Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2019/0844

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар Т******ф*****ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн газрын албанд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Т******ф*****ХХК /РД:50******* /

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба.

Гуравдагч этгээд: М******гр*****ХХК /РД: 5*******/

Нэхэмжлэлийн шаардлага: Газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ гаргахаас татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ гаргахыг даалгуулах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э*****-Э*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У********, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ал***********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Батболд нар оролцов.

                                                                             

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Т******ф*****ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Пү*********** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай компани нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 405 дугаар захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт 1700 м.кв талбай бүхий газрыг худалдааны зориулалтаар эзэмшиж эхэлсэн. Тус эзэмшлийн газартаа авто сэлбэгийн дэлгүүр, засварын газрын зориулалттай 2 үл хөдлөх эд хөрөнгийг барьж ашиглалтад оруулсан бөгөөд улсын бүртгэлийн Ү-22*******, Ү-22***********дугаарт бүртгэгдэж үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан.

Тухайн эзэмшлийн газар, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Нарны зам ** тоот, ***тоот хаягт байрлах авто сэлбэгийн дэлгүүр, засварын газрын зориулалттай 2 үл хөдлөх эд хөрөнгийг манай компани 2012 оныг хүртэл эзэмшиж, өмчилж, үйл ажиллагаагаа явуулж байсан боловч иргэн Н.Ур******* бусадтай үгсэн тохиролцож хуурамч бичиг баримт үйлдэн манай компанийн эзэмшлийн дээрх газар, өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрсдийн М******гр*****ХХК- руу шилжүүлэн авсан байсан.

Н.Уранчимэгийн дээрх үйлдлийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1700 м.кв газар, улсын бүртгэлийн Ү-22*******, Ү-22***********дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Нарны зам 70, 70/1 тоот хаягуудад байрлах 2 үл хөдлөх эд хөрөнгө зэргийг тус тус хууль бусаар, хуурамч бичиг баримт бүрдүүлэх замаар М******гр*****ХХК-ийн нэр дээр шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон боловч тухайн хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр Н.Уранчимэгт холбогдох эрүүгийн хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгосон.

Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон хэдий ч Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Эд хөрөнгийн бүртгэлийн талаар 5/613 тоот албан бичгээр Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Нарны зам 70 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаар, Нарны зам 70/1 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-22***********дугаарт бүртгэлтэй 2 үл хөдлөх эд хөрөнгүүдийг М******гр*****ХХК-иас Т******ф*****ХХК-д буцаан шилжүүлэх талаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан.

Мөн Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1700 м.кв газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 02 дугаар сарын 10-ны өдрийн Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/50 дугаар захирамжаар Т******ф*****ХХК-ийн эзэмшиж буй газар дээр хуурамч материал бүрдүүлсэн үндэслэлээр М******гр*****ХХК-д шилжүүлсэн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.

Өөрөөр хэлбэл Т******ф*****ХХК-ийн эзэмшлийн газрыг хуурамч баримт бүрдүүлж шилжүүлэн авсан М******гр*****ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тул Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 405 дугаар захирамжаар Т******ф*****ХХК-д эзэмшүүлсэн газрын эрх сэргэж, өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байна.

Манай компанийн зүгээс өөрийн эзэмшил газрын гэрээ, гэрчилгээг гаргуулахаар 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 19/** тоот албан бичгээр Баянзүрх дүүргийн Газрын албанд хандсан боловч Баянзүрх дүүргийн Газрын албанаас 2019 оны 03 дугаар 04-ний өдөр 13/411 тоот албан бичгээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу танай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэх хариуг ирүүлсэн.

Тус хариуг хүлээн авч Нийслэлийн Газрын албанд хандсан боловч Нийслэлийн Газрын албаны 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 02-06/19** дугаар албан бичгээр ...шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлнэ үү гэх хариуг ирүүлсэн.

