Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 12

 

“Х- Б-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/01294/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  01 дүгээр сарын 13-ны өдрийн 79 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Х- Б-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Б-,

Г.Т- нарт холбогдох    

"Зээлийн гэрээний үүрэгт нийт 62.859.552,86 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагч Б.Б-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн

           2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаа илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Одгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Б- нь Х- Б-тай 2016 оны 06 сарын 03-ны өдөр 1070023257 дугаартай орон сууц худалдан авах зээлийн гэрээ байгуулан 60.000.000 төгрөгийг төгрөгийг жилийн 5.0 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатайгаар, үндсэн хөрөнгийн зориулалтаар авсан. Банк нь 2016 оны 06 сарын 06-ны өдөр зээлдэгч Б.Б-ийн Х- Б- дахь 5001418423 дансанд 60.000.000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.

Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1070023257 дугаартай орон сууц худалдан авах зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, зээлийн төлбөрийг 2018 оны 03 сарын 02-ны өдрөөс эхлэн төлөлт хийгээгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 691 хоногийн хугацаа хэтэрсэн зөрчилтэй байна. Хасбанк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс амаар болон бичгээр шаардаж байсан бөгөөд зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ одоог хүртэл биелүүлээгүй байна.

1070023257 дугаартай орон сууц худалдан авах зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2016 оны 06 сарын 03-ны өдрийн 1070023257-01 дугаартай барьцааны гэрээгээр Б.Б-ийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003019978 дугаар, үл хөдлөх эд хөрөнгийн 000429427 дугаар гэрчилгээтэй, Дархан-Уул аймаг, Дархан сум, 14-р баг, 2-р хороолол, 45А байр, 19 тоот 67.64 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан.

Иймд үндсэн зээл 57.303.923,84 төгрөг, зээлийн хүү 5.519.195,02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36.434,00 төгрөг, нийт 62.859.552,86 төгрөгийг Б.Б-аас гаргуулж өгнө үү. Зээлдэгч нар сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг дээр дурдсан барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрт дурдаж өгнө үү гэжээ.

Хариуцагч нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Б.Б-, Г.Т- бид 2016 оны 06 сарын 03-ны өдөр 1070023257 дугаартай гэрээ байгуулж Х- Б-наас 60.000.000 төгрөгийн зээл авсан. Байраа бид 67.64 м2 х 1.350.000 = 91.314.000 төгрөгөөр худалдаж авсан. Үүний 31.314.000 урьдчилгаа ажил хийсэн хөлснөөс төлж, үлдэгдэл 60.000.000 төгрөгийг Банкнаас зээл авч төлсөн

Бид зээлээ 2018 оны 03 сар хүртэл төлж байгаад 2018 оны 03 сараас төлж чадаагүй. Энэ нь бид Х- Б-инд бизнесийн зээлтэй байсан учир бизнесийн зээлээ дуусгаж дан байрны зээлтэйгээ үлдэхээр зорьсон.

Бид бизнесийн хувьд улирлын чанартай ажилладаг учраас мөн том ажил орж ирэхэд бөөнөөр төлөх боломжууд байдаг. Бид байраа барьцаа хөрөнгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй. Байраа бид өөрсдөө зарж борлуулж зээлээ төлөх боломжтой. Бид байраа зах зээлийн үнээр зарж зээл болон зээлийн хүүг бүрэн төлөх боломжтой гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 79 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т зааснаар хариуцагч Б.Б-, Г.Т- нараас 62.859.552,86 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х- Б-” ХХК-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б.Б-, Г.Т- нар шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Б.Б-, Г.Т- нарын өмчлөлд бүртгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003019978 дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сум, 14-р баг, 2-р хороолол, 45А байр, 19 тоот хаягт байршилтай 67.64 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж болохыг мэдэгдэж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 542.448 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-, Г.Т- нараас улсын тэмдэгтийн хураамжид 542.448 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х- Б-” ХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Б- давж заалдсан гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага болох 62.859.552,86 төгрөгийг хариуцагчийн зүгээс төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг үл зөвшөөрч байна. Учир нь миний бие өөрөө байраа зах зээлийн үнээр худалдан борлуулж зээл, нэхэмжлэлийн дүнг төлнө. Мөн зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байгааг харгалзан үзнэ үү.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Х- Б-” ХХК хариуцагч Б.Б-, Г.Т- нарт холбогдуулж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 57.303.923,84 төгрөг, зээлийн хүү 5.519.195,02 төгрөг нэмэгдүүлсэн хүү 36.434 төгрөг нийт 62.859.552,86 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нар нэхэмжлэгч байгууллагын  гэрээгээр шаардаж буй төлбөрийн мөнгөн дүнг төлөхийг хүлээн зөвшөөрдөг боловч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451, 453, 225, 175 дугаар зүйлийн холбогдох хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнийг хариуцагч Б.Б- эс зөвшөөрч, шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 2 дугаар заалт буюу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай заалтыг хүчингүй болгуулахаар давж заалдсан гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтаар хэргийг бүхэлд нь хянан үзээд дараах дүгнэлтийг хийлээ.

Талууд 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээг тус тус байгуулж 60.000.000 төгрөгийг 240 сарын хугацаатай, жилийн 5 хувийн хүүтэй, үндсэн хөрөнгө худалдан авах зориулалтаар зээлдүүлэх, зээлдэгч нар авсан зээлээ гэрээний хавсралтад заасан хугацаат хуваарийн дагуу буцааж төлөх, хэрэв хуваарийн дагуу зээлийг төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдэл хүү төлөх, мөн Дархан сумын 14 дүгээр баг 2 дугаар хороолол, 45А байрны 19 тоот хаягт байрлалтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож, дээрх гэрээг байгуулсан байна.

Эдгээр гэрээнүүд нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-д “Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гйүцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг  ипотек гэнэ”, 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасантай нийцсэн хүчин төгөлдөр гэрээ мөн байна.

Зээлдүүлэгч “Х- Б-” ХХК 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зээлдэгч Б.Б-ийн эзэмшлийн Х- Б- дахь 5001418423 дугаартай дансанд 60.000.000 төгрөгийг шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна.

Хэрэгт авагдсан баримт болон хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар мэдүүлгээр зээлдэгч нар 2018 оны 03 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн төлбөр хийгээгүй, гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн бөгөөд талууд энэ талаар маргаагүй.

Нэхэмжлэгч “Х- Б-” ХХК Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж зааснаар гэрээг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл, түүний хүү, гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй болно.

Мөн Зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д “Зээлдэгч энэхүү гэрээгээр болон Баталгаат ипотекийн гэрээгээр  хүлээсэн үүргээ тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол” нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардахаар, Барьцааны гэрээний 5 дугаар зүйлийн 5.4-т “Гэрээнд барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг  шүүхээс гадуур хангуулах журмыг хэрэглэхээс заасан эсэхээс  үл хамааран банк шүүхийн журмаар  хангуулах аргыг хэзээ ч хэрэглэхээр  шаардлага гаргах эрхтэй” гэж тус тус банкны эдлэх эрхийн талаар талууд харилцан тохиролцсон байна.

Энэ талаар анхан шатны шүүх хуульд нийцсэн дүгнэлт хийсэн байх ба шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

Иймд хариуцагч Б.Б-ийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах  тухай шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар давж заалдсан гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хариуцагч Б.Б-ийн  давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 79 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Б.Б-аас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                           

        

                ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

                          АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

                                                     ГҮЙЦЭТГЭГЧ                               О.НАРАНГЭРЭЛ

                                                           ШҮҮГЧИД                               С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                           Л.АМАРСАНАА