Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 184/ШШ2019/02941

 

                              

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, ААН хотхон 8/8 дугаар байр, 18 тоотод байрлах, “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 34 дүгээр хороо, 12 дугаар хэсэг, 200-6 тоотод оршин суух, Л.Д-д  холбогдох

 

Дутуу нийлүүлсэн банзны үнэ 2,025,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.З, хариуцагч Л.Д, хариуцагчийн өмгөөлөгч Л.Т, гэрч Н.Д, Ө.О, Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Чогчмаа нар оролцов.

                                                                                                         

                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Н” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Л.Д Барилгын материал.мн сайтад хар модон банз зарна гэсэн зар тавьсан байсны дагуу банз авахаар ярихад м.куб нь 250,000 төгрөг болж үнэ нь нэмэгдсэн гэсэн ба “Н” ХХК Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын нутаг дэвсгэрт баригдаж байгаа жуулчны баазын барилга барихад зориулж, 15 м.куб хар модон банз авахаар 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдөр захиалга өгсөн. Уг захиалгын дагуу Л.Д нь захиалсан банзыг 8 дугаар сарын 08-ны өдөр ачуулсан, манай компаниийн нягтлан бодогч очиж уулзан төлбөрийн нөхцөлөө ярилцахад банзны үнийг бүрэн шилжүүлсэн гэсэн тул мөн өдрөө 15 м.куб банзны үнэ, тээврийн зардал зэрэгт 3,800,000 төгрөгийг түүний Хаан банкны 5062150606 тоот дансанд шилжүүлсэн юм. Хариуцагчийн ачуулсан банз 46-23 УНД улсын дугаартай автомашинаар ачигдаж мөн өдрөө ирсэн. Манай худалдаж авсан банз гаднах байдлаасаа тохиролцсон хэмжээндээ хүрэхгүй байх шиг харагдаж байсан тул банзыг тоолж, хэмжиж хэмжээг нь тогтоох комиссыг 3 ажилтны бүрэлдэхүүнтэй байгуулахаар захирлын тушаал гарч, томилогдсон комиссын гишүүд хэмжих үзэхэд нийт 6.9 м.куб болж гэрээгээр тохиролцсон хэмжээндээ хүрээгүй , 8.1 м.куб банз дутсан.

Энэ тухай мөн өдрөө хариуцагч Л.Д мэдэгдэхэд дутсан байх ёсгүй, би өөрөө хэмжиж үзээд 1 м.куб банзанд 25 ширхэг банз орно гэж тооцсон 2 м урттай 50 ширхэг банз гэж тооцоод 376 ширхэг банз ачуулсан гэж маргасан.

