Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 300

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, 4******* байрны ******* оршин суух, ******* *******ын ******* /РД:*******/

Хариуцагч: ******* дүүрэг, ******* хороо, 4******* байрны ******* оршин суух, ******* ын /РД:/-д холбогдуулан

Хамтын амьдралтай байсныг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ноогдох хэсгээ гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Я.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц., хариуцагч Б.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш., хариуцагчийн өмгөөлөгч П., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Я.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч Я.*******, өмгөөлөгч Ц. нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би “Эм си эс” ХХК-нд ажилд ороод Б.тай 2007 оны 5 дугаар сард танилцаж гэрт нь хамт амьдрах болсон. Бид 2007 оны 8 дугаар сараас 2016 оны 8 сар хүртэл хамтран амьдрах хугацаанд цалин орлогоо нийлүүлж гурван орон сууц худалдан авсан.

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 70 дугаар байрны 51 тоот орон сууцыг Б.ын том хүүхэд Б.Мөнхжаргалын нэр дээр шилжүүлсэн учир маргахгүй.

Харин хамтран Хас банкнаас зээл авч 35.000.000 төгрөгөөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хороолол, 10 дугаар байрны 13 тоот 2 өрөө орон сууц, 66.600.000 төгрөгийн үнэтэй Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Цагаан хуаран хорооллын 86б байр, 134 тоот 2 өрөө орон сууцны урьдчилгаанд 19.980.000 төгрөг төлж тус тус худалдан авч, зээлийг хамтран цалингаасаа төлсөн. Гэтэл Б. хоёр байрны өмчлөгчөөр ганцаараа өөрийгөө бүртгүүлсэн байснаас бидний хооронд маргаан үүссэн. Иймд бидний хамт амьдрах хугацаанд эд хөрөнгө бий болсон тул эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг шаардах эрхтэйгээ нотлох зорилгоор хамтын амьдралтай байсныг тогтоолгох хүсэлт гаргасан.

Би анх дундын хөрөнгөөс бий болсон Ургах наран хороолол, 10 дугаар байрны 13 тоот 2 өрөө орон сууцыг авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ч шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Учир нь:

Би энэ  хугацаанд Өмнөговь аймгийн Цогтцэций сум “”-д 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2007 оны 1******* сарын 31-ний өдөр хүртэл 2 сар, “” ХХК-д 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 оны 1******* сарын 03-ны өдөр хүртэл 20 сар, Дорноговь аймгийн Даланжаргалан суманд 2008 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2008 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 1 сар, Дорнод аймгийн Мардай суманд 2008 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 3 сар, 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 оны 1******* сарын 03-ны өдөр хүртэл 10 сар, 2009 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 4 сар, Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд 2008 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 1 сар,Дорнод аймгийн Матад суманд 2008 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 1 сар, Говь-Алтай аймгийн Цээл суманд байрлах “” ХХК-д 2009 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2009 оны 1******* сарын 31-ний өдөр хүртэл 3 сар, “МТ дриллинг” ХХК-д 2010 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2010 оны 1******* сарын 31-ний өдөр хүртэл 7 сар, Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 2010 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2010 оны 1******* сарын 16-ны өдөр хүртэл 4 сар, 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2011 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 4 сар, Завхан аймгийн Дөрвөлжин суманд 2011 оны 0******* сарын 15-ны өдрөөс 2011 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 1 сар, Өмнөговь аймгийн Ханбогд сум, Цагаан хад баг, Оюутсүмбэрт 2011 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2011 оны 9 дүгээр сарын 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 4 сар, Төв аймгийн Заамар сум “Нэйшнл Химикал” ХХК-д 2011 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2011 оны 1******* сарын 31-ний өдөр хүртэл 2 сар, 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 10 сар, Өмнөговь аймгийн Ханбогд сум “” ХХК-д 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2012 оны 1******* сарын 31-ний өдөр хүртэл 2 сар, 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 1******* сарын 31-ний өдөр хүртэл 12 сар, 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 1******* сарын 31-ний өдөр хүртэл 12 сар, Өмнөговь аймгийн Ханбогд сум “Оюутолгой сайт SSM” ХХК-д 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 19 сар ажил хөдөлмөр эрхэлж нийт 82.057.739 төгрөгийн орлого олсон.

