Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 120

 

Я.Б-ийн нэхэмжлэлтэй                                                                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  А.Отгонцэцэг             даргалж, шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 104/ШШ2019/00407 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Я.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Х-, Б.М-, А.Э-нарт  холбогдох

Хариуцагч Б.Х-тай 2007 оны 8 дугаар сараас 2016 оны 8 дугаар сарыг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох, хамтран амьдралтай байх хугацаанд бий болсон 3 үл хөдлөх эд хөрөнгө буюу орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож,  өөрт ногдох хэсэг болох 42 964 920 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхээ, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл, өмгөөлөгч П.Цэрэн-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

Нэхэмжлэгч Я.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн эхний шаардлага нь Я.Б- нь Б.Х-тай 2007 оны 5 дугаар сард танилцаж, 2007 оны 8 дугаар сараас 2016 оны 8 дугаар сарыг хүртэл хамтын амьдралтай байсанг тогтоолгох, хамтран амьдарсан 9 жилийн хугацаанд худалдан авсан 3 орон сууцнаас ногдох хувийг гаргуулах юм. 1 дэх орон сууц нь Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо 70 байр 51 тоотод байдаг 2 өрөө байр. Энэ байр нь Б.Х-ын том хүү Б.Мөнхжаргалын нэр дээр байдаг. Энэхүү байр нь 19.295.000 төгрөгийн үнэтэй байр. 2 дахь байр нь Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо Ургах наран хороолол 10-13 тоотод байдаг 2 өрөө байр. Үүнийг “Хас банк” ХХК-иас 35.000.000 төгрөгийн зээлээр авсан. Хамтран зээлдэгчээр Я.Б- оролцсон байдаг. 3 дахь байр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Цагаанхуаран 86В байрны 134 тоот 2 өрөө байр. Энэ байрыг авахад Я.Б- нь мөн хамтран зээлдэгчээр оролцсон. Тухайн байрыг 19.980.000 төгрөгийн урьчилгаа төлж 2015 онд банкны зээлээр авсан.

Нэг дэх байр буюу Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо, 11-67 тоот 2 өрөө байранд хөргөгч, буйдан, зурагт зэрэг 10 нэр төрлийн 4.370.000 төгрөгийн тавилга авсан. Хоёр дахь байр болох Ургахнаран хороололын 10-13 тоотод 2010 онд нүүж орохдоо 8 нэр төрлийн 4.300.000 төгрөгийн эд зүйл буюу Toyoto марк 2 автомашиныг 12.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Гурав дахь байр болох Налайх дүүрэг 2 дугаар хороо 42-14 тоотод 3 нэр төрлийн 1.450.000 төгрөгийн гал тогооны ком, спортын гүйлтийн төхөөрөмж авсан. Нийт 3 байранд нүүж орохдоо 22.620.000 төгрөгийн хөдлөх хөрөнгө худалдаж авсан.

Хамтран амьдрах хугацаанд Я.Б- нь /2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сар хүртэл/ 82.057.732 төгрөгийн цалин, орлого олсон, Ургах наран хороололын 10-13 тоот байрыг 35.000.000 төгрөгөөр, Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороолол 86В-134 тоот байрыг 19.980.000 төгрөгөөр худалдан авч, эргэн төлөлтөд 8.329.842 төгрөгийг шилжүүлсэн, ...үүний 50 хувь болох 42.964.920 төгрөгийг Б.Х-аас 60 хувь, Б.Мөнхжаргалаас 20 хувь, А.Энхжаргалаас 20 хувийг гаргуулахыг шаардаж байна гэжээ.

