Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 216

 

“Богд Асар” ХХК-ийн  

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгч “Богд Асар” ХХК-ийн захирал Х.Идэнбаяр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Хаш-Эрдэнэ, А.Золжаргал, М.Батболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээ, гуравдагч этгээд Ж.Бямбабаатар, түүний өмгөөлөгч С.Болортуяа нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 113 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 251 дүгээр магадлалтай, “Богд Асар” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Богд асар” ХХК-ийн ерөнхий захирал Х.Идэнбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Богд асар” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 511 дүгээр захирамжаар 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газраас гаргасан Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Наадамчдын гудамжинд орон сууц, үйлчилгээний цогцолбор барих 25 га газрыг олгох тухай 1 дугаартай мэдэгдлийг олгосон бөгөөд үүний дагуу кадастрыг хийлгэн 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай 07/03 тоот хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Уг гэрээг үндэслэн 2007 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн газрын албатай газар эзэмших гэрээ байгуулж, 2007 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 0141783 дугаар бүхий орон сууц, үйлчилгээний цогцолборын зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон.

Ийнхүү “Богд асар” ХХК нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт харьяалагдах 25 га газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/975 дугаар захирамжийг дахин баталгаажуулж, 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 178025/0011 газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, 000303788 тоот газар эзэмших гэрчилгээгээр эзэмшдэг болно.

“Богд асар” ХХК нь Нийслэлийн Өмчийн харилцааны газрын мэдэгдлийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдаа болон газрын төлбөрт нийтдээ 3.300.000.000 төгрөгийг төлсөн. Манай компани Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт “Архитектур төлөвлөлтийн даалгавар” авахаар 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 079 тоот албан бичгээр хүсэлт гаргасан бөгөөд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын хүсэлтийг хүлээн авч, хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжиж 6 заалт бүхий зөвлөмж гаргасан. Өгсөн зөвлөмжүүдийг тусган архитектур төлөвлөлтийн даалгаврыг авахаар Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт дахин хандсан боловч хариу өгөхгүй, өнөөдрийг хүртэл архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлахгүй асуудлыг удаашруулж барилга, архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгохгүй байна.

Гэтэл “Туурайн төвөргөөн” ХХК-ийн 6, 7 дугаар хороонд эзэмшиж байсан 140 га газрыг 6, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрийг дамнуулан мэдээллийн санд буруу бүртгэсэн байсан. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга М.Батсайхан 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 13/728 тоот албан бичигт “...Нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 568 тоот захирамжаар “Туурайн төвөргөөн” ХХК нь Хан-Уул дүүргийн 6, 7 дугаар хороонд 140 га газрыг эзэмшсэн ба тус газрыг Хан-Уул дүүргийн 6, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрийг дамнуулан газрын кадастрын мэдээллийн санд буруу бүртгэсэн байна. Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 511 тоот захирамжаар манай компанийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд эзэмшсэн 25 га газрын кадастрын зураг нь “Туурайн төвөргөөн” ХХК-ийн газрын кадастрын санд буруу бүртгэгдсэн, дээрх кадастрын зурагтай давхардаж байсан тул мэдээллийн санд бүртгэгдээгүй байна” гэж хариу өгсөн болно.

Манай компани архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулахаар хүсэлт гарган дэмжигдэж, 6 заалт бүхий зөвлөмж өгснийг тусган хүргүүлсний дараа үл мэдэх шалтгаанаар ямар нэг хариу мэдэгдэхгүй удаасны эцэст Нийслэлийн Өмчийн харилцааны газраас манай компанийн эзэмшиж байгаа газрын кадастрыг бүртгэлээс хассан тухай амаар болон Нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч даргын албан тоот дээр “... мэдээллийн санд хяналт тавих” ажлын хэсгийн 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар хэлэлцэн үндэслэлгүйгээр бүртгэгдсэн зохих нэгж талбарыг устгасан болно” гэж мэдэгдсэн. Нийслэлийн Өмчийн харилцааны газарт Засаг даргын захирамжийн дагуу газрын мэдээллийн санд орсон кадастрын зургийг хасах, устгах эрх хуулиар олгогдоогүй.