Захирлын тушаалаар томилогдсон комисс нь нийт банзны өргөн, урт ,өндрийг хэмжих, м.кубыг  тооцдог нийтлэг журмаар тооцож үзсэн бөгөөд хариуцагч Л.Д энэ хэмжилтийнхээ тухай тайлбарлаж өгөхөд би тэгж хэмждэггүй, 4 метр урттай банз нийлүүлсэн учраас 25 ширхэг нь  1 м.куб болдог гэж ойлгосон гэж тайлбарласан байсан. Компани, иргэн 2-ын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах худалдан авах гэрээ амаар байгуулагдсан бөгөөд 243.1 дэх хэсэгт “Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу биет байдлын доголдолгүй тохиролцсон хэмжээ  бүхий банзыг нийлүүлэх, нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Нэхэмжлэгч нь энэхүү үүргээ бүрэн биелүүлж банзны үнэ 3,800,000 төгрөгийг бүрэн төлсөн байхад хариуцагч гэрээгээр тохиролцсон банзыг дутуу нийлүүлж, гэрээний үүргээ зөрчсөн. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэхь хэсэгт “Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж  үзнэ” гэж заасан бөгөөд хариуцагч нь 15 м.куб банз нийлүүлэх үүргээ хангалтгүй биелүүлж 6.9 м.куб банз нийлүүлсэн тул гэрээгээр тогтоосон хэмжээндээ хүрээгүй учраас биет байдлын доголдолтой банз нийлүүлсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлд эд хөрөнгийн доголдлын талаар худалдан авагчийн эрх, үүргийг зохицуулсан бөгөөд энэ зохицуулалтын дагуу худалдан авагч “Н” ХХК нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт зааснаар дутуу нийлүүлсэн банзны үнийг шаардах эрхтэй байна.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр  зүйлийн 254.1, 254.4 дэх  хэсэгт заасны дагуу харуцагч Л.Д-оос дутуу нийлүүлсэн банзны үнэ  2,025,000 төгрөгийг буцаан авахаар шаардлага гаргаж байна.Худалдах худалдан авах гэрээний дагуу биет байдлын доголдолтой эд хөрөнгө нийлүүлсэн тул хариуцагч Л.Д-оос 15 м.куб банзны зөрүү, дутуу нийлүүлсэн банзны үнэ 2,025,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн энэхүү шаардлагаа дэмжиж байгаа. Хариуцагч Л.Д нь фэйсбүүк хуудас дээр “хар модон шинэ банз зарна. 2,5; 4; 5 зузаантай, урт нь 4 м, өргөн 20 см куб нь 220,000, 99980206” гэсэн зар оруулсан байсан. Уг зарын дагуу Л.Д-д хандан гэрээ байгуулах санал хүргүүлсэн. Энэ нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлд заасан гэрээ байгуулах санал гаргасныг нөгөө тал хүлээн авч гэрээний гол нөхцлийг тохиролцон зөвшөөрсөн учир худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан.  Худалдах худалдан авах гэрээг заавал бичгээр байгуулахыг шаардахгүй. Хариуцагч Л.Д хувь хүнтэй гэрээ хийсэн, аж ахуй нэгжтэй хийгээгүй, энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь гүйцэтгэх удирдлагаас өөрөө Ц гэдэг хүнийг гэрээ байгуулахыг зөвшөөрсөн, энэ талаар маргахгүй байгаа учир төлөөлөх бүрэн эрхтэй этгээд гэж үзэж тайлбар үндэслэлгүй юм. Гэрээний гол нөхцөл тодорхой байгаа. Эд хөрөнгийг тээвэрлүүлсэн, доголдлыг хүлээн авмагц мэдээд комисс томилон дутуу байгааг актаар тогтоон худалдагч буюу Л.Д-д мэдэгдсэн байдаг. Л.Д зар тавьсны дагуу манай ажилтан Ц холбогдож 1 м.куб модны үнийг 250,000 төгрөгөөр тохиролцон худалдаж авахаар болсон. Ц өөрөө хүлээж аваагүй, Ундраа очиж тоолж авсан байдаг. Энэ нь зөвхөн уг банзны урт өндөр, өргөн 3 хэмжээсийг л тулгаж хэмжээндээ хүрч байгааг хэмжиж авсан болохоос куб.м-ээр нь хэмжээгүй байдаг. Модын куб метрээр л хэмждэг болохоос багц гэдэг ойлголт байхгүй. Гэрч нар Л.Д, Ц нарын хооронд ямар тохиролцоо хийгдсэнийг гэрчилж хэлдэггүй. 375 ш банзыг хүлээж авсан дээр маргах зүйл байхгүй, дутуу нийлүүлсэн банзны үнийг гаргуулж нэхэмжлэлийг хангаж өгнө үү  гэв.

 

            Хариуцагч Л.Д шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Л.Д би “Н” ХХК түүний төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаж  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч  дараах хариу талйбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй дараах тайлбар үндэслэл байна.

Нэг. Би энэхүү банз худалдах, худалдан авах тухай хэлцлийг иргэн С Ц гэх эмэгтэйтэй 12 удаа 80034534 дугаарын утсаар ярьж тохиролцож өөрсдөө үзэж хараад худалдан авсан.

Ямар нэгэн хуулийн этгээд Н ХХК-тай тус хуулийн этгээдийг төлөөлөх  эрх бүхий аливаа этгээдтэй огт гэрээ байгуулаагүй. Ийм байхад Н ХХК гэж гэнэт гарч ирж төлөөлөгч гэх Ж.С гэх хүнээр төлөөлүүлэн нэхэмжлэл гаргаж буйг огт ойлгохгүй байна. Би ийм хуулийн этгээдтэй банз худалдах худалдан авах тухай гэрээ огт хийгээгүй. Өөрөөр хэлбэл компани иргэн хоёрын хооронд худалдах худалдан авах тухай гэрээ хийгдээгүй. Би иргэн С.Ц /эмэгтэй/-той л тус хэлцлийг хийж амаар тохиролцсон. Эндээс харахад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна. Энэ нь мөн хуульд зааснаар нэхэмжлэгчээр нэхэмжлэлийг гаргуулахаар татгалзан шийдвэрлэж өгөхийг хүсье.