Хариуцагч Б.Х-, Б.М-, А.Э-нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Я.Б- Б.Х- нар 2015 оны 2 дугаар сараас 2016 оны 8 дугаар сар хүртэл 1 жил 6 сарын хугацаанд хамтран амьдарсан. 2015 оны 2 дугаар сараас өмнө зохигчид нэг нэгнийдээ ирэн очиж байсан. Тухайн үед Я.Б- нь өөр гэр бүлтэй дундаасаа хүүхэдтэй байсан. Б.Х-тай нэг гэрт орж хамтран амьдарч эхэлсэн хугацаа нь 2015 оны 2 дугаар сараас хамт амьдарсан. Хамт амьдрах хугацаандаа ихэнх үед нь хөдөө байдаг байсан. Үүнээс болоод хамтран амьдрах хугацаанд зан харилцааны хувьд зөрчилдөн мөн гэр орондоо нэмэр тус болохгүй байна гэж марган 2016 оны 8 дугаар сард хамтын амьдарлаа дуусгавар болгосон. Ургах наран хороололын 10-13 тоот байрны тухайд Я.Б- нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Тухайн үед 2 удаа зээлийн буцаан төлөлтийг төлсөн байдаг. Гэвч тухайн хөрөнгөний хамтран зээлдэгч болохоос биш хамтран өмчлөгч, хамтран эзэмшигч биш. Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо 11-67 тоот байрыг 2011 онд бусдад худалдсан. Тиймээс хамтын амьдралтай болохоос өмнө бусдад зарагдсан учраас Б.Мөнхжаргалаас мөнгө шаардах эрхгүй. Мөн Я.Б- нь энэхүү байрыг авахад ямар ч мөнгө өгч байгаагүй. Дээрх байрнуудад Я.Б- нь би олсон орлогоороо хөдлөх хөрөнгөнүүдийг худалдаж авсан гэдэг боловч нотлох баримт байхгүй байна. Ажил хийж байх үедээ олсон орлогоо бүхэлд нь дээрх байрнуудад хөдлөх хөрөнгө авсан гэж ярьж байна. Гэвч юунд зарцуулагдсан талаар нотлох баримт авагдаагүй учир үндэслэлгүй байна гэж үзэж байна. Зарим тохиолдолд зээл эргэн төлөхдөө Я.Б-ийг шилжүүлчихээрэй гэж мөнгө өгдөг байсан. Тухайн үед Я.Б-ийн нэрээр төлөгдсөн төлбөр дээр маргах зүйлгүй. Хөдлөх хөрөнгөний тухайд Я.Б- нь гэрт юу, юу нэмэгдэж байгааг сайн мэдэж байсан. Тийм болохоор энэхүү шаардлагыг гаргасан гэж бодож байна. Иймээс хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах шаардлага нь биелэгдэх боломжгүй. Учир нь гэр бүлийн гишүүн биш учраас энэ мөнгийг шаардах эрхгүй. Харин эргэн төлсөн 2-3 удаагийн 1.100 доллорыг шаардах эрхтэй ч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн  136 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Сайн эр Ядамын Баттөгс, Боржигон Бадрахын Хонгорзул нарыг 2007 оны 8 дугаар сараас 2016 оны 8 дугаар сарыг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож, Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар хариуцагч Б.Х-аас 25.778.952 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Я.Б-өд олгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч Я.Б-ийн нэхэмжлэлээс хариуцагч Б.Мөнхжаргал, А.Э-нарт холбогдох 17.185.968 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Я.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 785.255 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Х-аас 384.850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Я.Б-өд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Х-, Б.М-, А.Э-нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Я.Б- нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасан зохицуулалт болох "тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал"-д хамааруулан " хамтын амьдралтай байсныг тогтоолгох" гэж шаардлагаа тодорхойлон нэхэмжлэл гаргасныг шүүх хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар хэлэлцэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дах хэсэгт заасныг хамтатган хэрэглээгүйгээс маргаан хянан шийдвэрлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэгтгэн нэг ойлголтоор тайлбарлан дүгнэж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх журмыг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Хариуцагч нэхэмжлэгчтай 2007 онд нэг байгууллагад ажиллаж байхдаа танилцан найз нөхдийн холбоотой байсан, нэг нэгэндээ найз нөхдийн хувьд харилцан туслалцдаг байсан, хариуцагч 2010 онд Ургах наран хороололд 35.079.000 төгрөгөөр байр худалдан авахаар захиалгын гэрээ байгуулан орон сууцны урьдчилгаа төлбөр 7.300.000 төгрөгийг 2010 оны 1 сард өөрийн орлогоосоо хурааж хуримтлуулан гаргаж, үлдэгдэл 19.345 ам.