Энэ бүх цалин, орлогыг Б. авч байрны зээлээс төлж, гэртээ тавилга авч захиран зарцуулсан. 2016 оны 8 сард намайг хөдөө ажлаар яваад ирэхэд бүх хувцасыг маань хоёр цүнхэнд хийгээд манай охин дээр аваачиж өгсөн байсан. Гэрийн эд хогшил бүгд Б.ын эзэмшилд үлдсэн. Би өмссөн хувцастайгаа гарсан.

Иймээс 2008 онд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 11 дүгээр байрны 67 тоот Мансардны 2 өрөө, 42,51м.кв талбайтай орон сууцанд хамт амьдарч байхдаа авсан хөргөгч “” Хятад улсад үйлдвэрлэсэн 300.000 төгрөгийн үнэтэй, керамик плитка “” Польш улсад үйлдвэрлэсэн 450.000 төгрөгийн үнэтэй, хувцасны шкаф Орос улсад үйлдвэрлэсэн 400.000 төгрөгийн үнэтэй, хоёр хүний ор Орос улсад үйлдвэрлэсэн 250.000 төгрөгийн үнэтэй, Булангийн буйдан Монгол улсад үйлдвэрлэсэн 850.000 төгрөгийн үнэтэй, гал тогооны ком тавилга, Монгол улсад үйлдвэрлэсэн 650.000 төгрөгийн үнэтэй, “Самсунг” зурагт Солонгос улсад үйлдвэрлэсэн 950.000 төгрөгийн үнэтэй, жижиг хувцасны шкаф Монгол улсад үйлдвэрлэсэн 250.000 төгрөгийн үнэтэй, хувцасны өлгүүр Монгол улсад үйлдвэрлэсэн 150.000 төгрөгийн үнэтэй, “Элеон” хиншүү сорогч Польш улсад үйлдвэрлэсэн 120.000 төгрөгийн үнэтэй нийт 4.370.000 төгрөг,

2010 онд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хороолол, 10 дугаар байрны 13 тоот 2 өрөө, 42.5 м,кв орон сууцанд хамт амьдарч байхдаа хувцасны шкаф Хятад улсад үйлдвэрлэсэн 450.000 төгрөгийн үнэтэй, хоёр хүний ор Хятад улсад үйлдвэрлэсэн 250.000 төгрөгийн үнэтэй, хувцасны өлгүүр Хятад улсад үйлдвэрлэсэн 250.000 төгрөгийн үнэтэй, гутлын шүүгээ Хятад улсад үйлдвэрлэсэн 150.000 төгрөгийн үнэтэй, эмэгтэй хүний тольтой ком Хятад улсад үйлдвэрлэсэн 150.000 төгрөгийн үнэтэй, арьсан буйдан, Хятад улсад үйлдвэрлэсэн 2.500.000 төгрөгийн үнэтэй, хөлдөөгч Хятад улсад үйлдвэрлэсэн 250.000 төгрөгийн үнэтэй, “Тошиба” угаалгын машин Япон улсад үйлдвэрлэсэн 300.000 төгрөгийн үнэтэй, Б.ын хүүгийн нэр дээрх “Тоёота марк-2” автомашин Япон улсад үйлдвэрлэсэн 12.500.000 төгрөгийн үнэтэй нийт 16.800.000 төгрөг,

2015 онд ******* дүүргийн ******* хороо 4******* байрны 14 тоот 2 өрөө орон сууцанд хамт амьдарч байхдаа гал тогооны ком Польш улсад үйлдвэрлэсэн 850.000 төгрөгийн үнэтэй, хоёр хүний ор Монгол улсад үйлдвэрлэсэн 450.000 төгрөгийн үнэтэй, фитнесс төхөөрөмж “Твистер” Хятад улсад үйлдвэрлэсэн 150.000 төгрөгийн үнэтэй нийт 1.450.000 төгрөг бүгд 22.620.000 төгрөгийн хөдлөх хөрөнгөөс өөрт ногдох хэсэг 11.310.000 төгрөг гаргуулах.