Хоёр. Ямар хэмжээтэй банзыг худалдах асуудлаар хэрхэн тохиролцсон талаар би хүүдээ байшин барих зориулалтаар худалдаж авсан байсан банзаа тус эмэгтэй холбогдсоны дагуу зарж болох юм гээд л зарсан. Бидний хооронд тохиролцоо дараах байдлаар явагдсан. Би түүнтэй 12 удаа 80034534 дугаарын утсаар олон дахин ярьж тохиролцож байж худалдсан. Мөн түүнд зарах банзныхаа зургийг түүний фэйсбүүк хаягаар явуулсан. Ингээд С.Ц манай хашаанд ирж үзэж С.Ц-той утсаар видео дүрстэйгээр үзэж танилцаж худалдаж авья гэж тохиролцсон.

Өөрөөр хэлбэл 2.3 см зузаантай өргөн нь 20 см, урт нь 4 метр урттай 25 ширхэг банзыг нэг багц буюу 250,000 төгрөгөөр нэг ширхэгийг 10,000 төгрөгөөр тооцож нийт 15 багц буюу 375 ширхэг банзыг худалдаалахаар тохиролцсон. Ингээд С.Ц-гийн хүсэлтийн дагуу Ундараа гэх эмэгтэй 8 дугаар сарын 7-н өдөр ирж өөрөө байлцан биечлэн харж байгаад 375 ширхэг банзны 250 ширхэгийг өргөнөөс нь 14 см 6 см болгож хуваалгаж өгнө үү гэсэн хүсэлтийнх нь дагуу над руу 50,000 төгрөгийн хөлстэйгөөр хуваалгасан. Ингээд нийт үнэ нь 3,800,000 төгрөг болсон. Үүнийг л нэхэмжлэгч энэ тохиролцоогоо ч мэдэж байгаа ойлголцсон учраас надруу мөнгөө шилжүүлсэн би ч банзаа энэ тохиролцооныхоо дагуу худалдаж, тоо хэмжээгээр нь ачуулсан. Харин би ямар нэгэн м.куб хэмжээс зэргээс тооцож банз худалдах талаар огт тохиролцоогүй, тийм тохиролцоо байхгүй. Ийм энгийн тохиролцоо хийж худалдсан болно.

Анх би Цайз модны зах дээр 20х20-ын хэмжээтэй 4 метр урттай палк /нэг палкнаас 7 ширхэг 2,3 см зузаан, 20 см өргөн, 4 метр урттай банз гардаг болно/ тухайн үед буюу 2019 оны 2,3 дугаар сард 70,000 төгрөгөөр худалдан авч байсан бөгөөд 8 дугаар сарын 7-нд уг банзыг худалдаж байх үед 75,000 төгрөг болж үнэ нь нэмэгдсэн байхад миний хувьд харин ч хямд үнээр буюу 70,000 төгрөгөөр нь энэ охинд зарсан.

Ийнхүү анх би өөртөө худалдан авсан байсан банзаа л тухайн үед авсан яг тэр үнээр нь энэ охинд туслаач зарчихаач гэсэн хүсэлтийнх нь дагуу л худалдсан. Тохиролцсоноосоо дутуу банз огт худалдаагүй, ямар нэгэн доголдол гаргаагүй. Худалдан авагч тал нь анхнаасаа тус банзны тоо ширхэгийг хүлээн зөвшөөрч хүлээн авч  ачуулалцаж боллоо хэмээн хүлээн авчихаад өөрсдөө очсон хойно нь өөрсдийн комисс гэх зүйлээр шалгуулж нийлүүлсэн бараа дутуу доголдолтой бараа нийлүүлсэн байна гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь шударга ёсонд бөгөөд хуульд нийцэхгүй байна. Учир нь иргэний хуулийн 255.1-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан” гэжээ өөрөөр хэлбэл ямар хэмжээтэй банз худалдан авах талаар тохиролцоод ямар хэмжээтэй банз хүлээн авч буйгаа мэдэх боломжгүй байх ямар ч боломжгүй зүйл юм. Мөн хуулийн 255.1.2-т аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй” гэжээ. Тэгэхээр үнэхээр барилгын ажил гүйцэтгэх гэж байгаа аж ахуйн нэгж юм бол ямар хэмжээ үзүүлэлттэй бараа хүлээн авч байгаагаа нэн даруй шалгаж гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авах ёстой. Энэ үүргээ мөн л биелүүлээгүй хирнээ дутуу банз нийлүүлсэн гэж маргах нь хуульд нийцэхгүй байна.