долларыг Хас банкнаас зээл авч орон сууцны төлбөрийг төлөхдөө зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр нэхэмжлэгчийн оролцуулсан. Энэ хөрөнгийг хариуцагч өөрийн орлогоороо авсан, харин нэхэмжлэгчээр 1 удаа 1.100 ам.доллар банкинд аваачиж тушааж өгөхийг гуйж явуулахад нэхэмжлэгч мөнгийг өөрийн нэрээр хийсэн байсан. Энэ баримтыг хариуцагч няцаан үгүйсгэх баримт байгаагүй ч яг энэ цаг хугацаанд нэхэмжлэгч 1.100 ам.долларын хэмжээтэй орлого олж байснаа баримтаар нотлоогүй байдаг. Харин 2015 оны 2 сард нэхэмжлэгч, хариуцагч нар Налайх дүүрэг дэх хариуцагчийн байранд хамт амьдрахаар шийдвэрлэж ингэхдээ хамт амьдарч байсан хүүхдээ өөрсдөөсөө тусдаа амьдруулах зорилгоор Цагаан хуаран хотхонд урьдчилгаа төлбөрийг нэхэмжлэгч өөрийн орлогоор цуглуулсан мөнгөөр төлж үлдэгдэл төлбөрийг банкны зээлээр төлөхдөө нэхэмжлэгчийг хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцуулж байр аваад хүүхдүүдээ тусад нь гаргаад Налайхын байрандаа хамт амьдарч эхэлсэн ч хариуцагч хууль ёсны эхнэрээсээ гэрлэлтээ цуцлуулаагүй. Хөдөө гадаа байнга ажилладаг нэрийдлээр хамт амьдрахгүй, цалин орлогоосоо хамтын амьдралдаа зарцуулахгүй байсан учир харилцаагаа тасласан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд шүүхээс иргэний хэрэг үүсгэх үндэслэлүүдийг тодорхойлохдоо, 12.1.1, 12.1.3-т заасан заалтууд ялгамжтайгаар тодорхойлжээ. Ийнхүү шүүхэд мэдүүлэх эрхийг ялгаж тодорхойлсон нь тэдгээрийг хянан шийдвэрлэх процессын зарчим, журмыг ялгамжтайгаар хэрэглэх, "маргааныг шийдвэрлэх", болон "хэрэг шийдвэрлэх" ажиллагааг зааглаж өгөх зорилготой юм. Гэтэл шүүхээс нэхэмжлэлд хоёр бие даасан шаардлага тусгасан гэж үзэж, тус бүрт дүгнэж шийдвэрлэхдээ, дээр дурдсан нэхэмжлэл, хүсэлтийг ялгаж шийдвэрлээгүйгээс хууль хэрэглээний дараах ноцтой алдааг гаргажээ. Хамтын амьдралтай байсныг тогтоолгох шаардлагын хувьд, тухайн харилцааг үүсгэсэн талууд аль аль нь тухайн харилцааг нотлох бүрэн боломжтой, аливаа нэг бүртгэлээр баталгаажиж, баримт бичгээр нотлох шаардлагагүй харилцаа байхад "шүүхийн журмаар тогтоох үйл явдал" гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан хуулиар олгосон шүүхэд мэдүүлэх эрхийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа болжээ.    Хүсэлтээр үүсэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүхээс анхнаасаа ялгаж зааглалгүйгээр хэргийг шийдвэрлэсний улмаас дээрх хүсэлтээр эрх нь хөндөгдөж байгаа этгээд нь тус хэрэгт хариуцагчаар бус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.3-т зааснаар гуравдагч этгээдээр оролцох зохицуулалтыг зөрчиж, иргэн Б.Х-ыг "хариуцагчаар" татан оролцуулсан байна. Хүсэлтээр үүссэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, нэхэмжлэлээр үүссэн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг нэгтгэн явуулах боломжгүй байдаг тул шүүх нэхэмжлэлийн шаардлагуудыг тодруулан, шаардлага тус бүрт хамаарах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тусгаарлах /хэрэг тусгаарлах/ зайлшгүй ажиллагааг хийж гүйцэтгэлгүй процессын ноцтой алдаа гаргажээ. Эхний шаардлагад хамааруулан "хамтын амьдралын хугацаанд нэхэмжлэгч өөрийн олж байсан орлого 82.057.732 төгрөгөөр үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө бий болсон, эдгээр хөрөнгөөс ногдох хэсэг 42.964.920 төгрөгийг хариуцагч нараас 60:20:20 хувийн харьцаагаар гаргуулна" гэж тодорхойлон шаардлага гаргасан нь "Дундын өмчлөлийн эд хөрөнгөнөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах" шаардагаа хангуулах зорилготой гэж тайлбарласныг үндэслэн шүүх ердийн журмаар хянан шийдвэрлэх маргаанд хамаарах маргаантай онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх маргаантай хамтатган шийдвэрлэхдээ эхний шаардагыг хангаж, улмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал нь дараагийн шаардагыг хангах үндэслэл болгосон нь хууль зөрчиж байна. Шүүх нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх ёстой атал, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон дундаа өмчлөх эрхийн асуудлыг шаардлагын хүрээнд хамт дүгнэж шийдвэрлэсэн алдаа гаргажээ. Нэхэмжлэгч, хариуцагч нарын маргаж байгаа цаг хугацаанд олж байсан орлогоо нотлон гаргаж өгсөн. Шүүх нотлох баримтыг зохих ёсоор, бүрэн бодитой үнэлж чадаагүй, хэт нэг талыг барьж дүгнэлт хийсэн нь "...