Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 184/ШШ2019/02842

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.Г,

Хариуцагч: Г.Х нарт холбогдох

Бусдын хууль бус үйлдлийг хүчингүйд тооцож, эзэмшигч болохыг тогтоолгох шаардлага бүхий иргэний хэрэг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Б, түүний өмгөөлөгч С.О, хариуцагч Т.Г, түүний өмгөөлөгч, хариуцагч Г.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие хилийн цэрэгт хилчин цэргээс хошууч цолтой болтлоо алба хааж, 1990 онд тэтгэвэртэй гарсан. Намайг ажиллаж байх хугацаанд буюу 1986 оны 8 дугаар сарын 23-ны өдөр тухайн үеийн Нийгмийг аюулаас хамгаалах яамны орлогч сайд, Хилийн ба дотоодын цэргийн удирдах газрын даргын А/31 тоот тушаалаар Дотоодын цэргийн Толгойтын гарнизонд шинээр ашиглалтад орсон 36 айлын орон сууцны 5 тоотыг Ч.Батаа миний биед эзэмшүүлэхээр шийдвэрлэж, орон сууц эзэмших эрхийн бичиг авч, улмаар гэрээ хийн байрандаа нүүж орсон. 1994 онд манай гэр бүлийн хүнд улсаас Амгаланд орон сууц өгөхөд, бид гэр бүлээрээ Амгалан руу нүүсэн ба хамт ажиллаж байсан Т.Г-г хуучин байрандаа түр амьдарч бай хэмээн байрандаа оруулсан. Тухайн үед Т.Г нь хилийн 12 дугаар отрядад ажиллаж байгаад хотод шилжиж ирсэн ба өөрийн гэсэн орон гэргүй байсан тул миний бие сайхан сэтгэл гарган байрандаа оруулсан. Гэтэл Т.Г нь 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн орон сууц хувьчлах товчоогоор уг орон сууцыг хувьчлан авсан гэх бичиг гаргуулж, улмаар өөрийн эзэмшлийн болгож, түүний хүү Г.Х тус байрны өмчлөгч болсон байна. Миний бие уг байрыг Т.Г-д бэлэглээгүй, худалдаагүй бөгөөд сайхан сэтгэлээр түр амьдруулж байсан юм. Т.Г-тай дарга, цэргийн харилцаатай байсан, өмнө нь ч бас албаны ажилд нь тусалж байсан. Хариуцагч 1994 оны хавар нүүж ороод 1995 оны 5 дугаар сард Мааньтын хорих руу нүүсэн байсан. Үүнээс хойш хэд хэдэн удаа очиж нүүхийг шаардаж байсан. Эхлээд хаалгаа тайлж өгөхгүй байсан, дараа нь хүү нь тайлж өгөөд зодоон хийх дээрээ тулж байсан. Би 2014 онд байрыг минь Т.Г хувьчилж авсан болохыг мэдсэн. Миний бие тэр үед өвдөөд 4-5 жил хэвтэрт байсан. Тэгээд биеэ гайгүй болсны дараа одоо л байраа олж авахаар хөөцөлдөж байгаа нь энэ юм. Иймд Т.Г болон Г.Х нарын хууль бус үйлдлийг хүчингүйд тооцож, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, 1-36 дугаар байрны 5 тоот хаягт байрлах, 29 метр квадрат 2 өрөө орон сууцны эзэмшигч Ч.Б миний бие мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О-ийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарт: Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүсдэг. Нийгмийг аюулаас хамгаалах яамны орлогч сайд, Хилийн ба дотоодын цэргийн удирдах газрын даргын 1986 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/31 тоот тушаалаар орон сууцыг гэрээгээр эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний дагуу 1986 оны 10 дугаар сарын 30-ны өдөр орон сууц ашиглагчтай хийх гэрээ байгуулсан. 1990 онд Хилийн ба дотоодын цэргийн удирдах газар нь Цагдаагийн ерөнхий газрын 05 дугаар анги болон өөрчлөгдсөн боловч энэ байрыг Ч.Б-д олгосон тушаалыг хүчингүй болгосон тушаал гараагүй тул дээрх тушаал хүчин төгөлдөр хэвээр байгаа. Иймээс орон сууцыг хувьчилж авсан Т.Г-ын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, эзэмшигч болохыг тогтоолгох үндэслэлтэй юм гэв.

