Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 80

 

“БД” ХХК-ийн нэхэмжлэлтэй                                                                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо              даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2019/02993 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “БД” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “НЗ” ХХК-д холбогдох

Үндэслэлгүй хөрөнгөжсөн 214 878 435 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Д.Ононбаярын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч “БД” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантогтох, Ж.Даваасүрэн нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Манай компани 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр НЗ ХХК-тай Баталгааны даатгалын гэрээ байгуулж, уг гэрээний дагуу “НЗ” ХХК болон “Эс Си Ти И Си Эм” ХХК-ийн хооронд байгуулагдсан Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудал байгуулах төслийн Газар шороо, ус зайлуулах байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээ-нд заасан 1.090.000.000 төгрөгт урьдчилгаа төлбөрийн баталгааг “Эс Си Ти И Си Эм” ХХК-д гаргаж өгсөн. Гэтэл “Эс Си Ти И Си Эм” ХХК-ийн зүгээс “НЗ” ХХК-ийг гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн гэж гэрээг цуцалж, гүйцэтгэлийн баталгааны гэрээний дагуу “Бодь даатгал” ХХК-иас 2.394.878.435 төгрөгийн төлбөр шаардсаныг манай тал хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Дээд шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 00147 дугаартай тогтоолоор “Бодь даатгал” ХХК-иас 214.878.435 төгрөгийг гаргуулж, “Эс Си Ти И Си Эм” ХХК-д олгохоор эцэслэн шийдвэрлэсэн. Түүнээс биш “БД” ХХК, “Эс Си Ти И Си Эм” ХХК-иудын хооронд өр төлөх харилцаа байгаагүй ба 214.878.435 төгрөгийг “Эс Си Ти И Си Эм” ХХК-д шилжүүлсэнээр “НЗ” ХХК-ийг төлөх ёстой байсан үүргээс нь чөлөөлсөн. “НЗ” ХХК, “Эс Си Ти И Си Эм” ХХК-д өр төлбөр төлөх үүрэггүй байсан бол Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.2 дугаар зүйлд зааснаар “БД” ХХК-иар үүрэг гүйцэтгүүлэхээс татгалзах боломжтой. Иймд хоёр компанийн хооронд эрх үүргийн харилцаа үүсээгүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн тул “НЗ” ХХК-иас 214.878.435 төгрөгийг нэхэмжилж байна.  Иргэний хуульд төсөөтэй хэрэглэх зохицуулалт байдаг. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-243.5 дах хэсэгт заасан үндэслэлээр шаардах эрхтэй болж болно. Ердийн баталгаатай холбоотой шаардах эрхийн тухайлан шаардах эрхтэй гэж зохицуулсан зохицуулалт байхгүй. Гэхдээ шаардах эрхийн үндэслэлийг тодорхойлоогүй гээд шаардах эрхгүй болно гэсэн асуудал биш тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энх-Амгалан шүүх хуралдаанд гагасан тайлбартаа: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхгүй гэж үзэж байна. Манай компани “Самсунг” ХХК-тай гэрээ байгуулж, харилцаатай байдаг. Бидний өмнөөс хийж гүйцэтгэх ёсгүй үүргийг гүйцэтгээд одоо нэхэмжлэл гаргаад байгааг ойлгохгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан НЗ ХХК-иас 214.878.435 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Бодь даатгал” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.232.350 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 1.232.350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Ононбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: " Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар шүүгч захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан байдаг. Хэргийн материалтай танилцахад, Ж.Даваасүрэн, Д.Гантогтох нарт "БД" ХХК-иас олгосон итгэмжлэлд компанийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрх олгогдоогүй байна" хэмээн мэтгэлцсэн талаар анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсангүй. Түүнчлэн манай дансанд нэхэмжлээд байгаа хэмжээний мөнгө ороогүй болохыг шүүх анхааралдаа авна уу. Нэгэнт шүүхээс манай компанийг зохих хэмжээний төлбөр төлөх юм байна гэж шийдвэрлэсэн болохоор бид нэхэмжилсэн үнийн дүнгийн 50 хувийг хүлээн зөвшөөрч байна. Иймд шийдвэрт зарим өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэлийн шаардлагын 50 хувь буюу 107.440.000 төгрөгийг хасч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “БД” ХХК, хариуцагч “НЗ” ХХК-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 214.878.435 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчдын хооронд 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 4 жилийн хугацаатай, FGIO313401072826 дугаартай Баталгааны даатгалын гэрээ байгуулагдаж, уг гэрээний үндсэн дээр  “БД”  ХХК нь 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 01 дугаартай 1.090.000.000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийн баталгаа, мөн өдөр 02 дугаартай 2.180.000.000 төгрөгийн гүйцэтгэлийн баталгааг тус тус гаргасан, эдгээр баталгааг хүлээн авсны үндсэн дээр “Эс Си Ти И Си Эм” ХХК болон “НЗ” ХХК-ийн хооронд 2013 оны 7 сарын 18-ны өдөр, газар шороо болон ус зайлуулах байгууламжийн ажлын туслан гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, “Эс Си Ти И Си Эм” ХХК нь 2015 оны 01 сарын 06-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан, гэрээг цуцлах үед  “НЗ” ХХК нь “Эс Си Ти И Си Эм” ХХК-д  214.878.435 төгрөгийг урьдчилгаанд шилжүүлсэн төлбөрөөс буцааж төлөөгүй үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна.  /хх-ийн 10-16,  91-174/

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 001/ХТ2019/000147 дугаартай тогтоолоор  Бодь даатгал ХХК-иас баталгааны үүрэгт 214.878.435 төгрөгийг гаргуулж, “Эс Си Ти И Си Эм” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба  уг тогтоолд “БД”  ХХК нь “НЗ” ХХК-ийн 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч болох “Эс Си Ти И Си Эм” ХХК-д урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгаа гаргасан нь Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт  заасан гэрээний шинжийг агуулсан, түүний хүсэл зоригийн илэрхийллийг “Эс Си Ти И Си Эм” ХХК хүлээн авсан, хэлцэл хүчин төгөлдөр тул хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой гэж үзжээ. /хх-ийн19-42/

“БД”  ХХК нь 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр  214 878 435 төгрөгийг “Эс Си Ти И Си Эм “ХХК-ийн Хаан банкны 5010-0211-48 дугаарын дансанд шилжүүлснээр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлсэн байна. /хх-ийн 17/

Нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн үндсэн дээр хариуцагчийн төлөх төлбөрийг “Эс Си Ти И Си Эм” ХХК-д өмнөөс нь төлсөн байх тул хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр шаардлага гаргасныг анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хангаж шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй ба хариуцагч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2. дах хэсэгт “нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ” гэж заасан ба хэрэгт нэхэмжлэгч “БД” ХХК”-иас Д.Гантогтоход нэхэмжлэгчийг төлөөлж мөн хуулийн 25, 26, 38 дугаар зүйлд заасан эрх эдэлж үүрэг хүлээх,  нэхэмжлэлд гарын үсэг зурах итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дах хэсэгт заасан шаардлага хангасан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35, 36 дугаар зүйлд нийцсэн байх тул Ж.Даваасүрэн, Д.Гантогтох нарт "БД" ХХК-иас олгосон итгэмжлэлд компанийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрх олгогдоогүй гэх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжилсэн үнийн дүнг 50 хувиар бууруулах эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах  үндэслэлгүй байна.

Иймд хариуцагчийн өмгөөлөгч Д.Ононбаярын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2019/02993 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Д.Ононбаярын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 695 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ИЧИНХОРЛОО         

                                                          ШҮҮГЧ                                 Д.ЦОГТСАЙХАН           

                                                                                                     Н.БАТЗОРИГ