Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 82

 

Ч.Б-гийн нэхэмжлэлтэй                                                                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч               Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2019/02842 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ч.Б-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Г-, Г.Х-нарт холбогдох

Бусдын хууль бус үйлдлийг хүчингүйд тооцож, эзэмшигч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Одгариг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хилийн цэрэгт хилчин цэргээс хошууч цолтой болтлоо алба хааж, 1990 онд тэтгэвэртэй гарсан. Намайг ажиллаж байх хугацаанд буюу 1986 оны 8 дугаар сарын 23-ны өдөр тухайн үеийн Нийгмийг аюулаас хамгаалах яамны орлогч сайд, Хилийн ба дотоодын цэргийн удирдах газрын даргын А/31 тоот тушаалаар Дотоодын цэргийн Толгойтын гарнизонд шинээр ашиглалтад орсон 36 айлын орон сууцны 5 тоотыг Ч.Б- миний биед эзэмшүүлэхээр шийдвэрлэж, орон сууц эзэмших эрхийн бичиг авч, улмаар гэрээ хийн байрандаа нүүж орсон. 1994 онд манай гэр бүлийн хүнд улсаас Амгаланд орон сууц өгөхөд, бид гэр бүлээрээ Амгалан руу нүүсэн ба хамт ажиллаж байсан Т.Г-ыг хуучин байрандаа түр амьдарч бай хэмээн байрандаа оруулсан. Тухайн үед Т.Г- нь хилийн 12 дугаар отрядад ажиллаж байгаад хотод шилжиж ирсэн ба өөрийн гэсэн орон гэргүй байсан тул миний бие сайхан сэтгэл гарган байрандаа оруулсан. Гэтэл Т.Г- нь 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн орон сууц хувьчлах товчоогоор уг орон сууцыг хувьчлан авсан гэх бичиг гаргуулж, улмаар өөрийн эзэмшлийн болгож, түүний хүү Г.Х-тус байрны өмчлөгч болсон байна. Миний бие уг байрыг Т.Г-д бэлэглээгүй, худалдаагүй бөгөөд сайхан сэтгэлээр түр амьдруулж байсан юм. Хариуцагч 1994 оны хавар нүүж ороод 1995 оны 5 дугаар сард Мааньтын хорих руу нүүсэн байсан. Үүнээс хойш хэд хэдэн удаа очиж нүүхийг шаардаж байсан. Би 2014 онд байрыг минь Т.Г- хувьчилж авсан болохыг мэдсэн. Миний бие тэр үед өвдөөд 4-5 жил хэвтэрт байсан. Иймд Т.Г- болон Г.Х-нарын хууль бус үйлдлийг хүчингүйд тооцож, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, 1-36 дугаар байрны 5 тоот хаягт байрлах, 29 метр квадрат 2 өрөө орон сууцны эзэмшигч Ч.Б- миний бие мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 Хариуцагч Т.Г- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 1994 оны 5 дугаар сард Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт байрладаг Хилийн цэргийн 0129 дүгээр ангиас Улаанбаатар хотын хилийн 0151 дүгээр ангид шилжин ирсэн. Ирсэн даруйд Ч.Б- намайг эхнэр нь Төмөр замын газраас байр өгсөн гээд энэ байрыг суллаж өгсөн нь үнэн. Гэхдээ энэ байр бол бидний байр биш албаны байр. Миний бие Хилийн цэргийн 0151 дүгээр ангиас Цагдаагийн ерөнхий газрын харьяа дотоодын цэргийн 05 дугаар ангид тусгай салбарын захирагчаар ажиллаж байгаад 1997 оны 11 дүгээр сард тэтгэвэрт гарсан. Олон жил хөдөө ажилласан тул Цагдаагийн ерөнхий газрын дотоодын цэргийн 05 дугаар анги миний байрны асуудлыг шийдвэрлэж энэ байрыг миний мэдэлд өгсөн. Улмаар 2014 оны 3 дугаар сард байрыг хувьчилж авсан. Одоо энэ байр миний хувийн өмч, хувийн эзэмшилд гарч хүүдээ 2014 онд байраа өгсөн ба одоо хүү Г.Хишигбаяр, охин X.Саранчимэгийн хамт амьдарч байна. Ч.Б- нь намайг энэ байгууллагын байранд 25 жил амьдарч байхад байрны асуудлаар нэг ч үг дуугараагүй мөртлөө 2014 оны 3 дугаар сард хувьд гарсан сургаар байрны маргаан үүсгэж эхэлсэн. Би хууль зөрчөөгүй, байрны асуудал бүгд тушаалаар явж, сүүлд нь Засгийн газрын тогтоолоор надад хувьчилж өгсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч Г.Хишигбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Цагдаагийн ерөнхий газрын Дотоодын цэргийн 05 дугаар ангийн 2005 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 175 дугаар тушаалаар байгууллагын мэдлийн орон сууц эзэмшүүлэх эрхийн бичгийг Т.Г-т олгосон. Засгийн газрын 2009 оны тогтоол гараад орон сууцны оршин суугчлал нь хувьчлахаар болоод улмаар Төрийн өмчийн хороо, Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны тогтоолоор Т.Г-т хувьчлуулсан. Орон сууц өмчлөх эрхийн цэнхэр гэрчилгээг Т.Г-т олгосон. Дараа нь орон сууцыг өөрийн хүү Г.Хишигбаярт шилжүүлсэн. Одоо энэ орон сууц Г.Х-болон түүний охин Х.Саранчимэгийн өмчлөлд байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх: 1963 оны Иргэний хуулийн 108 дугаар зүйл, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Б-гийн гаргасан хариуцагч Т.Г-, Г.Х-нарт холбогдох бусдын хууль бус үйлдлийг хүчингүйд тооцож, эзэмшигч болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ч.Б- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх "...маргаан бүхий орон сууц нь улсын өмч байсан бөгөөд Ч.Б-д орон сууцыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хөлслөн олгосон, орон сууц хөлслөх журмыг орон сууц ашиглагчтай хийх гэрээгээр тодорхойлсон бөгөөд гэрээг шинэчлэн байгуулсан, сунгасан баримт авагдаагүй, мөн нэхэмжлэгч "Орон сууц ашиглагчтай хийх гэрээ"-ний 3 дугаар зүйлийн 2-т заасан өөр айл оруулахыг хориглосон заалтыг зөрчсөн байна. Эндээс дүгнэхэд тухайн үеийн байдлаар нэхэмжлэгч орон сууцыг эзэмших хугацаа дуусгавар болсон, орон сууцыг сайн дураар шилжүүлэн өгсөн байх тул Ч.Б-г орон сууцыг хууль ёсоор эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй, ...хөөн хэлэлцэх хугацаа 2014 онд дууссан..." үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 1963 оны Иргэний хуулиар улсын мэдлийн орон сууцыг гэрээний хугацаа дуусвал хөлслөн авагч нь уул гэрээг шинэчлэн байгуулах эрхтэй гэж заасан болохоос үүрэгтэй гэж заагаагүй тул Ч.Б-г гэрээг шинэчлэн байгуулаагүй, сунгуулаагүй гэж буруутгах үндэслэл болохгүй. Ч.Б- нь уг орон сууцанд 1986 оноос 1994 оны 5 сар хүртэл амьдарч байсан бөгөөд энэ хугацаанд улсаас \өмчлөгчөөс\ гэрээгээ шинэчилж байгуулах, сунгах талаар ямар нэгэн шаардлага гаргаагүй байхад Ч.Б-г гэрээ сунгуулаагүй гэсэн үндэслэлээр эрх зүйн байдлыг нь дордуулан дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна. Хэрвээ дээрхи үндэслэлээр Ч.Б- ззэмших эрхгүй гэж үзэх юм бол 1994 оноос уг орон сууцанд орж суусан Т.Г-т гэрээ байгуулах асуудал хамаарах ёстой. Гэтэл өмчлөгчөөс уг орон сууцыг Т.Г-т эзэмшүүлэх талаар ямар нэгэн тушаал шийдвэр гараагүй, гэрээ байгуулаагүй, Т.Г- нь уг орон сууцны хууль ёсны эзэмшигч Ч.Б-гийн зөвшөөрлөөр түр сууж байгаад улмаар өөрийн болгож, хувьчилж авсан нь хуульд нийцсэн эсэх талаар шүүх дүгнэлт хийгээгүй. Мөн Т.Г- нь 1994 оноос уг орон сууцанд түр амьдрахдаа ямар нэгэн гэрээ байгуулалгүй явсаар 2005 онд Цагдаагийн ерөнхий газрын Дотоодын цэргийн 05-р хорооны захирагчийн тушаалаар уг орон сууцыг эзэмших гэрээ байгуулсан бөгөөд тухайн орон сууцны өмчлөлийн асуудал Хилийн цэргээс Цагдаагийн ерөнхий газрын мэдэлд шилжсэн баримт байхгүй тул энэ байдлыг шүүх нарийвчлан тогтоогоогүй. 1963 оны Иргэний хуулийн 216-р зүйлд "...Хөлслөн авагч өөрийн эзэмшиж байгаа орон сууцдаа гэрээ ба хөлс төлбөргүйгээр түр суугчийг оруулж болно. Түр суугчид нь хөлслөн авагчийн анхны шаардлагаар уул орон сууцыг чөлөөлөх үүрэгтэй бөгөөд хэрэв чөлөөлөхөөс татгалзвал өөр орон сууцтай эсэхийг харгалзахгүй шүүхийн журмаар нүүлгэн гаргана..." гэж заажээ. Хуулийн энэ зохицуулалтаас үзэхэд орон сууцандаа өөр айл оруулахыг хориглоогүй байх тул гэрээгээр энэ эрхийг хязгаарласан нь хуульд нийцээгүй учраас Ч.Б-г энэ үндэслэлээр буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн 1963 оны Иргэний хуулийн 219-р зүйлд "...Орон сууц өмчлөх эрх хөлслөн өгөгчөөс өөр өмчлөгчид шилжихэд орон сууц хөлслөх гэрээ хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ. Орон сууцыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх улсын нэг байгууллагаас нөгөөд шилжихэд орон сууц хөлслөх гэрээ хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ" гэж заасан бөгөөд энэ бүх хугацаанд тухайн орон сууцыг өмчлөгч байгууллагаас Ч.Б-тай байгуулсан гэрээг цуцлах талаар ирүүлсэн ямар нэгэн баримт байхгүй учраас анх гэрээгээр эзэмшсэн эрх нь хэвээрээ байна. Хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуульд зааснаар шаардах эрх үүссэн үеэс эхэлж тоолдог бөгөөд Ч.Б- нь уг орон сууцыг Т.Г- хувьчилж авсан 2014 онд мэдэж нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх үүссэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дээрхи байдлуудыг дахин нотолсны үндсэн дээр шийдвэрлүүлэхээр хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ч.Б- нь хариуцагч Т.Г-, Г.Х-нарт холбогдуулан  хууль бус үйлдлийг хүчингүйд тооцож, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, 1-36 дугаар байрны 5 тоот хаягт байрлах, 29 метр квадрат 2 өрөө орон сууцыг эзэмшигч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Ч.Б-д маргааны зүйл болох орон сууцыг эзэмших эрх Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Нийгмийг аюулаас хамгаалах яамны орлогч сайд, Хилийн ба дотоодын цэргийг удирдах ерөнхий газрын даргын 1986 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Толгойтын гарнизоны 36 айлын орон сууцыг хуваарилан эзэмшүүлэх тухай А/31 дугаар тушаалын хавсралтын 30-д зааснаар эзэмшүүлэхээр шийдэрлэж, байр эзэмших эрхийн бичиг олгогдон, 1986 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 0229 дүгээр ангийн Ар талын албатай Орон сууц ашиглагчтай хийх гэрээ байгуулснаар үүссэн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