Хариуцагч Т.Г-ын шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие 1955 онд төрсөн. Дээд боловсролтой цэргийн командын мэргэжилтэй. Оросын холбооны улсын хилийн цэргийн сургуулийг 1978 онд төгссөн. Ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт  амьдардаг. Миний бие башир арга хэрэглэн хууль зөрчдөг хүн биш, надад тийм хэмжээний ухамсар байхгүй. 1994 оны 5 дугаар сард Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт байрладаг Хилийн цэргийн 0129 дүгээр ангиас Улаанбаатар хотын хилийн 0151 дүгээр ангид шилжин ирсэн. Ирсэн даруйд Ч.Б намайг эхнэр нь Төмөр замын газраас байр өгсөн гээд энэ байрыг суллаж өгсөн нь үнэн. Гэхдээ энэ байр бол бидний байр биш албаны байр. Миний бие Хилийн цэргийн 0151 дүгээр ангиас Цагдаагийн ерөнхий газрын харьяа дотоодын цэргийн 05 дугаар ангид тусгай салбарын захирагчаар ажиллаж байгаад 1997 оны 11 дүгээр сард тэтгэвэрт гарсан. Олон жил хөдөө ажилласан тул Цагдаагийн ерөнхий газрын дотоодын цэргийн 05 дугаар анги миний байрны асуудлыг шийдвэрлэж энэ байрыг миний мэдэлд өгсөн. Улмаар 2014 оны 3 дугаар сард байрыг хувьчилж авсан. Одоо энэ байр миний хувийн өмч, хувийн эзэмшилд гарч хүүдээ 2014 онд байраа өгсөн ба одоо хүү Г.Х, охин X. С-ийн хамт амьдарч байна. Ч.Б нь намайг энэ байгууллагын байранд 25 жил амьдарч байхад байрны асуудлаар нэг ч үг дуугараагүй мөртлөө 2014 оны 3 дугаар сард хувьд гарсан сургаар байрны маргаан үүсгэж эхэлсэн. Намайг цагдаад өгсөн бөгөөд очиж мэдүүлэг өгөөд эрүүгийн хэрэг биш байна гээд хаагдсан. Би хууль зөрчөөгүй, байрны асуудал бүгд тушаалаар явж, сүүлд нь Засгийн газрын тогтоолоор надад хувьчилж өгсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Г.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З-ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Энэ байр бол байгууллагын мэдлийн байр. Нэхэмжлэгч Ч.Б өөрөө мэдээд бусдад шилжүүлээд, буцааж аваад байдаг байр биш юм. Цагдаагийн ерөнхий газрын Дотоодын цэргийн 05 дугаар ангийн 2005 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 175 дугаар тушаалаар байгууллагын мэдлийн орон сууц эзэмшүүлэх эрхийн бичгийг Т.Г-т олгосон. Засгийн газрын 2009 оны тогтоол гараад орон сууцны оршин суугчлал нь хувьчлахаар болоод улмаар Төрийн өмчийн хороо, Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны тогтоолоор Т.Г-т хувьчлуулсан. Орон сууц өмчлөх эрхийн цэнхэр гэрчилгээг Т.Г-т олгосон. Дараа нь орон сууцыг өөрийн хүү Г.Х-т шилжүүлсэн. Одоо энэ орон сууц Г.Х болон түүний охин Х.С-ийн өмчлөлд байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч Т.Г, Г.Х нарт холбогдуулан бусдын хууль бус үйлдлийг хүчингүйд тооцож, эзэмшигч болохыг тогтоолгох шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагч Т.Г-т 1994 оны хавар Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, 1-36 дугаар байрны 5 тоот хаягт байрлах, 29 метр квадрат 2 өрөө орон сууцыг түр хугацаагаар суулгахаар суллаж өгсөн боловч буцаан өгөлгүй хувьчилан авч, улмаар хүү Г.Х-ын өмчлөлд шилжүүлсэн тул уг үйлдэл хууль бус тул хүчингүйд тооцуулж, орон сууцны эзэмшигч болохыг тогтоолгох эрхтэй гэжээ.

Хариуцагч нарын татгалзлын үндэслэл нь тухайн орон сууц нь байгууллагын мэдлийнх тул байгууллагаас Т.Г-д эзэмшүүлэх шийдвэр гарсан, улмаар хувьчилж авсан явдал нь хуулийн дагуу гэжээ.

Маргаан бүхий Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, 1-36 дугаар байрны 5 тоот хаягт байрлах, 29 метр квадрат 2 өрөө орон сууц /цаашид орон сууц гэх/-ны талаар хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбар зэргээр дараах ач холбогдол бүхий үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

- Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Нийгмийг аюулаас хамгаалах яамны орлогч сайд, Хилийн ба дотоодын цэргийг удирдах ерөнхий газрын даргын 1986 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Толгойтын гарнизоны 36 айлын орон сууцыг хуваарилан эзэмшүүлэх тухай А/31 дугаар тушаалын хавсралтын 30-д зааснаар Ч.Б-д эзэмшүүлэхээр шийдэрлэж, байр эзэмших эрхийн бичиг олгогдон, 1986 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 0229 дүгээр ангийн Ар талын албатай Орон сууц ашиглагчтай хийх гэрээ байгуулжээ; /хх-8-11/

- Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч Т.Г-т 1994 оны 9 дүгээр сараас орон сууцыг суллаж өгсөн, тухайн үеэс хариуцагч орон сууцыг мэдэлдээ байлгасан үйл баримтын талаар зохигчид маргаагүй;

- Цагдаагийн ерөнхий газрын Дотоодын цэргийн 05 дугаар хорооны захирагчийн 2005 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Гэрээ байгуулж, эрхийн бичиг олгох тухай 175 дугаар тушаалыг үндэслэн Байгууллагын мэдлийн орон сууцыг эзэмшүүлэх эрхийн бичгийг Т.Г-т олгосон; /хх-8, 116/

- Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Орон сууц хувьчлах тухай 292 дугаар тогтоолоор Цагдаагийн ерөнхий газрын эзэмшилд байгаа орон сууцыг оршин суугчдад нь хувьчлахаар шийдвэрлэсэн; /хх-82-85/

- Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Орон сууц өмчлөх эрх олгох тухай 04 дүгээр тогтоолын хавсралтын 5-д зааснаар маргаан бүхий орон сууцыг Т.Г-т хувьчлахаар шийдвэрлэсэн; /хх-13-17/

- Орон сууцыг Т.Г ба хувь тэнцүүгээр дундаа хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүд Г.Т, Г.Х,  Г.Х, Х.С нарт өмчлүүлэхээр улсын бүртгэлийн Ү-2201039759 дугаарт бүртгэн, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон; /хх-33/

- Нэг талаас Т.Г, Г.Т, Г.Х, нөгөө талаас Г.Х, Х.С нар Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ноогдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид шилжүүлэх гэрээг 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр байгуулж, орон сууцыг Г.Х, Х.С нарын өмчлөлд шилжүүлэхээр тохирсон; /хх-34-35/

- Г.Х, Х.С нарыг орон сууцны өмчлөгч болох тухай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр гарсан. /хх-47/

Нэхэмжлэгч тухайн орон сууцны хувьд ямар эрхтэй байсан, хариуцагчтай гэрээний харилцаа үүссэн эсэх, хэрэв тийм бол ямар гэрээ байгуулагдсан талаарх дүгнэлтийг 1994 оны 9 дүгээр сард хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 1963 оны Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Иргэний хууль (цаашид 1963 оны Иргэний хууль гэх)-д үндэслэн хийнэ. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэж зааснаар өмнө үүссэн харилцаанд өмнө нь хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хэрэглэх учиртай.

1963 оны Иргэний хуулийн 108 дугаар зүйлд Энэ хуулийн 104-107 дугаар зүйлд заасан эрх нь өмчлөгч биш боловч эд хөрөнгийг хууль буюу гэрээ ёсоор эзэмшиж байгаа этгээдэд нэг адил хамаарна, 104 дүгээр зүйлд Өмчлөгч өөрийн эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс шаардан нэхэмжлэх эрхтэй гэж зааснаар хариуцагч нарын өмнө нэхэмжлэгч өөрийгөө эзэмшигч мөн болохыг тогтоолгохоор шаардсан байна.

Нэхэмжлэгчийн энэхүү шаардах эрх нь нэгдүгээрт, шаардах эрхийг хэрэгжүүлэгч этгээд нь хөрөнгийн эзэмшигч байх, хоёрдугаарт, эзэмших эрх ямар нэгэн байдлаар зөрчигдсөн байх, гуравдугаарт, эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдэл нь хориотой буюу хууль бус байх нөхцөлд л хангагдана.

БНМАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны орлогч сайд, Хилийн ба дотоодын цэргийг удирдах ерөнхий газрын даргын 1986 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Толгойтын гарнизоны 36 айлын орон сууцыг хуваарилан эзэмшүүлэх тухай А/31 дугаар тушаал, Орон сууц ашиглагчтай хийх гэрээ-ээс үзэхэд 1963 оны Иргэний хуулийн 63 дугаар зүйлд Улсын бүх эд хөрөнгийн өмчлөгч нь гагцхүү улс мөн. Улсын байгууллага нь өөртөө олгогдсон эд хөрөнгийг үйл ажиллагааныхаа зорилго, төлөвлөгөөт зорилт хийгээд зориулсан зүйлд нь зохицуулан хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх эдэлнэ, 200 дугаар зүйлд . . . Улс. . .-ын мэдлийн орон сууц хөлслөх явдлыг тэдгээрийн захиргаа буюу удирдах байгууллага . . . шийдвэрээр гүйцэтгэнэ. гэж заасны дагуу маргаан бүхий орон сууц нь улсын өмч байсан бөгөөд Ч.Б-д орон сууцыг эрх бүхий байгуулагын шийдвэрээр хөлслөн олгосон байжээ.

БНМАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны орлогч сайд, Хилийн ба дотоодын цэргийг удирдах ерөнхий газрын даргын 1986 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Толгойтын гарнизоны 36 айлын орон сууцыг хуваарилан эзэмшүүлэх тухай А/31 дугаар тушаалд . . . хавсралтад заасан нэрсээр оруулж, гэрээгээр эзэмшүүлсүгэй гэж зааснаар үзэхэд Ч.Б-д орон сууцыг хөлслөх нөхцөл, журмыг Орон сууц ашиглагчтай хийх гэрээ-гээр тодорхойлжээ. Уг гэрээ 1987 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаатай байсныг 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгажээ.

Дээрх хуулийн 203 дугаар зүйлд Орон нутгийн Ардын Депутатуудын Хурал, улс, хоршоолол, олон нийтийн байгууллагын мэдлийн орон сууцыг хөлслөх тодорхой хугацаатай гэрээний хугацаа дуусвал хөлслөн авагч нь уул гэрээг шинэчлэн байгуулах эрхтэй. гэж заасан бөгөөд хэрэгт гэрээг шинэчлэн байгуулсан, сунгасан баримт авагдаагүй байна. Мөн нэхэмжлэгч нь Орон сууц ашиглагчтай хийх гэрээ-ний 3 дугаар зүйлийн 2-т орон сууц ашиглагчийг өөр айл оруулахыг хориглосон заалтыг зөрчсөн байна.

Эндээс дүгнэхэд тухайн үеийн байдлаар нэхэмжлэгч орон сууцыг эзэмших хугацаа дуусгавар болсон, орон сууцыг сайн дураар шилжүүлэн өгсөн байх тул Ч.Б-г орон сууцыг хууль болон гэрээ ёсоор эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийг хөрөнгийн эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй тул түүний эрх зөрчигдсөн эсэх, хариуцагчийн үйлдэл хууль бус эсэхийг тогтоох шаардлагагүй боловч Цагдаагийн ерөнхий газрын Дотоодын цэргийн 05 дугаар хорооны захирагчийн 2005 оны 175 дугаар тушаал, МУ-ын Засгийн газрын 2009 оны 292 дугаар тогтоол, Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2014 оны 04 дүгээр тогтоол, дундаа хамтран өмчлөгч нарын хооронд байгуулсан гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэл зэргээс дүгнэхэд хариуцагч Т.Г, Г.Х нарыг буруутгах үндэслэлгүй болохыг дурдав.

Нөгөө талаар Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна. гэж заасны дагуу нэхэмжлэгчийн шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа хамаарна.

Нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т хөөн хэлэлцэх тусгай хугацаа тогтоосон шаардлагад хамаарахгүй байх тул хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жилээр тооцно. Ийнхүү тооцоход нэхэмжлэгчийн шаардах эрх 1994 оны 9 дүгээр сард үүсч, 2014 оны 9 дүгээр сард дууссан байна.

Энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан талаар ямар нэг баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэсэн зохицуулалтад нийцсэн байна.

Иймд шүүх нэхэмжлэгч Ч.Б-ийн гаргасан хариуцагч Т.Г, Г.Х нарт холбогдох бусдын хууль бус үйлдлийг хүчингүйд тооцож, эзэмшигч болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 1. 1963 оны Иргэний хуулийн 108 дугаар зүйл, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Б-ийн гаргасан хариуцагч Т.Г, Г.Х нарт холбогдох бусдын хууль бус үйлдлийг хүчингүйд тооцож, эзэмшигч болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН