Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 452

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Д.Эрдэнэчимэг,

шүүгдэгч М  нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр М д холбогдох 1705002760167 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, М ,  Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй. Шүүгдэгч М  нь 2017 оны 09 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт ажилладаг Б.Ундрахбаярыг нүүрэн тус газар нь цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М  мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв. Шүүгдэгч М  нь 2017 оны 09 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт ажилладаг Б.Ундрахбаяртай маргалдаж түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох: Хохирогч Б.Ундрахбаярын “2017 оны 09 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө манай ажлын залуу болох Мэндбаярын ажлаасаа гарсантай нь холбогдуулаад М , Хашчулуун, Энх-Амар, Гантөмөр, Баттулга нарын хамт хороололд байрлах Sea нэртэй бааранд орж сууцгаасан юм. Тэгээд 02 цагийн үед тамхилах гээд гарч ирэхэд манай ажлын залуу Баттулгын гар утас алга болчихсон юм. Тэгэхээр нь би гар утас руу нь залгахад дуудаад хариу өгөхгүй байсан юм. Тэгтэл нэг таксины залуу сая эндээс нэг цагдаа гар утас аваад машиндаа суучихлаа гэж хэлэхээр нь би очоод цагдаатай уулзаад утасны кодыг Баттулгын гарын хээгээр тайлуулаад авах гэхэд замын урд цагдаагийн хэсэг дээр ирээд ав гэж хэлсэн. Тэгээд М  бид хоёр замаар түрүүлж гартал М  намайг ямар нэгэн үг хэлэлгүйгээр шууд гурван удаа цохиод авсан. Тэгтэл миний хамарнаас цус гарах үед манай хоёр найз Хашчулуун, Баттулга хоёр М ыг цааш нь аваад явсан юм” гэсэн мэдүүлэг. /хэргийн 7 дугаар хуудас/ “ ... М  бид хоёр түрүүлээд явж байтал яг замын урд талд гараад шууд намайг гэнэт цохисон. Тэгээд намайг цохисоноо чи намайг гар утасны хулгайд хардаад байгаа биз дээ, тэгээд надад гаргаад өгчих хэнд ч хэлэхгүй гэж хэлсэн гээд байсан. Надад ямар ч тэгэж хэлсэн зүйл байхгүй. ... нийт 1.154.000 төгрөгний хохирол учирч үүнийг нэхэмжилж байна. Эмчилгээний мөнгө гаргуулаад авчихбал надад өөр гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 10 дугаар хуудас/ “... Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Эмчилгээний зардал болох 1.150.000 төгрөгийг М  бүрэн төлж барагдуулсан. Надад одоогоор өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Уг хэргийг түргэн шуурхай шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг. /хэргийн 11-12 дугаар хуудас/ Гэрч А.Хашчулууны “... Ундрахбаяр М ыг би авсан байна нэгнийхээ утсыг авсан байна гэхээр нь М  урдаас нь чи аваагүй цагдаа газраас олсон байна гэж 2-3 удаа хэлсэн. Тэгээд баарны үүдэнд зогсож байтал дотор нэг ажилтан маргалдаад байна гэхээр нь баар луу ороод эргээд 20-30 минутын дараа гараад иртэл гадаа үлдсэн Баттулга, М , Ундрахбаяр нар байхгүй байсан. Тэгээд би хайж байтал замын урд тэр 3 байхаар нь би очтол Баттулга надтай зөрөөд явж Ундрахбаяр доошоо сууцан хамар нь цус болсон байхаар нь юу болсон талаар асуутал М  наадах чинь түрүүнээс хойш намайг утас авсан гээд байна дайраад байна гээд уурлачихсан зогсож байсан. Тэгээд Ундрахбаярыг босгоод баар луу авч ороод цусыг нь цэвэрлээд тэгээд салсан. Тийм зүйл байхгүй. Ундрахбаяр миний гар утсыг авчихаад М  руу чи гаргаад өгчих гээд дайраад байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14-15 дугаар хуудас/ Гэрч Д.Баттулгын “... Тэгээд бид нар замын урд руу гарах гэж байтал Ундрахбаяр та нар энэ цагдаад утас байгааг яаж мэдсэн юм та нар өөрсдөө холбоотой юм биш үү гэсэн. Тэгээд зогсож байтал бааран дотор хамт явж байсан хүмүүс өөр хүмүүс маргалдаад байна гэхээр нь би М , Хашчулууны хамт ороод эргээд цагдаагийн хэсэг рүү явсан. Тэгээд зам хөндлөн гартал Ундрахбаяр доошоогоо тонгойгоод хамарнаас нь цус гараад суусан хажууд нь М  чи яагаад намайг утас авсан гэж гүжирдээд байгаан, би чамд аваагүй гэж хэлсэн биздээ гээд яриад зогсож байсан. Тэгээд Ундрахбаяраас юу болсон талаар асуухад намайг М  цохисон гэж байсан. Тэгээд байж байтал Ундрахбаяр өөрөө таксинд суугаад явсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17-18 дугаар хуудас/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ний өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн №11987 дугаартай актын: “1. Б.Ундрахбаярын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, зүүн хөмсөг, уруулд зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд цус хуралт, зүүн хөмсөгт шарх, доод уруулын салстад ялзрал, доод баруун талын 2-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 39 дүгээр хуудас/ М ын яллагдагчаар өгсөн “... Нилээд согтсон байсан. Түүнээс хойш юу болсон талаар санахгүй байгаа. Цагдаа нартай уулзаад зогсож байхад Ундрахбаяр ирээд чиний таньдаг цагдаа чинь юм уу чи утсыг нь авсан байгаа биз дээ гээд байсан. Тэгтэл нэг ухаан орсон чинь манай хоёр найз ирчихсэн намайг аваад явах гээд Ундрахбаяр цаана хамраа дараад хамарнаас нь цус гараад сууж байсан. ...Тиймээ би хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 53-54 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв. Шүүгдэгч М ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч М , хохирогч Б.Ундрахбаяр нарын хооронд “гар утас авсан” гэсэн маргаанаас үүдэж М  нь Б.Ундрахбаярын нүүрэн тус газар цохиж шууд санаатай хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ. Иймд шүүгдэгч М ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв. Шүүгдэгч М  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч М  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь шүүгдэгч, хохирогч нарын хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. М ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, М  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. М  торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