Мөн иргэний хуулийн 248.2-т худалдан авагч эд хөрөнгө хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно. Мөн хуулийн 247.2-т “худалдагч худалдсан эд хөрөнгийг худалдан авагчийн хүсэлтээр гэрээнд зааснаар өөр газар хүргүүлэхээр илгээсэн бол тухайн эд хөрөнгийг тээвэрлэгчид, эсхүл эрх бүхий этгээдэд шилжүүлсэн үеэс худалдан авагчид үр шим, эрсдэл нь шилжинэ” гэж тодорхой заасан.

Энэхүү тайлбар, үндэслэл нь миний хувьд тохиролцсон барааг  дутуу нийлүүлсэн гэсэн үг огт биш. Гагцхүү өөрсдөө тохиролцож, шалгаж хүлээн авч, ачуулчихаад очсон хойно нь дутуу байна ийм тоо ширхэгээр захиалаагүй гэж маргах нь хуульд ч зүй ёсонд ч огт нийцэхгүй байна. Хэрвээ миний энэхүү худалдсан банзыг дутуу нийлүүлсэн үзэж байгаа бол би энэ хэмжээ үзүүлэлт бүхий банзаа тоо ширхэгээр нь буцааж авах, хохирлоо энэ хүмүүсээс гаргуулахаар шаардах  эрхтэй гэж үзэж байна.

Иймээс би тус нэхэмжилсэн банзны зөрүү дутуу гэх 2,025,000 төгрөгийг төлөх ямар ч үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Фэйсбүүк дээр тавьсан зар бол 2015 онд миний утаснаас манай хүүхэд тавьж байсан юм. 2019 оны 8 сард Ц гэж хүүхэд холбогдоод банзыг чинь авья гэсэн. Шоплоор хөдөө байшин барьж байгаа та туслаач гээд гуйгаад байсан. Би наад Сэлэнгэд чинь үүнээс хямд мод зөндөө байгаа, тэндээсээ авсан нь чамд ашигтай. Миний мод рекний оронд хэрэглэх гэж байгаа үнэтэй палк зүсүүлж авсан мод байгаа гэдгээ, мөн аав ээжийгээ уулзуулж яриул гэж хүртэл хэлж сануулж байсан. Гэтэл өөрөө авна гээд өөрийн бие төлөөлөгч гээд Ундраа гээд охиныг явуулж хоорондоо утсаараа дүрсээ харж ярилцаад модыг хэмжиж, тоолж үзээд болно, авна гээд мөнгө шилжүүлсэн. Мөнгө орж ирэхэд би юун компанийн нэр вэ гэж гайхаж байсан. Модыг ачуулахад тэр У, ачиж өгсөн Д, Э нар хамт байсан. Хүссэн хэмжээгээр нь зүсч өгөөд явуулсан. Уг банзыг би анх модны наймаа хийдэг О гэдэг хүнээс палк  худалдаж аваад хажууд нь зүсүүлээд авч, 2 удаа ачиж ирэхэд мөн Д, Элбэгзаяа нар ачиж буулгаж байсан. Энэ хүүхдүүдийг би У-д банзыг нь ядарсан охин хүүхдэд гээд ажлын хөлсийг нь 100,000 төгрөг гэснийг нь загнаж байгаад 50,000 төгрөгөөр зүсүүлж өгч байсан. 4 м-ийн урттай ийм банз хаа ч байхгүй, би өөрөө хэрэглэх гэж олон удаа үзэж харж байж авч байсан банз гэдгээ ч хэлж байсан. 275 ш банзыг 25 багц гээд нэг багцыг нь 250,000 төгрөг, нэг ширхэг нь 10,000 төгрөгөөр өгч авахаар тохирсон. Куб метрээр зарна гэж тохироогүй. Над руу хэмжээндээ хүрэхгүй байна гэхээр нь би хэлж байсан. Би тоо хэмжээгээр нь л өгсөн, болохгүй бол аваад ир би мөнгийг чинь буцааж өгье гэж ч хэлж байсан.  Гэнэт л олон шар толгойтой хүмүүстэй нийлж тоолоод хэмжээ дутуу гээд байгааг зөвшөөрөхгүй. Би энэ Ц гэж охинд зарсан, хэрэв компани гэж хэлсэн бол би зарахгүй байх байсан. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй  гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч Л.Д холбогдуулан гэрээний үүрэгт 2,025,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

