Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 135/ШШ2020/00081

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2019/01183/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сайхан сум, ******* баг, Номгон хаягт оршин суугаа, Боржигон овогт ******* ******* /*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, Хар ус *******, ******* хаягт оршин суугаа, Дархан овогт ******* ******* /*******1/-д холбогдох,

 

2,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.*******, түүний өмгөөлөгч Ж.Туяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Н.*******той харилцан тохиролцож 2019 оны 08 сарын 18-ны өдөр 16 шүдлэн үхэр тус бүрийг 800,000 төгрөгөөр тооцож нийт 12,800,000 төгрөгөөр зарсан. Н.******* үүнээс 10,600,000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн. Үлдэгдэл төлбөрөө төлж дуусаагүй байж байгаад 2019 оны 08 сарын 26-ны өдөр очиж уулзахад махны үнэ хүрээгүй шүүхээр шийдвэрлүүл гэсэн.

Махны үнэ хүрсэн үгүйгээс үл шалтгаалан 800,000 төгрөгөөр авахаар тохиролцож зарсан тул үлдэгдэл 2,200,000 төгрөгийг иргэн Н.*******гоос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие 2019 оны 09 сарын 18-ны өдөр нэхэмжлэгч Н.*******аас 16 тооны шүдлэн үхэр авсан нь үнэн болно. Н.******* нь дээрх үхэрнүүдээ надад өгөхдөө 130-140 кг-ын дундаж жинтэй үхэрнүүд байгаа гэж хэлсэн. Ингээд 2019 оны 09 сарын 18-ны өдөр тууж авчирч надад өгсөн. Энэ үед би энэ үхэрнүүд чинь 120 кг дээш гулуузын жин гарч чадах уу гэж асуухад асуудалгүй гэж хэлсэн. Би үхэрнүүдийг хүлээн авсан.

Маргааш нь мал нядалдаг хүмүүсээр нядлуулаад сэврээсний дараа надаас 130 кг-аас дээш жинтэй махыг 7,000 төгрөгөөр авна гэж ярьсан ченжид өгөхөөр гэдэг жолоочид ачуулаад складанд очиж жинлүүлэхэд 100-126 кг хооронд нэг үхэр татаж байсан. Нөгөө мах авна гэсэн ченж маань Чи 130 кг дээш жинтэй үхрийн мах гэсэн яасан бэ бярууны махнаас дор байхдаа яадаг юм бэ. Наадах махыг чинь 6,000 төгрөгөнд л авах мах байна гээд бараг авахгүй гэж хэлсэн. 16 үхрийн мах өгсөн. Ингээд би ямар ч аргагүй учир гуйсан. Н.*******аас авсан нийт үхрийн махны жин 1,831 кг болсон. Үхэр тус бүрийг жинэлсэн жинг кг бүрээр нь тухайн үед бичиж авсан тэмдэглэл нь байгаа. Надаас үхрийн мах авсан ченжийн дэвтэрт мөн байгаа.

Надаас мах авсан ченж ийм бага жинтэй гарч байна энэ махыг 6,000 төгрөгөөс дээш гаргаж авахгүй гэж дахин хэлсэн. Би гуйж байгаад 6,200 төгрөгөөр тохирч орой болсон бусад бүх мах авдаг хүмүүс энэ үнэнээс илүү авахгүй гэж байсан учраас энэ үнээр өгөхөөс өөр аргагүй болсон. 1,831 кг жинтэй үхрийн махыг 1 кг-ыг нь 6,200 төгрөгөөр бодож 11,634,600 төгрөг болсон. Энэ мөнгө нь манай хүү дансаар 4 удаагийн гүйлгээгээр хийгдсэн. Надад Хаан банкны данс байдаггүй.