Иймд Газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрчилгээ гаргахаас татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ гаргахыг Баянзүрх дүүргийн Газрын албанд даалгаж өгнө үү. Өөрөөр хэлбэл Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 405 дугаар захирамжийг үндэслэн Т******ф*****ХХК-д хуучин гэрээ гэрчилгээг гаргаж өгөхийг хариуцагчид даалгуулах гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж ирүүлсэн тайлбартаа: Манай компани Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Эд хөрөнгийн бүртгэлийн талаар 5/6** тоот албан бичгийг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 405 дугаар захирамжийн дагуу эзэмшсэн Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1700 м.кв газрын эрхээ сэргээлгэж, гэрээ, гэрчилгээг гаргуулах нь зүйтэй гэж үзэж Баянзүрх дүүргийн Газрын албанд 2019 оны 1 дүгээр сард очиж уулзсан.

Түүний дагуу Баянзүрх дүүргийн Газрын албанаас Мо**** ХХК-ийн тухайн газрыг эзэмших эрхийг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/50 дугаар захирамжаар цуцалсан байна гэж аман байдлаар мэдэгдсэн. Хэрэв танай компани газар эзэмших эрхээ сэргээлгэж, газрын гэрээ, гэрчилгээг гаргуулах гэж байгаа бол манай албанд хүсэлтээ албан бичгээр гарга, түүний дагуу манай албанаас хариу өгөх болно гэж хэлсэн.

Иймд манай компанийн зүгээс Баянзүрх дүүргийн Газрын албанд 2019 оны 01 дүгээр сарын 3-ний өдрийн 19/66 тоот албан бичгээр хандсан боловч хариуг Баянзүрх дүүргийн Газрын албаны 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 13/411 тоот албан бичгээр, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/50 дугаар захирамжийн хуулбарын хамт /байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан/ манай компанид өгсөн.

Тодруулбал Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 10- ны өдрийн А/50 дугаар захирамжийг манай компани 2019 оны 03 дугаар сарын 04- ний өдөр албан ёсоор гардан авч, мэдсэн.

Баянзүрх дүүргийн Газрын албанаас өгсөн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/50 дугаар захирамжийг нотлох баримтын шаардлага хангуулж нэхэмжлэлдээ хавсарган шүүхэд хүргүүлсэн болно.

Манай компанийн зүгээс Баянзүрх дүүргийн Газрын албаны 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 13/411 тоот албан бичгээр өгсөн хариуг хүлээн авч, хуульд заасан хугацаанд тухайн байгууллагын дээд шатны байгууллага болох Нийслэлийн Газрын албанд хандаж, Нийслэлийн Газрын албанаас 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хариуг хүлээн авч, шүүхэд хандсан болно.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тус шүүхэд хэлэлцэгдэж байгаа Т******ф*****ХХК-ийн нэхэмжлэлтэй, дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох захиргааны хэрэгт хариуцагчаас дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд Газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ гаргахаас татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших гэрээ, гэрчилгээ гаргахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн талаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд тусгахаар заасан.

Анх нэхэмжлэгч Т******ф*****ХХК-д дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/4** дугаар захирамжаар тус дүүргийн 13 дугаар хороо, Нарны замд байрлах 1700 м.кв талбай бүхий газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Улмаар дээрх компаниас газар эзэмших эрх шилжүүлэх тухай хүсэлтийг дүүргийн Газрын албанд /хуучнаар/ гаргаж дүүргийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн А/2** дугаар захирамжаар Те***** ф****" ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг М******гр*****ХХК-д шилжүүлсэн.

Гэтэл Т******ф*****ХХК болон М******гр*****ХХК нарын газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэх тухай гаргасан өргөдөл, хүсэлт холбогдох баримт бичгийг хуурамчаар үйлдсэн болох нь Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 13 дугаартай прокурорын тогтоолоор нотлогдож байх бөгөөд дээрх үйл баримтын үндсэн дээр дүүргийн Засаг даргаас Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/50 дугаар захирамжаар М******гр*****ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.

Улмаар нэхэмжлэгч Т******ф*****ХХК нь газар эзэмших эрхээ сэргээлгэж гэрээ, гэрчилгээ авахаар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандсан боловч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан үйл баримт тогтоогдсон тул газар эзэмших эрхийг сэргээхээс татгалзсан болно.

Энэ талаар нэхэмжлэгчид дүүргийн Газрын алба /хуучнаар/-ны 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 13/411 дугаартай албан бичгээр мэдэгдсэн.

