Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 13

 

Н.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/01183/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  01 дүгээр сарын 13-ны өдрийн 81 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Н.С-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Г-д холбогдох

"2.200.000 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагч Н.Г-гийн давж заалдсан гомдлыг үндэслэн

Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Туяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Н.С- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Н.Г-той харилцан тохиролцож 2019 оны 08 сарын 18-ны өдөр 16 шүдлэн үхэр тус бүрийг 800.000 төгрөгөөр тооцож нийт 12.800.000 төгрөгөөр зарсан. Н.Г- үүнээс 10.600.000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн. Үлдэгдэл төлбөрөө төлж дуусаагүй байж байгаад 2019 оны 08 сарын 26-ны өдөр очиж уулзахад махны жин хүрээгүй шүүхээр шийдвэрлүүл гэсэн.

Махны жин хүрсэн үгүйгээс үл шалтгаалан 800.000 төгрөгөөр авахаар тохиролцож зарсан тул үлдэгдэл 2.200.000 төгрөгийг иргэн Н.Г-гоос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие 2019 оны 09 сарын 18-ны өдөр нэхэмжлэгч Н.С-аас 16 тооны шүдлэн үхэр авсан нь үнэн болно. Н.С- нь дээрх үхэрнүүдээ надад өгөхдөө 130-140 кг-ын дундаж жинтэй үхэрнүүд байгаа гэж хэлсэн. Ингээд 2019 оны 09 сарын 18-ны өдөр тууж авчирч надад өгсөн. Энэ үед би энэ үхэрнүүд чинь 120 кг дээш гулууз бүрийн жин гарч чадах уу гэж асуухад асуудалгүй гэж хэлсэн. Би үхэрнүүдийг хүлээн авсан.

Маргааш нь мал нядалдаг хүмүүсээр нядлуулаад сэврээсний дараа надаас 130 кг-аас дээш жинтэй махыг 7.000 төгрөгөөр авна гэж ярьсан С.С- ченжид өгөхөөр Д.Өлзийбат гэдэг жолоочид ачуулаад складанд очиж жинлүүлэхэд 100-126 кг хооронд нэг үхэр татаж байсан. Нөгөө мах авна гэсэн ченж маань Чи 130 кг дээш жинтэй үхрийн мах гэсэн яасан бэ бярууны махнаас дор байхдаа яадаг байна. Наадах махыг чинь 6.000 төгрөгт л авах мах байна гээд бараг авахгүй гэж хэлсэн. 16 үхрийн мах өгсөн. Ингээд би ямар ч аргагүй учир гуйсан. Н.С-аас авсан нийт үхрийн махны жин 1,831 кг болсон. Үхэр тус бүрийг жинлэсэн жинг кг бүрээр нь тухайн үед бичиж авсан тэмдэглэл нь байгаа. Надаас үхрийн мах авсан ченжийн дэвтэрт мөн байгаа.

Надаас мах авсан ченж ийм бага жинтэй гарч байна энэ махыг 6.000 төгрөгөөс дээш гаргаж авахгүй гэж дахин хэлсэн. Би гуйж байгаад 6.200 төгрөгөөр тохирч орой болсон бусад бүх мах авдаг хүмүүс энэ үнэнээс илүү авахгүй гэж байсан учраас энэ үнээр өгөхөөс өөр аргагүй болсон. 1.831 кг жинтэй үхрийн махыг 1 кг-ыг нь 6.200 төгрөгөөр бодож 11.634.600 төгрөг болсон. Энэ мөнгө нь манай хүү Н.Баярлахын дансаар 4 удаагийн гүйлгээгээр хийгдсэн. Надад Хаан банкны данс байдаггүй.

Би үхэрнүүдийг нядалсны дараа доорх төлбөр тооцоонуудыг мах хөргүүрт сэвэрч байх хооронд хийсэн. Энэ махыг муутгахгүйн тулд мах хадгалах хөргүүрт 5 цаг хөргөсөн. Энэ нь мах бэлтгэх стандартанд ч байдаг. Махыг 5-6 градуст хөргөж байж тээвэрлэлт даадаг. Энэ олон үхрийн махыг Дарханд авах зах зээл бага хот руу тээвэрлэнэ. Улаанбаатар - Дархан хоёрын хооронд ачаатай машин 10-12 цагийн турш явна. Хөргөөгүй махыг махны бизнес хийдэг хүмүүс авахгүй тийм учраас хөргүүртэй складанд 120.000 төгрөг төлж хөргүүлсэн. Машин унааны бензинд 50.000 төгрөг, ачигч грушиг гурван хүнд 750.000 төгрөг, хашаанд нядалсан малаас гарсан хаягдлын цэвэрлэгээний хөлс, мал нядалсны зардалд 320.000 төгрөг, гарал үүслийн гэрчилгээнд 80.000 төгрөгийн зардал тус тус гарсан. Зуучлалын хөлсөнд 299.600 төгрөгийг би өөрөө авсан. Яагаад гэвэл би өөрөө 2 хүүтэйгээ хамт ажилласан учраас авсан. 60.000 төгрөгийг урсгал зардалд зарцуулсан.

Дээрх зарцуулсан мөнгийг хасаад үлдсэн 10.600.000 төгрөгийг Н.С-ын дансанд шилжүүлсэн.

Би тус болох зорилгоор л энэ үхрүүдийг нь зарж өгсөн. Мөн өмнө нь 11 бярууг нь зарж 450.000 төгрөг болгож өгч тус болсон. Н.С- над руу байн байн ярьж би хүн бүлгүй байна гээд энэ үлдсэн үхэрнүүдийг аваач гээд яриад байсан. Ингээд намайг зарж борлуулаад өгсний дараа намайг 2.200.000 төгрөг дутуу өгсөн гээд энэ шүүхэд өгсөн юм байна. Одоо үхрийн арьс шир нь үнэгүй болсон, гэдэс цувдаа нь үнэ багатай жин багатай энэ үхрийн мах 6.200 хүрсэн нь тэр үеийн махны ханшинд л байсан. Жишээ нь: 100 кг гарч байгаа мах 100 х 6.200 = 620.000 төгрөг болно. Үүнийг би яаж 800.000 төгрөг болгох юм. Энэ махнаас хамгийн хүнд жинтэй шүдлэн бухны мах нь 126 х 6,200 = 781.200 төгрөг болсон гэх мэт.

Би Н.С-тай нэг үхрийг 800.000 гэж яг тохирч гэрээ болон бичиг баримт үйлдээгүй, намайг зараад өг л гэсэн би зарж л өгсөн.

Мөнгө шилжүүлсний дараа надтай ирж уулзахдаа үхэр жинлэсэн тэмдэглэлийг энэ хүн харахыг ч хүсээгүй. Н.С- өмнө нь 2 толгой шүдлэн үхэр зах дээр авч ирж зарахад нэг шүдлэн үхэр мөн 100 гаруйхан жинтэй 620.000 төгрөг болсон байсан. Өөрөө үхрийнхээ багцааг мэдэж л байсан байна лээ. Өмнө нь 2 үхэр ченжид өгсөн нь 620.000, 650.000 төгрөг л барьсан гэж ярьж байсан. Хүнийг ингэж худлаа гүжирдэж болохгүй.

Гэхдээ ямар ч малчин малаа үнэтэй байлгахыг хүсэж л байгаа энэ бол малчдын амьжиргааны эх үүсвэр би түүнийг ойлгоно. Ойлгож байна гээд хүний жиндээ хүрэхгүй үнийн хөөрөгдөлтэй байхгүй жинг би төлнө гэж байхгүй байх гэж бодож байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 81 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Н.Г-гоос 2.200.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.С-т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50.150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.Г-гоос улсын тэмдэгтийн хураамжид 50.150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.С-т буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Н.Г- давж заалдсан гомдолдоо:

            Н.Г- би Н.С-аас 16 тооны шүдлэн үхэрнүүд авсан нь үнэн болно. Тухайн үед би Н.С-аас үхэрнүүд чинь 120кг дээш гулуузын жин гарч чадах уу гэж асуухад асуудалгүй 130-140кг жин гарна гэж хэлсэн. Би үхэрнүүдийг хүлээж авахдаа арай л жижигхэн биетэй байна даа гэж хэлэхэд бас л асуудалгүй ээ л гэж хэлээд л байсан.

Үхэрнүүдийг нэг бүрчлэн амьдын жингээр жинлэж үзэх том жин тухайн үед надад байтугай мал авдаг ченж нарт  ч байдаггүй юм билээ.

Маргааш нь мал нядалдаг хүмүүсээр нядлуулаад сэврээсний дараа надаас 130кг-аас дээш жинтэй махыг 6500-7000 төгрөгөөр авна гэж зарын дагуу ярьсан С.С- ченжид өгөхөөр Д.Өлзийбат гэдэг жолоочид ачуулаад складанд нь очиж жинлүүлэхэд 100-126кг хооронд нэг үхэр нь татаж байсан.

Н.С-аас авсан нийт үхрийн махны жин 1831кг болсон. Үхэр тус бүрийг жинлэсэн жинг кг бүрээр нь тухайн үед бичиж авсан тэмдэглэл нь байгаа. Надаас үхрийн мах авсан ченжийн дэвтэрт мөн байгаа.

1831кг жинтэй үхрийн махыг 1кг-г нь 6200 төгрөгөөр бодож 11352200 төгрөг болсон арьс, гэдэс толгой нь 282400 төгрөг бүгд 11634600 төгрөг болсон. Энэ мөнгө нь манай хүү Н.Баярлахын дансаар 4 удаагийн гүйлгээгээр хийгдсэн. Надад ХААН банкны данс байдаггүй.Гарсан зардлуудаа хасаад Н.С-ын ХААН банкны дансруу мөнгийг нь шилжүүлсэн.

Машин унааны бензинд 50000 төгрөг. /Баримт хавсаргав/, ачигч  гурван хүнд 75000 төгрөг. /Баримт хавсаргав гэрчтэй/, хашаанд нядалсан малаас гарсан хаягдлын /сэвс,баас,цус/ цэвэрлэгээний хөлс, мал нядалгааны зардалд 320000 төгрөг. / нядалсан хүмүүс гэрчийн мэдүүлэг өгсөн/, гарал үүслийн гэрчилгээнд 80000 төгрөг.Мал нь /Үхэр/ Н.С-ын эхнэрийн нь нэр дээр дансанд тоологддог учраас гарал үүсэл нь эхнэр РД:ТИ86112262 Даваажав овогтой Түвшинжаргалын нэр дээр бичигдсэн. /Эмчид үлддэг хувийг эх хувиар төлбөрийн хамт хавсаргав энд мал эмнэлгийн улсын байцаагч тэр үед орой болсон учир тамгалуулж чадаагүй/, хийсэн ажлын хөлсөнд 299600 төгрөгийг би өөрөө авсан. Яагаад гэвэл би өөрөө 2 хүүтэйгээ хамт ажилласан учраас авсан, 60000 төгрөгийг урсгал зардалд зарцуулсан.

Дээрх зарцуулсан мөнгийг хасаад үлдсэн 10600000 төгрөгийг Н.С-ын дансанд шилжүүлсэн.

Тухайн үед үхрийн арьс шир нь үнэгүй болсон, гэдэс цувдай нь туранхай учраас үнэ багатай, жин багатай энэ үхрийн мах нь 6200 хүрсэн нь тэр үеийн махны ханшинд л байсан. Жишээ нь: 100кг гарч байгаа мах 100*6200=620000 болно.Үүнийг би яаж 800000 төгрөг болгох юм. Энэ махнаас хамгийн хүнд жинтэй шүдлэн бухны мах нь 126кг*6200=781200 төгрөг болсон гэх мэт.

Би Н.С-тай нэг үхрийг 800.000 гэж яг тохирч гэрээ болон бичиг баримт үйлдээгүй намайг зараад өг л гэсэн.

Гэхдээ ямар ч малчин нь мал нь үнэхээр тарга хүч сайтай тэр малаа үнэтэй байлгахыг хүсэж л байгаа энэ бол малчдын амьжиргааны эх үүсвэр би түүнийг ойлгоно. Ойлгож байна гээд хүний жиндээ хүрэхгүй үнийн хөөрөгдөлтэй байхгүй жинг би төлнө гэж байхгүй байх гэж бодож байна гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг  зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Н.С- нь хариуцагч Н.Г-д  холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 2.200.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Н.Г-  эс зөвшөөрч  маргажээ.

Хариуцагч Н.Г- нь “...махны жин  1831кг..., ...кг-ыг нь 6.200 төгрөгөөр  бодож, 11.634.600 төгрөг болсон..., ...хөргүүртэй складанд 120.000 төгрөг төлж  хөргөсөн...,  ...машин унааны бензинд 50.000 төгрөг, ачигч гурван хүнд 750.000 төгрөг, хашаанд нядалсан малаас гарсан хаягдлын цэвэрлэгээний хөлс, мал нядалсан зардалд 320.000 төгрөг, гарал үүслийн гэрчилгээнд  80.000 төгрөгийн зардал гарсан.  зуучлалын хөлсөнд  299.600 төгрөгийг би өөрөө авсан..., Би тус болох зорилгоор энэ  үхрүүдийг  зарж өгсөн..., ...яг тохирч гэрээ болон бичиг баримт  үйлдээгүй, намайг зараад өг л гэсэн би зарж өгсөн.  Харин Н.С- намайг  нэг үхрээ  130-140 кг татна гэж худлаа ярьж  өгсөн. Энэ хэлсэн жиндээ үхрийн мах хүрсэн бол надад маргаад байх ямар ч шаардлага  алга байсан..., үхрийн  нь зарж өгсөнд надад баярлалаа гэхийн  оронд  илүү мөнгө нэхэж байгаад  гомдолтой байна. Би энэ хүний мөнгийг гарсан зардлуудыг хасаад л өгсөн “  гэж  тайлбар  гаргасан  байна.

Н.Г-гийн  тайлбараас үзвэл  худалдах худалдан авах гэрээ хийгдээгүй гэж  маргасан байна.

Хариуцагчаас худалдах худалдан авах гэрээний талаар маргасан учир нэхэмжлэгч үхэр худалдсан болохоо нотлуулахаар гэрчээс мэдүүлэг авхуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн  авчээ.

Гэрч  Д.Т-аас “...2019 оны намар  Н.Г- эмч нэг ченжийн хамт  Сэлэнгэ аймаг Сайхан сум, Номгон 3 дугаар багт байрлах манай гэрт ирээд эхлээд  дундаж нэг шүдлэн 11 бяруу худалдаж аваад явсан. Нэг шүдлэн авч явсан учир нь дараа  үлдсэн үхрүүдийг худалдаж авах учраас дундаж жинг нь гаргахаар авч явсан. Энэ наймааны дараа  Н.Г- эмч  буцаж ирээд  үлдсэн 16 үхрийг  худалдаж аваад явсан...”,

Гэрч Б.Б-ээс “...Тухайн үед Н.С- нь Н.Г-той аман гэрээгээр шүдлэн үхэр тус бүрийг 800.000 төгрөгөөр үнэлж худалдсан. Түүнээс заруулахаар өгөөгүй...” гэж мэдүүлсэн.

Дээрх  гэрчүүдийн мэдүүлгээр зохигчдын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан  гэж үзэхээр байна. 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага болон тайлбар нь нотлох баримтад үндэслэгдсэн байна.

Талууд гэрээ байгуулахдаа 16 тооны шүдлэн үхрийг нэг бүрийг 800.000 төгрөгөөр  нийт 12.800.000 төгрөгөөр тохиролцсон, үүнээс 10.600.000 төгрөгийг төлсөн байна. Харин үлдэх 2.200.000 төгрөгийг төлөөгүй байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь худалдан авагчаас үхрийн үнийг шаардах эрхтэй.

Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх  хэргийг хянан  шийдвэрлэхэд  ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр  олж авсан  бодит байдлыг тогтооход шаардлага аливаа баримтат мэдээллийг нотлох  баримт  гэнэ.

Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс  болж байгаа  байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх  цуглуулах үүрэгтэй.

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан  нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр  нотлох баримтыг  үнэлдэг.

Хариуцагч Н.Г- нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа боловч  татгалзал тайлбарын  үндэслэл болсон нотлох баримтыг  шүүхэд  ирүүлээгүй   байна.

Иймд  шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд  худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, үхрийн үнийг бүрэн төлөөгүй нь  тогтоогдсон гэж дүгнэн Н.Г-гоос 2.200.000 төгрөг гаргуулахаар  шийдвэрлэсэн нь  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1,40.2, 116 дугаар зүйлийн 116.3-т заасныг зөрчөөгүй байх тул хариуцагчийн гаргасан  давж заалдсан гомдлыг хангах хуулийн үндэслэлгүй гэж  дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 81 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн  давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн  162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  50.150  төгрөгийг төрийн сангийн  орлогод хэвээр  үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                           

         

                  ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

                            АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

                                         ГҮЙЦЭТГЭГЧ  ШҮҮГЧ                            О.НАРАНГЭРЭЛ

                                                             ШҮҮГЧИД                            Л.АМАРСАНАА

                                                                                                         С.ЭНХЖАРГАЛ