Иймд, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын эс үйлдэхүйг хууль бусад тооцуулж, “Богд Асар” ХХК-д өөрийн хууль ёсны эзэмшлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо /хуучнаар 10 дугаар хороо/-нд байрлах 25 га газарт орон сууц, үйлчилгээний хорооллын төсөл хэрэгжүүлэх ажилд хууль, дүрмийн дагуу архитектур төлөвлөлтийн даалгавар баталж өгөхийг даалгуулж,

“Богд Асар” ХХК-ийн хууль ёсны эзэмшиж буй газрын кадастрын нэгж талбарыг устгасан” үйлдлийг хууль бусад тооцож, “Богд Асар” ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж буй газрын кадастрын бүртгэлийг сэргээхийг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгуулах, “Туурайн төвөргөөн” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2006 оны 568 дугаар захирамжаар Хан-Уул дүүрэг, 6, 8 дугаар хороонд газар олгогдсон байхад зориудаар Нийслэлийн Өмчийн харилцааны газраас кадастрын мэдээллийн санд “Богд Асар” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд олгогдсон эзэмшил газартай дамнуулан бүртгэсэн үйлдлийг хууль бусад тооцуулах, “Богд Асар” ХХК-ийн хууль ёсны эзэмшиж байсан газрын хугацааг сунгах үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулж, гэрээний хугацаа сунгах үйл ажиллагааг тасалдуулж байгаа Нийслэлийн Өмчийн харилцааны газрын үйлдлийг хууль бусад тооцож, “Богд Асар” ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж байгаа газрын гэрээг сунгахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч “Богд асар” ХХК нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд хэрэгжүүлэх орон сууцны хорооллын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж тус газар хүргүүлсэн бөгөөд уг ерөнхий төлөвлөгөөг засаж, сайжруулах 6 заалт бүхий үүрэг өгөгдсөн байсан болно. Улмаар барилгажилтын төслийг 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж дэмжигдсэн. Архитектур төлөвлөлтийн даалгавар бичихийн өмнө Нийслэлийн Өмчийн харилцааны газраас лавлагаа авдаг бөгөөд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 64 дүгээр саналын хуудсаар тухайн газар нь “Богд асар” ХХК-д бүртгэлгүй болох нь тогтоогдсон.

Мөн өнөөдрийг хүртэл тухайн газар нь Нийслэлийн Өмчийн харилцааны газрын мэдээллийн санд “Туурайн төвөргөөн” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байх тул тус газраас архитектур төлөвлөлтийн даалгавар баталж өгөх боломжгүй байна. Нөгөө талаар тухайн газрын эзэмшдэг “Туурайн төвөргөөн” ХХК нь тус газарт хандан 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 06/01, 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 011, 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 003 албан бичгүүдээр архитектур төлөвлөлтийн даалгавар баталж өгөхийг хүссэн боловч Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хандан газрын давхардлаа арилгах талаар хариу өгч байсан болно.

“Богд асар” ХХК нь “Туурайн төвөргөөн” ХХК-тай газрын давхцал арилгах асуудлыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт тавьж шийдвэрлүүлсний дараа архитектур төлөвлөлтийн даалгавар бичүүлж авах эрх нь нээлттэй. Иймд, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.4-т заасан захиргааны актыг гаргахгүй байгаа явдал болон тус газрын эс үйлдэхүй хэмээн хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нийслэлийн Өмчийн харилцааны газрын “мэдээллийн санд хяналт тавих” ажлын хэсгийн 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар хэлэлцэн нэгж талбарыг мэдээллийн сангаас устгасан болно. “Богд асар” ХХК-д анх Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Буянт Ухаа” хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсан газарт Нийслэлийн Засаг даргын 2007 оны 511 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Богд асар” ХХК-ийн хооронд 10 жилийн хугацаатай байгуулсан гэрээний дагуу олгож, улмаар 2013 оны А/975 дугаар захирамжаар 2 жилийн хугацаатайгаар баталгаажуулсан.