 

Нэхэмжлэгч Н ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...манайх 15 м.куб банзыг 1 м.куб-ийг 250,000 төгрөгөөр тооцон худалдан авахаар захиалан, төлбөрт банзны үнэ, тээврийн зардалд 3,800,000 төгрөгийг шилжүүлсэн, ...банзыг хүлээн авч комисс томилж хэмжиж үзэхэд нийт 6,9 м.куб банз болж, гэрээгээр тохирсон хэмжээнээс 8,1 м.куб дутсан..., ...дутуу банз нийлүүлж гэрээний үүргээ зөрчсөн учир дутуу нийлүүлсэн банзны зөрүү үнэ 2,025,000 төгрөгийг гаргуулна..., ...гэрээ байгуулах саналыг хүлээн авч гэрээний гол нөхцөлөө тохирсон..., талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ амаар байгуулагдсан...”  гэж тайлбарлан 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн  Н ХХК-ийн гүйцэтгэх захирлын 8/8-1 тоот “Комисс томилох тушаал”, 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн №8/9-1 дугаартай Комиссын акт, Худалдаа хөгжлийн банкны харилцагчийн дансны хуулга, фэйсбүүкт нийтлэгдсэн  “хар модон шинэ банз зарна. 2,5; 4; 5 зузаантай, урт нь 4 м, өргөн 20 см куб нь 220,000, 99980206” гэх зар, банзыг хүлээн авч байгаа байдлыг харуулсан фото зураг зэрэг бичгийн баримтуудыг тус тус нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн.

 

Хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг эс зөвшөөрч “...би С.Ц гэх эмэгтэйтэй 1 багцыг нь 250,000 төгрөгөөр тооцон 375 ш банзыг нэг бүрийг нь 10,000 төгрөгөөр тооцон  худалдах худалдан авахаар тохирч түүний бие төлөөлөгч О.У-д банзыг тоолж, хэмжиж, хүссэн хэмжээгээр нь зүсүүлж хүлээлгэн өгсөн..., ... ямар нэгэн компанийн ажилтантай гэрээ байгуулаагүй..., ...15 куб.метрээр тохиролцоогүй..., ... модны зах зээл дээр куб.метрээр тооцож мод зардаггүй..., ...хувааж зүссэн ажлын хөлс 50,000 төгрөгийг нэмээд нийт 3,800,000 төгрөгийг хүлээн авсан..., ...өөрсдөө тохиролцож, тоолж авчихаад очсон хойноо дутуу гэж байгааг зөвшөөрөхгүй...” гэсэн тайлбарыг гарган Модны цайз захаас 2019 оны 2 дугаар сарын 19, 3 дугаар сарын 15-ны өдрүүдэд мод худалдан авсан тухай зарлагын баримтууд, уг банзыг ачуулж байгаа фото зураг,  Л.Д-ийн Мобикомын 99980206 дугаартай утасны ярианы дэлгэрэнгүй жагсаалт зэргийг гарган ирүүлдэг.

 Дээрх хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

 

Н ХХК нь иргэн Л.Д-той 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хар модон банз худалдах, худалдан авахаар харилцан тохиролцжээ.

 

Талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзэх үндэслэлтэй байна. Худалдах худалдан авах гэрээг талууд хэлэлцэн тохиролцож амаар болон бичгээр хийж болох бөгөөд худалдан авагч Н ХХК нь худалдагч Л.Д-оос банз худалдан авахаар тохиролцож, банзны нийт үнийг 3,750,000 төгрөгөөр тооцон зардлын 50,000 төгрөгийн хамт нийт 3,800,000 төгрөгийг 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Л.Д-ийн 5062150606 дугаартай дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан харилцагчийн дансны хуулгаар тогтоогдож байгаа бөгөөд энэ үйл баримтыг талаар талууд маргахгүй байна.

Харин нэхэмжлэгч 15 м.куб мод авахаар тохирсон гэж, хариуцагч 375 ш банзыг нэг бүрийн 10,000 төгрөгөөр өгч авахаар тохирсон гэж тоо хэмжээн дээр маргаж байна.

Нэхэмжлэгч тал фэйсбүүк хуудаст “хар модон шинэ банз зарна. 2,5; 4; 5 зузаантай, урт нь 4 м, өргөн 20 см куб нь 220,000, 99980206” гэх зарыг хариуцагч  Л.Д нийтэлсэн байгаа нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-д заасан хүсэл зоригоо илэрхийлэн гэрээ байгуулах санал гаргасныг манай тал хүлээн авсан. Уг гэрээний саналд банзыг 1 м.куб нь 220,000 төгрөг гэж тавьсан байгаа учир гэрээ м.куб-ээр тооцохоор тохирсон гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-д заасан нэг болон хэд хэдэн тодорхой этгээдэд хандан гаргасан гэрээ байгуулах санал биш, харин мөн зүйлийн 195.4-д заасан тодорхой бус этгээдүүд хандсан хүсэл зоригийн илэрхийлэлд гэрээ байгуулах санал болохыг шууд заагаагүй,  нийтэд зарласан санал гаргах дуудлага гэж үзэхээр байна.

  

Учир нь гэрээ байгуулах саналд гэрээний гол нөхцлийг тусгасан байх ёстой бөгөөд худалдах худалдан авах гэрээний хувьд тухайн худалдаж буй зүйлийн үнэ, худалдаж буй зүйлийн төрөл шинжийг тодорхой тусгасан байх ёстой. Хэрэв нэхэмжлэгчийн тайлбараар уг зарыг гэрээний санал байсан, банзыг м.куб-ээр тооцож тохирсон гэж үзвэл уг худалдан авч буй банзны үнийг мөн тодорхой тогтсон байсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд гэрээний бүх нөхцлийн талаар бүрэн тохиролцоонд хүрсэн байх ёстой. Гэтэл талууд харилцан тохиролцож банзны үнийг 250,000 төгрөг болгон өөрчлөөд байгаа нь, банзны тоо хэмжээг мөн өөрчлөх эрхтэй байсан гэж үзэхээр байх тул үүнийг гэрээ байгуулах санал биш гэрээний дуудлага гэж үзлээ. Мөн уг зарыг нэхэмжлэгч Номад нейчур кемп ХХК болон бусад тодорхой этгээдүүдэд хандан гэрээ байгуулахаар санал гаргасан  гэж үзэхээргүй байна.

Түүнчлэн талуудын тайлбараар худалдан авагч тал буюу түүний төлөөлөгч С.Ц, худалдагч Л.Д нарыг хооронд хэлцэл хийгдсэн бөгөөд хэлцлийн дагуу уг 4 м урттай, 20 см өргөнтэй, 2,3 см зузаантай, 375 ширхэг банзыг нэхэмжлэгчийн төлөөлөгч гэх О.У тоолж, хэмжиж, энэ талаараа С.Ц-д мэдэгдэж, худалдан авагч талын саналаар уг банзнаас 250 ширхэгийг нь өргөнөөс нь 14 см, 6 см хэмжээтэй 2 хэсэгт хуваалган хүлээн авсан үйл баримтын талаар талууд хэн аль нь маргадаггүй.

Энэ бүгдээс дүгнэхэд талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж уг гэрээгээр талууд 4 м урттай, 20 см өргөнтэй, 2,3 см зузаантай, 375 ширхэг банзыг худалдан авах, уг 375 ширхэг банзны 250 ширхэгийг нь өргөнөөс нь 14 см, 6 см хэмжээтэй 2 хэсэгт хуваалган зүсүүлж авах, үүний үнэд 3,800,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгч Н ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 432012461 тоот данснаас 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Л.Д-ийн Хаан банк дахь 50621500606 тоот дансанд 3,800,000 төгрөгийг “EB-Nomad Nature Camp LLC 15 m3 larch plank purchase” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлснийг талуудын хүсэл зориг нэгдэж, харилцан тохиролцсоны дагуу 15 м.куб банз авахаар тохиролцсон гэж дүгнэх боломжгүй юм. Түүнчлэн тухайн аж ахуй нэгж, байгууллага нь өөрийн төлөөлөгчөөрөө дамжуулан бусад этгээдтэй хэлцэл хийх эрхтэй бөгөөд гагцхүү уг этгээдийг эрх бүхий этгээд хожим нь хүлээн зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үздэг. Нэхэмжлэгч тал С.Ц-г өөрийгөө төлөөлөн хэлцэлд оролцсон болохыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг.

