Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2016/0113

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б**** ас*** ХХК

Хариуцагч: Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Өмчийн харилцааны газар

Нэхэмжлэлийн шаардлага:

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70.2.4-д заасныг удирдлага болгон Хот төлөвлөлтийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус заасныг үндэслэн Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын эс үйлдэхүйг хууль бусад тооцуулж, Бо****-Ас**ХХК-д өөрийн хууль ёсны эзэмшлийн Хан-Уул дүүргийн * дугаар хороо /хуучнаар 10 дугаар хороо/-нд байрлах 25 га газарт орон сууц, үйлчилгээний хорооллын төсөл хэрэгжүүлэх ажилд хууль, дүрмийн дагуу архитектур төлөвлөлтийн даалгавар баталж өгөхийг даалгуулах;

2. Бо****-Ас**ХХК-ийн хууль ёсны эзэмшиж буй газрын кадастрын нэгж талбарыг устгасан үйлдлийг хууль бусад тооцож, Бо****-Ас**ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж буй газрын кадастрын бүртгэлийг сэргээхийг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгуулах,

3. Т************тө*******ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2006 оны 5** дугаар захирамжаар Хан-Уул дүүрэг, *, * дугаар хороонд газар олгогдсон байхад зориудаар Нийслэлийн Өмчийн харилцааны газраас кадастрын мэдээллийн санд Бо****-Ас**ХХК-ийн Хан-Уул дүүргийн ** дугаар хороонд олгогдсон эзэмшил газартай дамнуулан бүртгэсэн үйлдлийг хууль бусад тооцуулах;

4. Бо****-Ас**ХХК-ийн хууль ёсны эзэмшиж байсан газрын хугацааг сунгах үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулж, гэрээний хугацаа сунгах үйл ажиллагааг тасалдуулж байгаа Нийслэлийн Өмчийн харилцааны газрын үйлдлийг хууль бусад тооцож, Бо****-Ас**ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж байгаа газрын гэрээг сунгахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Эрдэнэбат, нэхэмжлэгч Х.И******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Хаш-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц*******, хариуцагч Нийслэлийн Өмчийн харилцааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батцогт, хариуцагч Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б*****, гуравдагч этгээд Т************тө*******ХХК-ийн захирал Ж.Бя*********, гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Б******* нар оролцоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Б**** ас*** ХХК-ийн Ерөнхий захирал Х.И****** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б**** ас*** ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 5*** дүгээр захирамжаар 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газраас гаргасан Хан-Уул дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр, Наадамчдын гудамжинд орон сууц, үйлчилгээний цогцолбор барих 25 га газрыг олгох тухай 1 дугаартай мэдэгдлийг олгосон бөгөөд үүний дагуу кадастрыг хийлгэн 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай 07/03 тоот хамтран ажиллах гэрээ байгуулсан юм.

            Уг гэрээг үндэслэн 2007 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн газрын албатай 8025/0011 тоот газар эзэмших гэрээ байгуулж, 2007 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 0********* дугаар бүхий орон сууц, үйлчилгээний цогцолборын зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон.

            Нийслэлийн Засаг даргын Тамгын газар манай компанид барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн график, барилга барих газрын байршил, хэмжээ заагийг тусгасан төлөвлөгөө, схем зураг зэргийг албан ёсоор хүлээлгэн өгсөн.

            Ийнхүү Б**** ас*** ХХК нь Хан-Уул дүүргийн *дугаар хорооны нутаг дэвсгэрт харьяалагдах 25 га газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/975 дугаар захирамжийг дахин баталгаажуулж, 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 178025/0****газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, 00********* тоот газар эзэмших гэрчилгээгээр эзэмшдэг болно.

            Энэ нь манай компанийн газар эзэмших эрх анхнаасаа хуулийн дагуу байсныг Нийслэлийн Засаг дарга баталгаажуулсан явдал юм.

            Б**** ас*** ХХК нь Нийслэлийн Өмчийн харилцааны газрын мэдэгдлийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдаа болон газрын төлбөрт 2007 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 100.000.000 төгрөг, 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд 11 удаагийн гүйлгээгээр 3.***.***.*** төгрөг, нийт 3.***.****.*** төгрөгийг төлсөн.

            Өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/3*** дугаар захирамжийн дагуу газрын дуудлага худалдаа болон газрын төлбөрийг Б**** ас*** ХХК 100 хувь төлсөн билээ.

            Манай компани Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт Архитектур төлөвлөлтийн даалгавар авахаар 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 0** тоот албан бичгээр хүсэлт гаргасан бөгөөд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын хүсэлтийг хүлээн авч, хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжиж 6 заалт бүхий зөвлөмж гаргасан.

            Өгсөн зөвлөмжүүдийг тусган архитектур төлөвлөлтийн даалгаврыг авахаар Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт дахин хандсан боловч хариу өгөхгүй, өнөөдрийг хүртэл архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлахгүй асуудлыг удаашруулж байна.

            Нийслэлийн Өмчийн харилцааны газар болон Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын энэхүү эс үйлдэхүй нь манай компанийг Газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж, хөрөнгө оруулалтыг 2 жилээр гацааж хохироосоор өнөөдрийг хүрлээ.

            Энэ тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Ба****** нарт удаа дараа өргөдөл, гомдол гаргахад манай хүсэлтийг яаралтай шийдвэрлэх үүргийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт өгсөн.

            Гэтэл Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар элдэв шалтаг тооцож барилга, архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгохгүй байна гэжээ.

