Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 44

 

“ОК” ХХК-ийн нэхэмжлэлтэй                                                                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  Ц.Ичинхорлоо             даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/03130 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “ОК” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдох

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 9 сарын 04-ний өдрийн 4/19261 дугаартай албан бичгээр нэхэмжлэлийн үнийн дүнгээс хэтрүүлэн “ОК” ХХК-ийн өмчлөлийн 14 ширхэг үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн ажиллагааг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганцэцэгийн  гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч “ОК” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганцэцэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганцэцэг, М.Энхзул нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Фенстер Монгол” ХХК нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын олон улсын ба Үндэсний арбитрт “ОК” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд арбитраас гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авахуулахаар ...”ОК” ХХК-ийн А блокийн А-1.5-16 тоот болон А-Б7-32 тоот тус бүр 71.90 м.кв талбайтай 2 ширхэг орон сууцыг..., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д зааснаар битүүмжилж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Энэхүү хүсэлтэд үндэслэн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 сарын 26-ны өдрийн 346 тоот захирамжаар “ОК” ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр буюу 617.705.251 төгрөгийн хэмжээнд хамгаалах арга хэмжээг авахаар болсон. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч 2019 оны 5 сарын 01-ний өдрийн 4/10517 дугаартай албан бичгээр нэхэмжлэлийн үнийн дүнгээс хэтрүүлэн “ОК” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийт 14 ширхэг үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Энэхүү шийдвэрт “ОК” ХХК-ийн зүгээс тухайн үед нь гомдол гаргасны үндсэн дээр тус байгууллагаас Ү-2204100920 дугаартай А блокын 100 тоот 187.18 м.кв талбай бүхий 1 ширхэг орон сууцын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, “Фенстер Монгол” ХХК-ийн хүсэлтэд дурьдсан А блокын А-Б5-16 тоот болон А-1.7-32 тоот тус бүр 71.90м.кв талбайтай 2 ширхэг орон сууцыг нэмж битүүмжлэн, үлдсэн 13 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээн, гүйцэтгэсэн ажиллагаагаа хэсэгчлэн хүчингүй болгосон. Энэ нь ахлах шийдвэр гүйцэтгэгч 13 ширхэг үл хөдлөх хөрөнгийг түдгэлзүүлсэн ажиллагаа нь анхнаасаа захирамжид дурдсан 617.705.251 төгрөгөөс хэтэрсэн болохыг өөрөө хүлээн зөвшөөрснийг илэрхийлэх үйл баримт юм.