Газрыг баталгаажуулсан дээрх шийдвэр нь “Туурайн төвөргөөн” ХХК-ийн эзэмшил газартай давхацсан гэсэн үндэслэлээр Нийслэлийн Өмчийн харилцааны газраас “Богд асар” ХХК-ийн эзэмшил газрын кадастрын зургийг мэдээллийн сангаас устгаж, 2013 оны А/975 дугаар захирамжийн “Богд асар” ХХК-д хүчингүй болгох шийдвэрийг “Газар эзэмших, ашиглахтай холбогдсон гомдол, маргааныг хянан дүгнэлт гаргах ажлын хэсэг”-ээс гаргасан болно. Түүнчлэн “Богд асар” ХХК нь газар эзэмших эрхийг сунгуулах хүсэлтээ хуульд заасан хугацаанд гаргаагүй тул уг компанийн газар эзэмших эрх дуусгавар болсон байна. Иймд “Богд асар” ХХК-ийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн болон үндсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд “Туурайн төвөргөөн” ХХК-ийн захирал Ж.Бямбабаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Туурайн төвөргөөн” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 568 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршил бүхий 140 га газрыг морин спортын зориулалтаар эзэмшихээр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, тухайн газрыг эзэмших эрхтэй болсон.

Улмаар манай компани нь тус газарт хүүхдийн цэцэрлэг, ясли, сургууль, эмнэлэг, хүүхдийн тоглоомын талбай, ил болон далд автомашины зогсоол, нэгдсэн худалдаа, үйлчилгээ, үзвэрийн барилгууд, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн бүхий орон сууцны цогцолбор хорооллыг барьж, иргэдийн амьдрах орчинг сайжруулж, шинэ дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ бүхий “Шинэ яармаг” хорооллын төслийг хэрэгжүүлэхээр газрын зориулалтыг өөрчлөх хүсэлт гаргасны дагуу 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 908 дугаартай захирамжаар тус 140 га газрыг орон сууцны цогцолбор, худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшихээр болж зориулалт өөрчлөгдсөн буюу Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодын хилийн заагийг тогтоох тухай 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2 дугаар тогтоолоор тус дүүргийн 8 дугаар хороонд харьяалагдах болсон.

“Туурайн төвөргөөн” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 568 дугаартай захирамжаар Хан-Уул дүүргийн 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар эзэмших эрх олгогдсон байтал үүнээс хойш 1 жилийн дараа Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 511 дугаартай захирамжаар тус дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Богд асар” ХХК-д “Буянт-Ухаа” хороолол төслийг хэрэгжүүлэх хүрээнд 25 га газар эзэмших эрх олгогдсон байсан. Улмаар “Богд асар” ХХК-иас 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд “Туурайн төвөргөөн” ХХК-ийн кадастрын зургийг давхцуулан буруу олгосон 25 га газрыг хууль ёсны дагуу эзэмших боломжоор хангаж өгөхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 372 дугаартай тус шүүхийн шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдаж шийдвэрлэсэн. Гэтэл Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан байхад “Туурайн төвөргөөн” ХХК-ийн эзэмшлийн газарт давхцуулан “Богд асар” ХХК-д дээрх 25 газрыг 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/375 дугаартай Нийслэлийн Засаг даргын захирамжаар дахин баталгаажуулсан байдаг.

Хууль бусаар газар эзэмших эрх баталгаажуулсан газарт архитектур төлөвлөлтийн даалгавар батлах, газрын кадастрын бүртгэлийг хийлгэх хууль зүйн үндэслэл байхгүй юм. 