            Хариуцагч Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч Б**** ас*** ХХК нь Хан-Уул дүүргийн *дугаар хороонд хэрэгжүүлэх орон сууцны хорооллын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж тус газар хүргүүлсэн бөгөөд уг ерөнхий төлөвлөгөөг засаж, сайжруулах 6 заалт бүхий үүрэг өгөгдсөн байсан болно.

            Улмаар барилгажилтын төслийг 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж дэмжигдсэн.

            Архитектур төлөвлөлтийн даалгавар бичихийн өмнө Нийслэлийн Өмчийн харилцааны газраас лавлагаа авдаг бөгөөд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 6* дүгээр саналын хуудсаар тухайн газар нь Б**** ас*** ХХК-д бүртгэлгүй болох нь тогтоогдсон.

            Мөн өнөөдрийг хүртэл тухайн газар нь Нийслэлийн Өмчийн харилцааны газрын мэдээллийн санд Т******** т********* ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байх тул тус газраас архитектур төлөвлөлтийн даалгавар баталж өгөх боломжгүй байна.

            Нөгөө талаар тухайн газрын эзэмшдэг Т************тө*******ХХК нь тус газарт хандан 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 06/01, 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 011, 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 003 албан бичгүүдээр архитектур төлөвлөлтийн даалгавар баталж өгөхийг хүссэн боловч Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хандан газрын давхардлаа арилгах талаар хариу өгч байсан болно.

            Б**** ас*** ХХК нь Т************тө*******ХХК-тай газрын давхцал арилгах асуудлыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт тавьж шийдвэрлүүлсний дараа архитектур төлөвлөлтийн даалгавар бичүүлж авах эрх нь нээлттэй.

            Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.4-т заасан захиргааны актыг гаргахгүй байгаа явдал болон тус газрын эс үйлдэхүй хэмээн хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагч Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нийслэлийн Өмчийн харилцааны газрын мэдээллийн санд хяналт тавих ажлын хэсгийн 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар хэлэлцэн нэгж талбарыг мэдээллийн сангаас устгасан болно.

            Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Гуравдагч этгээд Т************тө*******ХХК-ийн захирал Ж.Бямбабаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Т************тө*******ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 5** дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн * дугаар хороо /өмнө нь Нийслэлийн Ардын их хурлын тэргүүлэгчдийн Дүүргүүдийн хороог шинэчлэн байгуулах тухай 1992 оны 31 дүгээр тогтоолоор Хан-Уул дүүргийн *, * дугаар хороо/ хорооны нутаг дэвсгэрт байршил бүхий 140 га газрыг морин спортын зориулалтаар эзэмшихээр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, тухайн газрыг эзэмших эрхтэй болсон.

            Улмаар манай компани нь Монгол Улсын Засгийн газрын 100000 айл орон сууц хөтөлбөр, шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын Утаагүй Улаанбаатар хөтөлбөрүүдийн хүрээнд тус газарт Нийслэлийн иргэддээ зориулан хүүхдийн цэцэрлэг, ясли, сургууль, эмнэлэг, хүүхдийн тоглоомын талбай, ил болон далд автомашины зогсоол, нэгдсэн худалдаа, үйлчилгээ, үзвэрийн барилгууд, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн бүхий орон сууцны цогцолбор хорооллыг барьж, иргэдийн амьдрах орчинг сайжруулж, шинэ дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ бүхий Шинэ Яармаг хорооллын төслийг хэрэгжүүлэхээр газрын зориулалтыг өөрчлөх хүсэлт гаргасны дагуу 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 908 дугаартай захирамжаар тус 140 га газрыг орон сууцны цогцолбор, худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшихээр болж зориулалт өөрчлөгдсөн буюу Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодын хилийн заагийг тогтоох тухай 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн * дугаар тогтоолоор тус дүүргийн * дугаар хороонд харьяалагдах болсон.

            Т************тө*******ХХК-нд Нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 5** дугаартай захирамжаар Хан-Уул дүүргийн 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар эзэмших эрх олгогдсон байтал үүнээс хойш 1 жилийн дараа Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 511 дугаартай захирамжаар тус дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б**** ас*** ХХК-д Буянт-Ухаа хороолол төслийг хэрэгжүүлэх хүрээнд 25 га газар эзэмших эрх олгогдсон байсан.

            Улмаар Б**** ас*** ХХК-иас 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд Т************тө*******ХХК-ийн кадастрын зургийг давхцуулан буруу олгосон 25 га газрыг хууль ёсны дагуу эзэмших боломжоор хангаж өгөхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 372 дугаартай тус шүүхийн шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдаж шийдвэрлэсэн.

            Гэтэл Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан байхад Т************тө*******ХХК-ийн эзэмшлийн газарт давхцуулан Б**** ас*** ХХК-д дээрх 25 газрыг 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/375 дугаартай Нийслэлийн Засаг даргын захирамжаар дахин баталгаажуулсан байдаг.

            Хууль бусаар газар эзэмших эрх баталгаажуулсан газарт архитектур төлөвлөлтийн даалгавар батлах, газрын кадастрын бүртгэлийг хийлгэх хууль зүйн үндэслэл байхгүй юм.

            Иймд Б**** ас*** ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

            Нэхэмжлэгч Б**** ас*** ХХК-ийн Ерөнхий захирал Х.И****** шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: ...Манай компани Хан-Уул дүүргийн * дугаар хороо /хуучнаар 10 дугаар хороо/-ны нутаг дэвсгэрт байрлах 25 га газрыг 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 511 тоот захирамжаар эзэмшсэн.