Шийдвэр гүйцэтгэгчийн битүүмжлэх, түдгэлзүүлэх арга хэмжээ нь захирамжид заасан үнийн дүн болох 617.705.251 төгрөгөөр хязгаарлагдана. “ОК” ХХК-ийн нэр бүхий 16 үл хөдлөх хөрөнгө нь зах зээлийн үнээр тооцоход 13 тэрбум орчим төгрөгөөр үнэлэгддэг. Гэвч шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шүүгчийн захирамжид заасан хэмжээнээс даруй 20 дахин илүү хэмжээгээр компанийн үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэн хууль зөрчсөн. Өөрөөр хэлбэл “Фенстер монгол” ХХК-ийн хүсэлтэд дурдсан 2 үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн нь арбитраас гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийн биелэлтийг хангахад хангалттай хүрэлцэхүйц байхад нэмэлтээр 14 ширхэг үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй байна. Компанийн хувьд “Фенстер монгол” ХХК-ийн хүсэлтэд дурдсан 2 ширхэг хөрөнгийг битүүмжилсэн ажиллагаанд ямар нэгэн гомдол, санал байхгүй, арбитрын шийдвэр гарах хүртэл хугацаанд битүүмжтэй хэвээр үлдэхэд татгалзах зүйлгүй. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4.1, 7.1-д заасан оролцогчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хүндэтгэх, хуульд заасан үндэслэлээр хязгаарлалт тогтоох зарчмыг зөрчсөн. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 617.705.251 төгрөгийн төлөө компанийн бүх л үл хөдлөх хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг зогсоосон ажиллагааны улмаас компанийн хийхээр төлөвлөсөн бүх хэлцэл, төлөвлөгөөт ажлууд хойшлогдож, хэвийн үйл ажиллагаанд саад учруулаад байна. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас хууль зөрчиж, нэмж “ОК” ХХК-ийн өмчлөлийн 14 ширхэг үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн ажиллагааг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Отгон шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ний өдрийн 346 дугаар захирамжаар хариуцагч “ОК” ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 617.705.251 төгрөгийн хэмжээнд битүүмжлэхээр, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 6528 дугаар захирамжаар хариуцагч “ОК” ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 257.535.039 төгрөгийн хэмжээнд битүүмжлэхээр тус тус захирамжилсан захирамжийг НШШГГ- хүлээн авч захирамжинд заагдсан ажиллагааг хийж гүйцэтгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хариуцагч “ОК” ХХК-ийн /РД:2747804/ өмчлөлтэй эрхийн улсын бүртгэлийн Ү-2204099108, Ү-2204099115, Ү- 2204099123, Ү-2203099131, Ү-2204099137, Ү-2204099139, Ү-2204099521, Ү2204099652, Ү-2204100920, Ү-2204100165, Ү-2204100166, Ү-2204100167, Ү-2204100168 дугаарт бүртгэлтэй нийт 13 ширхэг үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх үл хөдлөх хөрөнгийн төлбөрийн үнийн дүнгийн хэмжээнд заасны дагуу захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Хариуцагч “ОК” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг түдгэлзүүлж, хориг тавьсан бөгөөд өдөр тутмын үйл ажиллагаа явуулахад саад учруулаагүй байна. Мөн нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд хариуцагч дээрх арга хэмжээ авсаны улмаас учирсан хохирлын талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байдаг. Иймд шүүхийн шүүгчийн хүчин төгөлдөр шийдвэртэй, хуулийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үндэслэлгүйгээр хүчингүй болгуулахыг хүссэн хариуцагчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч НШШГГ-т холбогдох Үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн ажиллагааг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч “ОК” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “ОК” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “ОК” ХХК-ийн захиран зарцуулах эрх нь түдгэлзсэн хөрөнгүүдийн үнэлгээ нь дараах байдлаар нотлогддог бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас захирамжид заасан үнийн дүнгээс хэтрүүлэн ажиллагаа явуулсан болох нь тодорхой байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу орон нутгийн ханш буюу Улаанбаатар хотын зах зээлийн үнэлгээгээр орон сууц нь 3.950.000 төгрөг, пентхаус нь 5.950.000 төгрөг болох нь “Зол пропертиз” ХХК, “Нисултинг” ХХК-ийн тодорхойлолтоор нотлогддог. Мөн “ОК ХХК-аас захиран зарцуулах эрх нь түдгэлзсэн хөрөнгүүдтэй адил  байршил,   хэмжээ,   зориулалт,   нэгжийн  үнэ  бүхий  орон  сууц,   пентхаусыг" гуравдагч этгээдэд худалдсан гэрээг хэрэгт гаргаж өгсөн ба эдгээр гэрээ нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг хангалттай нотолж байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн албан бичигт дурдсан "Ү" дугаар бүхий нийт 14 үл хөдлөх хөрөнгөд харгалзах хөрөнгийн үнэлгээ, байршил, хэмжээг нэг бүрчлэн тайлбарлаж, хүснэгт байдлаар хэрэгт гаргаж өгсөн байдаг. Нэхэмжлэгчийн тайлбар болон Үл хөдлөх хөрөнгийн зуучлалын компанийн тодорхойлолтыг харьцуулж үзвэл үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ маш тодорхой харагдах ба тодорхойлолтод заасан 1 м.кв орон сууцны үнэлгээг нийт хэмжээнд үржүүлж тооцвол 12.454.971.000 төгрөг болох нь нотлогддог. Иймд шүүх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ дээр маргадаггүй. Мөн хариуцагч Үл хөдлөх хөрөнгийн зуучлалын компанийн тодорхойлолтод заасан үнэлгээ нь захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн хөрөнгүүдийн үнэлгээ мөн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгээгүй байдаг. Харин ч хариуцагчийн зүгээс шинжээч томилох шаардлагагүй гэж үзэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.1-д заасны дагуу үл хөдлөх хөрөнгүүдийн үнэлгээг орон нутгийн зах зээлийн ханшаар тооцсон гэж тайлбарласан байдаг ба гагцхүү хэтрүүлэн түдгэлзүүлсэн хөрөнгүүдийг чөлөөлөх арга хэмжээг аваагүй байдаг. Нөгөөтэйгүүр Нийслэлийн шүүхийн шийдвэр газраас өмнө нь буюу 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 1/13440 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч талаас гаргасан гомдлыг үндэслэн нэхэмжлэлийн үнийн дүнгээс хэтэрсэн хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээнд түшиглэн сэргээж байсан. Энэ нь анхнаасаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжлэх ажиллагаа явуулахдаа захирамжид заасан нэхэмжлэлийн үнийн дүнгээс хэтрүүлсэн болохоо, улмаар үл хөдлөх хөрөнгүүдийн үнэлгээг тухайн үедээ хүлээн зөвшөөрч байсан болохыг нотлох юм. Гэвч анхан шатны шүүхээс талуудын маргаагүй буюу хариуцагч талаас эсэргүүцээгүй үйл баримтыг сайн дураараа, буруу дүгнэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан диспозитив зарчмыг зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхээс нотлох баримтыг үнэн зөв, тал бүрээс нь үнэлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан диспозитив зарчмыг зөрчсөний

улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Нэхэмжпэгчийн хувьд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжилсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй 2 үл хөдлөх хөрөнгөд ямар нэг маргаан байхгүй бөгөөд гагцхүү 617 сая төгрөгийн төлөө нийт 12 тэрбум гаруй төгрөгөөр үнэлэгдэх Баянзүрх дүүрэгт бүртгэлтэй үл хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүүлэн компанийн үйл ажиллагаанд саад учруулан, орлого олох эх үүсвэрийг хааж байгаад гомдолтой байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, гомдол нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлгыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “ОК” ХХК нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ “...тус байгууллагаас Ү-2204100920 дугаартай А блокын 100 тоот 187.18 м.кв талбай бүхий 1 ширхэг орон сууцын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, “Фенстер Монгол” ХХК-ийн хүсэлтэд дурьдсан А блокийн А-Б5-16 тоот болон А-1.7-32 тоот тус бүр 71.90м.кв талбайтай 2 ширхэг орон сууцыг нэмж битүүмжлэн, үлдсэн 13 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээсэн… гэж тодорхойлжээ.

Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 1/13440 тоот 13 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээсэн тухай, Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 4/10517 тоот “14 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрх түдгэлзүүлэх тухай”, 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 4/19261 тоот 13 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрх түдгэлзүүлэх тухай” албан бичгүүд хэрэгт авагдсан байх боловч өмчлөх эрхийн гэрчилгээгүй 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн болон уг хөрөнгийн үнэлгээтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн эсэх талаар дүгнэх боломжгүй байна.

Мөн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ний өдрийн 346 дугаар захирамжийн Удиртгал хэсэгт “нийт         617 705 251 төгрөг гаргуулах тухай” гэж, Тодорхойлох хэсэгт “нэхэмжлэлийн үнийн дүн   801 989 681 төгрөг...” гэж өөр өөрөөр тусгагдсан тул нэхэмжлэлийн үнийн дүнг тодруулах шаардлагатай.

Анхан шатны шүүх “...үл хөдлөх эд хөрөнгийн үнэ тодорхой бус байна...” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болсон байна.

 Нэхэмжлэл, шаардлага, үндэслэл тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл  болно.

Дээрх байдлаар хэргийн нөхцөл байдал тодорхой бус байхад  анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болсныг давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/03130 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ИЧИНХОРЛОО         

                                                          ШҮҮГЧ                                 Ч.ЦЭНД  

                                                                                                     Н.БАТЗОРИГ