Я.Б- хөрөнгө бий болгох санхүүгийн эх үүсвэр бий болгоход оролцсон, ...уг үйл баримтыг гэрч нар гэрчлэн мэдүүлсэн" гэх дүгнэлтээс тодорхой харагдана. Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар үнэхээр эд хөрөнгө холилдсон гэж үзэж байгаа бол тухайн эд хөрөнгө бий болоход хөрөнгөө оруулсан буюу хохирсон этгээдийн хохирлыг арилгах хуулийн зохицуулалт буюу Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсгийг хэрэглээгүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангахгүй байна. Хариуцагч Б.Х- нь өөрийн 3 хүүхдүүдийг орон сууцтай болгох гэж орон сууц буюу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг өөрийн хөдөлмөрийн нөхцөлд тогтоосон группийн тэтгэмж, цалин хөдөлмөрийн хөлс, орлогоор бий болгосон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч Я.Б-ийн ганцхан удаагийн 1.100 ам.долларын төлбөртэй харьцуулбал Б.Х- нь бий болсон хөрөнгөний өмчлөгч байх давуу эрхтэй байна. Харин Я.Б-ийн хувьд оруулсан 1.100 ам.доллараа хохиролд тооцон гаргуулах эрхтэй ба шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэмжээнд хангасан бол шударга ёсонд нийцнэ. Шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дах заалтаараа хариуцагчаас 384.850 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй. Иимд давж заалдах гомдлыг хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Я.Б- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 17.185.968 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул эс зөвшөөрөн гомдол гаргаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Я.Б- нь хариуцагч Б.Х-д холбогдуулан 2007 оны 08 дугаар сараас 2016 оны 08 дугаар сарыг хүртэл Б.Х-тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох, Б.Х-, Б.Мөнхжаргал, А.Э-нарт холбогдуулан хамтран амьдралтай байх хугацаанд бий болсон 3 үл хөдлөх эд хөрөнгө буюу орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, эдгээр орон  сууц болон бусад дундын хөрөнгөөс өөрт ногдох 42.964.920 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх Я.Б-, Б.Х- нар нь 2007 оны 08 дугаар сараас 2016 оны 08 дугаар сарыг хүртэл гэрлэлтээ бүртгүүлэлгүйгээр хамтын амьдралтай байсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн  135.2.14-т зааснаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох зорилгыг маргаж байгаа орон сууцнуудын хамтран өмчлөгчөөр тогтоолгох, эдгээр орон сууцнаас болон хамтран амьдарч байхдаа худалдан авсан эд хогшил, автомашинаас өөрт ногдох хэсгийг гаргуулах гэж нэхэмжлэгч тодорхойлсон ч хамтын амьдралтай байх хугацаанд бий болсон эд хөрөнгийг дундын өмчлөлийнх гэж үзэх эрх зүйн  үндэслэлийг Иргэний хуулиар тогтоогоогүй.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд тухайлбал, дээрх хугацаанд нэхэмжлэгч, хариуцагч нар нь хамтран амьдарч байсан талаар гэрч Б.Батжаргал, Ц.Болд, О.Ням-Осор, Т.Уянга, А.Энхжаргал, Б.Эрдэнэжаргал нарын мэдүүлэг, хамтдаа авахуулсан гэрэл зураг, өрхийн гишүүдийн бүртгэл, Я.Б-өөс  Б.Х-д 2009 онд цалингаа гуйвуулж байсан дансны хуулга, 2010, 2015 онд орон сууц худалдан авах зорилгоор 2 удаа зээл авахад нэхэмжлэгч хамтран зээлдэгчээр оролцож байсан, зээлийн эргэн төлөлт хийж байсан зэрэг нотлох баримтуудаар зохигчид 2007 оны 08 дугаар сараас 2016 оны 08 дугаар сарыг хүртэл гэрлэлтээ бүртгүүлэлгүйгээр хамтын амьдралтай байсан үйл баримт тогтоогдсон тул энэ талаарх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь буруу биш болно.

