Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 182/ШШ2023/03230

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2/ШШ2023/03230

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: НД ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ТС ХХК холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болон хохиролд 30,070,200 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Э

Хариуцагчийн төлөөлөгч Б.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.*******,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Бидний хооронд 2016.02.26-ны өдөр хайгуулын өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээний дагуу манай компани ******* аймгийн ******* сумын нутагт ******* овоо нэртэй газар XV-0200 тоот тусгай зөвшөөрлийн талбайд 300 м ажлыг 30,000,000 төгрөгийн өрөмдлөгийн ажлыг хариуцагч ******* ******* ХХК-ийн өгсөн үүрэг даалгаврын дагуу хийж гүйцэтгэсэн. Харин хариуцагч нь гэрээний 6 дугаар зүйлд зааснаар 2016.06.30-ны өдрөөс өмнө төлнө гэсэн үүргээ биелүүлээгүй. Хариуцагч нь манай байгууллагаар хэд хэдэн гэрээт ажлыг хийлгэсэн бөгөөд төлбөрийг шаардахаар хамтад нь төлнө, цар тахал болчихлоо 2021.12.31-ний өдөр төлнө гэж явсаар өнөөдрийг хүрсэн байгаа. Өөрөөр хэлбэл Х. гэдэг хүн ******* ******* ХХК, ******* ХХК, ХХК гэсэн 3 компанийн үүсгэн байгуулагч, захирал нь байсан. Тухайн үед манай компанид ******* ******* ХХК, ******* ХХК-ийн хийлгэсэн ажлын хөлсийг төлөөгүй байсан.

Харин хариуцагч нь түрээсэлж байсан оффисын байрнаасаа нүүгээд явчихсан, хаана үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхойгүй, холбоо барьж байсан утас нь зарагдсан байсан. Улмаар хариуцагчийг эрэн сурвалжлуулж хаягийг нь тогтоосон бөгөөд энэ үед захирал нь өөр хүн болсныг мэдсэн. Тэгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан, хариуцагчаас ирүүлсэн тайлбар, баримттай танилцаад тухайн үед бидэнтэй харилцаад явж байсан захирал Х. нь компаниа 2016.06.02-ны өдөр Г.Отгонбаяр гэдэг хүнд эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлснийг мэдсэн байгаа. Г.Отгонбаяр нь улсын бүртгэлд 2016 оны 08 сард бүртгүүлсэн байна лээ. Компанийн эрх шилжүүлэх гэрээний 4 дүгээр зүйлийн 1-т компанийн эрх шилжүүлэхээс өмнөх үйл ажиллагаанаас үүсэх хариуцлагыг компанийн эрх шилжүүлэгч хариуцна гэсэн заалт тодорхойгүй. Өөрөөр хэлбэл ямар өрийг хэн хариуцах нь ойлгомжгүй, энэ талаар ямар нэгэн бичгийн баримтгүй, компанийн захирал солигдсон нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй бөгөөд Компанийн тухай хуулийн 9.1-д компани бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээхээр заасан байна. Иймд ******* ******* ХХК-иас ажлын хөлс 30,000,000 төгрөг, эрэн сурвалжлуулж гаргасан зардал 70,200 төгрөг, нийт 30,070,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* ХХК нь 2016.06.02-ны өдөр Компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу 2016.08.04-ний өдөр Г.ийн нэр дээр шилжиж ирсэн бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.1.-д компанийн эрх шилжүүлэхээс өмнөх үйл ажиллагаанаас үүсэх хариуцлагыг компанийн эрх шилжүүлэгч хариуцна гэсэн байх тул өмнөх захирал Х. энэ асуудлыг хариуцахаар байна. Тэгээд ч нэхэмжлэгч тал Х.тай харилцаж, тэрээр төлнө гэж зөвшөөрч байсан байна. Харин түүний өмнөөс одоогийн захирал Г. ямар нэгэн хариуцлага хүлээхгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгч талаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, өрөмдлөгийн ажлын тайлан, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.10.05-ны өдрийн 3334 дүгээр шийдвэр, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн 2023.04.12-ны өдрийн албан бичиг, 2023.01.12-ны өдөр Х.тай утсаар ярьсан бичлэгийг хуулсан СD, бичлэгийн яриаг бичгийн хэлбэрт буулгасан баримт, нэхэмжлэхүүд, тооцооны үлдэгдлийн баталгаа, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.08.30-ны өдрийн шийдвэр гэсэн баримтууд,

 

4.Хариуцагч талаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, 2016.06.02-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гарган өгсөн байна.