“Богд асар” ХХК нь дээр дурдсан захирамж болон тогтоолд заагдсан, төлөвлөгдсөн газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, Буян-Ухаа төсөлд ч хамрагдаагүй хэрнээ захирамжид заагдсанаас огт өөр байршилд буюу “Туурайн төвөргөөн ХХК-ийн хууль ёсоор эзэмшиж буй Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай, нэгж талбарын дугаар бүхий ойр орчинд нь огт айл өрх суурьшаагүй газартай зориуд давхцуулж газар авахаар хөөцөлдөж, манай компанийн эрх, ашиг сонирхлыг олон жил зөрчиж, хохироосон үйлдэл гаргаж байна. Иймд “Богд асар” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 113 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6, 41 дүгээр зүйлийн 41.3-д заасныг тус тус баримтлан ““Туурайн төвөргөөн” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2006 оны 568 дугаар захирамжаар Хан-Уул дүүрэг, 6, 8 дугаар хороонд газар олгогдсон байхад зориудаар Нийслэлийн Өмчийн харилцааны газраас кадастрын мэдээллийн санд “Богд-Асар” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд олгогдсон эзэмшил газартай дамнуулан бүртгэсэн үйлдлийг хууль бусад тооцуулах” шаардлага болон “Богд-Асар” ХХК-ийн хууль ёсны эзэмшиж байсан газрын хугацааг сунгах үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулж, гэрээний хугацаа сунгах үйл ажиллагааг тасалдуулж байгаа Нийслэлийн Өмчийн харилцааны газрын үйлдлийг хууль бусад тооцож, “Богд-Асар” ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж байгаа газрын гэрээг сунгахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэгч “Богд-Асар” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж, тус нэхэмжлэлийн шаардлагуудад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Газрын тухай хуулийн 31-р зүйлийн 31.3-т заасныг баримтлан “Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын эс үйлдэхүйг хууль бусад тооцуулж, “Богд-Асар” ХХК-д өөрийн хууль ёсны эзэмшлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо /хуучнаар 10 дугаар хороо/-нд байрлах 25 га газарт орон сууц, үйлчилгээний хорооллын төсөл хэрэгжүүлэх ажилд хууль, дүрмийн дагуу архитектур төлөвлөлтийн даалгавар баталж өгөхийг даалгуулах болон ““Богд-Асар” ХХК-ийн хууль ёсны эзэмшиж буй газрын кадастрын нэгж талбарыг устгасан үйлдлийг хууль бусад тооцож, “Богд-Асар” ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж буй газрын кадастрын бүртгэлийг сэргээхийг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгуулах”-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэгч “Богд-Асар” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 251 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 113 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “1.Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5, 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасныг баримтлан “Богд-Асар” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, тус компанид нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/975 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газрын хугацааг сунгах үйл ажиллагаанд санаатай саад учруулж, гэрээний хугацааг сунгах үйл ажиллагааг тасалдуулж байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоон, гэрээг сунгахыг хариуцагчид даалгасугай” гэж;

