Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 134

 

“ННК” ХХК-ийн нэхэмжлэлтэй                                                                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул             даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2019/02941 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч “ННК” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Д-ид  холбогдох

Дутуу нийлүүлсэн банзны үнэ 2 025 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяа,
 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч “ННК” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Л.Д- Барилгын материал.мн сайтад хар модон банз зарна гэсэн зар тавьсан байсны дагуу банз авахаар ярихад м.куб нь 250.000 төгрөг болж үнэ нь нэмэгдсэн гэсэн ба “ННК” ХХК Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын нутаг дэвсгэрт баригдаж байгаа жуулчны баазын барилга барихад зориулж, 15 м.куб хар модон банз авахаар 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдөр захиалга өгсөн. Уг захиалгын дагуу Л.Д- нь захиалсан банзыг 8 дугаар сарын 08-ны өдөр ачуулсан, манай компанийн нягтлан бодогч очиж уулзан төлбөрийн нөхцөлөө ярилцахад банзны үнийг бүрэн шилжүүлсэн гэсэн тул мөн өдрөө 15 м.куб банзны үнэ, тээврийн зардал зэрэгт 3.800.000 төгрөгийг түүний Хаан банкны 5062150606 тоот дансанд шилжүүлсэн юм. Хариуцагчийн ачуулсан банз 46-23 УНД улсын дугаартай автомашинаар ачигдаж мөн өдрөө ирсэн. Манай худалдаж авсан банз гаднах байдлаасаа тохиролцсон хэмжээндээ хүрэхгүй байх шиг харагдаж байсан тул банзыг тоолж, хэмжиж хэмжээг нь тогтоох комиссыг 3 ажилтны бүрэлдэхүүнтэй байгуулахаар захирлын тушаал гарч, томилогдсон комиссын гишүүд хэмжих үзэхэд нийт 6.9 м.куб болж гэрээгээр тохиролцсон хэмжээндээ хүрээгүй, 8.1 м.куб банз дутсан. Энэ тухай мөн өдрөө хариуцагч Л.Д-ид мэдэгдэхэд дутсан байх ёсгүй, би өөрөө хэмжиж үзээд 1 м.куб банзанд 25 ширхэг банз орно гэж тооцсон 2 м урттай 50 ширхэг банз гэж тооцоод 376 ширхэг банз ачуулсан гэж маргасан. Захирлын тушаалаар томилогдсон комисс нь нийт банзны өргөн, урт ,өндрийг хэмжих, м.кубыг тооцдог нийтлэг журмаар тооцож үзсэн бөгөөд хариуцагч Л.Д-ид энэ хэмжилтийнхээ тухай тайлбарлаж өгөхөд би тэгж хэмждэггүй, 4 метр урттай банз нийлүүлсэн учраас 25 ширхэг нь 1 м.куб болдог гэж ойлгосон гэж тайлбарласан байсан. Компани, иргэн хоёрын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах худалдан авах гэрээ амаар байгуулагдсан бөгөөд 243.1 дэх хэсэгт заасны дагуу биет байдлын доголдолгүй, тохиролцсон хэмжээ бүхий банзыг нийлүүлэх, Нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Нэхэмжлэгч нь энэхүү үүргээ бүрэн биелүүлж банзны үнэ 3.800.000 төгрөгийг бүрэн төлсөн байхад хариуцагч гэрээгээр тохиролцсон банзыг дутуу нийлүүлж, гэрээний үүргээ зөрчсөн. Хариуцагч нь 15 м.куб банз нийлүүлэх үүргээ хангалтгүй биелүүлж 6.9 м.куб банз нийлүүлсэн тул Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэхь хэсэгт зааснаар гэрээгээр тогтоосон хэмжээндээ хүрээгүй учраас биет байдлын доголдолтой банз нийлүүлсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт зааснаар худалдан авагч “ННК” ХХК нь дутуу нийлүүлсэн банзны үнийг шаардах эрхтэй байна. Иймд Худалдах худалдан авах гэрээний дагуу биет байдлын доголдолтой эд хөрөнгө нийлүүлсэн тул хариуцагч Л.Д-оос 15 м.куб банзны зөрүү, дутуу нийлүүлсэн банзны үнэ 2.025.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Д- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би энэхүү банз худалдах, худалдан авах тухай хэлцлийг иргэн С.Цолмон гэх эмэгтэйтэй 12 удаа 80034534 дугаарын утсаар ярьж тохиролцож өөрсдөө үзэж хараад худалдан авсан. Ямар нэгэн хуулийн этгээд “ННК” ХХК-тай тус хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий аливаа этгээдтэй огт гэрээ байгуулаагүй. Ийм байхад “ННК” ХХК гэж гэнэт гарч ирж төлөөлөгч гэх Ж.