 

5.Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу шүүхээс мэйл хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсралт баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-нд холбогдуулж ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болон хохиролд 30,070,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, зохигчдын гарган өгсөн, шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч тал гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...бид гэрээний үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлж, хайгуулын ажлын үр дүнг ямар нэгэн доголдолгүй хариуцагчид хүлээлгэн өгсөн байхад хариуцагч нь төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй, удаа дараа шаардуулж, сүүлдээ хаана үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхойгүй болж, бид шүүхэд хандан эрэн сурвалжлуулж, хаяг тогтоолгон өөрсдөөсөө зардал гаргасан байгаа тул ажлын хөлсөө, гаргасан зардлынхаа хамт нэхэмжлэх эрхтэй... гэж,

 

Хариуцагч тал гаргасан тайлбар, татгалзлын үндэслэлээ ...Компанийн эрх шилжүүлэх гэрээнд зааснаар эрх шилжүүлэхээс өмнө үүссэн хариуцлагыг тухайн үед захирал байсан Х. өөрөө хариуцахаар байна, тэгээд ч төлбөрийг хариуцан төлөхөө зөвшөөрч байсан байна, түүний өмнөөс шинэ захирал Г. ямар нэгэн хариуцлага хүлээхгүй, нэхэмжлэл үндэслэлгүй... гэж тус тус тайлбарлан мэтгэлцсэн.

 

3.Зохигчдын хооронд 2016.02.26-ны өдөр ******* аймгийн ******* сумын нутагт баганат өрөмдлөгийн /чөмөгтэй/ ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба, уг гэрээгээр нэхэмжлэгч ******* ******* ХХК нь ******* аймгийн ******* сумын нутаг дахь /УБ хотоос 610 км/ ******* Овоот нэртэй, ХҮ-0200 тоот тусгай зөвшөөрлийн талбайд 50-100 метрийн гүнтэй, 3-5 цооног буюу 300 тууш метр баганат өрөмдлөгийн ажлыг хариуцагч ******* ******* ХХК-ийн өгсөн геологийн даалгавар, өрөмдлөгийн ажлыг технологийн дагуу 2016.02.28-ны өдрөөс эхлэн 7 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх, хариуцагч ******* ******* ХХК нь ажлын хөлсөнд 1 тууш метр өрөмдлөгийг 100,000 төгрөгөөр тооцож, нийт 30,000,000 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд төлөх, өрмийн ажлын үр дүнг стандарт шаардлагын дагуу хүлээх авах үүргийг харилцан хүлээсэн байгаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 9 дүгээр зүйлийн 9.1-д заасантай нийцсэн ажил гүйцэтгэх гэрээний харилцаа байна.

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1, 2 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн 8.3, 8.5-д зааснаар хариуцагч ******* ******* ХХК-ийн эзэмшлийн ******* аймгийн ******* сумын нутагт байрлах, ******* Овоот нэртэй, ХҮ-0200 тоот тусгай зөвшөөрлийн талбайд 50-100 метрийн гүнтэй, 3-5 цооног буюу 300 тууш метр баганат өрөмдлөгийн ажлыг хариуцагч ******* ******* ХХК-ийн өгсөн геологийн даалгавар, технологийн дагуу хийж гүйцэтгэн хариуцагч ******* ******* ХХК-нд хүлээлгэн өгсөн талаар зохигчид маргаагүй бөгөөд хариуцагч ******* ******* ХХК нь гэрээний 6 дугаар зүйл, 7 дугаар зүйлийн 7.4-т зааснаар ажлын хөлс болох 30,000,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй.

 

4.Улмаар нэхэмжлэгч ******* ******* ХХК нь гэрээний 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар гүйцэтгэсэн ажлын хөлсөө төлөхийг хариуцагч ******* ******* ХХК-иас удаа дараа шаардаж утсаар холбогдож, 2017.03.31-ний өдөр тооцооны үлдэгдлийн баталгааг үйлдэж ******* ХХК-ийн өр төлбөр 86,780,000 төгрөг, ******* ******* ХХК-ийн өр төлбөр 30,000,000 төгрөг, нийт 116,780,000 төгрөг болохыг тооцсон нэхэмжлэх, мөн 20.10.20, 2020.07.04-ний өдрүүдэд 30,000,000 төгрөг төлөх тухай нэхэмжлэхийг байгууллагын нягтлан бодогч Д.Оюун-Эрдэнэ өөрийн ...мэйл хаягаас хариуцагч ******* ******* ХХК-ийн захирал Х.ын ... гэсэн мэйл хаягт тус тус илгээсэн болох нь үзлэгийн тэмдэглэл, нэхэмжлэхүүдээр тогтоогдсон.