Мөн гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 35.000.000 төгрөгийн үнэтэй Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороолол, Ургах  наран хороолол 10 дугаар байрны 13 тоот 2 өрөө орон сууцнаас ногдох хэсэг 17.500.000 төгрөг, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Цагаан хуаран хотхон 86в байр, 134 тоот, 2 өрөө орон сууцыг банкны зээлээр авахад урьдчилгаанд төлсөн төлбөр 19.980.000 төгрөгөөс 9.990.000 төгрөг, зээлийн эргэн төлөлт 7.724.416 төгрөгөөс 3.862208 төгрөг нийт 13.852.208 төгрөг бүгд 85.324.416 төгрөгөөс өөрт ногдох хэсэг болох 42.662.000 төгрөгийг хариуцагч Б.аас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбарт болон шүүх  хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш., өмгөөлөгч П. нар тайлбарлахдаа: Я.******* Б. нар 2007 онд MCS үйлдвэрт хамт ажиллаж байгаад танилцсан. Тухайн үед Б. инженер, Я.******* жолооч хийдэг байсан. Танилцаад найз нөхдийн харилцаатай, нэг нэгнийхээрээ орж гардаг байсан. Б. нь Я.*******тэй хамтран амьдрах болсон гол шалтгаан нь айл гэрт нөмөр нөөлөг, түшиг болохоор эр хүн байх ёстой юм гээд 2015 оны ******* сараас эхлэн хамтын амьдралтай болсон. Гэтэл Я.******* ямар ч нөмөр нөөлгө байхгүй, хөдөө ажлаар яваад өгдөг, цалин орлогоосоо өгдөггүй байснаас Б., Я.******* нарын хооронд зөрчил үүссэн тул 2016 оны 8 дугаар сараас тусдаа амьдарсан.

Харин Я.******* Б.тай 2007 оны 8 дугаар сараас хамтын амьдралтай байсан гэдэг нь үндэслэлгүй.

Мөн Б.ын эд хөрөнгөөс ногдох хэсэг шаардаж байгааг зөвшөөрөхгүй. Учир нь: Б. уг хоёр орон сууцыг Хас банкнаас зээл авч авахад хамтран зээлдэгч хэрэгтэй болсон тул Я.*******ийг гуйсан. Харин орон сууцны урьдчилгаа төлбөр болон зээлийн эргэн төлөлтийг Б. төлж дуусган өөрийн нэр дээр үл хөдлөх гэрчилгээг гаргуулсан. Бусад зээлийг одоо ч төлж байгаа ба гэрийн тавилгыг өөрийн хөрөнгөөр авсан. Машин нь Б.ын хүүгийх байсан. Энэ бүхэн хэрэгт авагдсан баримтаар нотлогдон. Харин Я.******* цалин орлогыг нь Б. авч уг эд хөрөнгийг авсан болохыг баримтаар нотлох үүргийг өөрөө хуулиар хүлээсэн. Гэтэл хэрэгт энэ талаар ямар ч баримт байхгүй байна. Я.******* 1.110 долларыг төлсөн байгаа ч Б.аас авсан мөнгөөр төлсөн.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч зохигчдыг хамт амьдарч байсныг гэр бүл гэж үзэн хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахаар шаардаж байгаа нь хуулийн үндэслэлгүй.