Гэвч  тэрээр хариуцагч Т.Г-т 1994 оны 9 дүгээр сараас орон сууцыг суллаж өгсөн, тухайн үеэс хариуцагчийг орон сууцыг хувьчлан авах хүртэл буюу  1994-2014 оны хоорондох хугацаанд орон сууц эзэмшсэн бодит байдлыг ямар нэг баримт, үндэслэлээр үгүйсгэж, няцаагаагүй бөгөөд энэ хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаагүйгээр эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг алдсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Цагдаагийн ерөнхий газрын Дотоодын цэргийн 05 дугаар хорооны захирагчийн 2005 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Гэрээ байгуулж, эрхийн бичиг олгох тухай 175 дугаар тушаалыг үндэслэн Байгууллагын мэдлийн орон сууцыг эзэмшүүлэх эрхийн бичгийг Т.Г-т олгосон, Засгийн газрын 2009 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Орон сууц хувьчлах тухай 292 дугаар тогтоолоор Цагдаагийн ерөнхий газрын эзэмшилд байгаа орон сууцыг оршин суугчдад нь хувьчлахаар шийдвэрлэсэн, Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Орон сууц өмчлөх эрх олгох тухай 04 дүгээр тогтоолын хавсралтын 5-д зааснаар маргаан бүхий орон сууцыг Т.Г-т хувьчлахаар шийдвэрлэсэн, орон сууцыг Т.Г- ба хувь тэнцүүгээр дундаа хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүд Г.Тамара, Г.Хишигбаяр, Г.Хишигжаргал, Х.Саранчимэг нарт өмчлүүлэхээр улсын бүртгэлийн Ү-2201039759 дугаарт бүртгэн, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон үйл баримтыг шүүх зөв тогтоосон байх бөгөөд тухайн орон сууцыг хувьчлах ажиллагаа хууль бус явагдсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, Орон сууц хувьчлалын товчоонд гомдол гаргаж байгаагүй тул орон сууц хувьчлалын ажиллагааг хууль ёсны, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэстэй юм.

 

Анхан шатны шүүх 1963 оны Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Иргэний хуулийн 5, 108, 104, 203 дугаар зүйлд тус тус заасан зохицуулалтыг  тухайн маргаанд хамааруулан дүгнэсэн нь зөв байна.

 

Иймд нэхэмжлэгчийг эзэмших эрхээ хууль бусаар алдсан гэж, хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж, нэхэмжлэгч эрх зөрчигдсөн талаараа 25 жилийн хугацаанд мэдээгүй байсан гэж,  хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэж тус тус үзэх хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн  давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2019/02842 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ИЧИНХОРЛОО         

                                                          ШҮҮГЧ                                 Д.ЦОГТСАЙХАН           

                                                                                                     Н.БАТЗОРИГ