            Гэтэл Т************тө*******ХХК-ийн 6, 7 дугаар хороонд эзэмшиж байсан 140 га газрыг 6, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрийг дамнуулан мэдээллийн санд буруу бүртгэсэн байсан.

            Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга М.Батсайхан 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 13/728 тоот албан бичигт ...Нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 5** тоот захирамжаар Т************тө*******ХХК нь Хан-Уул дүүргийн 6, 7 дугаар хороонд 140 га газрыг эзэмшсэн ба тус газрыг Хан-Уул дүүргийн 6, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрийг дамнуулан газрын кадастрын мэдээллийн санд буруу бүртгэсэн байна.

            Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 511 тоот захирамжаар манай компанийн Хан-Уул дүүргийн ** дугаар хороонд эзэмшсэн 25 га газрын кадастрын зураг нь Т************тө*******ХХК-ийн газрын кадастрын санд буруу бүртгэгдсэн, дээрх кадастрын зурагтай давхардаж байсан тул мэдээллийн санд бүртгэгдээгүй байна гэж хариу өгсөн болно.

            Улмаар манай компанид ДХАҮ төлөх мэдэгдэл, нэхэмжлэлийг хүргүүлж, газар эзэмших эрхийг гэрчилгээг шинэчлэн байгуулахыг мэдэгдсэний үндсэн дээр холбогдох бичиг баримтыг хуулийн дагуу бүрдүүлэн өгөхөд иргэн, хуулийн этгээдэд барилга байгууламж барих болзолтойгоор газар эзэмшүүлэх гэрээ байгуулан 00********* тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон болно.

            Манай компани архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулахаар хүсэлт гарган дэмжигдэж, 6 заалт бүхий зөвлөмж өгснийг тусган хүргүүлсний дараа үл мэдэх шалтгаанаар ямар нэг хариу мэдэгдэхгүй удаасны эцэст Нийслэлийн Өмчийн харилцааны газраас манай компанийн эзэмшиж байгаа газрын кадастрыг бүртгэлээс хассан тухай амаар мэдэгдсэн бөгөөд улмаар Нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч дарга Т.Батдоржоос манайд ирүүлсэн 2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 3/5986 дугаар бүхий албан тоот дээр ...мэдээллийн санд хяналт тавих ажлын хэсгийн 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар хэлэлцэн үндэслэлгүйгээр бүртгэгдсэн зохих нэгж талбарыг устгасан болно гэж мэдэгдсэн.

            Нийслэлийн Өмчийн харилцааны газарт Засаг даргын захирамжийн дагуу газрын мэдээллийн санд орсон кадастрын зургийг хасах, устгах эрх хуулиар олгогдоогүй.

            Нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч даргын энэхүү хариуг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд Нийслэлийн Засаг даргын захирамж, талуудын хооронд байгуулсан гэрээг зөрчсөн ор үндэслэлгүй, хууль бус үйл ажиллагаа юм... гэжээ.

            Хариуцагч Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: Б**** ас*** ХХК-д анх Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Буянт Ухаа хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсан газарт Нийслэлийн Засаг даргын 2007 оны 511 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Б**** ас*** ХХК-ийн хооронд 10 жилийн хугацаатай байгуулсан гэрээний дагуу олгож, улмаар 2013 оны А/975 дугаар захирамжаар 2 жилийн хугацаатайгаар баталгаажуулсан байна.

            Газрыг баталгаажуулсан дээрх шийдвэр нь Т************тө*******ХХК-ийн эзэмшил газартай давхацсан гэсэн үндэслэлээр Нийслэлийн Өмчийн харилцааны газраас Б**** ас*** ХХК-ийн эзэмшил газрын кадастрын зургийг мэдээллийн сангаас устгаж, 2013 оны А/975 дугаар /өмнөх тайлбарт 2007 оны 511 гэж алдаатай бичигдсэн/ захирамжийн Б**** ас*** ХХК-д хүчингүй болгох шийдвэрийг Газар эзэмших, ашиглахтай холбогдсон гомдол, маргааныг хянан дүгнэлт гаргах ажлын хэсэг-ээс гаргасан болно.

            Түүнчлэн Б**** ас*** ХХК нь газар эзэмших эрхийг сунгуулах хүсэлтээ хуульд заасан хугацаанд гаргаагүй тул уг компанийн газар эзэмших эрх дуусгавар болсон байна.

            Иймд Б**** ас*** ХХК-ийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн болон үндсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Гуравдагч этгээд Т************тө*******ХХК-ийн захирал Ж.Бямбабаатар шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: ...Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 267 тоот тогтоолын Хан-Уул дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнөөс үзвэл Б**** ас*** ХХК-д тухайн үед олгохоор заасан газар нь Хан-Уул дүүргийн ** дугаар хороонд Буянт-Ухаа төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 60 га газар байх ба тус нутаг дэвсгэр нь барилгажилтгүй, гэр хорооллын 3700 айл өрхтэй гэж маш тодорхой заасан байна.

            Гэтэл Б**** ас*** ХХК нь дээр дурдсан захирамж болон тогтоолд заагдсан, төлөвлөгдсөн газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, Буян-Ухаа төсөлд ч хамрагдаагүй хэрнээ захирамжид заагдсанаас огт өөр байршилд буюу Т************тө*******ХХК-ийн хууль ёсоор эзэмшиж буй Хан-Уул дүүргийн *дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай, нэгж талбарын 18634304666010 дугаар бүхий ойр орчинд нь огт айл өрх суурьшаагүй газартай зориуд давхцуулж газар авахаар хөөцөлдөж, манай компанийн эрх, ашиг сонирхлыг олон жил зөрчиж, хохироосон үйлдэл гаргаж байна.