Хэдий Т******ф*****ХХК болон Мо**** ХХК нарын газар эзэмших эрх шилжүүлэхээр гаргасан өргөдөл, хүсэлт нь хууль бус болох нь тогтоогдож Мо**** ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн ч нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг мөн хүчингүй болгох нөхцөл бүрдсэн байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож гэрээг дахин байгуулахаас татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Гуравдагч этгээд М******гр*****ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа зөвхөн гэрээ, гэрчилгээг гаргаж өгөхийг даалгаж өгөөч гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан. Нотлох баримтаар шүүхэд өгсөн шүүгчийн захирамж нь иргэний журмаар маргаж байгаа дундын өмчлөл, эд хөрөнгө, эрхтэй холбоотой маргаан байгаа. Мөн энэ маргаантай холбоо байхгүй гэж тайлбарлаж байгаа боловч, гэрээ гэрчилгээ гэдэг нь цаас гэхээс илүүтэй, энэ газрыг хэн нэгэн хүн эзэмшиж байгаа ганц баримт юм.

Газрын тухай хуулийн 27-р зүйлийн 1-д зааснаар Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан ба энэ газрыг хэн эзэмшихийг гэрээ, гэрчилгээ нотолж байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54-р зүйлийн 1.1-д захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус 54-р зүйлийн 1.5-д нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, 54-р зүйлийн 1.6-д нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа нь хуулийн 54-р зүйлийн 1.5-д зааснаар тодорхой болно.

Хариуцагчаас тайлбар өгсөн, би зөвхөн захирамж хүссэн гэж тайлбарлаж байна. Одоо маргаж байгаа газрын жинхэнэ эзэн нь хэн бэ? гэдэг талаар маргаан нь иргэний хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй. Хуулийн 54-р зүйлийн 1.1-д зааснаар одоо хэрэг иргэний шүүхэд үүсээд шийдэгдэх шатандаа 2014 оноос явж байгаа. Энэ хэрэг нь шийдвэрлэж дуусаагүй, нэхэмжлэгч тал нь энэ бүтэн хэрэг маргааны нэг хэсэг болох энэ газрын гэрээ, гэрчилгээг, хариуцагч гаргаж өгөхгүй байна гэдэг маргаан болгоод Захиргааны шүүхээр шийдүүлэх хүсэлтэй байна, гэхдээ энэ газрыг эзэмших эрхийн хүрээнд хэн нь энэ газрыг эзэмших вэ? гэдгийг иргэний шүүхээр шийдүүлж байгаа учир Захиргааны шүүхэд энэ хэрэг маргааныг шийдэх боломж байхгүй гэж үзэж байна.

Мөн Хуулийн 54-р зүйлийн 1.6-д зааснаар өөр шүүх, захирамжаар энэ газрын хөдөлгөөнийг хязгаарлаад 69-р зүйлийн 1.2-д зааснаар арга хэмжээ авсан байгаа болохоор Баянзүрх дүүргийн, Засаг дарга шийдвэр гаргах гэхээр, бүртгэлтэй шүүгчийн захирамжаар хязгаарлалт тогтоосон болохоор хариуцагчийн зөв гэж бодож байна. Хариуцагч нэг шүүхийн шийдвэрийг үгүй хийгээд өөр этгээдэд шилжүүлж өгөх боломж байхгүй. Нэхэмжлэл гаргах эрхтэй болсон үйл явдлыг нэхэмжлэгчийн зүгээс тайлбарлахдаа, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2015 оны 11-р сарын 9-ны өдрийн, 5/613 бичгээр ирүүлсний дагуу, газар дээр байгаа хоёр үл хөдлөх хөрөнгө, одоо Т******ф*****ХХК эрхтэй болсон, энэ бол манай хөрөнгө болсон гэдгийг прокурор тогтоосон учраас бидний зүгээс нэхэмжлэлээ гаргасан гэж тайлбарлаж байгаа.