Би үхэрнүүдийг нядалсны дараа доорхи төлбөр тооцоонуудыг мах хөргүүрт сэвэрч байх хооронд хийсэн. Энэ махыг муутгахгүйн тулд мах хадгалах хөргүүрт 5 цаг хөргөсөн. Энэ нь мах бэлтгэх стандартанд ч байдаг. Махыг 5-6 градуст хөргөж байж тээвэрлэлт даадаг. Энэ олон үхрийн махыг Дарханд авах зах зээл бага хот руу тээвэрлэнэ. Улаанбаатар - Дархан хоёрын хооронд ачаатай машин 10-12 цагийн турш явна. Хөргөөгүй махыг махны бизнес хийдэг хүмүүс авахгүй тийм учраас хөргүүртэй складанд 120,000 төгрөг төлж хөргүүлсэн. Машин унааны бензинд 50,000 төгрөг, ачигч грушиг гурван хүнд 750,000 төгрөг, хашаанд нядалсан малаас гарсан хаягдлын цэвэрлэгээний хөлс, мал нядалсны зардалд 320,000 төгрөг, гарал үүслийн гэрчилгээнд 80,000 төгрөгийн зардал тус тус гарсан. Зуучлалын хөлсөнд 299,600 төгрөгийг би өөрөө авсан. Яагаад гэвэл би өөрөө 2 хүүтэйгээ хамт ажилласан учраас авсан. 60,000 төгрөгийг урсгал зардалд зарцуулсан.

Дээрх зарцуулсан мөнгийг хасаад үлдсэн 10,600,000 төгрөгийг Н.*******ын дансанд шилжүүлсэн.

Би тус болох зорилгоор л энэ үхрүүдийг нь зарж өгсөн. Мөн өмнө нь 11 бярууг нь зарж 450,000 төгрөг болгож өгч тус болсон. Н.******* над руу байн байн ярьж би хүн бүлгүй байна гээд энэ үлдсэн үхэрнүүдийг аваач гээд яриад байсан. Ингээд намайг зарж борлуулаад өгсний дараа намайг 2,200,000 төгрөг дутуу өгсөн гээд энэ шүүхэд өгсөн юм байна. Одоо үхрийн арьс шир нь үнэгүй болсон, гэдэс цувдаа нь үнэ багатай жин багатай энэ үхрийн мах 6,200 хүрсэн нь тэр үеийн махны ханшинд л байсан. Жишээ нь: 100 кг гарч байгаа мах 100 х 6,200 = 620,000 төгрөг болно. Үүнийг би яаж 800,000 төгрөг болгох юм. Энэ махнаас хамгийн хүнд жинтэй шүдлэн бухны мах нь 126 х 6,200 781,200 төгрөг болсон гэх мэт.

Би Н.*******тай нэг үхрийг 800,000 гэж яг тохирч гэрээ болон бичиг баримт үйлдээгүй, намайг зараад өг л гэсэн би зарж л өгсөн.

Харин Н.******* намайг нэг үхрээ 130-140 кг жин татна гэж худлаа ярьж өгсөн. Энэ хэлсэн жиндээ үхрийн мах хүрсэн бол надад маргаад байх ямар ч шаардлага алга байсан. Би урьд өмнө нь ингэж үхэр зарж байгаагүй. Намайг үхрийн махны худалдаа хийж мэдэхгүйг далимдуулж дахин дахин утасдаж энэ үхэрнүүдээ өгсөн. Урьд заруулсан үхэрнүүдээ ч зарахдаа мөн адил гарал үүслийн бичгийг нь авч өгөөгүй ямар их зардал чирэгдэл болсныг мэдэхгүй баярлалаа ч гэж хэлээгүй. Сүүлийн энэ үхрийг ч гэсэн зараад жиндээ хүрээгүй гэж ярихад намайг утсаар жаал доромжилсон алах талах дээрээ л тулаад байсан.

Энэ жил хур бороо хавар ороогүй байж байгаад 8 сараас л бороо орж мал дөнгөж усан тарга сууж эхэлж байсан. Ийм тарга хүч дундаж үхрээ зарж өгсөнд баярлалаа гэхийн оронд илүү мөнгө нэхэж байгаад би тун их гомдолтой байна. Би энэ хүний мөнгийг нь гарсан зардлуудыг нь хасаад л өгсөн.

Мөнгө шилжүүлсний дараа надтай ирж уулзахдаа үхэр жинлэсэн тэмдэглэлийг энэ хүн харахыг ч хүсээгүй. Н.******* өмнө нь 2 толгой шүдлэн үхэр зах дээр авч ирж зарахад нэг шүдлэн үхэр мөн 100 гаруйхан жинтэй 620,000 төгрөг болсон байсан. Өөрөө үхрийнхээ багцааг мэдэж л байсан байна лээ. Өмнө нь 2 үхэр ченжид өгсөн нь 620,000 650,000 төгрөг л барьсан гэж ярьж байсан. Хүнийг ингэж худлаа гүжирдэж болохгүй ш дээ.

