Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 79

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2019/01294/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ........ хот, .......... дүүрэг, ........ хороо, ........... гудамж, өөрийн байранд оршин байгаа, “Х банк” ХХК /рд:....../, түүнийг төлөөлж Дархан салбар /......../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ......... аймаг, ........ сум, .......... баг, ......... хороолол, ........ байр, ... тоот хаягт оршин суугаа, Б овогт Б-ы Б /рд:.........../,

 

Хариуцагч: ......... аймаг, .......... сум, .......... баг, ........... хороолол, ...... байр, ......... тоот хаягт оршин суугаа, Б овогт Г-ийн Т /рд:.........../ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 62,859,552.86 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.О-, хариуцагч Б.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Б- нь Х банктай 2016 оны 06 сарын 03-ны өдөр 1070023257 дугаартай орон сууц худалдан авах зээлийн гэрээ байгуулан 60,000,000 төгрөгийг төгрөгийг жилийн 5.0 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатайгаар, үндсэн хөрөнгийн зориулалтаар авсан. Банк нь 2016 оны 06 сарын 06-ны өдөр зээлдэгч Б.Б-ийн Х банк дахь 5001418423 дансанд 60,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.

Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1070023257 дугаартай орон сууц худалдан авах зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, зээлийн төлбөрийг 2018 оны 03 сарын 02-ны өдрөөс эхлэн төлөлт хийгээгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 691 хоногийн хугацаа хэтэрсэн зөрчилтэй байна. Х банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс амаар болон бичгээр шаардаж байсан бөгөөд зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ одоог хүртэл биелүүлээгүй байна.

1070023257 дугаартай орон сууц худалдан авах зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2016 оны 06 сарын 03-ны өдрийн 1070023257-01 дугаартай барьцааны гэрээгээр Б.Б-ийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-.............. дугаар, үл хөдлөх эд хөрөнгийн 000429427 дугаар гэрчилгээтэй, ........ аймаг, ......... сум, ....... баг, ........ хороолол, ......... байр, ........ тоот ......... м.кв талбайтай ......... өрөө орон сууцыг барьцаалсан.

Иймд үндсэн зээл 57,303,923.84 төгрөг, зээлийн хүү 5,519,195.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,434.00 төгрөг, нийт 62,859,552.86 төгрөгийг Б.Б-аас гаргуулж өгнө үү. Зээлдэгч нар сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг дээр дурдсан барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрт дурдаж өгнө үү гэжээ.  

 

Хариуцагч нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Б.Б-, Г.Т- бид 2016 оны 06 сарын 03-ны өдөр 1070023257 дугаартай гэрээ байгуулж Х банкнаас 60,000,000 төгрөгийн зээл авсан. Байраа бид 67.64 м2 х 1,350,000 = 91,314,000 төгрөгөөр худалдаж авсан. Үүний 31,314,000 урьдчилгаа ажил хийсэн хөлснөөс төлж, үлдэгдэл 60,000,000 төгрөгийг Банкнаас зээл авч төлсөн.

Бид зээлээ 2018 оны 03 сар хүртэл төлж байгаад 2018 оны 03 сараас төлж чадаагүй. Энэ нь бид Х банкинд бизнесийн зээлтэй байсан учир бизнесийн зээлээ дуусгаж дан байрны зээлтэйгээ үлдэхээр зорьсон.