Хариуцагч Б. хамтын амьдралтай байсан гэх 1 жилийн 6 сарын хугацаанд хууль ёсны гэр бүл байсанд тооцогдохгүй. Мөн Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн” гэж заасан нь Я.*******, Б. нарын харилцаанд хамааралгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 850.000 төгрөгийн үнэлгээтэй, Полвшд үйлдвэрлэсэн гал тогооны ком, 450.000 төгрөгийн үнэлгээтэй, Монголд үйлдвэрлэсэн 2 хүний ор зэрэг тавилга ав гэхэд нэхэмжлэгч авахгүй байгаа. Энэ хөрөнгийг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Харин бусад хөрөнгийг авахад ямар ч дэмжлэг туслалцаа хөрөнгө оруулалт хийгээгүй, төлбөрөөс төлөлцөөгүй тул нийлэн холилдсон дундын эд хөрөнгө байхгүй тул ногдох хэсгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Я.******* хариуцагч Б.д холбогдуулан хамтын амьдралтай байсныг тогтоолгож, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороолол, Ургах  наран хороолол 10 дугаар байрны 13 тоот, 2 өрөө орон сууцыг гаргуулах тухай нэхэмжлэлээ шүүх хуралдааны шатанд ихэсгэж 35.000.000 төгрөгийн үнэтэй Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороолол, Ургах  наран хороолол 10 дугаар байрны 13 тоот 2 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Цагаан хуаран хотхон 86в байр, 134 тоот, 2 өрөө орон сууцыг банкны зээлээр авахад урьдчилгаанд төлсөн төлбөр 19.980.000 төгрөг, зээлийн эргэн төлөлт 7.724.416 төгрөг, 12.500.000 төгрөгийн үнэлгээтэй Тоёота марк-2 маркийн Япон автомашин, гэрийн тавилга нийт 10.120.000 төгрөг бүгд 85.324.416 төгрөгөөс өөрт ногдох хэсэг болох 42.662.208 төгрөг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс  “...Я.******* нь хөдөө ажилладаг байсан...хааяа нэг ирдэг байсан...2015 оны 8 сараас эхлэн хамт амьдарсан. Гэхдээ ямарч нэмэр тус байгаагүй болохоор салсан...цалингийн картыг нь авч байгаагүй...би өөрийн мөнгөөр үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөө авсан учир өмчлөгчөөр нь өөрийг бүртгүүлсэн...” гэсэн үндэслэлээр татгалзсан. Харин 850.000 төгрөгийн үнэлгээтэй, Полвшд үйлдвэрлэсэн гал тогооны ком, 450.000 төгрөгийн үнэлгээтэй, Монголд үйлдвэрлэсэн 2 хүний ор зэрэг тавилгыг нэхэмжлэгчид өгөхөөр зөвшөөрсөн.

Шүүх хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан дараах дүгнэлтийг хийлээ.

Нэхэмжлэгч Я.******* нь хариуцагч Б.тай 2007 оны 8 дугаар сараас 2016 оны 8 дугаар сар хүртэл хамтын амьдралтай байснаа тогтоолгох зорилго нь үйл явдлыг тогтоолгох бус уг хугацаанд бий болсон эд хөрөнгийг гэрлэгчдийн нэг адил тэнцүү хэмжээгээр өмчлөх, ногдох хэсгийг гаргуулахтай холбоотой болохыг шүүх хуралдааны шатанд тайлбарласан тул бие даасан шаардлагын хүрээнд авч үзэн холбогдох баримтад дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1., 3.1.2. дах хэсэгт хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлсэнийг гэрлэлт гэх ба үүний үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг гэр бүл гэж хэлэхээр заасан байна.

Иймд зохигчид эр, эмийн харьцаатай, хамтын амьдралтай, нэг ам бүлээр амьдарч байсан ч гэрлэлтийн бүртгэлгүй бол тэднийг гэр бүл гэж үзэх боломжгүй тул дундын эд хөрөнгийн маргааныг гэрлэгчдийн болон гэр бүлийн бусад гишүүдийн хөрөнгийн талаар зохицуулсан зохицуулалт болох Иргэний хуулийн 125, 126, 129, 130 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэх боломжгүй. 