 

Зохигчид хамтын амьдралтай байсан хэдий ч гэрлэлтээ батлуулсан хууль ёсны гэр бүл биш тул тэдний хоорондох эд хөрөнгийн харилцааг Иргэний хуулийн 126 дугаар зүйлд заасан зохицуулалтад хамааруулах боломжгүй. Энэ маргаанд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 119 дүгээр зүйлийн 119.3 дах хэсэгт заасан зохицуулалт үйлчилнэ.

Нэхэмжлэгч нь хариуцагч нарын өмчлөлийн орон сууцанд өөрийн оруулсан хөрөнгийг нотолсон тохиолдолд мөн хуулийн 119.3.-т зааснаар өөрт учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Я.Б- нь хариуцагч Б.Х-, Б.Мөнхжаргал нарын өмчлөлд байсан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 хороолол, 11 дүгээр байр 67 тоот 2 өрөө 19.295.500 төгрөгийн үнэтэй орон сууцанд хөрөнгө оруулсан гэж тайлбарлаж байгаа боловч уг орон сууцны байр захиалгын гэрээг Б.Х- “Буурал сутай” ХХК-тай байгуулсан, орон сууцны үнийг Б.Х- төлсөн баримт  хэрэгт авагдсан /хх-ийн 22-27/, нэхэмжлэгч орон сууцны үнийг хамтран төлсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нотолж чадаагүй байх тул энэ орон сууцны хамтран өмчлөгчөөр нэхэмжлэгчийг тогтоох,  орон сууцнаас оногдох хэсгийг тодорхойлж гаргуулах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо Цагаанхуаран хороолол 86в байр 134 тоот 2 өрөө орон сууцны урьдчилгаанд 19.980.000 төгрөг төлсөн, зээлийн эргэн төлөлтөд 8.329.842 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч мөн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нотолж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч  Я.Б- нь хариуцагч Б.Х-ын хамт Хас банктай байгуулсан 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн орон сууц худалдан авах зориулалтаар олгосон 46 620 000 төгрөгийн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцсон байх боловч нэхэмжлэгч орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлсөн, зээлийн эргэн төлөлт хийсэн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй.

 

Хариуцагч Б.Х-ын Хас банкин дахь хугацаагүй хадгаламжийн данс болон зээлийн дансны хуулгаас үзэхэд уг зээлийн эргэн төлөлтийг хариуцагч тогтмол төлдөг, зээлийн гэрээ үргэлжилж байгаа нь тогтоогдсон байх тул Цагаанхуарангийн 86в байр 134 тоот 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр нэхэмжлэгчийг тогтоох, түүнд оногдох хэсгийг гаргуулах  үндэслэлгүй байна. /хх 142-149/

 

 Мөн нэхэмжлэгч хамтын амьдралын хугацаанд автомашин, гэрийн эд хогшил тавилгын үнэд 22.620.000 төгрөг зарцуулсан гэж эдгээр хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа боловч энэ талаар хэрэгт ямар нэгэн нотлох баримт  авагдаагүй байна.

Харин хариуцагч нь 850.000 төгрөгийн Польш улсад үйлдвэрлэсэн гал тогооны ком тавилга, 450.000 төгрөгийн Монгол улсад үйлдвэрлэсэн 2 хүний ор зэрэг тавилгыг нэхэмжлэгчийн хөрөнгөөр авсан болохыг  зөвшөөрсөн тайлбар гаргаж байсан тул түүний үнийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч  Я.Б- нь хариуцагч Б.Х-ын хамт Хас банктай 2010 оны 03 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан, Ургах Наран хорооллын 10-р байрны 13 тоот, 2 өрөө 42.52 м.кв талбайтай, 35.079.000 төгрөгийн орон сууц санхүүжүүлэн бариулах зориулалтаар олгосон 19 345 ам.долларын барьцаат зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцсон, барьцаа хөрөнгө хамтран өмчлөгчдийн зөвшөөрөлд тэрээр гарын үсэг зурсан, зээлийн эргэн төлөлт хийсэн, нэхэмжлэгчээс хариуцагчид цалин гуйвуулж байсан,  нэхэмжлэгчийн болон хариуцагч нарын дансны хуулгуудыг харьцуулан үзэхэд уг орон сууцны зээлийн эргэн төлөлтийг хариуцагч дангаараа төлсөн гэх байдал тогтоогдохгүй байгаа зэргээс үзэхэд уг орон сууцанд нэхэмжлэгч хөрөнгө оруулсан байна гэж үзэх үндэслэлтэй байна. /хх 12-23, 85-95, 112-121/

 

Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт “дундаа хэсгээр өмчлөгчид харилцан өөрөөр тохиролцоогүй бол өмчлөгч бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй” гэж заасан ба зохигчид харилцан өөрөөр тохиролцсон гэх баримт байхгүй тул орон сууцны үнэ 35.079.000 төгрөгийн 50 хувь 17 539 500  төгрөгийг хариуцагч Б.Х-аас гаргуулж нэхэмжлэгч Я.Б-өд олгох нь зүйтэй.

 

Хариуцагч А.Э-нь Ургах Наран хорооллын 10-р байрны 13 тоот, 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгч байх боловч нэхэмжлэгч Я.Б- нь уг орон сууцанд оруулсан хөрөнгөө хариуцагч Б.Х-аас шаардсан агуулгаар нэхэмжлэл гаргасан, хариуцагч А.Э-нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийг нотлох баримтын талаар үндэслэл бүхий няцаалт хийгээгүй буюу орон сууцанд хөрөнгө оруулсан талаар баримт, үндэслэл гаргаагүй тул Б.Х-, Я.Б- нарын мөнгөн хөрөнгөөр уг орон сууц бий болсон гэж үзсэн болно.

 

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэн шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан өөрчлөлт оруулж, хариуцагч Б.Х-аас 18 839 500 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Мөн шүүхийн шийдвэрт хууль  хэрэглээний болон найруулгын алдааг засч өөрчлөлт оруулах шаардлагатай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 104/ШШ2019/00407 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн” гэж, 2, 3 дахь заалтыг нэгтгэн 2 дахь заалт болгож, уг заалтыг “Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 119 дүгээр зүйлийн 119.3, 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б.Х-аас 18 839 500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Я.Б-өд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 хороолол, 11 дүгээр байр 67 тоот 2 өрөө, Цагаанхуаран хороолол 86в байр 134 тоот 2 өрөө,  Ургах Наран хорооллын 10-р байрны 13 тоот, 2 өрөө орон сууцнуудын  болон гэрийн тавилга, эд хогшил, автомашины хамтран өмчлөгчөөр тогтоолгох, эдгээр хөрөнгөнөөс оногдох хэсэг 24 125 421 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 4 дэх заалтыг 3 болгон өөрчилж, 3 дах заалтын “384 850” гэснийг “252 147” гэж, 5 дах заалтыг 4, 6 дах заалтыг 5, 7 дах заалтыг 6 болгож тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 243 880 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286 845 төгрөгийг шүүгчийн захирамжаар улсын орлогоос буцаан гаргуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.ОТГОНЦЭЦЭГ           

                                                          ШҮҮГЧ                                 Б.НАРМАНДАХ 

                                                                                                     Н.БАТЗОРИГ