            Тус компанийн эзэмшихээр хүсэлт гаргаж, хууль бусаар баталгаажуулсан газар нь Т************тө*******ХХК-ийн эзэмшиж буй газартай давхацсан тул Б**** ас*** ХХК-д эзэмшүүлэхээр олгосон 25 га газрыг кадастрын нэгдсэн санд бүртгэх боломжгүй болохыг албан ёсоор Нийслэлийн газрын харилцааны албанаас мэдэгдсэн... гэжээ.

            Нэхэмжлэгч Б**** ас*** ХХК-ийн захирал Х.И****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт дээр байгаа. Т************тө*******ХХК-ийн кадастр нь 2007 онд бүртгэгдсэн. Тэгэхдээ тухайн үед баталгаажуулаагүй байгаа. Дараа нь 2011 онд баталгаажуулсан байдаг. Энэ хугацаанд манай кадастрын бүртгэлийг бүртгээгүй байдаг. Манайх хуулийн дагуу бүх мөнгөн төлбөрөө төлсөн байгаа. Өмгөөлөгч хэлсэн манайх удаа дараа хүсэлт гаргаад очихоор танайх тохирчих гэдэг байна. Үүнээс болоод манайх хугацаа алдсан. Хугацаа алдсаны дараа танайх хугацаандаа хүсэлтээ гаргаагүй гэж байгаа. Ийм учраас шүүх шударгаар шийдвэрлэж өгнө үү гэв.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Хаш-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нийслэлийн Өмчийн харилцааны газар болон Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын энэхүү эс үйлдэхүй нь манай компанийн газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхдээ саад учруулан хөрөнгө оруулалтыг 2 жилээр гацааж хохироосоор өнөөдрийг хүрсэн. Энэ тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга нарт удаа дараа өргөдөл, гомдол гаргасан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нь нийслэлийн орлогч дарга С.Очирбат болон Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар нарт манай хүсэлтийг яаралтай шийдвэрлэж өгөхийг удаа дараа үүрэг болгосон боловч өнөөдрийг хүртэл асуудлыг шийдвэрлэж архитектур төлөвлөгөөний даалгаврыг олгуулахгүй байна.

Тус компани нь Хан-Уул дүүргийн * дугаар хороо хуучнаар 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 га газрыг 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 511 тоот захирамжаар эзэмшсэн. Гэтэл Т************тө*******ХХК нь Хан-Уул дүүргийн 6,7 дугаар хороонд эзэмшиж байсан 140 га газрыг 6,10 дугаар хорооны нутаг дэвсгэрийг дамнуулан мэдээллийн санд буруу бүртгэсэн байсан. Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга М.Батсайхан 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 13/728 тоот албан бичигт Нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 5** тоот захирамжаар Т************тө*******ХХК нь Хан-Уул дүүргийн 6,7 дугаар хороонд 140 га газрыг эзэмшсэн ба тус газрыг Хан-Уул дүүргийн 6,10 дугаар хорооны нутаг дэвсгэрийг дамнуулсан газрыг Кадастрын мэдээллийн санд буруу бүртгэсэн байна. Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 511 тоот захирамжаар манай компанийн Хан-Уул дүүргийн ** дугаар хороонд эзэмшсэн 25 га газрын кадастрын зураг нь Т************тө*******ХХК-ийн газрын кадастрын санд буруу бүртгэгдсэн дээрх кадастрын зурагтай давхардаж байсан тул мэдээллийн санд бүртгэгдээгүй байна гэх хариу өгсөн. Улмаар манай компанид дуудлага худалдааны анхны үнэ төлөх мэдэгдэл, нэхэмжлэлийг хүргүүлж, газар эзэмших эрхийн гэрээг шинэчлэн байгуулахыг мэдэгдсэний үндсэн дээр холбогдох бичиг баримтыг хуулийн дагуу бүрдүүлэн өгөхөд иргэн хуулийн этгээд барилга байгууламж барих болзолтойгоор газар эзэмшүүлэх гэрээ байгуулан 00********* тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон. Тус компани архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулахаар хүсэлт гарган дэмжигдэж, 6 заалт бүхий зөвлөмж өгснийг тусган хүргүүлсний дараа үл мэдэх шалтгаанаар бүрдүүлбэр хийхэд Өмчийн харилцааны газрын зарим албан тушаалтнуудын буруутай үйлдлээс болж хойшилсоор 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүсэлт гаргасныг 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр газрын нэг цэгийн үйлчилгээ хүлээж авсан болно. Манай компани гэрээний хугацаа сунгах хүсэлтийг Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасны дагуу хуанлийн 30 хоногийн өмнө өгсөн. Ийм учраа Нийслэлийн Өмчийн харилцааны газрын албан тушаалтнууд нь ажилдаа хайнга хандаж, Т************тө*******ХХК-ийн ашиг сонирхолын талд зогсож байгааг харуулж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хорооны асуудал бол яригдаж байгаа боловч Нийслэлийн Засаг дарга хүлээн зөвшөөрч захирамж шийдвэрлэсэн байгаа. Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан байхад Нийслэлийн Өмчийн харилцааны газар кадастрын зургийг мэдээллийн сангаас устгаж байгаа нь үйлдэл нь ямар хууль журмын явагдсан бэ гэдэг асуудал өмнөх хуралдаан дээр яригдсан байгаа. Энэ талаар ямарч тайлбар байхгүй байна талуудад устгасан гэж байгаа болохоос биш. Төрийн байгууллагын аливаа үйл ажиллагаа эрх бүхий байгууллагаас баталсан хуулийн дагуу явагдах ёстой. Энэ устгаж байгаа үйлдэл нь хуулийн дагуу явагдаагүй байна. Энэ үйлдэл нь Бо****-Ас**ХХК-ийн газар эзэмшүүлэх боломжийг хязгаарлаж байна. Кадастрын зураг хийгдээд Засаг даргын захирамж гарсан байхад дараагийн албан тушаалтнууд дээд шатны байгууллагын шийдвэрийг биелүүлэхгүй байх эрх байна уу, үгүй юу сайн ойлгохгүй байна. Нийслэлийн Засаг даргад манайх удаа дараа хүсэлт тавихад шийдэх боломжтой үүрэг өгсөн гэдэг. Тэгтэл шийдвэрлэж өгдөггүй. Гэрээ сунгах асуудал бол шүүх дээр маргаантай байгаа. н.Энхжаргал гэдэг хуульч хэлж байсан. Шүүх дээр байгаа маргаантай асуудлыг шүүхээс эцсийн шийдвэр гарсны дараа шийдэгдэх ёстой гэж байсан. Бо****-Ас**ХХК хугацаандаа хүсэлтээ өгсөн. Гэрээний хугацааны эрхий нь тасалдуулахын тулд эрх бүхий албан тушаалтнуудын явуулж байгаа үйл ажиллагаа болохоос биш Бо****-Ас**ХХК-ийн талаас ямар нэгэн зөрчил гаргаагүй... гэв.

Хариуцагч Нийслэлийн Өмчийн харилцааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батцогт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...7 дугаар хороо замын хойд талд, 6 дугаар хороо замын хойд тал байдаг гэж яриад байна. 6,7 дугаар хороо замын хойд талд байдаг. Харин 8 дугаар хороо замын урд талд байдаг байгаа. Замын хойд талд 1.400.000 м.кв газар эзэмшүүлэх боломжгүй гэж тухайн үед байсан хүн нь хэлсэн байгаа. 2012 онд гарсан гэрээг захирамж хэлбэрээр үндэслээд гэрчилгээ хэвлэгдээд сарын дараа хэвлэгдээд гардаг байгаа. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлсэн 132 м.кв газрын талаар яриж байна. 2010 оны 5/39 дүгээр тогтоол байгаа гэв.

Хариуцагч Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Болор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б**** ас*** ХХК нь Хан-Уул дүүргийн *дугаар хороонд 25 га газар эзэмшдэг. Тухайн газартаа барилга барих хүсэлт гаргасан байдаг. Тухайн хүсэлтийг авч 6 заалт бүхий зөвлөмж өгсөн гэдэг. Тухайн хүсэлтийг хүлээн авч судлаад 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр техникийн зөвлөлийн хурлаар орж дэмжигдсэн. Техникийн зөвлөлийн дүрмийн дагуу хурлаар орж дэмжигдсэн барилга барих хүсэлтүүдэд хувийн хэрэг нээж архитектор төлөвлөлтийн даалгавар баталж өгдөг. Энэ явцад Нийслэлийн өмчийн харилцааны газраас санал авах хуудсаар лавлагаа авдаг. Гэтэл Нийслэлийн өмчийн харилцааны газарын 03 дугаар сарын 10-ны өдрийн 64 тоот саналын хуудсаар Б**** ас*** ХХК-ийн нэгж талбарын кадастрын зургийг Нийслэлийн өмчийн харилцааны газрын мэдээллийн санд бүртгэлгүй байршил нь тодорхой бус байна гэсэн хариу ирүүлсэн. Ийм учраас Архитектур төлөвлөлт-ийн даалгавар баталж өгөх боломжгүй болсон.