2 дахь заалтыг “Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14, 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.3.5-д заасныг баримтлан “Нийслэлийн Засаг даргын 2006 оны 568 дугаар захирамжаар “Туурайн төвөргөөн” ХХК-д Хан-Уул дүүргийн 6, 7 дугаар хороонд газар олгогдсон байхад нийслэлийн Өмчийн харилцааны газраас зориудаар кадастрын мэдээллийн санд “Богд-Асар” ХХК-ийн тус дүүргийн 10 дугаар хороонд олгогдсон газартай дамнуулан бүртгэсэн үйлдлийг хууль бусад тооцуулах, “Богд-Асар” ХХК-д хууль ёсоор эзэмшиж буй газрын кадастрын нэгж талбарыг устгасан үйлдлийг хууль бусад тооцож, газрын кадастрын бүртгэлийг сэргээхийг даалгах”, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын эс үйлдэхүйг хууль бусад тооцуулж, “Богд асар” ХХК-д хууль ёсны эзэмшлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо /хуучнаар 10 хороо/-нд байрлах 25 га газарт орон сууц, үйлчилгээний хорооллын төсөл хэрэгжүүлэх ажилд хууль дүрмийн дагуу архитектур төлөвлөлтийн даалгавар батлахыг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтыг 4 гэж тус тус өөрчлөн; “З.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Богд-Асар” ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгахдаа тус компанид 2007 онд газар эзэмшүүлсэн анхны байршил болох хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх хэсэгт, эсхүл гуравдагч этгээд “Туурайн төвөргөөн” ХХК-ийн эзэмшил 140 га газартай давхцуулахгүйгээр газрын кадастрын байршлыг тогтоох байдлаар энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэх болохыг дурдсугай.” гэсэн заалт нэмж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалын дүгнэлтээс үзэхэд Нийслэлийн Засаг дарга “Богд асар” ХХК-д 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 511 тоот захирамжаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Төв аймгийн замын уулзварын зүүн урьд талд 25 га газар олгосон. Харин 2006 оны 11 дүгээр сарын 17-ны 568 тоот захирамжаар “Туурайн төвөргөөн” ХХК-д Хан-Уул дүүргийн 6, 7 дугаар хороонд 140 га газар олгосон нь тогтоогдсон бодит үнэнээс зөрүүтэй.

Мөн Нийслэлийн өмчийн харилцааны зарим эрх бүхий албан тушаалтнууд “Туурайн төвөргөөн” ХХК-д Хан уул дүүргийн 6, 7 дугаар хороонд олгогдсон атлаа, тухай үеийн 8 дугаар хороонд кадастрын зураг хийлгэсэн байхад гуравдагч этгээдтэй хуйвалдан газрын кадастрын бүртгэлийг мөн дүүргийн 10 дугаар хороонд болгон зориудаар хуурамчаар 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бүртгэсэн нь тогтоогдсон үнэнийг хаацайлсан.

Богд асар ХХК-ий Нийслэлийн Засаг даргын 2007.10.23-ны 511 тоот захирамжаар эзэмшиж байгаа 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт олгогдсон 25 га газарт давхцуулан кадастрын зургийн мэдээллийн санд бүртгэсэн хууль бус үйлдлийг зөвтгөх хуулийн болон бодит үндэслэл байхгүй.

“Богд асар” ХХК 2012 оны 7 дугаар сарын 05-нд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандаж 25 га газрыг хууль ёсны дагуу эзэмших боломжоор хангаж өгөхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэлийн Засаг дарга хүлээн зөвшөөрч, 2013 оны А/975 тоот захирамж гарган, 2007 оны 511 тоот захирамжаар авсан газар эзэмших эрхийг баталгаажуулсан. Мөн урьд нь мэдээллийн санд бүртгэхээс үндэслэлгүй татгалзаж байсан “Богд асар” ХХК-ний “Комтрейд” ХХК-иар 2008 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хийлгэсэн Хан уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах 2,500.000 м.кв газрын нэгж талбарын кадастрын зургийг газрын мэдээллийн нэгдсэн санд оруулах, Газар эзэмших гэрээ байгуулахаар тохиролцон нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул шүүх 2013 оны 372 тоот захирамж гарган хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Мөн Нийслэлийн өмчийн харилцааны газар оны 11 сарын 08-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулахдаа, өмнө нь бүртгэхээс татгалзаж байсан кадастрыг бүртгэж, газрын төлбөрт 3,300,000.000 төгрөгийг төлүүлсэн.

Нийслэлийн Засаг дарга, Өмчийн харилцааны газар 2013 оны 10 сард “Богд асар” ХХК-ийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт олгосон 25 га эзэмшил газар дээр “Туурайн төвөргөөн” ХХК-ийн 6, 7 дугаар хороонд олгосон атлаа 8 дугаар хороонд болгон хийлгэсэн 140 га газрын кадастрын зургийг 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт болгон зориудаар бүртгэж, мэдээллийн санд оруулан “Богд асар” ХХК-ийн эрхийг хохироосон хууль бус үйлдлээ хүлээн зөвшөөрч, зөрчлөө арилгасан.