Харин хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болохоор Иргэний хуулийн 108 дугаар зүйлд заасан. Мөн энэ хуулийн 487 дугаар зүйлийн 487.1.-д зааснаар дундаа хэсгээр өмчлөгчид харилцан өөрөөр тохиролцоогүй бол өмчлөгч бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй бөгөөд өөрт ногдох хэсэгт ногдох үр шимийг өмчлөх эрхтэй байна.

Нэхэмжлэгч Я.******* нь өөрийн өмчлөлийн хөдлөх хөрөнгө хариуцагч Б.ын хөрөнгөтэй нийлсэн, холилдсоны үр дүнд салгах боломжгүй эд хөрөнгө шинээр бий болсон болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлож байж өмчлөгч болох ба өөрт ногдох хэсгийг салгаж авах, ийнхүү салгаж үл болохоор бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрх үүснэ.

Хариуцагч Б., иргэн А.Энхжаргал нарын өмчлөлийн, үл хөдлөх хөрөнгийн Ү-2204059171 дугаарт бүртгэлтэй, Ургах Наран хорооллын 10 дугаар орон сууцны барилгын 3 дугаар давхрын 13 тоот, 2 өрөө 42.52 м.кв талбайтай, 35.079.000 төгрөгийн үнэлгээтэй, үл хөдлөх хөрөнгийг санхүүжүүлэн бариулах зориулалтаар Хас банктай 2010 оны 3 дугаар сарын 23-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулан 19.345 ам.долларын гэрээ,

хариуцагч Б.ын өмчлөлийн, Үл хөдлөх хөрөнгийн Ү-220406691*******т бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 86в байрны 134 тоот,  37м.кв талбайтай орон сууцыг 66.600.000 төгрөгөөр худалдан авах зорилгоор 46.620.000 төгрөгийн Хас банкнаас зээлсэн 2015 оны 0******* сарын 05-ны өдөр байгуулсан дугаартай гэрээний хамтран зээлдэгчээр хариуцагч Я.******* байгаа ч уг гэрээнүүдийн үүргээс биелүүлсэн хэмжээгээр үл хөдлөх хөрөнгөөс ногдох хэсгээ шаардах юм.

Нэхэмжлэгч Я.******* 2007 оны 11 дүгээр сараас 2016 оны 7 дугаар сар хүртэл хөдөө орон нутагт уул уурхайд ажиллаж цалин орлоготой байснаа Нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар, Худалдаа хөгжлийн банк болон Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулбараар нотолсон ч хариуцагч Б. цалингийн картыг нь эзэмшиж зээлийн гэрээний үүргийг биелүүлж байсан гэх үйл явдлыг баримтаар нотолоогүй.

Тэрээр шүүх хуралдааны шатанд “...Ургах Наран хорооллын 10 дугаар орон сууцны барилгын 3 дугаар давхрын 13 тоот, 2 өрөө 42.52 м.кв талбайтай, 35.079.000 төгрөгийн үнэлгээтэй, үл хөдлөх хөрөнгийг худалдан авахдаа урьдчилгаа 10.000.000 төгрөгийг хариуцагч Б.ын охин А.Энхжаргалаас зээлсэн ...Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 86в байрны 134 тоот,  37 м.кв талбайтай орон сууцыг 66.600.000 төгрөгөөр худалдан авахдаа урьдчилгаа 19.980.000 төгрөгийг Б.ын эгчээс зээлсэн. Уг мөнгийг би төлсөн...” гэж тайлбарлаж байгаа ч баримтаар нотлогдохгүй байна.

Мөн нэхэмжлэгч Я.******* хариуцагчийн зөвшөөрсөн 1.300.000 төгрөгийн үнэлгээтэй хөдлөх хөрөнгөөс бусад 21.320.000 төгрөгийн үнэлгээтэй хөрөнгийг авахад өөрийн мөнгөн хөрөнгийг оролцуулсан болохоо нотолж чадаагүй.

