Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2020/03130

 

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 12 өдөр

  Дугаар 101/ШШ2019/03130

Улаанбаатар хот

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, UB март худалдааны төвийн 505 тоотод байрлах “О К” ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар:2747804/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 9 сарын 04-ний өдрийн 4/19261 дугаартай албан бичгээр нэхэмжлэлийн үнийн дүнгээс хэтрүүлэн “О К” ХХК-ийн өмчлөлийн 14 ширхэг үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн ажиллагааг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганцэцэг, М.Энхзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Цогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “О К” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Фенстер Монгол” ХХК нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын олон улсын ба Үндэсний арбитрт О К ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд арбитраас гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авахуулахаар “...О К ХХК-ийн А блокын А-1.5-16 тоот болон А-Б7-32 тоот тус бүр 71,90м.кв талбайтай 2 ширхэг орон сууцыг..., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д зааснаар битүүмжилж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан.

Энэхүү хүсэлтэд үндэслэн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 сарын 26-ны өдрийн 346 тоот захирамжаар “О К” ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр буюу 617,705,251 төгрөгийн хэмжээнд хамгаалах арга хэмжээг авахаар болсон.

Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч 2019 оны 5 сарын 1-ний өдрийн 4/10517 дугаартай албан бичгээр нэхэмжлэлийн үнийн дүнгээс хэтрүүлэн “О К” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийт 14 ширхэг үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн.

Энэхүү шийдвэрт “О К” ХХК-ийн зүгээс тухайн үед нь гомдол гаргасны үндсэн дээр тус байгууллагаас Ү-2204100920 дугаартай А блокын 100 тоот 187,18 м2 талбай бүхий 1 ширхэг орон сууцын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, “Фенстер Монгол” ХХК-ийн хүсэлтэд дурьдсан А блокын А-Б5-16 тоот болон А-1.7-32 тоот тус бүр 71,90м.кв талбайтай 2 ширхэг орон сууцыг нэмж битүүмжлэн, үлдсэн 13 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээн, гүйцэтгэсэн ажиллагаагаа хэсэгчлэн хүчингүй болгосон. Энэ нь ахлах шийдвэр гүйцэтгэгч 13 ширхэг үл хөдлөх хөрөнгийг түдгэлзүүлсэн ажиллагаа нь анхнаасаа захирамжид дурдсан 617, 705,251 төгрөгөөс хэтэрсэн болохыг өөрөө хүлээн зөвшөөрснийг илэрхийлэх үйл баримт юм.

Ц.Баярсайхан гэх иргэний гомдлоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас “... 13 ширхэг үл хөдлөх хөрөнгийн битүүмжлэлийг цуцалсан нь үндэслэлгүй, хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан ...” байна. Ийнхүү нэгэнт гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас ямар нэг үндэслэлгүйгээр дахин шүүмжлэхийг даалгаж байгаа нь О К ХХК-ийн эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэрийн дагуу битүүмжилсэн 3 ширхэг үл хөдлөх хөрөнгө дээр нэмээд 13 ширхэг үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг 2019 оны 9 сарын 4-ний өдрийн 4/19261 дугаартай албан бичгүүдээр түдгэлзүүллээ.“О К” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийг түдгэлзүүлсэн ажиллагаа нь дараах үндэслэлээр хууль бус болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5.1 болон 257.1-д заасан “шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь гагцхүү шийдвэрт заасан үндэслэл, хэмжээ хязгаарын хүрээнд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлнэ” гэж заасан. Мөн хуулийн 44.7-д заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх арга хэмжээ нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын хэмжээнд тохирсон байна. Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэгчийн битүүмжлэх, түдгэлзүүлэх арга хэмжээ нь захирамжид заасан үнийн дүн болох 617,705,251 төгрөгөөр хязгаарлагдана.

“О К” ХХК-ийн нэр бүхий 16 үл хөдлөх хөрөнгө нь зах зээлийн үнээр тооцоход 13 тэрбум орчим төгрөгөөр үнэлэгддэг. Гэвч шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шүүгчийн захирамжид заасан хэмжээнээс даруй 20 дахин илүү хэмжээгээр компанийн үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэн хууль зөрчсөн.

Өөрөөр хэлбэл Фенстер монгол ХХК-ийн хүсэлтэд дурдсан 2 үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн нь арбитраас гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийн биелэлтийг хангахад хангалттай хүрэлцэхүйц байхад нэмэлтээр 14 ширхэг үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй байна. Компанийн хувьд Фенстер монгол ХХК-ийн хүсэлтэд дурдсан 2 ширхэг хөрөнгийг битүүмжилсэн ажиллагаанд ямар нэгэн гомдол, санал байхгүй, арбитрын шийдвэр гарах хүртэл хугацаанд битүүмжтэй хэвээр үлдэхэд татгалзах зүйлгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас нэмэлтээр 14 үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42.1-т заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хөндлөнгийн шинжээчээр тогтоолгох боломжтой байсан ч энэ ажиллагааг хийлгүй дур мэдэн компанийн бүх л үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Өөрөөр хэлбэл хөндлөнгийн эдтгээдийн баталгаажуулсан үнэлгээнд үндэслэлгүй захирамжийг биелүүлэхээр шалтгаалж “О К” ХХК-ийн өмчлөх эрхэд санаатайгаар хууль бусаар халдсан байна. Энэ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4.1, 7.1-д заасан оролцогчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хүндэтгэх, хуульд заасан үндэслэлээр хязгаарлалт тогтоох зарчмыг зөрчсөн.

Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 617,705,251 төгрөгийн төлөө компанийн бүх л үл хөдлөх хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг зогсоосон ажиллагааны улмаас компанийн хийхээр төлөвлөсөн бүх хэлцэл, төлөвлөгөөт ажлууд хойшлогдож, хэвийн үйл ажиллагаанд саад учруулаад байна.

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас хууль зөрчиж, нэмж О К ХХК-ийн өмчлөлийн 14 ширхэг үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн ажиллагааг хүчингүйд тооцож өгнө үү гэв.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ний өдрийн 346 дугаар захирамжаар хариуцагч “О К” ХХК-ний эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 617.705.251 төгрөгийн хэмжээнд битүүмжлэхээр,

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 6528 дугаар захирамжаар хариуцагч “О К” ХХК-ний эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 257.535.039 төгрөгийн хэмжээнд битүүмжлэхээр тус тус захирамжилсан захирамжийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүлээн авч захирамжинд заагдсан ажиллагааг хийж гүйцэтгэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хариуцагч “О К” ХХК-ний /РД:2747804/ өмчлөлтэй эрхийн улсын бүртгэлийн Ү-2204099108, Ү-2204099115, Ү- 2204099123, Ү-2203099131, Ү-2204099137, Ү-2204099139, Ү-2204099521, Ү2204099652, Ү-2204100920, Ү-2204100165, Ү-2204100166, Ү-2204100167, Ү-2204100168 дугаарт бүртгэлтэй нийт 13 ширхэг үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т 55.1.Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжпэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө. гэж заасан дагуу дээрх үл хөдлөх хөрөнгийн төлбөрийн үнийн дүнгийн хэмжээнд заасны дагуу захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн.

Хариуцагч “О К” ХХК-ний үл хөдлөх хөрөнгийн өмчилөх эрхийг түдгэлзүүлж, хориг тавьсан бөгөөд өдөр тутамын үйл ажиллагаа явуулхад саад учруулаагүй байна. Мөн нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд хариуцагч дээрх арга хэмжээ авсаны улмаас учирсан хохирлын талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байдаг.

Иймд шүүхийн шүүгчийн хүчин төгөлдөр шийдвэртэй, хуулийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үндэслэлгүйгээр хүчингүй болгуулахыг хүссэн хариуцагчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “О К” ХХК нь хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан, Үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн ажиллагааг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явагдсан гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна.

 

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 346 дугаартай “Арбитраас гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамжаар, Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын Олон улсын ба Үндэсний арбитрт хянагдаж байгаа, нэхэмжлэгч “Фенстер монгол” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “О К” ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 617,705,251 төгрөг гаргуулах тухай маргаанд “О К” ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд хамгаалах арга хэмжээ авчээ.

Хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх шүүгчийн захирамжийг биелүүлэх ажиллагаа явуулж, “О К” ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204099108, Ү-2204099115, Ү-2204099123, Ү-2203099131, Ү-2204099137, Ү-2204099139, Ү-2204099521, Ү2204099652, Ү- 2204100920, Ү-2204100165, Ү-2204100166,         Ү-2204100167, Ү-2204100168 дугаарт бүртгэлтэй нийт 13 ширхэг үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч нь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хөндлөнгийн шинжээчээр дүгнэлт гаргуулах боломжтой байсан ч уг ажиллагааг хийгээгүй дур мэдэн үл хөдлөх эд хөрөнгө битүүмжилсэн гэж маргаж байх боловч тухайн ажиллагааны үед шинжээч оролцуулж болох нөхцөл байдал хуулийн дээрх заалтын дагуу үүссэн гэж үзэхээргүй, тухайн эд хөрөнгүүд нь ямар үнэлгээтэй нь тодорхойгүй байна.

 

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд болох “Зол пропертиз” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 19/66 дугаартай тодорхойлолтод “О К” ХХК-ийн “High Apart” төслийн дагуу барьж ашиглалтад оруулсан барилгын орон сууцны 1 м.квын үнэ 3,950,000 төгрөг, пентхаусны 1 м.кв-ын үнэ 5,950,000 төгрөгөөр зах зээлд борлуулагдаж байгаа, “Нисултинг” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1/50 дугаартай тодорхойлолтод, дээр дурдсан орон сууцны 1 м.кв-ийн үнэ 3,950,000 төгрөг, пентхаусын 1 м.кв-ийн үнэ 5,500,000 төгрөгөөр зах зээлд борлуулагдаж байгаа хэмээн тус тус тодорхойлжээ.

 

Гэвч дээрх хоёр үл хөдлөх зуучлалын компанийн тодорхойлолтод дурьдаж буй орон сууц нь хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан ажиллагааны хүрээнд захиран зарцуулах эрх нь түдгэлзэгдсэн, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар бүхий 13 орон сууц мөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, орон сууц буюу үл хөдлөх эд хөрөнгийн үнэ тодорхой бус байна.

 

Хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 346 дугаартай захирамжид заасан хэмжээнээс хэтэрсэн үнийн дүн бүхий үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэл нотлогдож тогтоогдсонгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн ажиллагааг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч “О К” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.УНДРАА