Мөн 2015 оны 02-р сарын 10-ны өдрийн, Баянзүрх дүүргийн, Засаг даргын А50 захирамжийг үндэслэж байгаа. Гэтэл 2015 оны 11-р сарын 09-ны өдрийн 5/6** тоот прокурорын бичигт хоёр үл хөдлөх хөрөнгийг, Т******ф*****ХХК-д шилжүүлж өгөх нь зүйтэй байна гэж бичсэн болохоос биш, одоо маргаан бүхий газар болох Баянзүрх дүүргийн, **-р хороо, **-р хорооллын 1700м2 газарт холбоотой баримт байхгүй. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т******ф*****ХХК нь Газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ гаргахаас татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ гаргахыг даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд анх гаргасан.

Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь шүүх хуралдаанд Өмнөх буюу хуучин /2007 оны/ газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ гаргахаас татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ гаргахыг даалгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Т******ф*****ХХК-д анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/405 дугаар захирамжаар тус дүүргийн 13 дугаар хороо, Нарны замын урд байрлах 1700 м.кв хэмжээтэй газрыг худалдааны зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

Улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/2** дугаар захирамжаар Те***** ф****" ХХК-ийн эзэмшиж байсан дээрх газрыг М******гр*****ХХК-д эрх шилжүүлэн эзэмшүүлсэн байна.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/** дугаар захирамжаар Т******ф*****ХХК-ийн эзэмшиж буй газар дээр хуурамч материал бүрдүүлсэн үндэслэлээр М******гр*****ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон байна.

Дээр дурдсан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны А/4** дугаар захирамжаар Т******ф*****ХХК-д тус газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн ба уг захирамжийг үндэслэн газар эзэмших гэрчилгээг 5 жилийн хугацаагаар олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байх тул тус гэрээ, гэрчилгээний хугацаа дууссан болох нь тодорхой нотлогдож байна.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д Газар эзэмших гэрээнд дараахь зүйлийг тусгана, 34.6.5-д газар эзэмшүүлэх хугацаа гэж заасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь шүүх хуралдаанд Өмнөх буюу хуучин /2007 оны/ газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ, гэрчилгээ гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан ба Т******ф*****ХХК-д 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн газрын гэрээ, гэрчилгээний хугацаа 2012 онд дууссан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн

1.1 болон 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасан зохицуулалтын агуулгаас үзэхэд Захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэгчийн захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн тогтоох зорилготой ба захиргааны хэргийн шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нөхцөлд нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх эрх зүйн үр дагавар үүсэх учиртай юм.

Дээрх хуулийн үндэслэлд тулгуурлан дүгнэж үзвэл, өмнөх буюу хуучин /2007 оны/ газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нөхцөлд ч газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээний хугацаа 2012 онд дууссан тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх эрх зүйн үр дагавар үүсэхгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 25 ний өдрийн Хүсэлт шийдвэрлэж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 101/Ш32016/00**** дугаар захирамжаар хүсэлтэд дурдсан үл хөдлөх хөрөнгөнд буюу Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Нарны замын урд байрлах 1700 м.кв хэмжээтэй газарт ямар нэгэн тодорхой ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг даалгасан байна.

Үүнээс үзэхэд, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 101/Ш32016/00**** дугаар захирамжаар ямар нэгэн тодорхой ажиллагаа явуулж болохгүй гэсэн тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацааг сунгаж, гэрээ, гэрчилгээ олгох боломжгүй гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Дээрх Хүсэлт шийдвэрлэж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 101/Ш32016/00**** дугаар шүүгчийн захирамжийн нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбар хувийг гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргаж өгсөн ба уг захирамж гарсан нь үнэн, тус захирамжийн нотлох баримтын шаардлага хангаагүй байдалтай нэхэмжлэгч тал маргахгүй гэсэн агуулгаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласан болно.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч нь тус хэрэг нь захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш, нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь нэхэмжлэгч нь захиргааны байгууллагын буюу Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны үйлдэл, эс үйлдэхүйтэй маргаж байх тул тус хэргийг захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан гэж үзэх боломжгүй, мөн нэхэмжлэгч нь өөрт олгогдсон байсан газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээтэй холбогдуулан маргаж байх тул Т******ф*****ХХК нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэхгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6.5-д тус тус заасныг баримтлан Өмнөх буюу хуучин /2007 оны/ газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ гаргахаас татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ гаргахыг даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч Т******ф*****ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т******ф*****ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