Мэдээллийн санд Т************тө*******ХХК-ийн газартай давхцсан байсан. Улмаар Б**** ас*** ХХК-д газрын асуудлаа шийдэж ирэхэд Архитектур төлөвлөлт-ийн даалгавар баталж өгөхөд татгалзах зүйл байхгүй гэсэн хариу өгсөн. Тийм учраас захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.4-д заасанчилан манай байгууллагын эс үйлдэхүй байгаагүй. Иймд эс үйлдэхүйг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Т************тө*******ХХК-ийн захирал Ж.Бямбабаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2006 онд анх газар эзэмших эрх авсан үүнээс хойш үүргээ биелүүлж гэрээнийхээ дагуу мөнгө төлбөрөө төлөөд явж байгаа. Бо****-Ас**ХХК-ийн захирамж нь 2007 онд Хан-Уул дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт гарсан. Зориулалт нь орон сууцны төсөл хэрэгжүүлэн гэж авсан. 2006 оны Иргэдийн төлөөлөгчийн хурлын протокол байгаа. Энэ протокол дээр орон сууцжуулах хөтөлбөрийг тодорхой заагаад өгсөн байгаа. Бо****-Ас**ХХК нь 2011 оноос маргаан үүсгэж манай компанийн үйл ажиллагаанд 6 жил саад учруулж байна. Манайх хүсэлтэд дээр ийм нэгж талбайтай газар эзэмшиж байгаа. Үүнийгээ 2020 он хүртэл Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж барилга байгууламж барих зориулалтаа нэмэгдүүлэх хүсэлт тавьсан. Үүний дагуу газрын албан тухайн үед 2006 онд гарсан захирамж 5 жилээр дуусгавар болоод манайх дуусгавар болсонтой холбогдуулж үргэлжлүүлэн хүсэлт тавьсан. 2011 онд манай захирамж гараад одоог хүртэл гэрээний үүргээ биелүүлээд явж байгаа. Бо****-Ас**ХХК-ийн 2007 онд гарсан захирамж 10 жилийн хугацаатай нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтарч гаргасан захирамж байдаг. Энэ захирамж өнөөдрийн хүртэл хүчинтэй юу үгүй юу гэдэг асуудлыг сайн мэдэхгүй байна. Тэгэхдээ Хан-Уул дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг. Мөн Бо****-Ас**ХХК нь 2013 онд газар эзэмших тухай хүсэлт гаргасан байдаг боловч 2013 онд захирамж гарахдаа 8 дугаар хороо гэж гарч байсан. Энэ нь тухайн үед техникийн алдаа юм уу эсхүл ямар нэгэн эрх ашгийн зөрчилтэй байдлаар гаргуулж авсан гэж үзэж байна гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Болортуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Бо****-Ас**ХХК нь Буянт-Ухаа төслийн хэрэгжүүлэх зорилгоор газар авсан. 1 болон 2 Буянт-Ухаа төсөл баригдсан байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ярьж байна манайх хүсэлтээ сунгах талаар удаа дараа хандсан боловч хүлээж аваагүй гэж байна. Тэгэхээр Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 тоот журам батлах тухай тогтоол байгаа. Энэ тогтоолын 1.3, 3.4-т тус, тус зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг иргэд хүлээн авах төвөөр дамжуулан гаргана гэж зохицуулж өгсөн. Тэгэхээр иргэд хүлээн авах төвд материал бүрдүүлж өгөхдөө хууль ёсны дагуу шаардлага хангасан материал өгөөгүй. Мөн 2010 оны А/275 дугаар захирамжаар манай эрх ашгийг зөрчсөн байна гэж үзээд төрийн эрх бүхий байгууллагуудад хүчин болгож өгнө үү гэж хандсан. Үүний хариуд танай компанийн эрх ашиг зөрчсөн үйлдэл дуусгавар болсон байна гэсэн агуулгатай албан бичиг ирсэн. Тэгэхээр манайх төрийн эрхийн байгууллагаас гаргасан шийдвэрийг хууль ёсны дагуу гэж үзэж байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Бо****-Ас**ХХК нь 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн №А/32 тоот Тайлбар хүргүүлэх тухай албан бичгээр[1][1] нэхэмжлэлийн шаардлагуудаа эцсийн байдлаар нэгтгэн дараах 4 нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ. Үүнд:

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70.2.4-д заасныг удирдлага болгон Хот төлөвлөлтийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус заасныг үндэслэн Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын эс үйлдэхүйг хууль бусад тооцуулж, Бо****-Ас**ХХК-д өөрийн хууль ёсны эзэмшлийн Хан-Уул дүүргийн * дугаар хороо /хуучнаар 10 дугаар хороо/-нд байрлах 25 га газарт орон сууц, үйлчилгээний хорооллын төсөл хэрэгжүүлэх ажилд хууль, дүрмийн дагуу архитектур төлөвлөлтийн даалгавар баталж өгөхийг даалгуулах;

2. Бо****-Ас**ХХК-ийн хууль ёсны эзэмшиж буй газрын кадастрын нэгж талбарыг устгасан үйлдлийг хууль бусад тооцож, Бо****-Ас**ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж буй газрын кадастрын бүртгэлийг сэргээхийг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгуулах,

3. Т************тө*******ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2006 оны 5** дугаар захирамжаар Хан-Уул дүүрэг, *, * дугаар хороонд газар олгогдсон байхад зориудаар Нийслэлийн Өмчийн харилцааны газраас кадастрын мэдээллийн санд Бо****-Ас**ХХК-ийн Хан-Уул дүүргийн ** дугаар хороонд олгогдсон эзэмшил газартай дамнуулан бүртгэсэн үйлдлийг хууль бусад тооцуулах;

4. Бо****-Ас**ХХК-ийн хууль ёсны эзэмшиж байсан газрын хугацааг сунгах үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулж, гэрээний хугацаа сунгах үйл ажиллагааг тасалдуулж байгаа Нийслэлийн Өмчийн харилцааны газрын үйлдлийг хууль бусад тооцож, Бо****-Ас**ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж байгаа газрын гэрээг сунгахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгуулах 

Шүүх Т************тө*******ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2006 оны 5** дугаар захирамжаар Хан-Уул дүүрэг, *, * дугаар хороонд газар олгогдсон байхад зориудаар Нийслэлийн Өмчийн харилцааны газраас кадастрын мэдээллийн санд Бо****-Ас**ХХК-ийн Хан-Уул дүүргийн ** дугаар хороонд олгогдсон эзэмшил газартай дамнуулан бүртгэсэн үйлдлийг хууль бусад тооцуулах шаардлага болон Бо****-Ас**ХХК-ийн хууль ёсны эзэмшиж байсан газрын хугацааг сунгах үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулж, гэрээний хугацаа сунгах үйл ажиллагааг тасалдуулж байгаа Нийслэлийн Өмчийн харилцааны газрын үйлдлийг хууль бусад тооцож, Бо****-Ас**ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж байгаа газрын гэрээг сунгахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзан, тус нэхэмжлэлийн шаардлагуудад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын эс үйлдэхүйг хууль бусад тооцуулж, Бо****-Ас**ХХК-д өөрийн хууль ёсны эзэмшлийн Хан-Уул дүүргийн * дугаар хороо /хуучнаар 10 дугаар хороо/-нд байрлах 25 га газарт орон сууц, үйлчилгээний хорооллын төсөл хэрэгжүүлэх ажилд хууль, дүрмийн дагуу архитектур төлөвлөлтийн даалгавар баталж өгөхийг даалгуулах болон Бо****-Ас**ХХК-ийн хууль ёсны эзэмшиж буй газрын кадастрын нэгж талбарыг устгасан үйлдлийг хууль бусад тооцож, Бо****-Ас**ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж буй газрын кадастрын бүртгэлийг сэргээхийг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд:

Нэхэмжлэгч Бо****-Ас**ХХК нь урьд нь Нийсэлийн засаг дарга болон Нийслэлийн Өмчийн харилцааны газарт холбогдуулан Т************тө*******ХХК-ийн кадастрын зургийг давхцуулан буруу олгосон 25 га газрыг хууль ёсны дагуу эзэмших боломжоор хангаж өгөхийг даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар 372 тоот захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Дээрх татгалзсан нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгчийн одоогийн гаргасан Т************тө*******ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2006 оны 5** дугаар захирамжаар Хан-Уул дүүрэг, *, * дугаар хороонд газар олгогдсон байхад зориудаар Нийслэлийн Өмчийн харилцааны газраас кадастрын мэдээллийн санд Бо****-Ас**ХХК-ийн Хан-Уул дүүргийн ** дугаар хороонд олгогдсон эзэмшил газартай дамнуулан бүртгэсэн үйлдлийг хууль бусад тооцуулах шаардлага болон Бо****-Ас**ХХК-ийн хууль ёсны эзэмшиж байсан газрын хугацааг сунгах үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулж, гэрээний хугацаа сунгах үйл ажиллагааг тасалдуулж байгаа Нийслэлийн Өмчийн харилцааны газрын үйлдлийг хууль бусад тооцож, Бо****-Ас**ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж байгаа газрын гэрээг сунгахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудтай агуулга, үр дагаварын хувьд адил байх тул тус нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар 372 тоот захирамж хүчин төгөлдөр байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6-д ...уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар хуульчилсан байна.

Мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т Нэхэмжлэлээсээ татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд энэ нь бусад этгээд уг асуудлаар бие даасан нэхэмжлэл гаргахад саад болохгүй гэж заасан байна.

Иймд дээрх 2 нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хэрэгсэхгүй болгосон нэхэмжлэлийг шаардлагуудын тухайд:

Бо****-Ас**ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх тухай 511 дүгээр захирамжаар[2][2] Хан-Уул дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Наадамчдын гудамж, Төв аймгийн замын уулзварын зүүн урд талд байрлах 25 га газрыг эзэмшүүлсэн байна.

Улмаар Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай А/975 дугаар захирамжаар[3][3] Хан-Уул дүүргийн *дугаар хорооны нутаг дэвсгэрт 250000 м.кв газрыг эзэмшүүлсэн байна.

            Харин Т************тө*******ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх, шинээр баталгаажуулах тухай дугаар 5** тоот захирамжаар[4][4] Хан-Уул дүүргийн 0, 07 *дугаар хороонд байрлах 1400000 м.кв газрыг морин спортын зориулалтаар эзэмшүүлсэн байна.

            Мөн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай дугаар 908 тоот захирамжаар[5][5] Т************тө*******ХХК-д Хан-Уул дүүргийн *дугаар хорооны нутаг дэвсгэрт байршуулан орон сууцны цогцолбор, худалдаа, үйлчилгээний зориулалтаар 1400000 м.кв газрыг эзэмшүүлсэн байна.

Дээрх үйл баримтуудаас үзэхэд гуравдагч этгээд Т************тө*******ХХК-д маргаан бүхий газрыг цаг хугацааны хувьд түрүүлж эзэмшүүлсэн байна.

Газрын тухай хуулийн 31-р зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан ба Бо****-Ас**ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 511 дүгээр захирамжаар[6][6] газар эзэмшүүлэхдээ урьд нь Т************тө*******ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар 5** тоот захирамжаар[7][7] эзэмшүүлсэн газартай давхцуулан эзэмшүүлсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна.

Нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар 5** тоот захирамжаар Т************тө*******ХХК-д Хан-Уул дүүргийн 06, 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт эзэмшүүлсэн газар нь одоогийн Хан-Уул дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Т************тө*******ХХК-д эзэмшүүлсэн газар мөн болох нь Улаанбаатар хотын Ардын хурлын тэргүүлэгчдийн 1992 оны Дүүргүүдийн хороог шинэчлэн байгуулах тухай 31 дүгээр тогтоолын хавсралт[8][8] болон Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Хороодын хилийн заагийг тогтоох тухай дугаар 08 тоот тогтоол[9][9], Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №3/1363 тоот албан бичиг[10][10], Хан-Уул дүүргийн *дугаар хорооны Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №118 тоот албан бичиг[11][11], Нийслэлийн Өмчийн харилцааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд мэдүүлсэн гэрч Б.Э*********** мэдүүлэг гэх мэт болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдож байна.