 

Харин хариуцагч ******* ******* ХХК, захирал Х. нь ажлын хөлс 30,000,000 төгрөгийг төлөх талаар амаар хариу өгч байсан боловч тус компани оршин байрлах хаягаасаа нүүсний улмаас олдохгүй болж, нэхэмжлэгч ******* ******* ХХК нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.10.05-ны өдрийн 3334 дүгээр шийдвэрээр хариуцагч ******* ******* ХХК-ийг эрэн сурвалжлуулж, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2023.04.12-ны өдрийн албан бичгээр хаяг тогтоолгосон байх ба, тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлж, өөрөөсөө зардал гаргасан байна.

 

Ийнхүү нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-иас гэрээний үүргийг шаардаж, түүний хаягийг тогтоолгохоор эрэн сурвалжлуулж байсан нь хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа тасалдах, хугацааг дахин шинээр эхлэн тоолох үндэслэлд хамаарч байх бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д заасантай нийцнэ.

 

5.Хариуцагч ******* ******* ХХК-ийн захирал Х. нь 2016.06.02-ны өдөр Компанийн эрх шилжүүлэх гэрээгээр ******* ******* ХХК-ийн эрх үүргийн 100%-ийг иргэн Г.т шилжүүлсэн байх бөгөөд Г. нь 2016.08.04-ний өдөр ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар улсын бүртгэлд бүртгэгдсэн, уг компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй, нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-ийг эрэн сурвалжлуулж, хаяг тогтоолгосон үедээ гүйцэтгэх захирал өөрчлөгдсөн болохыг мэдсэн, тухайн үед компанийн гүйцэтгэх захирал байсан Х. энэ талаар нэхэмжлэгчид огт мэдэгдээгүйн улмаас компанийн захирал Х.т ажлын хөлсийг төлөх талаар шаардлага тавьж байсан, Х. нь ажлын хөлсийг төлнө гэдэг хариуг өгч байсан болохыг нэхэмжлэгч тал тайлбарласан.

 

Энэхүү эрх шилжүүлэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д компанийн эрх шилжүүлэхээс өмнөх үйл ажиллагаанаас үүсэх хариуцлагыг компанийн эрх шилжүүлэгч хариуцна гэж заасан байх боловч уг заалт тодорхой бус, компанийн үйл ажиллагаанаас үүсэх чухам ямар хариуцлага болох, үүнд компанийн бусдад төлөх өр төлбөр, тухайлбал энэхүү маргааны зүйл болсон 30,000,000 төгрөгийн ажлын хөлс хамаарч байгаа эсэх нь тодорхойгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх удирдлага буюу өмчлөгч солигдсон явдал нь зохигчдын хооронд байгуулагдсан 2016.02.26-ны өдрийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ болон нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн хийсэн ажлыг үгүйсгэх үндэслэл болохгүй юм. Тиймээс хариуцагч талын гаргасан ...Компанийн эрх шилжүүлэх гэрээнд зааснаар эрх шилжүүлэхээс өмнө үүссэн хариуцлагыг тухайн үед захирал байсан Х. өөрөө хариуцахаар байна, ...түүний өмнөөс шинэ захирал болох Г. ямар нэгэн хариуцлага хүлээхгүй... гэх тайлбар үндэслэлгүй болно.

 

6.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ,

344 дүгээр зүйлийн 344.1-д хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно,

350 дугаар зүйлийн 350.1-д ажил гүйцэтгэгч дараах үүрэг хүлээнэ: 350.1.1-д гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх, 350.1.6-д захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх,

351 дүгээр зүйлийн 351.1-д захиалагч дараах үүрэг хүлээнэ: 351.1.1-д гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх гэж тус тус заасан.

 

Тодруулбал, нэхэмжлэгч ******* ******* ХХК нь гэрээ болон Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1, 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1.1, 350.1.6-д зааснаар өрөмдлөгийн ажлыг гэрээнд заасан хугацаанд, зохих ёсоор, шударгаар биелүүлэн, ажлын үр дүнг хариуцагч ******* ******* ХХК-нд хүлээлгэн өгсөн байхад хариуцагч ******* ******* ХХК нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасан ажлын хөлсөнд 30,000,000 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд төлөх үүргээ гэрээнд заасан хугацаанд, зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй байна гэж дүгнэлээ.

 

7.Иймд нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар ажлын хөлс 30,000,000 төгрөг, учирсан хохирол болох хариуцагчийг эрэн сурвалжлуулахад төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 30,070,200 төгрөгийг шаардах эрх үүссэн, нөгөө талаар хариуцагч ******* ******* ХХК төлөх үүрэгтэй байна. Тиймээс хариуцагч ******* ******* ХХК-иас 30,070,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны 202.08.30-ны өдрийн 3038 дугаар шийдвэр нь хэрэгт хамааралгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдав.

 

8.Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн 2023.06.20-ны өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 308,301 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас 308,301 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд олгох нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1‑д заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.1.-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар хариуцагч ******* ******* ХХК-иас 30,070,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 308,301 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас 308,301 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА