утсыг нь авлаа гээд хэрэг болно гэж байхгүй сүртэй юм, байдаггүй юм хэмээн” хууран мэхэлж гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь :

- шүүгдэгч Б.Мөнх-Оргил шүүх хуралдааны  хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...тухайн хэрэг гардаг өдөр би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд ухаан мэдрэлгүй болсон байсан...гэжээ.

-      шүүгдэгч Э.Энхбаяр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...тэгээд машинд сууж байхад хажуу шатанд нэг согтуу ах утсаараа оролдоод зогсож байсан. Тэгээд Мөнх-Оргил ах бид нарт наадах хүний утас чинь нэлээн үнэ хүрэх утас байна гэж хэлээд 2 удаа машинаасаа бууж хараад байсан. Тэгээд Отгонсүх, Хангай  хоёрт утсыг нь авчих гэж хэлээд зөвшөөрөхгүй болохоор Өнөрболд бид хоёрыг хурдан буугаад аваад ир  хурдан шаламгай юм байна гэж хэлсэн. Би хэрэггүй дараа нь асуудал үүснэ гэж хэлэхэд ах нь шартаад байна. Машин ч бензингүй болсон байна. Харанхуй гудамжинд ороод авчих. Дараа асуудал гарахгүй гэж хэлсэн. Тэгээд тэр согтуу ахыг гудамжинд орохоор нь араас нь дагаж яваад Өнөрболд татаж унагаахаар нь би утсыг нь аваад тэгээд Сансарт ломбарданд тавих гэхэд 60.000 төгрөг гэсэн бага үнэлээд байна гэхэд 80.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд бид 20.000 төгрөгөнд нь машинд бензин хийж 60.000 төгрөгөөр нь хороололд караокeд суусан байсан...гэжээ.

 - шүүгдэгч Г.Өнөрболд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.... Мөнх-Оргил ах шатанд дээр согтуу хүн байна. Ах нь буугаад утсыг нь хараад ирье гээд 2 удаа гарч харсан. Тэгээд Хангай, Отгонсүх  хоёрыг буугаад гар утсыг нь аваад ир гэхэд үгүй хэрэгт орно гэхэд Мөнх-Оргил ах ийм хэргээс болж хэрэгт ордоггүй юм гэж хэлсэн. Тэгээд ах нь шартаж үхлээ машин бензингүй гээд бид нарыг загнаж зандарсан. Э.Энхбаяр бид хоёр машины арын суудлын хоёр захад нь сууж байсан болохоор бууж хохирогчийг гудамжинд ороход нь би түрүүлж гүйж очоод унагааж Э.Энхбаяр ирж гар утсыг нь авсан. Бид Сансарын ломбарданд барьцаанд тавих гэхэд 60.000 төгрөг гэсэн үнэ хүргэх хэрэгтэй гээд 80.000 төгрөгөөр гар утсыг зарж хорооллын караокед сууж 20.000 төгрөгөөр машинд бензин хийсэн...гэжээ.

- хохирогч Д.Батбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:... Чингэлтэй дүүргийн 9-р хороо дэнжийн 12 дугаар гудамжний үзүүр дээр явж байсан чинь араас гэнэт хоёр хүн гарч ирээд намайг хоолой боогоод газар унагаагаад миний халаасанд байсан Самсунг галакси эс-5 гар утас болон арын халаасанд байсан бэлэн 50,000 төгрөгийг аваад зугтаачихсан юм.... намайг дээрэмдсэн хоёр хүний царай зүсийг нь харж чадаагүй хоёр жаахан хүүхэд л байх шиг байсан ойролцоогоор 30 орчим насны хүүхдүүд байсан. Тэгээд би дээрэмдүүлчихээд эхнэртээ орж ирээд л хэлсэн. Тэгээд эхнэр цагдаа дуудсан гэх мэдүүлэг. 