Дээрх үндэслэлүүдээс үзэхэд Бо****-Ас**ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2007 оны 511 дүгээр захирамжаар[12][12] газар эзэмшүүлэхдээ урьд нь Т************тө*******ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2006 оны 5** дугаар захирамжаар эзэмшүүлсэн газартай давхцуулан эзэмшүүлсэн нь хууль зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй байна.

Аливаа иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрх нь хууль ёсоор үүссэний үндсэн дээр уг газар эзэмших эрхээс улбаалж барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулах, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авах гэх мэт дараагийн эрх үүсэх нь тодорхой бөгөөд газар эзэмших эрх нь хууль ёсны болох нь тогтоогдохгүй бол дараагийн асуудал болох архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулах, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгох гэх мэт асуудлыг шийдвэрлэх боломжгүй юм.

Иймд маргаан бүхий газар нь газрын кадастрын мэдээллийн санд Т************тө*******ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй буюу Бо****-Ас**ХХК-ийн газар нь Т************тө*******ХХК-тай газартай давхцсан байх тул энэ асуудлаа шийдвэрлүүлсэний дараа архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулах эрх нь нээлттэй, иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа хариуцагч Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын тайлбар үндэслэлтэй байна.

Тодруулбал Бо****-Ас**ХХК-ийн газар нь Т************тө*******ХХК-тай газартай давхцсан гэсэн үндэслэлээр архитектур төлөвлөлтийн даалгавар батлахаас татгалзсан Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын үйлдэл нь хуульд нийцсэн байна.

Дээрх үндэслэлээр Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын эс үйлдэхүйг хууль бусад тооцуулж, Бо****-Ас**ХХК-д өөрийн хууль ёсны эзэмшлийн Хан-Уул дүүргийн * дугаар хороо /хуучнаар 10 дугаар хороо/-нд байрлах 25 га газарт орон сууц, үйлчилгээний хорооллын төсөл хэрэгжүүлэх ажилд хууль, дүрмийн дагуу архитектур төлөвлөлтийн даалгавар баталж өгөхийг даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Бо****-Ас**ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2007 оны 511 дүгээр захирамжаар[13][13] газар эзэмшүүлэхдээ урьд нь Т************тө*******ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2006 оны 5** дугаар захирамжаар эзэмшүүлсэн газартай давхцуулан эзэмшүүлсэн хууль зөрчсөн байх тул Бо****-Ас**ХХК-ийн газрын нэгж талбар, мэдээллийг газрын кадастрын мэдээллийн сангаас устгасан Нийслэлийн Өмчийн харилцааны газрын үйлдэл нь хуульд нийцсэн байна.

Иймд Бо****-Ас**ХХК-ийн хууль ёсны эзэмшиж буй газрын кадастрын нэгж талбарыг устгасан үйлдлийг хууль бусад тооцож, Бо****-Ас**ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж буй газрын кадастрын бүртгэлийг сэргээхийг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүх цаг хугацааны хувьд өмнө нь Т************тө*******ХХК-д эзэмшүүлсэн байсан газартай давхцуулан Бо****-Ас**ХХК-д газар эзэмшүүлсэн засаг даргын захирамж нь Газрын тухай хуулийн 31-р зүйлийн 31.3-т заасныг зөрчсөн байна гэж дүгнэсэн тул нэхэмжлэгчийн маргаж буй бусад үндэслэлд шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй байна.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9, 74 дүгээр зүйлийн 74.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6, 41 дүгээр зүйлийн 41.3-д заасныг тус тус баримтлан Т************тө*******ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2006 оны 5** дугаар захирамжаар Хан-Уул дүүрэг, *, * дугаар хороонд газар олгогдсон байхад зориудаар Нийслэлийн Өмчийн харилцааны газраас кадастрын мэдээллийн санд Бо****-Ас**ХХК-ийн Хан-Уул дүүргийн ** дугаар хороонд олгогдсон эзэмшил газартай дамнуулан бүртгэсэн үйлдлийг хууль бусад тооцуулах шаардлага болон Бо****-Ас**ХХК-ийн хууль ёсны эзэмшиж байсан газрын хугацааг сунгах үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулж, гэрээний хугацаа сунгах үйл ажиллагааг тасалдуулж байгаа Нийслэлийн Өмчийн харилцааны газрын үйлдлийг хууль бусад тооцож, Бо****-Ас**ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж байгаа газрын гэрээг сунгахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгуулах-ыг хүссэн нэхэмжлэгч Бо****-Ас**ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж, тус нэхэмжлэлийн шаардлагуудад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Газрын тухай хуулийн 31-р зүйлийн 31.3-т заасныг баримтлан Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын эс үйлдэхүйг хууль бусад тооцуулж, Бо****-Ас**ХХК-д өөрийн хууль ёсны эзэмшлийн Хан-Уул дүүргийн * дугаар хороо /хуучнаар 10 дугаар хороо/-нд байрлах 25 га газарт орон сууц, үйлчилгээний хорооллын төсөл хэрэгжүүлэх ажилд хууль, дүрмийн дагуу архитектур төлөвлөлтийн даалгавар баталж өгөхийг даалгуулах болон Бо****-Ас**ХХК-ийн хууль ёсны эзэмшиж буй газрын кадастрын нэгж талбарыг устгасан үйлдлийг хууль бусад тооцож, Бо****-Ас**ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж буй газрын кадастрын бүртгэлийг сэргээхийг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгуулах-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэгч Бо****-Ас**ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.БАТЗОРИГ