Худалдан авагч тал хар модон банзыг хүлээн аваад тооллогын комисс томилж, уг комисс нь 6,9 м.куб банз хүлээн авч, 8,1 м.куб банз дутуу хүлээн авсан гэсэн акт тогтоосон нь уг банзны хэмжээг л тогтоож буй баримт болохоос талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу хэлэлцэн тохиролцсон тоо хэмжээг шууд тогтоосон үйл баримт биш юм. 

Түүнчлэн уг нэхэмжлэгч талаас ирүүлсэн 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн  Н ХХК-ийн гүйцэтгэх захирлын 8/8-1 тоот “Комисс томилох тушаал”, 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн №8/9-1 дугаартай Комиссын акт болон талуудын тайлбараар компанийн Ерөнхий менежер ажилтай С.Ц, гишүүн О.У нар нь уг тооллогын комисст орж ажиллан акт тогтоосон байх бөгөөд эдгээр хүмүүс нь хариуцагч Л.Д-той худалдан авагчийг төлөөлөн хэлцэл байгуулан, хэлэлцэн тохиролцож банзыг хүлээн авсан этгээдүүд байдаг.

            Түүнчлэн шүүх хуралдаанд хариуцагч талын хүсэлтээр оролцсон гэрч Н.Д мэдүүлэхдээ “...376 ширхэг банзыг Д.Элбэгзаяагийн хамт машинд ачсан, банзыг ачихад Д.Э, Л.Д гуай,ачсан машины жолооч, Д гуайн охин, бас нэг намхан шар охин байсан, тэр нь Ундраа гэдэг нь байх, өөр нэг хүнтэй утсаараа видео калл хийгээд яриад банзны урт, өргөнийг надаар метр авч ирүүлэн хэмжиж, цаашаа хэлж байсан. ...250 ширхэг банзыг нь голоор нь зүсүүлчих, үлдсэн 150 ширхэг банзыг нь тэр чигээр нь ачуулчих гэж ярьж байсан. ...ийм урт, өргөнтэй банз одоо 10,700 төгрөгөөр зарагдаж байгаа..., ...мод, банзыг зах дээр модны наймаа хийдэг хүмүүс багцаар нь зардаг, м.куб-ээр зардаггүй, учир нь хэтэрхий үнэтэй байдаг...” гэж, гэрч Д.Э мэдүүлэхдээ “...би Д гуайн хэлснээр Н.Д-ын хамт банзыг зүсч машинд ачиж өгөхөд байсан. Д гуай, түүний охин, машины жолооч, авч байгаа хүн гээд нэг хүүхэн байсан..., ...тэр хүүхэн нь өөр нэг хүүхэнтэй утсаараа зураг аваад, хоорондоо харилцаад болж байна гээд байсан..., ...356 ширхэг банз ачуулсан..., ...Д бид хоёр ажлын хөлсөө зуу, зуун мянга гэсэн боловч Д гуай ядарсан охинд гээд бид 50,000 төгрөгөөр тохирсон. ...250 ширхэг банзыг нь голоор нь зүсүүлж авсан..., ...яаж тохиролцсон хэдэн төгрөгөөр худалдаж байгааг би мэдээгүй...” гэж, гэрч Ө.О мэдүүлэхдээ “...Л.Д гуайд би 60 палк зарсан, 40, 20-оор нь 2 хувааж авч явсан. 20х20 хэмжээтэй, 4 м урттай палкийн нэг бүрийн нь 70,000 төгрөгөөр авсан,  нэг палкнаас 2,3 см зузаантай 7 ширхэг банз гардаг, 1 ширхэг банз зах зээл дээр 10,000-12,000 төгрөг байгаа. Модыг м.куб-ээр хэмждэгч ч ингэж зардаггүй, багцаар нь түүнийгээ хэллэгээрээ м.куб гэж зардаг, 1 багц нь м.куб-д хүрдэггүй, бараг 20-30 хувь дутуу байдаг, ...Л.Д гуай надаас авсан палкаа хажуу талд банз болгон зүсүүлээд авсан..., ...хэдэн төгрөгөөр хэнд зарсан тухай бол мэдэхгүй...” гэж тус тус мэдүүлэг бөгөөд эдгээр гэрч нарын мэдүүлгүүд нэхэмжлэгч Н ХХК болон хариуцагч Л.Д нарын хооронд хийгдсэн хэлцлийн гол нөхцөл, агуулгыг шууд нотолж чадахгүй боловч худалдан авагч талын төлөөлөгч буюу О.У, С.Ц нар нь 375 ширхэг банзыг биеэр үзэн хэмжиж, тоолж худалдан авахаар Л.Д-той тохиролцсон болохыг гэрчилж байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас гэрчээр О.У-г оролцуулан мэдүүлэг авахуулах хүсэлтийг гаргадаг ба түүний хаяг тодорхойгүй, нэхэмжлэгч тал түүнийг “...ажлаасаа гарсан, гадаадад явж байгаа...” гэсэн тайлбар гаргасныг үндэслэн хариуцагч тал О.У-г гэрчээр оролцуулах хүсэлтээсээ татгалздаг.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, түүнтэй холбоотой баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч дээрх эрхээ хэрэгжүүлж холбогдох нотлох баримтуудаа шүүхэд ирүүлээгүй, уг хэлцлийн байгуулахад оролцсон О.У, С.Ц нарыг гэрчээр оролцуулах хүсэлт гараагүй тул нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага тогтоогдоогүй гэж үзсэн болно.

 

            Дээрх бичгийн баримтууд болон талуудын тайлбарыг дүгнэн үзвэл талууд гэрээний гол нөхцөл буюу банзны тоо ширхэг, хэмжээ, үнэ зэргийг тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч тал худалдан авах модыг м.куб хэмжээсээр хэмжиж тохирсон гэж байгаа боловч энэ нь баримтаар тогтоогддоггүй бөгөөд хэрэв м.куб-ээр тохирсон бол банзыг хүлээн авч байгаа О.У, С.Ц нар нь энэ талаар мэдэх боломжтой байсан боловч нэн даруй шалгаж авах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна. Талууд хэн аль нь модны м.куб, см.куб гэсэн эзэлхүүний хэмжих нэгж нь урт, өргөн, өндөр гэсэн 3 хэмжээсийн үржвэр байдаг болохыг мэдэх боломжтой, нарийн тусгай мэдлэг шаардагдахгүй гэсэн тайлбарыг гаргадаг ба худалдан авсан банзыг хүлээн авч тээвэрлүүлэн өөрийн хашаанд хүргэгдэн ирсний дараа дээрх этгээдүүд хүлээн авсан банзаа тоолж, хэмжин 15 м.куб хүрэхгүй байгаа талаар комиссын акт үйлдээд байгаа нь тэднийг уг банзны хэмжээг м.куб-ээр тооцон худалдан авахаар тохирсон талаар мэдэх боломжтой байсан, нэн даруй шалган шаардан авах, эсхүл гэрээнээс татгалзах эрхтэй байсан гэж үзэхээр байна. Мөн хариуцагч тал нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-д зааснаар аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй гэсэн тайлбар татгалзыг гаргадаг бөгөөд энэ нь талуудыг банзыг м.куб-ээр хэмжихээр тохиролцсон нь тогтоогдсон тохиолдолд хэрэглэгдэх худалдан авагчийн шаардлага гаргах эрхтэй холбогдсон хуулийн зохицуулалт юм.

            Хариуцагч Л.Д-ийн шүүхэд гарган ирүүлсэн 20х20 хэмжээтэй, 4 м урттай 60 ш палк худалдан авсан тухай зарлагын баримт, гэрч О.О-ийн мэдүүлэг зэрэг баримтууд нь түүнийг уг хэмжээс бүхий палкийг худалдан авч, банз болгон зүсүүлсэн үйл баримтыг тогтоож байгаа болохоос нэхэмжлэгчтэй тохиролцсон тохиролцоог шууд нотлох баримт биш бөгөөд уг өөрийн өмчлөлийн 357 ширхэг банзыг нэхэмжлэгчид зарсан болохыг үгүйсгэхгүй юм.  

 

Иймд худалдагч Л.Д 2,3 см өндөртэй, 20 см өргөнтэй, 4 м урттай 375 ширхэг банзыг нэг бүрийг 10,000 төгрөгөөр тооцон, 250 ширхэг банзыг нь 14 см, 6 см өргөнтэй болгон зүсч бэлтгэн өгч, худалдан авагч Н ХХК нь банзны үнэд 3,750,000 төгрөгийг ажлын хөлс 50,000 төгрөгийн хамт нийт 3,800,000 төгрөг өгч авалцахаар харилцан тохиролцож гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “...Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ...” гэж заасны дагуу талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, талууд хэн аль нь гэрээгээр харилцан тохирсон үүргээ биелүүлсэн гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,