Харин хариуцагч Б. нь дээрх орон сууцуудыг худалдан авахад төлсөн урьдчилгаа төлбөр 10.000.000 төгрөг,19.980.000 төгрөг болон Хас банктай 2010 оны 3 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан барьцаат зээлийн гэрээний үүрэг 19.345 ам.долларыг төлж дуусгасан, 2015 оны 0******* сарын 05-ны өдөр байгуулсан, дугаартай, 156 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлийн гэрээний үүрэг 46.620.000 төгрөгөөс 7.724.416 төгрөгийг төлсөн хөрөнгийн эх үүсвэрээ Хаан банкан дахь 5039130531, 5753343570 тоот дансны орлого, зарлагын хуулга, Хас банкнаас 10.000.000 төгрөг зээлсэн 1280012014 тоот дансны хуулга, Хас банкан дахь 5000188865 тоот хадгаламжийн дансны хуулга, “Виолэнт” ХХК-ийг татан буулгах хүртэл үйл ажиллагаа явуулж байсан үеийн татварын тайлан, компанийн нэр дээрх Хас банкан дахь 21000049 тоот дансны орлого, зарлагын гүйлгээний хуулга, 2005 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийг хүртлэх хугацааны Хаан банкан дахь тоот тэтгэврийн дансны орлого, зарлагын хуулга, Хас банктай байгуулсан гэрээний дагуу эргэн төлөлт хийж дууссан тухай тоот дансны хуулга, Хас банкнаас зээлсэн 2015 оны 0******* сарын 05-ны өдөр байгуулсан дугаартай зээлийн гэрээний үүргээс 7.724.416 төгрөгийн төлөлт хийсэн тухай Хас банкан дахь цалингийн тоот дансны орлого зарлагын хуулга, орлогын маягт зэрэг баримтаар нотолсон.

Гэхдээ хариуцагч Б. нэхэмжлэгч Я.*******өд 1.110 ам.долларыг 2012 оны 7 дугаар сарын 16-ны өдөр өгч тушаалгасан гэж байгаа ч уг мөнгөний эх үүсвэрээ нотлоогүй тул шүүх нийтэд мэдээллэсэн цахим мэдээллээс тухайн үеийн ам.долларын ханшаар тооцож /1.342,24 төгрөг х 1.110 ам.доллар/= 1.489.887 төгрөгийг нэхэмжлэгчид ногдох хэсэг гэж үзлээ.

Иймд хариуцагч Б.аас 1.489.887 төгрөг, 850.000 төгрөгийн үнэлгээтэй, Польш улсад үйлдвэрлэсэн гал тогооны ком, 450.000 төгрөгийн үнэлгээтэй, Монголд үйлдвэрлэсэн 2 хүний ор зэрэг тавилгыг нэхэмжлэгч Я.*******өд олгож, нэхэмжлэлээс 39.872.321 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Я.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 785.255 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.аас 59.588 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Я.*******өд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118, 119 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1., 108.8., 487 дугаар зүйлийн  487.1.-д заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ын аас 1.489.887 /нэг сая дөрвөн зуун наян есөн мянга найман зуун наян долоо/ төгрөг, 850.000 төгрөгийн үнэлгээтэй, Польшд үйлдвэрлэсэн гал тогооны ком, 450.000 төгрөгийн үнэлгээтэй, Монголд үйлдвэрлэсэн 2 хүний ор зэрэг тавилгыг нэхэмжлэгч Я.*******өд олгож, нэхэмжлэлээс 39.872.321 /гучин есөн сая найман зуун далан хоёр мянга гурван зуун хорин нэг/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Я.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 785.255 /долоон зуун наян таван мянга хоёр зуун тавин тав/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.аас 59.588 /тавин есөн мянга таван зуун наян найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Я.*******өд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

                                                 ДАРГАЛАГЧ                          З.ТҮВШИНТӨГС