Гэхдээ ямар ч малчин малаа үнэтэй байлгахыг хүсэж л байгаа энэ бол малчдын амьжиргааны эх үүсвэр би түүнийг ойлгоно. Ойлгож байна гээд хүний жиндээ хүрэхгүй үнийн хөөрөгдөлтэй байхгүй жинг би төлнө гэж байхгүй байх гэж бодож байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Н.*******д холбогдуулан 16 шүдлэн үхрийн үнийн үндэгдэл төлбөр 2,200,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байх ба өөрийн татгалзлын үндэслэлийг шүдлэн үхэр нь Н.*******ын хэлсэн жинд хүрэхгүй байсан хэмээн тайлбарлаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Н.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэг. Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлох нь маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Нэхэмжлэгч Н.******* нь талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж тайлбарладаг.

Хариуцагч Н.******* нь шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа ...Зуучлалын хөлсөнд 299,600 төгрөгийг би өөрөө авсан гэж, мөн ...Би тус болох зорилгоор л энэ үхэрүүдийг нь зарж өгсөн. ...Н.******* над руу байн байн ярьж би хүн бүлгүй байна гээд энэ үлдсэн үхэрнүүдийг аваач гээд яриад байсан гэж тус тус дурдсанаас үзэхэд талуудын хооронд зуучлалын гэрээний харилцаа, эсхүл даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж мэтгэлцэж байна гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасан даалгаврын гэрээгээр даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Гэтэл Н.*******ын зүгээс Н.*******д 16 шүдлэн үхэр худалдахад нь зориулж зардал өгсөн, мөн 16 шүдлэн үхэр худалдаж өгсөн гэж Н.*******д хөлс төлсөн үйл баримт хэрэгт авагдсан баримт болон зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдохгүй байх тул талуудын хооронд даалгаврын гэрээний харилцаа үүсээгүй байна гэж дүгнэв.

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь хөлс шагнал төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Гэтэл Н.******* нь Н.*******ыг 16 шүдлэн үхэр худалдаж авах талаар хэлцэл хийх этгээдтэй холбож өгсөн, мөн Н.******* нь Н.*******д хөлс шагнал төлсөн үйл баримт хэрэгт авагдсан баримт болон зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдохгүй байх тул талуудын хооронд зуучлалын гэрээний харилцаа үүсээгүй байна гэж дүгнэв.

Харин зохигчдын шүүхэд бичгээр гаргасан тайлбараар Н.******* нь 16 шүдлэн үхрийг Н.*******д хүлээлгэн өгсөн, Н.******* нь 10,600,000 төгрөгийг Н.*******т шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

Хоёр. Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлсны дагуу холбогдох хуулийн зохицуулалтыг үндэслэн маргааныг шийдвэрлэхэд.

Н.******* нь Н.*******д 16 шүдлэн үхрийг хүлээлгэн өгсөн, Н.******* нь 16 шүдлэн үхрийг хүлээн авч, 10,600,000 төгрөгийг Н.*******т шилжүүлэн өгсөн үйл баримтын талаар зохигч талууд маргадаггүй бөгөөд энэхүү үйл баримт нь тэдгээрийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар тогтоогддог.

Харин нэхэмжлэгч Н.******* нь 16 шүдлэн үхрийг нэг бүрийг нь 800,000 төгрөгөөр үнийг тохиролцсон хэмээн тайлбарладаг бол хариуцагч Н.******* нь Н.******* нь шүдлэн үхэр тус бүрийг 120-130 кг жинтэй гэсэн боловч 100-126 кг жинтэй байсан хэмээн тайлбарлан мэтгэлцдэг.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Н.******* нь гэрээний үнийн талаар мэтгэлцэж байхад хариуцагч Н.******* нь гэрээний үнийн талаар тодорхой тайлбар гаргахгүй, харин гэрээний зүйлийн шинж байдал буюу чанарын талаар тайлбарлан мэтгэлцэж байна.