-  Н.Отгонсүхийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлсэн:... Баяраа тамхи авчраад сууж байтал Ганаа ах замын цаана зогсож байсан согтуу хүнийг хараад тэнд согтуу хүн байна ах нь шартаж үхлээ ганц юм ууяалдаа гээд Баяраа, Өнөрөө хоёрыг буугаач гээд байсан. Тэгээд Баяраа, Өнөрөө хоёр буугаад нөгөө согтуу хүнийг дагаад гудамж руу орсон. Бид нар хүлээж байтал Өнөрөө гүйж гарч ирээд машин руу далласан бид хэд машинтайгаа гудамжруу ортол хэдэн өөр хүүхдүүд дагаж байсан. Бид нарыг хараад нөгөө хүүхдүүд цаашаа яваад өгсөн. Тэгсэн чинь Ганаа ах одоо гялс авчих гээд Ганаа машинаа эргүүлээд харахад Баяраа, Өнөрөө хоёр гар утсыг авцан байсан. Баяраа, Өнөрөө хоёрыг суулгаад сансар орж ломборданд утсыг нь 80.000 төгрөгөөр зарсан...гэх мэдүүлэг. /хх 28-29/,

 

-  Г.Хангайгийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлсэн:...тэр хүнийг анх Мөнх-Оргил хараад тэнд хүн согтуу тасарсан хэвтэж байна гээд түүн дээр очоод ойр хавиар нь эргэлдээд буцаж ирээд хажууд нь гайгүй үнэд хүрэх гар утас байна гэж хэлсэн. Тэгээд Энхбаяр надтай нэг нь явчих очоод авья гэж хэлэхэд Өнөрболд хамт явахаар болсон. Удалгүй согтуу залуу босоод харанхуй гудамжруу яваад орсон. Энхбаяр, Өнөрболдыг согтуу залуугийн араас харанхуй гудамжруу явж очоод 2-3 минут болохоор нь бид хэд машинтайгаа очих гэж байхад өөдөөс Өнөрболд гарч ирээд машинд суугаад хойшоо гудамжруу орчих гэсэн. Гудамжруу ороход Энхбаяр гарч ирээд машинд суугаад удалгүй Өнөрболд Энхбаяр нар дахиж машинаас буугаад харанхуй гудамжруу орсон. Тэгээд түд удалгүй тэр хоёр согтуу залуугийн гар утсыг аваад гараад ирсэн….гэх мэдүүлэг. /хх 32-33/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд /хх 13-15/, мэдүүлгийг газар дээр нь  шалгасан  тэмдэглэл /хх 15-18/, эд зүйлийн үнэлгээ /хх-46/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Худай овогт Бавуудоржийн     Мөнх-Оргилд Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 3.3, 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 16.1 дүгээр зүйлийн 1-д  зааснаар, Элжигэн овогт Эрдэнээгийн Энхбаяр, Боржигон овогт Ганзоригийн Өнөрболд нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Өнөрболд, Э.Энхбаяр нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Б.Мөнх-Оргилыг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн,  зохион байгуулсан, Э.Энхбаярыг насанд хүрээгүй байхад нь хууран мэхэлж гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв.

 

              Хохирогч Д.Батбаатар “...би Б.Мөнх-Оргил, Э.Энхбаяр, Г.Өнөрболд нараас хохирлоо бүрэн авсан тул цаашид нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй болно, шүүх хуралдаанд  оролцохгүй гэсэн хүсэлтийг бичгээр  гаргасан тул шүүгдэгч нарыг бусдад  учруулсан хохирлыг нөхөн  төлсөн,  гэм хорыг  арилгасан  байна гэж шүүх үзлээ.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэв.

            Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоногггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1  ширхэг СD-ийг   хадгалуулахаар зохих байгууллагад шилжүүлж  шийдвэрлэх нь зүйтэй  байна.

Монгол УлсынЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12,  37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Худай овогт Бавуудоржийн Мөнх-Оргилыг дээрэмдэх гэмт хэргийг  зохион байгуулсан, бүлэглэн, хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,

 

           Шүүгдэгч Элжигэн овогт Эрдэнээгийн Энхбаяр, Боржигон овогт Ганзоригийн Өнөрболд нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Э.Энхболд, Г.Өнөрболд нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

 

    Шүүгдэгч Б.Мөнх-Оргилыг Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн    2-д зааснаар 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын  хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн  тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 /нэг/  жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Мөнх-Оргилд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил, 1 / нэг/ сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Б.М, Г.Ө, Э.Энарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч Б.М, Г.Ө, Э.Энар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг  тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн       1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хугацаа дуусах хүртэлх хугацаагаар хадгалсугай.

 

8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.М, Г.Ө, Э.Энарт урьд авсан хувийн батлагаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч нарын эдлэх ялыг 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

            9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.БАТЖАРГАЛ

 

 

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018-10-05  11 цаг 20 минут