Ийнхүү “Богд асар” ХХК-ийн газар эзэмших эрхийг баталгаажуулсан ба энэ талаар ямар нэг гомдол гараагүй ба Нийслэлийн Засаг даргын А/975 тоот захирамж хэрэгжсэн. Нийслэлийн Засаг дарга анх 2006 оны 568 тоот захирамжаар “Туурайн төвөргөөн” ХХК-д ХУД-ийн 6, 7 хороонд 140 га газар олгосон. Гэтэл кадастрын зургаа 8 дугаар хороонд хийлгүүлсэн /Тухайн үеийн 8 дугаар хороо нь яармагийн замын хойд талд гэрээ хорооллын газар/. “Туурайн төвөргөөн” ХХК-д газар олгосон захирамжид заагдсан хорооноос, өөр хороонд кадастрын зураг хийлгэн, 10 дугаар хороонд болгон бүртгүүлсэн зэргээс үзэхэд “Туурайн төвөргөөн” ХХК-ийн эзэмшдэг гэх 140 га газар нь яг хаана, мөн хэдэн га эзэмшдэг нь тодорхой бус байгаа юм.

“Богд Асар” ХХК нь Хан-Уул дүүргийн 10 /одоогийн 8 дугаар хороо/дугаар хорооны нутаг дэвсгэр 1 мквт газрын төлбөр 132 төгрөгөөр тооцож төлдөг. Гэтэл “Туурайн төвөргөөн” ХХК нь 1 мвт газрын төлбөрт 80 төгрөгөөр тооцдогч төлбөрөө бүрэн хийдэггүй. Мөн анхан шатны шүүх хуралд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хуулийн хэлтсийн мэргэжилтэн хоёр компаний газрын эзэмшил анхнаасаа давхцаагүй, түүний нэг нэг нотолгоо нь газрын төлбөрийн хэмжээ өөр байгаагаас харж болох тухай мэдүүлсэн.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн үндсэн шаардлагад хуулийн үндэслэлтэй дүгнэлт хийхээс санаатай зайлсхийн өмнө нь Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн асуудалд нэхэмжлэлийн шаардлагаас хальж илэрхий хуурамч дүгнэлт хийн, магадлалынхаа үндэслэл болгон байцаан шийтгэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, хууль буруу хэрэглэсэн. “Богд асар” ХХК-ийн газар эзэмшүүлсэн Засаг даргын захирамж, байгуулсан гэрээг зөрчиж, газрын кадастрын мэдээллийн сангаас бүртгэл устгаж, Барилга архитектур төлөвлөлтийн даалгавар олгох ажиллагааг тасалдуулж байгаа Өмчийн харилцааны газар, Ерөнхий төлөвлөгөөний газрын үйл ажиллагаа илэрхий хууль бус юм. Нийслэлийн Өмчийн харилцааны газарт Засаг даргын захирамжийг биелүүлэхгүй байх, Газар эзэмшигчтэй байгуулсан гэрээгээ зөрчих, газрын кадастрын мэдээллийн сангаас бүртгэлийг устгах эрх хуулиар олгогдоогүй. Мөн Засаг даргын захирамжид заасан байршлаас өөр байршилд газрын кадастрын зураг хийлгүүлж, мэдээллийн санд бүртгэх эрх Өмчийн харилцааны газарт хуулиар олгогдоогүй.