Сэлэнгэ гэх хүнээр төлөөлүүлэн нэхэмжлэл гаргаж буйг огт ойлгохгүй байна. Би иргэн С.Цолмонтой л тус хэлцлийг хийж амаар тохиролцсон. Эндээс харахад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна. Би түүнтэй 12 удаа 80034534 дугаарын утсаар олон дахин ярьж тохиролцож байж худалдсан. Мөн түүнд зарах банзныхаа зургийг түүний фэйсбүүк хаягаар явуулсан. 2.3 см зузаантай өргөн нь 20 см, урт нь 4 метр урттай 25 ширхэг банзыг нэг багц буюу 250.000 төгрөгөөр, нэг ширхэгийг 10.000 төгрөгөөр тооцож, нийт 15 багц буюу 375 ширхэг банзыг худалдаалахаар тохиролцсон. Ингээд С.Цолмонгийн хүсэлтийн дагуу О.Ундараа гэх эмэгтэй 8 дугаар сарын 07-ны өдөр ирж өөрөө байлцан биечлэн харж байгаад 375 ширхэг банзны 250 ширхэгийг өргөнөөс нь 14 см 6 см болгож хуваалгаж өгнө үү гэсэн хүсэлтийнх нь дагуу над руу 50.000 төгрөгийн хөлстэйгөөр хуваалгасан. Ингээд нийт үнэ нь 3.800.000 төгрөг болж, тоо хэмжээгээр нь ачуулсан. Харин би ямар нэгэн м.куб хэмжээс зэргээс тооцож банз худалдах талаар огт тохиролцоогүй, тийм тохиролцоо байхгүй. Үнэхээр барилгын ажил гүйцэтгэх гэж байгаа ажахуйн нэгж юм бол ямар хэмжээ үзүүлэлттэй бараа хүлээн авч байгаагаа нэн даруй шалгаж гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авах ёстой. Энэ үүргээ мөн л биелүүлээгүй хирнээ дутуу банз нийлүүлсэн гэж маргах нь хуульд нийцэхгүй байна. Мөн Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2, 247 дугаар зүйлийн 247.2 дах хэсэгт тодорхой заасан. Хэрвээ миний энэхүү худалдсан банзыг дутуу нийлүүлсэн үзэж байгаа бол би энэ хэмжээ үзүүлэлт бүхий банзаа тоо ширхэгээр нь буцааж авах, хохирлоо энэ хүмүүсээс гаргуулахаар шаардах эрхтэй гэж үзэж байна. Иймээс би тус нэхэмжилсэн банзны зөрүү дутуу гэх 2.025.000 төгрөгийг төлөх ямар ч үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Куб метрээр зарна гэж тохироогүй. Надад хэмжээндээ хүрэхгүй байна гэхээр нь би тоо хэмжээгээр нь л өгсөн, болохгүй бол аваад ир би мөнгийг чинь буцааж өгье гэж ч хэлж байсан. Би энэ С.Цолмон гэж охинд зарсан, хэрэв компани гэж хэлсэн бол би зарахгүй байх байсан. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1,           254.4-д заасныг баримтлан “ННК” ХХК-ийн хариуцагч Л.Д-ид холбогдуулан дутуу нийлүүлсэн банзны үнэд 2.025.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7  дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 47.350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Иргэний эрх зүйд гэрээ байгуулах нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нэгдэж байгаа үйл явц байдаг ба гэрээний талууд харилцан тохиролцоонд хүрэхийн тулд нэг тал нь  гэрээ  байгуулах  санал   гаргаж,   нөгөө тал  нь  уг  саналыг хүлээж авснаар гэрээ байгуулагддаг. Энэ нөхцлөөр бол хариуцагчийн фэйсбүүк хуудсанд тавьсан " хар модон, шинэ банз зарна. 1 м.куб нь 220.000 төгрөг" гэсэн зар нь гэрээ байгуулах санал бөгөөд тэрээр гэрээний гол нөхцлийг олон нийтийн сүлжээг ашиглан нийтэд мэдээлсэн, нэхэмжлэгч тал уг мэдээллийн дагуу холбогдож, нэмэгдсэн үнээр нь буюу 1 м.куб нь 250.000 төгрөг гэсэн үнээр нь гэрээ байгуулж, 15 м.куб банзны үнэ 3.750.000 төгрөгийг төлөхөөр хариуцагчтай амаар ярьж тохиролцсон учраас ширхэгээр тооцож, нэг банзны үнэ 10.000 төгрөг төлж, төлүүлэхээр тохиролцон гэрээ байгуулсан гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна. Шүүх талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар дүгнэхдээ гэрээ байгуулах санал биш, гэрээний дуудлага гэж үзлээ гэж дүгнэсэн нь гэрээний гол нөхцөл тохиролцсон тохиролцоонд нөлөөлөхгүй бөгөөд шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнээд байгаа "талууд 4 метрийн урттай, 20 см-ийн өргөнтэй, 375 ширхэг банзыг худалдахаар тохиролцсон" гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй байна. Шүүх нэхэмжлэгчийн Худалдаа Хөгжлийн банк дахь данснаасаа банзны үнэ, тээврийн зардал 3.800.000 төгрөг шилжүүлсэн үйл баримтыг 15 м.