Бид бизнесийн хувьд улирлын чанартай ажилладаг учраас мөн том ажил орж ирэхэд бөөнөөр төлөх боломжууд байдаг. Бид байраа барьцаа хөрөнгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй. Байраа бид өөрсдөө зарж борлуулж зээлээ төлөх боломжтой. Бид байраа зах зээлийн үнээр зарж зээл болон зээлийн хүүг бүрэн төлөх боломжтой гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Х банк” ХХК нь хариуцагч Б.Б-, Г.Т- нарт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 57,303,923.84 төгрөг, зээлийн хүү 5,519,195.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,434.00 төгрөг, нийт 62,859,552.86 төгрөгийг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нар нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг эс зөвшөөрч маргадаг бөгөөд татгалзлын үндэслэлээ өөрсдөө зах зээлийн үнээр бусдад худалдан зээлээ төлөх боломжтой хэмээн тайлбарладаг.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч “Х банк” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Талууд 2016 оны 06 сарын 03-ны өдөр 1070023257 тоот “Зээлийн гэрээ” болон 1070023257-01 тоот “Барьцааны гэрээ”-г тус тус байгуулж, зээлдүүлэгч “Х банк” ХХК нь зээлдэгч Б.Б-, Г.Т- нарт 60,000,000 төгрөгийг жилийн 5 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатайгаар зээлдүүлэх, зээлдэгч Б.Б-, Г.Т- нар зээлж авсан мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан хүүгийн хамт зээлдүүлэгч “Х банк” ХХК-д буцаан төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх, мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эрхийн улсын бүртгэлийн Ү-.............. дугаарт бүртгэлтэй, ........... аймаг, ........ сум, ........ баг, ....... хороолол, ...... байр, ....... тоот хаягт байршилтай ....... м.кв талбай бүхий ..... өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалахаар тус тус харилцан тохиролцжээ.  

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа болон Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-д заасан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд дээр дурдсан зээлийн болон барьцааны гэрээ нь хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар нэхэмжлэгч “Х банк” ХХК нь шилжүүлсэн мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан хүү, хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү төлөхийг хариуцагч Б.Б-, Г.Т- нараас шаардах, мөн хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.2, 165 дугаар зүйлийн 165.1-д зааснаар өөрийн шаардлагыг бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй юм.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүргийг тогтоосон газар, хугацаанд зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх учиртай.

 

Хэрэгт авагдсан Б.Б-ийн эзэмшлийн “Х банк” дахь 1070023257 тоот дансны хуулга, нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан “... нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 691 хоногийн хугацаа хэтэрсэн зөрчилтэй байна” гэсэн тайлбар, хариуцагч талын шүүхэд гаргасан “... Бид зээлээ ... 2018 оны 03 сараас хойш төлж чадаагүй” гэсэн тайлбар зэргээс үзэхэд 1070023257 тоот “Зээлийн гэрээ”-ний хавсралт “Зээлийн эргэн төлөлтийн хуваарь” зөрчигдсөн буюу нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 22 удаагийн төлөлт хийгдээгүй болох нь тогтоогдож байна. 

 

Иймд нэхэмжлэгч “Х банк” ХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, “Зээлийн гэрээ”-ний 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2-т заасны дагуу гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

 

Хариуцагч нар нэхэмжлэгч талын нэхэмжилсэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоололтой маргаагүй учир хариуцагч Б.Б-, Г.Т- нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 62,859,552.86  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х банк” ХХК-д олгох нь зүйтэй.

 

Өмнө дурдсанчлан талуудын хооронд байгуулагдсан 1070023257-01 тоот “Барьцааны гэрээ” нь Иргэний хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байх тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдааны товыг хариуцагч Г.Т-т боломжит хугацаанд буюу 6 хоногийн өмнө утсаар мэдэгдэхэд “За, ойлголоо” хэмээн хариулсан болох нь хэрэгт авагдсан “Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай” баримтад тэмдэглэгджээ.

 

Хариуцагч Г.Т-ын шүүх хуралдаанд ирээгүй шалтгааныг тодруулахад хариуцагч Б.Б- нь “гадуур ажилтай яваад ирж чадаагүй” хэмээн тайлбарласан бөгөөд энэ нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т зааснаар хариуцагч Б.Б-, Г.Т- нараас 62,859,552.86 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х банк” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б.Б-, Г.Т- нар шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Б.Б-, Г.Т- нарын өмчлөлд бүртгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-.............. дугаарт бүртгэлтэй, ........ аймаг, ...... сум, ...... баг, .... хороолол, ..... байр, ...... тоот хаягт байршилтай ..... м.кв талбай бүхий ...... өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж болохыг мэдэгдсүгэй.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 542,448 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-, Г.Т- нараас улсын тэмдэгтийн хураамжид 542,448 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х банк” ХХК-д буцаан олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.НЯМБАЗАР