Нийслэлийн өмчийн харилцааны газрын Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчиж “Богд асар” ХХК-ийн эрхийг хохироож байгаа үйлдэлд бодитой дүгнэлт хийхээс зайлсхийн, байцаан шийтгэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хянан үзэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

“Богд-Асар” ХХК-ийн газар эзэмших гэрээний хугацааг сунгахгүй байгаа үйлдлийг хууль бусад тооцож, гэрээний хугацааг сунгахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, бусад шаардлагуудыг хэрэгсэхгүй болгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-т заасантай нийцжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг дараах үндэслэлээр хангах боломжгүй гэж үзлээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл дараах үйл баримтууд тогтоогдож байна.

“Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 511 дүгээр захирамжаар нэхэмжлэгч “Богд Асар” ХХК-д Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Наадамчдын гудамж, Төв аймгийн замын уулзварын зүүн урд талд байршуулан орон сууц, үйлчилгээний цогцолборын барилгын зориулалтаар 25.0 га газрыг  эзэмшүүлэхээр шийдвэрлэж, мөн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/975 дугаар захирамжаар “... дуудлага худалдааны анхны үнийг төсөвт бүрэн хэмжээгээр төлсөн” гэх үндэслэлээр 36 иргэн, аж, ахуйн нэгж,  байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсанд нэхэмжлэгч “Богд Асар” ХХК багтсан байх бөгөөд энэ захирамжид газрын байршлыг “... дүүргийн 8 дугаар хороо” гэж заажээ. 

Харин Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 08 дугаар тогтоолоор дээрх 2007 оны захирамжид заасан байршил буюу дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр нь тус дүүргийн 8 дугаар хороонд харъяалагдахаар хилийн зааг өөрчлөгдсөн тухай баримтууд хэрэгт авагдсан байна. 

Түүнчлэн 2013 оны А/975 дугаар захирамжаар анх 10 дугаар хорооны нутагт нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн 2007 оны 511 дүгээр захирамжийг хүчингүй болгосон, нэхэмжлэлийн шаардлага нь 2013 оны А/975 дугаар захирамжид үндэслэжээ.

Нийслэлийн Засаг даргын  2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 568 дугаар захирамжаар энэ хэргийн гуравдагч этгээд болох “Туурайн төвөргөөн” ХХК-д Хан-Уул дүүргийн 6, 7 дугаар хорооны нутагт “морин спорт” гэх зориулалт зааж, 140 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” мөн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 908 дугаар захирамжаар хүчингүй болгож, энэ 908 дугаар захирамжаар “Туурайн төвөргөөн” ХХК-ийн эзэмших газрын байршлийг “...Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо” гэж, газар эзэмших зориулалтыг “орон сууцны цогцолбор, худалдаа үйлчилгээ” болгон өөрчилжээ.

Нэхэмжлэгчид анх 2007 онд, гуравдагч этгээдэд 2006 онд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн захирамжуудыг захиргааны байгууллага сүүлд гаргасан захирамжуудаар хүчингүй болгосон байх тул шүүхээс маргааны үйл баримтыг зөвхөн хүчин төгөлдөр байгаа “Богд Асар” ХХК-ийн 2013 оны А/975, “Туурайн төвөргөөн” ХХК-ийн 2011 оны 908 дугаар  захирамжуудын хүрээнд дүгнэх нь зөв юм. 

Үүгээр хяналтын шатны шүүх хэргийн оролцогч тус бүрд өмнө нь газар эзэмших эрх үүссэн үйл баримтыг үгүйсгээгүй болохыг тэмдэглэж байна.

Маргаж буй байршилд нэхэмжлэгчид эрх үүсэхээс өмнө гуравдагч этгээд хууль ёсоор газар эзэмшиж байсан, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын  холбогдох захирамжуудад заагдсан газрын байршил өөр байгааг нотлох баримтуудад үндэслэн давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт зөв болно. 

Тухайлбал, Буянт-Ухаа хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд, гэр хорооллын барилгажуулах төслийг хэрэгжүүлэх зорилгоор олгох газрын байршлыг Яармаг-Буянт-Ухаагийн замын хойд, урд, Иргэний нисэхийн удирдах газрын зүүн, Улаанбаатар Төв аймгийн авто замын баруун талд нийт 60 га талбайг хамрахаар заажээ.

Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу Төв аймгийн авто замын баруун, хойд, зүүн хойд талд барилгажилт хийгдэхээр төлөвлөгдсөн, замын уулзварын зүүн урд тал буюу маргаан бүхий газарт ямар нэг төлөвлөлт хийгдээгүй байна.

Гэтэл “Богд Асар” ХХК-д дээрх төслийн хүрээнд газар эзэмшүүлэхдээ байршлыг Наадамчдын гудамж, Төв аймгийн замын уулзварын “зүүн урд” талд  гэж өөр байрлал заажээ.

Эндээс үзвэл, “Богд-Асар” ХХК- нь өөрт  заагдсан байршилаас өөр газарт буюу гуравдагч этгээдийн хууль ёсны дагуу эзэмшиж байгаа газартай давхцуулан маргаан үүсгэсэн гэж үзэхээр байна. 

Үүнээс гадна хариуцагч захиргааны байгууллага Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/975 дугаар захирамжаар “Богд-Асар” ХХК-д газар эзэмшүүлэхээр шийдвэрлэхдээ газрын байрлал хэмжээг нарийвчлан тогтоосон зураг хийлгээгүй, кадастрын зураг хийлгэх нэгж талбарын хил заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн актыг баталгаажуулаагүй зэргээр Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-т заасныг зөрчсөн, нэхэмжлэгчийн 2008 онд хийлгэсэн  кадастрын зургийг үндэслэн мэдээллийн санд өөрчлөлт оруулснаар гуравдагч этгээдийн хууль ёсоор эзэмшиж байсан газартай давхцуулан, нэгж талбарын дугаар үүсгэсэн нь маргааны гол шалтгаан болжээ.

Нэгэнт Нийслэлийн өмчийн харилцааны газрын мэдээллийн санд “Туурайн төвөргөөн” ХХК-ийн бүртгэлтэй газарт нэхэмжлэгч “Богд-Асар” ХХК-ийн орон сууц, үйлчилгээний хорооллын төсөл хэрэгжүүлэх ажилд Архитектор төлөвлөлтийн даалгавар батлах боломжгүй байсан үйл баримт тогтоогдож байна.

Газрын давхардлыг арилгасны эцэст даалгаврыг батлах тухай хариуцагчийн тайлбар үндэслэлтэй, хариуцагчийг тухайн даалгаврыг батлах үүргээ биелүүлээгүй, “эс үйлдэхүй”  гэж буруутгах үндэслэлгүй.

Мөн цаг хугацааны хамаарлаар маргаан бүхий байршилд газар эзэмших эрх нэхэмжлэгчээс өмнө гуравдагч этгээдэд үүссэн, газрын мэдээллийн санд нэгж талбар нь түрүүлж бүртгэгдсэн нөхцөл байдалтай холбогдуулан “Богд-Асар” ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж буй газрын кадастрын бүртгэлийг сэргээхийг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгуулах, “Туурайн төвөргөөн” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2006 оны 568 дугаар захирамжаар Хан-Уул дүүрэг 6, 8 дугаар хороонд газар олгогдсон байхад зориудаар Нийслэлийн Өмчийн харилцааны газраас кадастрын мэдээллийн санд “Богд Асар” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд олгогдсон эзэмшил газартай дамнуулан бүртгэсэн үйлдлийг хууль бусад тооцуулах боломжгүй талаар давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлтийг буруутгах, үүнээс өөрөөр үнэлж дүгнэх боломжгүй байна.  

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, маргааны үйл баримтад хамаарах  Газрын тухай хуулийн 23, 31, 35, 37, 39 дүгээр  зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн..., нотлох баримтыг буруу үнэлсэн..., хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2016/0251 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн  орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                           ШҮҮГЧ                                                                     Л.АТАРЦЭЦЭГ