куб банз авахаар тохиролцсоныг нотлох баримт болохгүй гэж дүгнэжээ. Нэхэмжлэгч нь хариуцагчийн тайлбарлаж байгаа шиг 15 багц буюу 375 ширхэг банз авна гэж захиалаагүй бөгөөд хөдөө орон нутагт байрлах компанийн барилгад 15 м.куб банз хэрэгцээтэй байсан тул уг хэмжээгээ хэлж захиалсан ба мөн чатаар "20 см-ийн өргөнтэй банзнаас 5м.куб, 20 см-ийн өргөнтэй банзаас 14 см, 6 см болгож хуваалгаад 10 м.куб авмаар байна" гэж захиалгаа өгсөн, энэ захиалгын дагуу хариуцагч нь банзыг зүсэж өгсөн тул Л.Д-ийн хариу тайлбартаа мэдэн будлиад байгаа 2,3 см зузаантай, 20 см-ийн өргөнтэй 4 метр урттай 25 ширхэгийг нэг багц буюу 250.000 төгрөгөөр авч, өгнө гэж тохиролцоогүй,  1м.кубыг 250.000 төгрөг гэж тохиролцсон, өөрөө ч банз худалдах зараа 1 м.кубыг 220.000 төгрөгөөр худалдана гэж тавьсан байсан бөгөөд ийм зар тавьсан хүн банзаа ширхэгээр зарахгүй нь тодорхой юм. 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Л.Д-ийн ачуулсан банзыг хүлээн авахаар машиныг нь тосч авахдаа машинд ачуулсан банз 15м.куб-д хүрэхгүй байгааг шууд анзаарсан. Тэр даруй модыг буулгалгүй зургийг нь авч баталгаажуулсан. Л.Д-той ярьсан ярианы нягтлан бодогч хэмээн иргэн О.Ундрааг дурьдаж байгаа, мөн захирлаа дурьдаж байгаа ярианы бичлэг бидэнд нотлох баримтаар бий. Тохиролцсон хэмжээнээс банз дутсан тухай хариуцагч Л.Д-ид мэдэгдэхэд дутсан байх ёсгүй, би өөрөө хэмжиж үзээд 1м.куб банзанд 25 ширхэг банз орно гэж тооцсон, 2 м урттай 50 ширхэг банз 1м.куб болдог тул өөрийн бэлтгэн нийлүүлсэн 4 м урттай 25 ширхэг банзыг 1 м.куб болно гэж тооцоод 376 ширхэг банз ачуулсан гэж хэлсэн. Түүний хэлсэн энэ нөхцөл байдлаас талууд м.куб-ээр тооцон банз, авч өгөх болсон нь харагдаж байна. Компанийн захиргаанаас банзыг тоолж хэмжээг нь тогтоох комисс томилж ачуулсан банзны өргөн, урт, өндрийг хэмжиж, м.кубыг тооцдог нийтлэг журмаар тооцож үзсэн бөгөөд хариуцагч Л.Д-ид энэ хэмжилтийнхээ тухай тайлбарлаж өгөхөд би тэгж хэмждэггүй, урьд нь 2 м-ийн урттай банз 50 ширхэгийг нийлүүлэхэд 1 м.куб болдог, гэтэл би 4 метр урттай банз нийлүүлсэн учраас 25 ширхэг нь 1 м.куб болдог гэж ойлгосон гэж маргасан. Хариуцагчаас банз худалдан авахаар тохиролцсон С.Цолмон ажлын шугамаар Сэлэнгэ аймагт байсан тул байгууллагын нягтлан бодогч О.Ундрааг банзыг шалгах ажилд томилон явуулсан. Нягтлан маань банзны зургийг авч хэлбэр харагдах байдлыг үзүүлэн худалдан авахаар тохиролцож ачилт хийх явц хүртэл хүлээх боломжгүй, 15 м.куб худалдан авах нь үнэн тул итгэлцэл дээр төлбөрийг 100% шилжүүлэн, хотод ажилтай тул ачилт хийхийг хүлээхгүй гээд явсан учраас нэн даруй шалгаж авах үүргээ биелүүлээгүй гэх шүүхийн дүгнэлт нь өрөөсгөл болсон байна. Тэгэхээр банзыг ачуулахад нэхэмжпэгч талаас хүн байлцаагүй бөгөөд маргааш өглөө нь банзыг хүлээн авахаар машин тосч авахдаа машинд ачаатай банз 15 м.кубт хүрэхгүй байгааг шууд анзаарч тэр даруй модыг буулгалгүй зургийг нь авч баталгаажуулсан. Нэхэмжлэгч тал өөрсдийн тохиролцсон 15м.куб банзнаас 6,9 м.куб банз хүлээн авсан нь үнэн. Энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын баримтыг хариуцагч няцааж баримт гаргаагүй бөгөөд дээрх бүх нөхцөл байдлаас талуудын хооронд мэтгэлцээн зохих ёсоор болоогүй байхад шүүх асуудалд нэг талыг барьсан байдлаар хандаж, нэхэмжлэгч талын гаргасан баримтыг огтхон ч дүгнэлгүй шийдвэрээ гаргалаа. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэх, эсхүл хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

  Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч “ННК” ХХК нь хариуцагч Л.Д-ид холбогдуулан дутуу нийлүүлсэн банзны үнэ 2.025.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч “ННК” ХХК-ийг төлөөлж С.Цолмон нь хариуцагч Л.Д-оос банз худалдан авахаар 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр тохиролцсон, “ННК” ХХК нь банз худалдан авсан үнэд 3.800.000 төгрөгийг 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Л.Д-ийн ХААН банкин дахь 5062150606 тоот дансанд шилжүүлсэн, хариуцагч банзыг  46-23 УНД улсын дугаартай автомашинаар 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүргүүлсэн зэрэг үйл баримт зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан харилцагчийн дансны хуулга, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Хариуцагч нь “би иргэн С.Цолмонтой тус хэлцлийг хийж амаар тохиролцсон, хуулийн этгээдтэй гэрээ байгуулаагүй”  гэж тайлбарлаж байгаа боловч “ННК” ХХК-ийг тус компанийн нягтлан бодогч төлөөлж Л.Д-той хэлцэл хийснийг нэхэмжлэгч үгүйсгээгүй, “ННК” ХХК банзны үнийг төлсөн зэргээс үзэхэд Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 63 дугаар зүйлийн 63.2 дах хэсэгт тус тус зааснаар  зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар шаардлага гаргаж маргаагүй, харин зохигчид бичгээр гэрээ байгуулаагүй боловч  нэхэмжлэгч нь 15 м.куб мод авахаар тохирсон гэж, хариуцагч нь 375 ш банзыг нэг бүрийн 10,000 төгрөгөөр өгч авахаар тохирсон гэж гэрээний гол нөхцөл болох үнийг хэрхэн  тодорхойлж тохиролцсон талаар  маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд худалдан авагч тал буюу түүний төлөөлөгч С.Цолмон, О.Ундраа нар худалдагч Л.Д-той  хэлцэл хийсэн  байх бөгөөд тэдгээр нь  4 м урттай, 20 см өргөнтэй, 2,3 см зузаантай, 375 ширхэг банзыг худалдан авагчийг төлөөлж О.Ундраа тоолж, хэмжсэн, энэ талаараа С.Цолмонд мэдэгдсэн байхаас гадна  худалдан авагч талын саналаар уг банзнаас 250 ширхэгийг нь өргөнөөс нь 14 см, 6 см хэмжээтэй 2 хэсэгт хуваалган хүлээн авсан нь хариуцагчийн тайлбар, банзыг ачуулж байх үеийн гэрэл зураг, гэрч Н.Даваабаатар, Д.Элбэгзаяа нарын мэдүүлгээр тогтоогдсон бол “15 м.куб банз авахаар тохиролцсон” гэх нэхэмжлэгчийн тайлбар нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

Шүүх энэ хэрэгт хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр О.Ундрааг гэрчээр оролцуулахаар шийдвэрлэсэн боловч түүнийг гэрчээр оролцуулахаас хариуцагч тал татгалзсан, нэхэмжлэгч гэрч оролцуулах хүсэлт гаргаагүй байна.

Иймд  талуудын хооронд  4 м урттай, 20 см өргөнтэй, 2,3 см зузаантай, 375 ширхэг банзыг худалдан авах, үүний үнэд 3.800.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн  анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй  байна.

“ННК” ХХК-ийн ерөнхий менежер ажилтай С.Цолмон, нягтлан бодогч О.Ундраа нар Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.3 дах хэсэгт зааснаар төлөөлөгчийн бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүйд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй болно.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох, нотлох баримт гаргах үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2019/02941 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 47 350 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.МӨНХЗУЛ      

                                                          ШҮҮГЧ                                 Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ         

                                                                                                     Н.БАТЗОРИГ