Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2021/01132

 

“,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2019/02993 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 80 дугаар магадлалтай,

“,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“,,,,,,,,,,,,,,,”  ХХК-д холбогдох

Үндэслэлгүй хөрөнгөжсөн 214,878,435 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,, , хариуцагчийн төлөөлөгч ,,,,,,,,,,,, хариуцагчийн өмгөөлөгч,,,,,,,,,,,, , нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Манай компани 2013.7.17-ны өдөр “,,,,,,,,,,,,,,,”  ХХК-тай “Баталгааны даатгалын гэрээ” байгуулж, уг гэрээний дагуу “,,,,,,,,,,,,,,,”  ХХК болон “Эс Си Ти И Си Эм” ХХК-ийн хооронд байгуулагдсан Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудал байгуулах төслийн “Газар шороо, ус зайлуулах байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээ”-нд заасан 1,090,000,000 төгрөгт урьдчилгаа төлбөрийн баталгааг “Эс Си Ти И Си Эм” ХХК-д гаргаж өгсөн. Гэтэл “Эс Си Ти И Си Эм” ХХК-ийн зүгээс “,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийг гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн гэж гэрээг цуцалж, гүйцэтгэлийн баталгааны гэрээний дагуу “,,,,,,,,,,,,,,,”  ХХК-аас 2,394,878,435 төгрөгийн төлбөр шаардсаныг манай тал хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Улсын дээд шүүхийн 2019.01.29-ний өдрийн 00147 дугаар тогтоолоор “,,,,,,,,,,,,,,,”  ХХК-аас 214,878,435 төгрөгийг гаргуулж, “Эс Си Ти И Си Эм” ХХК-д олгохоор эцэслэн шийдвэрлэсэн. Энэ тогтоолын дагуу “Эс Си Ти И Си Эм” ХХК-ийн өмнө хүлээсэн үүргийнхээ гүйцэтгэлд 214,878,435 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн тул “,,,,,,,,,,,,,,,”  ХХК-аас 214,878,435 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхгүй гэж үзэж байна. Манай компани “,,,,,,,,,” ХХК-тай гэрээ байгуулж, харилцаатай байдаг. Бидний өмнөөс хийж гүйцэтгэх ёсгүй үүргийг гүйцэтгээд одоо нэхэмжлэл гаргаад байгааг ойлгохгүй байна гэжээ.

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2019/02993 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “,,,,,,,,,,,,,,,”  ХХК-аас 214,878,435 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,”  ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,232,350 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 1,232,350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 80 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2019/02993 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Д.Ононбаярын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 695,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,,,,,ын хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.07-ны өдрийн 102/ШШ2019/02993 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.13-ны өдрийн 80 дугаар магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч, шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна Үүнд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд байвал шүүгч захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасан байдаг. Хэргийн материалтай танилцахад, ,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,, нарт “,,,,,,,,,,,,,,,”  ХХК-аас олгосон итгэмжлэлд компанийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрх олгогдоогүй байна” хэмээн мэтгэлцсэн талаар анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсангүй. Түүнчлэн манай компанийн дансанд нэхэмжлээд байгаа хэмжээний мөнгө ороогүй байхад Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэснийг шүүх анхааралдаа авна уу. Нэгэнт шүүхээс манай компанийг зохих хэмжээний төлбөр төлөх юм байна гэж шийдвэрлэсэн болохоор бид нэхэмжилсэн үнийн дүнгийн 80 хувийг холбогдох графикийн дагуу төлөх болно. Харин нэхэмжилсэн үнийн дүнгийн 20 хувь болох 42,800,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зарим өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 42,800,000 төгрөгийг нийт дүнгээс хасаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,”  ХХК-аас “,,,,,,,,,,,,,,,”  ХХК-д холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 214,878,435 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хоёр шатны шүүх хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1. дэх хэсгийг хэрэглэснийг агуулгын хувьд буруутгахааргүй байна.

Учир нь, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 147 дугаар тогтоолоор “Эс Си Ти И Си Эм” ХХК-ийн нэхэмжлэлтэй “,,,,,,,,,,,,,,,”  ХХК-д холбогдох “баталгааны үүрэгт 2,394,878,435 төгрөг гаргуулах” шаардлагатай хэргийг хянан шийдвэрлэхдээ “... “Эс Си Ти И Си Эм” ХХК нь гэрээний үүргийг хангуулахын тулд гуравдагч этгээдээс баталгаа гаргуулах шаардлагыг “,,,,,,,,,,,,,,,”  ХХК-д тавьсан, “,,,,,,,,,,,,,,,”  ХХК нь 2013.07.17-ны өдөр 01 дугаартай ... урьдчилгаа төлбөрийн баталгаа, мөн өдөр 02 дугаартай ... гүйцэтгэлийн баталгааг тус тус гаргасан, уг баталгааг хүлээн авсны үндсэн дээр нэхэмжлэгч “Эс Си Ти И Си Эм” ХХК болон “,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ хэрэгжиж эхэлсэн үйл баримтыг зохигчид маргаагүй байна... “,,,,,,,,,,,,,,,”  ХХК нь “,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар баталгаа гаргаж үүрэг хүлээсэн нь Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1-т заасан гэрээний шинжийг агуулсан, баталгаа нь нэг талын үүрэг хүлээсэн хэлцэл бөгөөд “,,,,,,,,,,,,,,,”  ХХК нь баталгаа гаргаснаар баталгаанд дурдсан тохиолдол бий болсон нөхцөлд “Эс Си Ти И Си Эм” ХХК-ийн өмнө гэрээнд заасан мөнгөн төлбөрийн хэмжээгээр үүрэг хүлээхээр болжээ. ... Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч нь “,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийг урьдчилгаа төлбөрийг ажлын хөлснөөс суутгуулан буцаан төлөх үүргээ зөрчсөн гэдгийг нотолсон тул урьдчилгаанд шилжүүлсэн төлбөрөөс буцааж төлөгдөөгүй 214,878,435 төгрөгийг баталгааны гэрээний дагуу баталгаа гаргагчаас гаргуулж нэхэмжлэлийг хангасан шүүхийн хууль зүйн дүгнэлт үндэслэлтэй... Нэхэмжлэгч нь ажлын хөлсөнд нийт 13,11,176,504 төгрөгийг шилжүүлсэн боловч урьдчилгаа төлбөрт 875,119,340 төгрөгийг суутгаж авсан, иймд үлдэх 214,878,435 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй...” гэж дүгнэжээ.

Үүнээс үзвэл, нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн баталгааг “Эс Си Ти И Си Эм” ХХК хүлээн зөвшөөрснөөр буюу хүлээн авснаар тус компани болон “,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ хэрэгжиж эхэлсэн ба уг гэрээний дагуу “,,,,,,,,,,,,,,,”  ХХК нь “Эс Си Ти И Си Эм” ХХК-аас ажлын хөлсөнд 13,11,176,504 төгрөгийг авсан, гэвч тухайн хоёр байгууллагын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдахад “,,,,,,,,,,,,,,,”  ХХК нь урьдчилгаа төлбөрөөс 214,878,435 төгрөгийг “Эс Си Ти И Си Эм” ХХК-д  буцааж төлөөгүй, үүнийг нь нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,”  ХХК нь баталгааны гэрээний дагуу “,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн өмнөөс төлсөн, ийнхүү төлснөөр баталгааны гэрээ хэрэгжиж дууссан үйл баримт тогтоогджээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,”  ХХК нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу “Эс Си Ти И Си Эм” ХХК-д хариуцагчийн өмнөөс төлөх ёстой байсан төлбөрийг нь баталгааны гэрээний дагуу төлсөн бөгөөд тухайн төлсөн хэмжээгээр хариуцагч “үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэж үзэх үндэслэлтэй.

Хэдийгээр нэхэмжлэгчээс хариуцагчид /нэхэмжлэлээр шаардаж буй/ мөнгө шилжүүлээгүй ч “Эс Си Ти И Си Эм” ХХК-аас урьдчилгаа төлбөрт авсан мөнгөө бүрэн өгөлгүйгээр /өгөөгүй хэмжээгээр/ үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-т “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй:”, 492.1.1.“хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, ...” гэсний дагуу шаардсаныг үндэслэлтэй гэж үзэн нэхэмжлэлийг хангасан хоёр шатны шүүхийн шийдвэрийг буруутгахгүй.

Иймд, “,,,,,,,,,,,,,,,”  ХХК нь “,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн өмнөөс “Эс Си Ти И Си Эм” ХХК-д шүүхийн шийдвэрийн дагуу мөнгийг шилжүүлсэн тул “мөнгө шилжүүлээгүй” гэх “,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн гомдол үндэслэлгүй.

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын шатны шүүх хуралдаанд тайлбарласан Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.5. дахь хэсэг дэх “Үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө үүрэг хүлээсэн баталгаа гаргагч үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхгүй” гэсэн зохицуулалт нь тухайн тохиолдолд баталгаа гаргагч “,,,,,,,,,,,,,,,”  ХХК нь “,,,,,,,,,,,,,,,”  ХХК болон “Эс Си Ти И Си Эм” ХХК-ийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийг үүрэг гүйцэтгэгч “,,,,,,,,,,,,,,,”  ХХК-аас шаардахгүй гэж ойлгоно.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,, нар нь “,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй талаар давж заалдах шатны шүүхээс зөв дүгнэсэн тул “энэ талаар анхан шатны шүүх дүгнээгүй” гэсэн утгатай хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол нь шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2019/02993 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 80 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 371,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Г.ЦАГААНЦООЖ

                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            Г.АЛТАНЧИМЭГ

                      ШҮҮГЧИД                                                                Г.БАНЗРАГЧ

                                                                                                      П.ЗОЛЗАЯА

                                                                                                      Б.МӨНХТУЯА