Хариуцагч талын шүүхэд бичгээр гаргасан тайлбарт Мөн өмнө нь 11 бярууг нь зарж 450,000 төгрөг болгож өгч тус болсон гэсэн тайлбараас үзэхэд Н.*******, Н.******* нар урьд бяруу худалдах, худалдан авах гэрээний харилцаанд орж байсан бөгөөд тэд хэлцлийнхээ үнийг бод малын жингээр бус, харин тус бүрийг нь 450,000 төгрөгөөр тогтоож байжээ гэж үзэхээр байна.

Нөгөө талаар, хариуцагч Н.******* нь хэрэв шүдлэн үхэрний үнийг тэдгээрийн жингээс хамаарахаар тохиролцсон байсан бол 16 шүдлэн үхрийг Н.*******аас хүлээн авахдаа тус бүрийг нь жинлэж авах, тохиролцсон жиндээ хүрэхгүй бол Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар тухайн шүдлэн үхрийг өөр шүдлэн үхрээр солиулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байжээ.

Мөн хариуцагч Н.******* нь шүдлэн үхэр тус бүрийг жинлэх буюу тухайн шүдлэн үхэр нь харилцан тохиролцсон жиндээ хүрэхгүй байгаа доголдлыг мэдэх боломжтой атлаа хүлээн авсан байх тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар ... мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол шаардлага гаргах эрхээ алдахаар зохицуулсны дагуу энэ талаар шаардлага гаргах эрхгүй буюу энэ талаар маргах нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна.

Түүнчлэн, хариуцагч Н.*******гийн зүгээс бусадтай /ченжтэй/ 16 шүдлэн үхрийг худалдах, худалдан авахтай холбоотой хийсэн хэлцэл нь нэхэмжлэгч Н.*******тай хийгдсэн худалдах, худалдан авах хэлцэлтэй хамааралгүй тусдаа хэлцэл байх тул тухайн хэлцэлтэй холбоотой түүнээс гарсан гэх зардлуудыг Н.******* хариуцах үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд 16 ширхэг шүдлэн үхрийг тус бүрийг нь 800,000 төгрөгөөр үнэлэн хариуцагч Н.*******д худалдсан гэсэн нэхэмжлэгч Н.*******ын тайлбарыг үнэн зөв гэж үзэн 16 х 800,000 = 12,800,000 төгрөгөөс хариуцагчийн шилжүүлсэн 10,600,000 төгрөгийг хасаж үлдэх 2,200,000 төгрөгийг хариуцагч Н.*******гоос гаргуулан нэхэмжлэгч Н.*******т олгон шийдвэрлэв.

 

Гурав. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд.

Хариуцагчийн төлөөлөгч Л.Цуурай нь 2019 оны 11 сарын 19-ний өдөр эрх, үүрэгтэйгээ танилцаж, мөн өдрөө хэргийн материалтай танилцжээ.

Шүүхийн зүгээс 2020 оны 01 сарын 13-ны өдөр болох шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд буюу 2020 оны 01 сарын 07-ны өдөр хариуцагчийн төлөөлөгч Л.Цуурайд мэдэгдсэн байна.

Шүүх хуралдаан эхлэхээс 9 минутын өмнө болон 2 минутын өмнө шүүх хуралдаанд ирж буй эсэх тухай утсаар тодруулахад Би эмнэлэгт хэвтэж байгаа. Шүүх хуралдаанд очих боломжгүй байна. Шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байна. Эмнэлэгт хэвтсэн талаарх баримтыг эмнэлгээс гаргахад өгөх учраас одоо гаргаж өгөх боломжгүй байна хэмээн хариулсан байдаг.

Хэдийгээр хэргийн оролцогч нь шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг гаргах эрхтэй боловч шүүх хуралдаанд оролцох боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөх учиртай.

Өөрөөр хэлбэл, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх тухай бичиг, амбулаторын карт г.м нотлох баримтыг шүүхэд ирүүлэх боломжтой учир эмнэлгээс гаргахад өгөх учраас одоо гаргаж өгөх боломжгүй гэсэн хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй юм.

Иймд хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж дүгнэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу болон нарыг гэрчээр асуусан боловч тэдгээр нь нэхэмжлэгч Н.*******ын эхнэр болон хүргэн дүү нар байх тул тэдгээрийн өгсөн гэрчийн мэдүүлэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.      Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Н.*******гоос 2,200,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******т олгосугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50,150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.*******гоос улсын тэмдэгтийн хураамжид 50,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******т буцаан олгосугай.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР